Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2022/0211

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  Б.О-гийн нэхэмжлэлтэй

                                      захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х-гийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Б.О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч Б.О

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга,

Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 14/685 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Б.Од 488 м.кв газар эзэмшүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаар

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, Л.Хг

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

 

Хэргийн индекс: 128/2021/0518/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Ойн тухай хуулийн 5

дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” №14/685 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, Б.Од 488 м.кв газар эзэмшүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч Б.О-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...Ойн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Хариуцагч нар газар эзэмшүүлэхээс татгалзсан үндэслэлээ 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 14/685 дугаар албан бичигт “...Таны эзэмшихээр хүсэлт гаргаж буй тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шаргамортын зусланд байрлаж байгаа газрыг судлан үзэхэд ...Ойн сан бүхий газарт байрлаж байгаа тул... гэж татгалзлаа илэрхийлсэн бөгөөд энэ үндэслэлээ Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 8 дугаар зүйлийн 8.6 дахь заалтуудад хориглосон талаар дурдсан байдаг.

Ойн тухай хуулийн 3.1.2-т “ойн сан” гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ой тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг хэлнэ” гэж заасан байдаг.

Гэтэл маргаан бүхий газар ой дотор биш, ойгоор бүрхэгдээгүй, ой тэлэн ургах боломжтой талбай биш болох нь үзлэгээс тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл маргаан бүхий газарт битүү эргэн тойронд айлууд газар эзэмшдэг, мөн ой тэлэн ургах нөхцөлгүй, ойгоор хүрээлэгдээгүй, ой тэлэн ургах талбай бүхий газар биш байхад хариуцагч энэ үндэслэлээр газар эзэмшүүлэхээс татгалзсанд гомдолтой.

 

2.2. Ойн сан бүхий газрыг огт эзэмшүүлж болохгүй гэсэн заалт Ойн тухай хуульд заагаагүй харин ч эсрэгээрээ Ойн тухай хуулийн 4 дүгээр зүйл, мөн хуулийн 4.4, 18.1, 18.1.4-д газар эзэмшүүлж болохоор заасан заалтыг шүүх анхаарч үзээгүй.

Ойн тухай хуулийн 4.4-д “Ойн нөөц болон ойн санг дор дурдсанаар эзэмшүүлнэ”, 4.4.1-д “төрийн захиргааны төв байгууллага ойн нөөцийг аймаг, нийслэл, сум, дүүргийн эзэмшилд”, 4.4.2-т “сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн ойн сангийн тодорхой хэсгийг тогтоосон хугацаа, нөхцөл, болзолтойгоор гэрээний дагуу ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад”, 4.5-д “энэ хуулийн 4.4.2-т заасан гэрээг зохих бэлтгэл хангуулах зорилгоор эхний ээлжид нэг жилийн хугацаагаар, цаашид арван жилийн давтамжтайгаар 60 хүртэл жилийн хугацаагаар байгуулж болно” гэж тус тус заасан.

 

Мөн хуулийн 18.1-д “сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 18.1.4-д “баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх, хяналт тавих”, 18.1.5-д “ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшүүлсэн гэрээний биелэлтийг жил бүр хэлэлцэн дүгнэж байх” 18.2.6-д “энэ хуулийн 18.1.4-д заасан шийдвэрийг үндэслэн ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг болзол, хугацаатайгаар эзэмшүүлэх гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих” гэж тус тус заасан байдаг.

  

Дээрх хуулийн зохицуулалтад ...ойн сан бүхий газрыг тодорхой хугацаа, нөхцөл болзолтойгоор эзэмшүүлж болохоор заасан бөгөөд энэ дагуу Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018-2022 он хүртэлх хавтаст хэрэгт авагдсан бүх газар зохион байгуулалтын төлөвлөгөөнүүдэд маргаан бүхий байршилд газар эзэмшүүлж, ашиглуулахаар заасан байгааг шүүх анхаарч үзээгүй.

 

2.3. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд маргаан бүхий байршилд газар эзэмшүүлэх талаар тусгасан, уг заалтын дагуу газар эзэмшүүлж байгаа байдалд анхаарч үзээгүй.

Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Иргэн ойг хамгаалах талаар дараах эрхийг эдэлнэ”, 20.1.2-д “ойн нөхөрлөл байгуулах замаар оршин суугаа газрынхаа ойн санг эзэмших, хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах” эрх, үүрэгтэй байхаар хуульчилсан байна. Энэхүү хуулийн заалтаас иргэн ойн санг эзэмшиж болно, гагцхүү ойг эзэмшихдээ ойн санг хамгаалах үүрэгтэй байхаар хуульчилсан байна.

 

2.4. Ойн тухай хуулийн ойн сан бүхий газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэхийг хориглосон агуулга зохицуулсан гэх шүүхийн үндэслэлгүй дүгнэлтийн тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.

 Шүүх маргаан бүхий газар эзэмшүүлэх харилцааг зохицуулсан Газрын тухай хууль байхад тухайлсан харилцааг зохицуулаагүй Ойн тухай хуулийн зохицуулалтыг үндэслэж хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

 

2.5. Нэхэмжлэгч Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан ойд хориглох үйл ажиллагаа эрхлэх талаар хүсэлт гаргаагүй төдийгүй, иргэнд газар эзэмшүүлэхийг хориглоогүй байхад шүүх хориглосон хэмээн тус хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

...Дээрх хуулийн зохицуулалтаас ой мод хугалж огтлохыг, ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэхийг, зөвшөөрөлгүй өвс хадахыг, мод бэлтгэхийг, мал бэлчээхийг ойн дагалт баялаг ашиглахыг, ойд ан агнах зэргийг тус тус хориглосон бөгөөд энэхүү хориглосон заалтад шүүхийн гол үндэслэл болоод байгаа ...гэр бүлийн зориулалтаар газар эзэмшүүлэхийг хориглосон...нэг үсэг, заалт байхгүй байхад шүүх хуульд байхгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гомдолтой байна.

 

2.6. Ойн тухай хуулийн 38.8-д “Ойн сан бүхий газарт ургадаг хушны самар, зэрлэг жимс жимсгэнэ, мөөг, эмийн ашигт ургамлыг хамгаалах бүсүүдийг байгуулж нутгийн иргэд, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр эзэмшүүлж болно” гэж заасан байхад шүүх уг хуулийн заалтыг анхаарч үзээгүй төдийгүй үзлэгийн тэмдэглэлд тусгасан ...эргэн тойрон айлууд хашаа татсан гэж бичсэн байдлыг үнэлээгүй, одоо байгаа бодит байдлыг нүдээрээ үзээгүй, зөвхөн тэмдэглэлд тусгасан байдлыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Шүүх шийдвэрийнхээ 12 дахь талд шүүхийн үзлэгээр ...маргаан бүхий байршил ойн сан бүхий газарт байрлаж байгаа нь тогтоогдож байна... гэж үзэхдээ үзлэгийн тэмдэглэлд дурдсан ...эргэн тойрон айлуудтай, хашаа татсан байдалтай... гэж бичсэнд анхаарлаа хандуулаагүй төдийгүй энэ байдал нь уг маргаан бүхий байршил нь Ойн тухай хуулийн 3.2.1-д заасан байршилд орж байгаа эсэхийг шүүх бодитоор үзлэг хийж хараагүй атлаа эргэн тойрон ой модоор бүрхсэн, ой дотор байрлаж байгаа мэтээр ойлгон хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлд ой модоор бүрхсэн талаар тусгаагүй төдийгүй хэргийг шийдвэрлэсэн шүүх өөрөө бодитоор үзсэн бол маргаан бүхий байршил Ойн тухай хуулийн 3.2.1-д заасан ой тэлэн ургах талбай мөн эсэх, ой дотор байгаа эсэх, цаашид маргаан бүхий байршилд ой мод тэлэн ургах нөхцөлтэй эсэх, эргэн тойрон айлуудын хашаа байгаа эсэх, эвсэл нэхэмжлэгчийн маргаж байгаа байршил бодитоор ямар байршил болохыг шүүх огт үнэлээгүй нь Захиргааны ерөнхий хуульд заасан бодит байдлыг огт тогтоолгүй, үнэлээгүй байж хэргийг ой модоор бүрхсэн, ой дотор, ой тэлэн ургах нөхцөлтэй газар гэж буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

 

2.7. Маргаантай харилцааг зохицуулсан Газрын тухай хуулийн зохицуулалтаар маргааныг шийдвэрлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4-д заасны ноцтой зөрчсөн.

Газрын тухай хуулиар иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших асуудлыг шийдвэрлэх тухайлсан харилцааг зохицуулдаг, харин Ойн тухай хуулиар ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, ойг гал түймрээс хамгаалах харилцааг зохицуулсан байхад Ойн тухай хуулийг үндэслэж газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэсэн хариуцагчийн хууль бус үйлдлийг дэмжиж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хуульчилсан бөгөөд маргаан бүхий байршил нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасныг огт зөрчөөгүй бөгөөд эрх бүхий байгууллага болох иргэдийн Төлөөлөгчдийн Хурал уг байршилд газар эзэмшүүлэхийг зөвшөөрсөн нотлох баримт болох сүүлийн 5 жилийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газар эзэмшүүлж болохоор заасныг огт харгалзаж үзээгүй. Газрын тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэхээс санаатай зайлсхийснээрээ шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг ноцтой зөрчсөн.

 

2.8. Хавтаст хэрэгт авагдсан 2016-2021 онуудын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг шүүх огт үнэлээгүй төдийгүй уг төлөвлөгөөний дагуу дүүргийн Засаг дарга жил бүр газар олголт хийсэн байдлыг үнэлээгүй орхигдуулсанд гомдолтой.

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу дүүргийн Засаг дарга 2016-2021 он хүртэл 868 иргэнд газар эзэмшүүлсэн байдлыг огт үнэлээгүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 2-д “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгж байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг маш ноцтой зөрчсөн байдлыг хөхүүлэн дэмжиж, шийдвэр гаргасан.

 

2.9. Хариуцагч нар маргаан бүхий байршилд газар эзэмшүүлэх шийдвэрүүдийг дээд газруудаас хориглосон гэж шүүх хуралдаан дээр тайлбарлах атлаа газрын албаны сайтуудад дүүргийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнүүдийг хангалттай гэж дүгнэсэн тайланг байршуулсан байгаа нь олон нийтэд уг байршилд газар олголтыг зөвшөөрч байгаа болохыг илэрхий харуулдаг.

Дээрх байдлыг шүүх хуралдааны явцад хэлж, тайлбарласаар байтал нийтэд илэрхий баримтыг шүүх үнэлэхээс зайлсхийсэн.

Энэ үйл баримтыг нотлох зорилгоор нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, түүнийг дүгнэсэн тайланг гаргуулах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан хэдий ч шүүх хэрэгт хамааралгүй хэмээн хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

2.10. Шүүх нэхэмжлэлийг хангахаас татгалзсан үйлдлээрээ нэг талаас хуулийн зохицуулалттай гэж тайлбарлах атлаа нөгөө талаас хариуцагч нь гуравдагч этгээдэд маргаан бүхий байршлыг хууль бусаар эзэмших, түүнд газар олгох нөхцөлийг бүрдүүлсэн хууль бус үйлдэл болсон.

Учир нь маргаан бүхий байршлыг гуравдагч этгээдүүд хашаалсан байгаа төдийгүй, энэ талаар нэхэмжлэгч талаас гуравдагч этгээдтэй иргэний хэргийн шүүхэд маргаан үүсгэснийг Иргэний хэргийн давж заалдах шатны магадлалаар нэхэмжлэгчийн талд шийдвэрлэсэн байдаг. Мөн нэхэмжлэгч маргаан бүхий байршлыг эзэмших хүсэлтээ Газрын тухай хуульд заасны дагуу 2016 оноос гаргасаар ирсэн.

Гэтэл шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноороо нэг талаас шүүх өнөөдрийг хүртэл маргаан бүхий байршлыг гуравдагч этгээдүүд хашаалсан байдлыг зөвтгөсөн, нөгөө талаас гуравдагч этгээдүүдэд уг газрыг хууль бусаар эзэмших бодит боломж олгосон үйлдэл болсонд гомдолтой. Гуравдагч этгээдийн хашаалсан, нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан байршил нь гуравдагч этгээдийн кадастртай давхцалгүй болохыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 128/ШШ2020/0532 дугаар шийдвэрт тодорхой тусгасан байдаг.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

3. Нэхэмжлэгч Б.О дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие өөрийн ээжийн хамт ашиглаж ирсэн зуслангийн газраа хуульд заасны дагуу эзэмшихээр Сүхбаатар дүүргийн газрын албанд хандаж, газар зохион байгуулагчаас тухайн газарт хээрийн судалгаа хийж, бусдын эзэмшил ашиглалт бүхий газартай давхцаагүй учир кадастрын зураг хийлгэхийг зөвшөөрсний дагуу 488 м.кв газрын кадастрын зургаа 2016 оны 07 дугаар сард хийлгэж, Газрын тухай хуулийн 32 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүсэлтээ гаргасан

 

3.2 Харин захиргааны байгууллагаас газар эзэмших хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлээгүй учир би удаа дараа захиргааны байгууллагад улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 532 дугаар шийдвэрээр тогтоосон. Үүний дагуу захиргааны байгууллага миний газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхдээ тухайн газар нь ойн сан бүхий газар учир эзэмшүүлэх боломжгүй талаарх хариуг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 14/685 дугаар албан бичгээр өгсөн нь үндэслэлгүй байна.

 

3.3 Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” 33 дугаар зүйлийн 33.1.1-д “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж тус тус заасан.

 

3.4 Дээрх хуульд заасны дагуу захиргааны байгууллагаас Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шаргаморьтод газар эзэмшүүлэхдээ 2016-2021 оны хооронд жил бүр газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, энэ хугацаанд нийт 868 иргэнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн тайлбар, түүнд хавсаргасан Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан тогтоолуудаар тогтоогдсон болно. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чинсанаа нь шүүх хуралдаанд ойн сан бүхий зусланд 2020-2021 онуудад байгаль орчны дүгнэлттэй болон олон жил амьдарсан иргэдэд дүгнэлтгүйгээр газар эзэмшүүлсэн, 2021 оны 07 дугаар сараас газар олгохгүй байх талаар эрх бүхий байгууллагаас албан бичиг ирсэн талаар тайлбарласан.

 

3.5 Харин Нийслэлийн Байгаль орчны газраас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн 01/1804 албан бичигт “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 09/058/319 дугаартай улсын байцаагчийн албан шаардлагын дагуу дүгнэлт гаргахыг зогсоосон гэж дурдсан байхад хариуцагч нь ойн сан бүхий газарт 2021 он хүртэлх хугацаанд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан болох нь дээр дурдсанаар тогтоогдож байна.

 

3.6 Нөгөөтээгүүр эзэмших хүсэлт гаргасан маргаан бүхий газар нь ойн сан бүхий газарт хамаарч байгаа боловч тухайн газрын эргэн тойронд бусдад газар эзэмшүүлсэн, миний эзэмших хүсэлт гаргасан газарт 2019 онд хөрш залгаа газар эзэмшигч нь илүү хашаа татаж хашаалсан, тиймээс ч өмнө шийдвэрлэгдсэн 2020 оны 532 дугаар шийдвэртэй захиргааны хэрэгт тухайн иргэн гуравдагч этгээдээр оролцсон байдаг.

 

3.7 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 141 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн Ногоон бүсийн ашиглалт хамгаалалтын журмын 9.1-д “зуслангийн газрын газар зохион байгуулалтын болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн газар эзэмшүүлэх, ашиглах асуудлыг шийдвэрлэнэ”, 3-д “Нийслэлийн ногоон бүсэд газар эзэмших, ашиглах бүх шатанд газар эзэмшигч, ашиглагчдын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, дүгнэлтэд бүрэн хамруулна” гэж заасан.

 

3.8 Гэтэл миний бие хүсэлт гаргасан газраа ээжийн хамт олон жил ашиглаж ирсэн, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүсэлтээ хуулийн дагуу гаргасан байхад хууль бус эс үйлдэхүй гаргаж, хүсэлтийг шийдвэрлээгүй, бодит байдалд 2016 оноос газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газар эзэмшүүлэхээр тусгаж, газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж байсан атлаа зөвхөн надад 2020-2021 онуудад ойн сан бүхий газар эзэмшүүлэхгүй талаар эрх бүхий байгууллагаас шаардаж байгаа учир газар эзэмшүүлэх боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангаж” гэж заасан зарчмыг зөрчиж байхад энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу шүүхийн шийдвэрийг хянахад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

2. Нэхэмжлэгч Б.О-гийн хүчингүй болгуулахыг хүссэн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 14/685 дугаар албан бичгээр “... таны эзэмшихээр хүсэлт гаргасан 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шаргаморьтын зусланд байрлаж буй газрыг судлан үзэхэд ойн сан бүхий газар байрлаж байгаа Ойн тухай хуулийн заалтыг зөрчиж байгаа тул газрыг эзэмшүүлэх боломжгүй” гэсэн хариуг Б.Од өгчээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.О-гийн эзэмшихийг хүссэн Шарга морьтод байрлах 488 м.кв газар нь ойн сан бүхий газарт хамаарч байгаа нь  хэрэгт авагдсан Нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 03/1011 тоот албан бичиг, хавсралт зургууд, газар дээр нь хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон тул хариуцагч нь газар эзэмшүүлэхээс татгалзсан нь Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 8 дугаар зүйлийн 8.6-д заасанд нийцсэн гэж үзэж, дээрх “14/685 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, дүүргийн Засаг даргад газар эзэмшүүлэхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд маргаан бүхий байршилд 2016-2021 онд жил бүр газар олгохоор тусгагдаж, Засаг дарга 868 иргэнд газар эзэмшүүлсэн байдлыг шүүх анхааралдаа аваагүй. Үндсэн хуульд заасан хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн” гэжээ.

5. Хэрэгт авагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнүүдэд Сүхбаатар дүүрэг “Шарга морьтод” гэж газрын байршлыг зааж, нийт газрын хэмжээгээр эзэмшүүлэхээр төлөвлөснийг нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан ойн сан бүхий газрыг эзэмшүүлэхээр төлөвлөсөн гэж үзэх үндэслэлгүй. Мөн бусад иргэдэд хууль зөрчиж газар эзэмшүүлсэн тохиолдолд шүүх үүнтэй адил нэхэмжлэгчид эзэмшүүлэхийг Засаг даргад даалгах үндэслэлгүй. Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим нь захиргааны хууль бус үйл ажиллагаанд хэрэгжих үндэслэлгүй. 

6. Мөн давж заалдах гомдолд “Ойн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Ойн тухай хуульд иргэн эзэмшиж болно, гагцхүү ойн санг хамгаалах үүрэгтэй байхаар заасан байхад гэр бүлийн хэрэгцээнд ойн сан бүхий газрыг эзэмшүүлэхийг хориглосон агуулгаар зохицуулсан гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй” гэжээ.

7. Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “иргэн ойг хамгаалах талаар дараах эрх эдэлнэ: ... 20.1.2.ойн нөхөрлөл байгуулах замаар оршин суугаа газрынхаа ойн санг эзэмших, хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах;” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.О нь ойг арчлах, хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор нөхөрлөл байгуулсны үндсэн дээр эзэмших хүсэлт гаргаагүй байх тул уг хуулийн заалтыг хэрэглэх үндэслэлгүй.

8. Түүнчлэн Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар ойн санг хамгаалалтын бүсийн ой болон ашиглалтын бүсийн ой гэж 2 ангилдаг, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно“ гэж зааснаар ойн сан бүхий газарт гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмшүүлэхийг хориглосон байх тул энэ хуулийг анхан шатны шүүх зөв хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. 

9. Давж заалдах гомдолд “...тухайн газрыг гуравдагч этгээдүүд хашаалсан, үүнтэй холбоотой иргэний шүүхэд хандаж нэхэмжлэл хангагдсан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноор шүүхийн шийдвэр нь гуравдагч этгээдэд уг газрыг хууль бусаар эзэмших бодит боломж олгосонд гомдолтой байна” гэжээ.

10. Тус захиргааны хэрэгт эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр газрыг эзэмшиж буй тухайн иргэдийн асуудлыг шийдвэрлээгүй бөгөөд эрх бүхий этгээд нь Ойн тухай хуулийг хэрэгжүүлж зохих журмын дагуу үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй, энэхүү хэрэгт тухайн асуудал хамааралгүй байх тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

11. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.О, түүний өмгөөлөгч Г.Х нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  .

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                                     Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                                     С.МӨНХЖАРГАЛ