Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 664

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Б.Жаргал,

шүүгдэгч Б.Ч насанд хүрээгүй хохирогч Г.М ын хууль ёсны төлөөлөгч С.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005019821099 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ***хотод төрсөн, 22 настай,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ***тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.Ч. /РД:***/

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Ч нь 2020 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Stella баарны орчим насанд хүрээгүй хохирогч Г.Мыг шалтгаангүй тохойдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.Ч мэдүүлэхдээ:  “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

       Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ганбат мэдүүлэхдээ: “Одоо эмчилгээний зардалд нэхэмжилж байгаа 1.045.000 төгрөгийг төлчихвөл цаашдаа энэ хүүхэдтэй зууралдаад байх шаардлага байхгүй” гэв.

Шүүгдэгч Б.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “... Лазер мед эмнэлгийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн компьютерт томографикийн шинжилгээний хариу 1 хуудас, Г.Мын толгойн зураг 2 ширхэг, сиди 1 ширхэг тус тус эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 4 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Г.Мын “Би 2020 оны 05 дугаар сарын 24-ний орой 23 цагийн үед өөрийн найз Занабазарыг гэрт нь дөхүүлж өгөөд буцаад гэртээ харих гээд Баянгол дүүргийн 5 дугаар хороо Stealla баарны баруун талаар явж байх үед 10-15 орчим залуучууд зогсчихсон намайг нэг нь дуудаад очсон чинь наадах чинь замын ард талын хүүхэд байна, замын ард талын ах нараа олж өг гээд намайг дагуулаад яваад байсан. Тэгээд би тэд нартай 10 дугаар хорооллыг тойроод алхаад явж байсан чинь Онхорцог гэдэг ах намайг машинд суулгаж бид нар машинтай явж байгаад Чинзо гэдэг ахыг Хишиг Монгол зоог цайны газрын урдаас авсан. Чинзо гэдэг ах машин дотор суугаад намайг чи Мандах мөн биз дээ гэхээр нь би тийм байна, сайн уу агаа гэсэн чинь эргэж хараад миний хамар хэсэгт тохойлдчихсон. Тохойлдсоны дараа миний хамраас цус гараад цусаа цэвэрлэсэн. Ерөнхийдөө бол намайг машин дотор дагуулж явсаар байгаад шөнө 04 цагийн үед би гэртээ орсон. Намайг Чинзоригоос өөр хэн нэгэн цохиж зодсон зүйл байхгүй. Миний биед учирсан хамрын ясны хугарал гэмтлийн Чинзо ах тохойгоороо цохиж учруулсан.

... Би өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрийг нэхэмжилж байна. Өөр ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7-8 дугаар хуудас/,

Гэрч Л.Золбоогийн “... Мандах гэдэг залуу манай дүү нарын найз нь гээд манай дүү нартай уулзаад байж байсан. Би Мандах гэдэг хүүхдийг зүс мэдэхээс сайн танихгүй. Бид нар нэг машин дотор суугаад явж байхад Чинзориг Мандах гэдэг хүүхдийг цохих шиг болсон. Тэр үед Мандах уйлаад байх шиг байсан. Би утсаараа найз охинтойгоо чатлаж байсан учир хэрхэн яаж цохихыг хараагүй. Ямарч байсан цохих шиг болсон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13-14 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6252 дугаартай:

“1. Г.Мын биед хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16-17 дугаар хуудас/,

Лазер мед эмнэлэг Компьютерт томографийн шинжилгээ. /хэргийн 38 дугаар хуудас/,

Б.Чийн яллагдагчаар өгсөн “... Тэгээд би Мандахыг юу байна ахын дүү гэсэн чинь юмгүй гээд жаахан юм ярьж байгаад хэн гэдгийг нь мэдэхгүй машин дотор Золбоо, Мандах, Онхорцог бид нартай хамт жолооч нь суусан. Машин дотор юм яриад байж байсан чинь Мандах манай найзууд та нарыг  зодох гээд 10 дугаар хорооллоор хайгаад яваад байна гэхээр нь би уурласан уурандаа Мандахыг нүүр хэсэгт нь тохойгоороо цохисон. Тэгээд Мандах намайг агаа уучлаарай, би андуурчихсан байна гэхээр нь би ч гэсэн ахыгаа уучлаарай гээд уучлалт гуйгаад Мандах явсан. Дараа нь манай хэдэн найзууд 10 дугаар хорооллын улаан өндөр байрны урд байна гэхээр нь бид хэд яваад очсон чинь Мандах манай найзуудтай хамт зогсож байсан. Тэр үед Мандах зүгээр л байсан. Би Мандахыг ахын дүү одоо гэртээ харихгүй юмуу орой болчихсон байна гэж хэлсэн чинь за агаа  одоо явлаа гэж байсан.

... Би бусдад учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулах болно” гэсэн мэдүүлэг /хэргийн 27-28 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Ч нь 2020 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Stella баарны орчим насанд хүрээгүй хохирогч Г.Мыг шалтгаангүй тохойлдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь дээрхи баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар насанд хүрээгүй хохирогч Г.Мад гэмт хэргийн хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт Лазер мед эмнэлэгт толгойн томографи зураг авхуулсан 100.000 төгрөг, эмчилгээний зардал 270.000 төгрөг нийт 370.000 төгрөг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин “Эвт Эрхэс Ган” ХХК-ний эмчилгээний төлбөр 650.000 төгрөгийн нэхэмжлэх хэрэгт хавсаргасан бөгөөд энэ нь хохирогчийн хамар ясны хугарал гэмтэлд ямар хамааралтай болох нь тодорхойгүй тул хохиролд тооцох боломжгүй юм.

Харин шүүгдэгч Б.Ч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдоо 450.000 төгрөг төлсөн гэх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ганбат уг мөнгийг хүлээн авсан гэж мэдүүлж байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирол төлөгдсөн байна гэж үзэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ганбат нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа цуглуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдвал зохино.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч  Б.Ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

       Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

         

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

         

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан Лазер мед эмнэлгийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн компьютерт томографикийн шинжилгээний хариу 1 хуудас, Г.Мын толгойн зураг 2 ширхэг, сиди 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээв.

       Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Чийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Чт торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ч торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Ч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ганбат нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа цуглуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан Лазер мед эмнэлгийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн компьютерт томографикийн шинжилгээний хариу 1 хуудас, Г.Мын толгойн зураг 2 ширхэг, сиди 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ