Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 438

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нарыг оролцуулан “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дүгээр танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: “Г” ХХК 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 591 дүгээр шийдвэрийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани Увс аймгийн Наранбулаг сумын нутаг Наран нэртэй газарт 8598.41 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-018... тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу эзэмшин үйл ажиллагаа явуулж байсан билээ. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 591 дүгээр шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цуцалсан болохыг мэдлээ. Энэхүү шийдвэрийг мэдээд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Б од гомдол гаргасан болно. 

Ийнхүү гомдлын хариу ирэхгүй байсан тул 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт очиж бичиг хэргийн ажилтнаас хүлээн авахад “ “Г” ХХК-ийн эзэмшилд байсан Увс аймгийн Наранбулаг сум “Наран” нэртэй ашигт малтмалын хайгуулын ХV-018... дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд төлөөгүй байна. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 591 дүгээр шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариуг өгсөн байна.

Иймд доорх үндэслэлүүдээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь тусгай зөвшөөрлийг цуцлахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар холбогдох мэдэгдлийг өгөлгүйгээр шууд цуцалсан нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.

2. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж, мөн 43.5 дахь хэсэгт “Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно” гэж тус тус заасан байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд зааснаар цуцлах үндэслэл бүрдээд байхад энэ тухай мэдэгдлийг хуульд заасан журмын дагуу манай компанид мэдэгдээгүй байна.

3. Дээрх тусгай зөвшөөрлийн төлбөр тооцоог хариуцан ажиллаж байсан ажилтан нь гадаад улсад урт хугацаагаар зорчсон байсан тул төлбөр төлөх хугацаа дуусаж байгаа талаар мэдээлэлгүй байсан болно.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 591 дүгээр шийдвэрийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Г” ХХК-ийн гаргасан "Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 591 дүгээр шийдвэрийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

1. Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрээр Увс аймгийн Наранбулаг сумын нутаг “Наран” нэртэй 8598.41 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын XV- 0188... тоот тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-д олгожээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар “Г” ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХV-018... тоот тусгай зөвшөөрлийн ээлжит 3 дахь жилийн төлбөрөө 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 8/5879 тоотоор хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухай нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.

“Г” ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол ...” үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 591 дугаар шийдвэрээр цуцалсан байна. Дээрх шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм.

2. Цуцалсан тухай мэдэгдлийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 7/7134 тоотоор хүргүүлж мэдэгдсэн байна. Улсын Дээд Шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж заасан ба “Г” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн нь явуулсан албан тоот болон баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажиж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэсэн заалтын дагуу хэрэв тусгай зөвшөөрөл эзэмшигчийн албан ёсны хаяг, утас өөрчлөгдсөн бол бүртгүүлэх үүрэгтэй байгаагаас үзвэл энэ үүргээ биелүүлээгүй байж төрийн захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй юм.

“Г” ХХК-иас дээрх асуудалтай холбоотой ирүүлсэн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/01 тоот албан бичигт тус газраас 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1/8587 тоотоор “Хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” хэмээн хариу хүргүүлсэн байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 591 дүгээр шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн захирал Ч.С “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 591 дүгээр шийдвэрийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 591 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэх үндэслэлээр  нэхэмжлэгч “Г” ХХК-ийн XV-0188... тусгай зөвшөөрлийг цуцалж, тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэж, өөрчлөлт оруулж холбогдох газруудад мэдэгдэн өдөр тутмын сонинд нийтлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ. Тус шийдвэрийг хариуцагчаас 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 7/7134 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч компанид мэдэгдсэн байна .

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгээгүй, тусгай зөвшөөрлийн өмнөх жилийн төлбөр илүү төлөлттэй байхад тусгай зөвшөөрлийн хугацааг цуцалсан нь хууль бус гэж маргадаг. 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан “М ш” ХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 08/325 тоот албан бичигт “Ашигт малтмал, газрын тосны газраас “Г” ХХК, Нарны зам 320/1, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 9919.... гэсэн хаягаар илгээсэн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 8/5879 тоотод RD127250755MN шуудангийн бүртгэлийн дугаар олгон харьяаллын дагуу Шуудангийн үйлчилгээний 36 дугаар салбар хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 54 минутад н.Г-д гардуулсан болно” гэжээ.

Шүүхээс н.Г-ийг хэргийн үйл баримтын талаар гэрчээр мэдүүлэг авахад тэрээр “... “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Ашигт малтмал, газрын тосны газраас “Г” ХХК-д хүргүүлсэн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгийг хүлээн аваад “Г” ХХК-ийн захирал Ч.С-тай 2 удаа холбогдох гэсэн боловч чадаагүй, тухайн үед Ч.С захиралтай холбогдож чадахгүй байсан бөгөөд би өөрийн ажилд дарагдаад холбоо барьж чадаагүй, би өөрөө бичиг хүлээж авсны дараа хариуцагч байгууллага дээр очин лавлахад илүү төлөлттэй байна гэж хэлэхээр нь тайвширчихсан юм, “Г” ХХК нь манай компанийн байранд байрлаж байгаад 2017 оны 08 дугаар сард өөр газар руу шилжсэн” гэх тайлбарыг хийсэн. 

  Хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хариуцагчийн нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 8/5879 тоотоор хүргүүлсэн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны зам 320/1, утас 9919.... гэх хаяг өнөөдрийг болтол бүртгэлтэй байна.  

Ашигт  малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасан байх тул “Г” ХХК нь албан ёсны хаяг, утас өөрчлөгдсөн бол бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүйгээс гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “ “Г” ХХК нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Кёкшю цамхгийн байранд байрлаж байгаа боловч өнөөдрийг хүртэл улсын бүртгэлийн гэрчилгээнд хаягийн талаар нэмэлт өөрчлөлтөө бүртгүүлээгүй” гэх тайлбар хийснийг дурдах нь зүйтэй юм. 

Ашигт   малтмалын    тухай    хуулийн   34   дүгээр   зүйлийн   34.2-т   “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК нь өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-0188.. тоот тусгай зөвшөөрлийн ээлжит 3 дахь жилийн төлбөрийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй байсан.  

Хэрэгт авагдсан төлбөрийн баримтаар “Г” ХХК нь Улаанбаатар хотын банкаар дамжуулан төрийн сангийн 900000712 тоот дансаар нийт 2.718.500 /хоёр сая долоон зуун арван найман мянга таван зуу/ төгрөгийг 2 дахь жилийн төлбөр гэж 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төлжээ. 

Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн ээлжит 3 дахь жилийн төлбөрийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна” гэж зааснаар хугацаа хэтэрсэн 30 хоногийг үнийн дүнгийн 0.3 хувиар тооцоход 224.419 /хоёр зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун арван ёс/ төгрөгийн алданги ногдуулж, 542 /таван зуун дөчин хоёр/ төгрөгийн илүү төлөлттэй байхаар байна. 

Ашигт  малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх хуулийн зохицуулалттай, харин тодорхой хэмжээний илүү төлөлттэй байх тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцлагдахгүй байх нөхцөлийг салбарын тусгайлсан хуулиар зохицуулаагүй байна. 

Иймд нэхэмжлэгч компани хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 8/5879 албан тоотоор “Г” ХХК-ийн албан ёсны бүртгэлтэй хаягаар хүргүүлж, тухайн компанийн хувьцаа эзэмшигч н.Ганцоожид гардуулан өгч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухай нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй тул улмаар 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 591 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлтэй байна. 

Захиргааны    ерөнхий    хуулийн   3   дугаар    зүйлийн    3.3-д    “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан. Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хэрхэн гардуулахыг тусгайлан хуульчилсан бөгөөд мөн хуулийн 56.4-д заасан “ “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж түүнийг баримтжуулсан байхыг ойлгоно” гэж заасан тул хариуцагчийг захиргааны акт гаргахдаа мэдэгдэх, сонсох ажиллагааг хийгээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. 

Сангийн сайд, Уул уурхайн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 257/236 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Улсын төсөвт илүү төлсөн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг буцаан олгох журам”-ын 2 дугаар зүйлээр “Улсын төсвөөс буцаан олгох тусгай зөвшөөрлийн төлбөрийг шалган баталгаажуулах, 3 дугаар зүйлд “Тусгай зөвшөөрлийн төлбөрийг буцаан олгох” харилцааг тусгайлан зохицуулсан байх ба нэхэмжлэгч “Г” ХХК нь илүү төлсөн төлбөрөө буцаан авах хүсэлтээ Ашигт малтмалыг газарт албан бичгээр гаргах бөгөөд уг хүсэлтийг хүлээн авснаас хойш Ашигт малтмалын газар нь ажлын 5 өдөрт багтаан шалган баталгаажуулан Сангийн яамны Төрийн сангийн газарт хүргүүлж, Сангийн яамны Төрийн сангийн газар нь Ашигт малтмалын газраас ирүүлсэн албан хүсэлтийг холбогдох баримтын хамт хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан илүү төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөрийг хүсэлт гаргагчийн харилцах дансанд шилжүүлэхээр байна. Иймд нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн илүү төлсөн төлбөрөө дээрхи журмын дагуу гаргуулж авах нь зүйтэй. 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 591 дүгээр шийдвэрийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.12, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.2, 56.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Г” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 591 дүгээр шийдвэрийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.Д