Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2017/00514

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 07 өдөр           Дугаар 101/ШШ2017/00514              Улаанбаатар хот

 

                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хүсэлттэй,

 

“Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх 40 гудамж, 2008 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, 1970 оны 9 дүгээр сарын 27-нд төрсөн, 47 настай, бүрэн дунд боловсролтой, Шаргачин овогт Очирын Хишиг-Очир /РД:ЦА70092770/-ыг архины албадан эмчилгээнд явуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны хэсгийн байцаагч, Цагдаагийн дэслэгч Б.Төрболд, гуравдагч этгээд О.Хишиг-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батчимэг нар оролцов.                                                                                                                                                          

                    ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эх 40-2008 тоотод оршин суух Очирын Хишиг-Очир нь тус дүүргийн нутаг дэвсгэрт байнга архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэгдсэн, нийгмийн хэв журмыг байнга зөрчиж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, архинд донтох өвчтэй байх тул согтууруулах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, хөдөлмөр хийлгэх тухай хуулийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг баримтлан албалан эмчилгээнд явуулж өгнө үү.

О.Хишиг-Очир нь эх Дагий, хөгжлийн бэрхшээлтэй хүү Бямбадорж нарын хамт амьдардаг. О.Хишиг-Очир нь архинд ихээр шунаж, өөрийн гэрийн эд зүйлийг архинд өгөх, бүлэг, бөөгнөрөл үүсгэдэг болсон. Өөрийн хүү Бямбадоржийг асран хамгаалахгүй, эх Дагийгаас архи, тамхины мөнгө нэхэх болсон. Өмнө нь сайн дурын эмчилгээнд 2 удаа хамрагдсан боловч уг эмчилгээ үр дүнд хүрээгүй...” гэв.

 

О.Хишиг-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Албадан эмчилгээнд явахыг зөвшөөрч байна. Архинаас гарах бодолтой байна. Эх, хүүгийн хамт амьдардаг. Эх 70 нас хүрч байгаа, хүү 25 настай, группд байдаг. Хүүгийн өвчин хавар эхэлдэг болохоор ээж харж чадах болов уу гэж бодож байна ...” гэв.

 

Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс тус шүүхэд О.Хишиг-Очирыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд тус цагдаагийн хэлтэс Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.

 

О.Хишиг-Очир байнга согтууруулах ундаа хэрэглэдэг, ар гэрийн амгалан тайван байдал, олон нийтийн хэв журмыг алдагдуулдаг, архинд донтох өвчний 2 дугаар зэрэгтэй болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболд, О.Хишиг-Очирын эх Д.Дагий, авга дүү Б.Буяндэлгэр нараас асууж авсан тайлбар, согтууруулах, мансууруулах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэж заажээ.

 

Иймд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-т заасныг баримтлан Шаргачин овогт Очирын Хишиг-Очир /РД:ЦА70092770/-ыг архины албадан эмчилгээнд явуулсугай.

 

2. О.Хишиг-Очирыг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

4. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар албадан эмчилгээний хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдсугай.

 

5. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч түүний өмгөөлөгч буюу төлөөлөгчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.БАТЦЭЦЭГ