| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2017/00869/И |
| Дугаар | 101/ШШ2017/00566 |
| Огноо | 2017-02-10 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2017/00566
2017 оны 02 сарын 10 өдөр Дугаар 101/ШШ2017/00566 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хүсэлттэй,
“Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Сурагч 4-92 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, 1982 оны 3 дугаар сарын 6-нд төрсөн, 35 настай, боловсролгүй, Боржигон овогт Батцогзолын Мөнхбаяр /РД:НД82030674/-ыг архины албадан эмчилгээнд явуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны хэсгийн байцаагч, Цагдаагийн дэслэгч О.Төр-Од, гуравдагч этгээд Б.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Төр-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Сурагч 4-92 тоотод оршин суух Батцогзолын Мөнхбаяр нь тус дүүргийн нутаг дэвсгэрт байнга архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэгдсэн, нийгмийн хэв журмыг байнга зөрчиж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, архинд донтох өвчтэй байх тул согтууруулах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, хөдөлмөр хийлгэх тухай хуулийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах хэсэгт заасныг баримтлан албалан эмчилгээнд явуулж өгнө үү...” гэв.
Б.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Албадан эмчилгээнд явахыг зөвшөөрч байна...” гэв.
Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс тус шүүхэд Б.Мөнхбаярыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд тус цагдаагийн хэлтэс Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.
Б.Мөнхбаяр байнга согтууруулах ундаа хэрэглэдэг, ар гэрийн амгалан тайван байдал, олон нийтийн хэв журмыг алдагдуулдаг, архинд донтох өвчний 2 дугаар зэрэгтэй болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Төр-Одын тайлбар, согтууруулах, мансууруулах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэж заажээ.
Иймд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-т заасныг баримтлан Боржигон овогт Батцогзолын Мөнхбаяр /РД:НД82030674/-ыг архины албадан эмчилгээнд явуулсугай.
2. Б.Мөнхбаярыг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
4. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар албадан эмчилгээний хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдсугай.
5. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч түүний өмгөөлөгч буюу төлөөлөгчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ