Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 517

 

.:

 

 

 

 

 

 

2020             8            03                                            2020/ШЦТ/517

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.М  даргалж,

нарийн бичгийн дарга Э.Д,

улсын яллагч Б.А,  

шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Б  овогт Ж-гийн М-д холбогдох эрүүгийн 2010008710707 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1976 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, зээ охины хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум 1 дүгээр баг Хэрлэн хийд 22 дугаар гудамжны 1 тоотод оршин суух хаягтай боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 24 дүгээр гудамжны 18 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б  овогт Ж-гийн  РД:................../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.М нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хулан Заяа” дэлгүүрт үйлчлүүлж байсан иргэн О.О-ын гээгдүүлсэн “Iphone 7” маркийн 440.000 төгрөгийн үнэтэй гар утсыг бусдын эзэмшлийх болохыг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.М шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж ял тохирсон. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Гар утсыг нь буцааж өгсөн гэв.

 

2. Хохирогч О.О  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүрэгт байрлах “19-ийн үйлчилгээний төв” дээр Япон руу илгээмж явуулах гээд хайрцаг хайгаад “Хулан Заяа” нэртэй дэлгүүр ороод хайрцаг, тор хоёр аваад гарахдаа лангуун дээр нь өөрийн хар өнгийн “Iphone 7” маркийн гар утсаа мартаж гараад удалгүй буцаж орж ирэхэд лангуун дээр байсан гар утас байхгүй байсан. Камер шүүж үзэхэд цагаан өнгийн масктай, хар цамцтай, хар өмд өмссөн, 45 орчим насны эрэгтэй хүн миний гар утсыг аваад гараад гүйгээд явсан байсан. Би өөрийн гар утсыг буцаан авсан байгаа. Одоо надад ямар нэг гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12х/,

 

3. Гэрч Н.З  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 5 дугаар сарын сүүлээр байхаа тодорхой санахгүй байна манай хойд аав Ж.М ах надад “Iphone 7” маркийн хар өнгийн бор гэртэй гар утас надад харуулаад ийм гар утас олсон, чи янзлуулаад барьж чадах уу гээд өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17х/,

4. Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн: “Iphone 7” маркийн гар утсыг 440.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан” /хх-ийн 23х/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч Ж.М-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч Ж.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасны дагуу  хэргийг хянан шийдвэрлэв.  

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.М-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б  овогт Ж-гийн М-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-нийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.М нь торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ж.М-д оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ж.М нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.    

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8 Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.МӨНХБАЯР