Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 00094

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга:Б.Ганзаяа

Улсын яллагч:Н.Улсболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Оюунчимэг

Шүүгдэгч:Т.Л, Э.А, Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Л, Э.А, Д.Г нарт холбогдох 2032000000060 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Борнуур суманд 1991 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл-3, ээж дүүгийн хамт *тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй,  урьд өмнө 2 удаа ял шийтгүүлж байсан.

-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоолыг 06 сарын хугацаагаар хойшлуулсан

-Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 04 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 01 жил 04 сарын хугацаагаар тэнссэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Таванжингийн Л/рд:*/

 

Монгол Улсын иргэн,Төв аймгийн Борнуур суманд 1989 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт *хэсэгт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Эрдэнэбаярын А/рд:*/

 

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Борнуур суманд 1985 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт, *оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь 1 удаа ял шийтгүүлж байсан.

-Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял шийтгүүлж 02 жилийн хугацаагаар тэнссэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Даваагийн Г/рд:*/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.А нь 2020 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 03 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сонор трейд” ХХК-ний Цагаанчулуутын алтны уурхайн үйл ажиллагаанд ашигладаг тээрэмний төмрийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэх санаатай гэмт хэрэг үйлдэхэд Т.Л, Д.Г нарт дэмжлэг үзүүлсэн,

Шүүгдэгч Т.Л нь Д.Гтой бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 03 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сонор трейд” ХХК-ний Цагаанчулуутын алтны уурхайн үйл ажиллагаанд ашигладаг тээрэмний төмрийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон,

Шүүгдэгч Д.Г нь  Т.Лтэй бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 03 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сонор трейд” ХХК-ний Цагаанчулуутын алтны уурхайн үйл ажиллагаанд ашигладаг тээрмийн төмрийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэгт  холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч Т.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Бусдын эд хөрөнгөнд нэвтэрч эд зүйл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг.

Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: …Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, урьд өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. ...гэх мэдүүлэг.

            Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Миний урд өмнө өгч байсан мэдүүлэг бүгд үнэн зөв. Хүч хэрэглэсэн гэдгийг зөвшөөрөхгүй. ...гэх мэдүүлэг.

 

Эрүүгийн  2032000000060 тоот хавтаст хэргээс

 

Иргэний нэхэмжлэгч Г.Сг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би “Сонор трейд” ХХК-ний Цагаанчулуутын уурхайг төлөөлж тухайн эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би манай компанид учирсан хохирлыг буруутай этгээдүүдээс нэхэмжилж байна. ...тээрмийн хуяг төмөр 30 ширхэг тэгээд дээрээс нь хаалга цонх эвдэж сүйтгэсэн бөгөөд тэдгээрийг засварлах нийт хохирлыг нэхэмжилж байна. Уурхайн ажилчидтай хэрэг гарсны дараа алдагдсан эд зүйлийг тооцож үзэхэд өөр зүйл алдагдаагүй байсан. Урьд өгсөн мэдүүлэгт 2 шуудай шлик алга болсон гэж өгсөн байгаа.Тухайн шлик нь алга болоогүй байсан юм билээ. Өөр газар байсныг нь бид хараагүй байсан. Тээрмийн хуяг төмрүүд олдох юм бол хохирлоосоо хасаж нэхэмжилнэ. ...Манай байгууллагын зүгээс байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлж авсан. Одоо бидний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 15, 16 дугаар хуудас/

 

            Иргэний нэхэмжлэгч Г.Сг мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ: ...  Урьд шөнө уурхайн гүйцэтгэх захирал Г над руу яриад уурхай руу хүн дайрч байна гэнэ ээ, очихгүй бол болохгүй гэнэ ээ гэсэн. Тэгээд би шөнө 02 цагийн үед уурхай дээр ирэхэд уурхайн гадна талд 40 орчим машин гэрлээ асаачихсан зогсож байсан. Би машинтай голоор нь яваад ороход бүх машин номергүй байсан. Би тэгээд зарим машиныг хөөсөн, заримыг нь шүргэсэн. Бүх машинууд зугтаагаад алга болсон. Үл таних хүмүүс манай уурхайд хууль бусаар нэвтэрч үйлдвэрийн байрны хаалга цонхыг эвдлэн, дотор нь байсан бас хаалга бусад зүйлсийг эвдэж сүйтгэсэн байсан.Тухайн үед манай уурхайн байр луу нэвтэрсэн хүмүүсийн ихэнх нь хар масктай өмсчихсөн согтуу хүмүүс байсан. Тэднийг таних боломж байгаагүй. Бүгд гартаа турбо, хүрз жоотуу зэрэг юм барьчихсан байсан. Уурхайн байрнаас гарахдаа үйлдвэрийн байран дотроос тээрмийн хуяг төмөрнөөс алга болсон байсан. ...Нийт 40 орчим машинтай хүмүүс уурхайн хашааны уурхайн хашааны үүдэнд паркадж зогсож байгаад бүгд нийлээд орж ирсэн. 80-100 хүн байсан байх гэж бодож байна. Янз бүрийн л машинууд байсан. Ямар хүмүүс нэвтэрч эд зүйл эвдэж хулгайлсан гэдгийг мэдэхгүй. ...Тэр хүмүүсээс таних хүн байгаагүй. Тээрмийн хуяг төмөр шарикууд алга болсон байсан. Мөн шуудайтай хар шлик алга болсон байсан. Үйлдвэрийн байрны хаалга, баяжуулах өрөөний хаалга зэрэг эд зүйлсийг эвдэж сүйтгэсэн байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 17 дугаар хуудас/

Гэрч Э.Зб мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 08-09-нд намайг УБ хотод гэртээ байхад Баянгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг, миний менежерээр нь ажилладаг Цагаанчулуутын уурхайгаас над руу утсаар ярьж манай уурхай руу хүмүүс дайраад байна гэж ярьсан. Би шууд Улаанбаатар хотоос Цагаан чулуутын уурхай руу ирэхэд миний баяжуулах үйлдвэрийн гадна хаалгыг эвдчихсэн, дотор байх баяжуулах өрөөний хаалга ханыг эвдчихсэн байсан. Дотор нь байсан тээрмийн хуяг төмөрнөөс ойролцоогоор 100 ширхэг алга болсон байсан. Мөн баяжуулах өрөөнд байсан шуудайн тал соронз, шуудайн тал хар шлик алга болсон байсан. Мөн баяжуулах үйлдвэрт байсан эд зүйлсийг эвдэж сүйтгэсэн байсан. Тээрмийн хуягаас хананд наалдсан алт байдаг гэх яриа гарсан тул тухайн төмрүүдийг авч явсан байх гэж бодож байна. Уг нь тэр төмрөнд байдаггүй юм. .../Хх-ийн 7-8 дугаар хуудас/

Гэрч Д.Дж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар  сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цаг 45 минутанд Баянгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Цагаанчулуутын уурхайд үл таних хүмүүс харуулын байрыг хууль бусаар нэвтэрч үйлдвэрийн байрны хаалгыг эвдэж эхэлсэн. Намайг ойртох юм бол ална шүү, аминдаа хайртай бол хол байгаарай гээд ойртуулаагүй. Тэгээд 30 орчим минутын дараа бүх хүмүүс гараад явсан. Дахин 30 орчим минутын дараа дахин хүмүүс ирж үйлдвэрийн байрны хаалга цонхыг эвдлэн дотор нь байсан бас хаалга бусад зүйлсийг эвдэж сүйтгэсэн байсан. Би уурхайн захирал Г руу нөхцөл байдлыг танилцуулж утсаар ярьсан. Тухайн үед манай уурхайн байр луу нэвтэрсэн хүмүүс бүгд хар масктай, согтуу хүмүүс байсан. Тэднийг таних боломж байгаагүй. Бүгд гартаа турбо ч юм уу ямар нэгэн юм барьчихсан байсан. Тээрмийн хуяг төмөрнүүд алга болсон. Мөн баяжуулах өрөөнд байсан шуудайтай соронз, шлик хоёр, төмөр шарик бөмбөлөгнүүд алга болсон байсан. Тээрмийн хуяг төмөр дээр нь алттай чулууны үлдэц үлддэг гэсэн цуурхал яриа байдаг. Тиймээс тэр хүмүүс тээрмийн хуяг төмөрнүүдийг авсан байх гэж бодож байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 18 дугаар хуудас/

Гэрч Ж.БДмөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр намайг Төв аймгийн Сүмбэр сумын Октябрийн алтан дээр байхад хүмүүс Цагаанчулуутын уурхай руу дайрна гэсэн яриа явж байсан. Тэгээд би маргааш  өдөр нь Борнуур суманд очоод Бб, Бү, Жж, ах Тг нарт “Цагаанчулуутын уурхай руу дайрч, хуяг төмөр авна, хуяг төмөрнөөс алт гардаг тухай, цуг явах хүн байвал аваарай, олуулаа тусмаа сайн шүү гэж хэлсэн. Гэтэл миний хэлсэн хүмүүс л цааш нь тараасан юм шиг байна билээ. 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Борнуур суманд цахилгаан станцын хажууд анх Сүхээ, Жж, Эрка нарын хамт тус тусдаа машинтай очоод  байхад машинууд нэмж ирээд л байсан. Орой 21 цаг өнгөрч байхад гэж санаж байна цагийг нь сайн санахгүй байна цахилгаан станцын хажуу талаас нийт 10 гаруй машин хөдлөөд Нартын даваан дээр зогсоод явж байсан машинуудыг тоолоход нийт 17 машин байсан. Би өөрөө тоолсон. Тэгээд Нартын даваан дээр уурхай руу яаж орох талаар бүгдээрээ ярилцаад хаалгаар нь орцгооё гэж тохирсон. Тэгээд Нартын даваанаас бүгд хөдлөөд Цагаанчулуутын уурхайн үүдэнд очиж төв замын урд талд машинуудаа зогсоогоод жолооч нарыгаа үлдээгээд бусад хүмүүс бүгд уурхайн хашааны хаалгаар орцгоосон. Уурхайн хашааны үүдэнд пост нь дээр хамгаалагч байсан боловч олон хүн хараад зогсоогоогүй байх гэж бодож байна. Уурхайн хашааны машин ордог хаалгыг түлхэж онгойлгоод бүгдээрээ алхаад л орсон. Уурхайн хашааны төвд байх цагаан сендвич байшин руу очиж зарим хүмүүс нь хаалгыг нь эвдэж, зарим нь барилгын араар тойрч цонхоор орцгоосон. Би арын цонхоор дотогш орж дотроос нь 1 ширхэг төмөр авсан. Намайг дотор ороход гадна талаас нь ордог хаалгыг нь эвдлээд цөмлөчихсөн байсан. Би тэр хаалгаар 1 ширхэг хуяг төмөр аваад гарч явсан. Тэгээд төмөртэйгөө машинд суугаад явсан. Тухайн үед би өөрийн найз Мх /Өвөрхангай аймгийн төвд байдаг Мөнх-Отгон/-ийн Өвөрхангай аймгийн дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй, Мижид гэх ах жолоодоод, хамт 3-уулаа явсан. Мижид ах машиндаа үлдээд Мх бид 2 уурхай орсон. Тэгээд бид 2 гарч ирэхдээ тус бүр нэг нэг ширхэг нийт 2 ширхэг төмөр хуяг авч гарч ирсэн. Тэндээс төмрөө авчихаад хөдлөөд шууд Борнуур сумруу орсон. Бид 3-тай цуг Мхгийн найзууд болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бб, Жоохой гэж дууддаг залуу тусдаа Сolt гэдэг машинтай цуг явж байсан. Тэр мөн 2 ширхэг төмөр авсан байсныг би дараа нь мэдсэн. Тэгээд бид 3 Борнуур яваад, Бб, Жоохой нар дахин Цагаанчулуутын уурхай руу орсон гэсэн. Тэгээд тэр 2 буцаад явж байхдаа замын хажуу руу машинаа унагаагаад шөнө 03 цаг өнгөрч байхад Мх бид 2 очиж тэдний машиныг босгож авсан. Зүүнхараагаас Жж /Тг ахтай цуг явсан/ нэг ахдаа хэлээд дуудчихлаа гэж байсан. Зүүнхараагаас 7-8 машин байсан. Хэн хэн дуудсан гэдгийг нь сайн мэдэхгүй байна. ...Би Октябрийн алтан дээрээс тэр тухай сонсоод Борнуурынханд хэлж уриалж өөрөө зохион байгуулсан. Октябрийн алтан дээр Цагаанчулуутын уурхай руу дайрах тухай ярьж байсан хүмүүсээс тухайн өдөр Цагаанчулуутын уурхай руу ирсэн хүн Цэвэгмид л байсан. ...Би бол тэрийг мэдэхгүй. Намайг араар нь тойроод ороход тухайн хаалгыг эвдчихсэн хүмүүс ороод ирчихсэн байсан. Дотор нь байх өрөөний бүргэд хаалгыг Зүүнхараагийн нэг зүс таних залуу өөр нэг залуутай хамт жоотуу  барьчихсан эвдээд зогсож байсан. Тэр хоёрын нэрийг нь мэдэхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 19-20 дугаар хуудас/

Шүүгдэгч Т.Л мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 23 цагийн орчим намайг гэртээ байхад манай найз А утсаар “хойшоо Цагаанчулуутын уурхай руу хүмүүс алтанд хөдөлчихлөө” гэсэн. Тэгээд А, Аын найз Жоолоо гэж дууддаг залуугийн хамт Цагаанчулуутын уурхай дээр очсон. Тэнд очиход 20 гаруй машинтай 50-60 хүн цуглачихсан уурхайн байр луу орчихсон байсан. Би ганцаараа машинаасаа буугаад уурхайн складны араар тойроод очиход ар талын жижиг цонхыг хүмүүс онгойлгочихон дотогш ороод байж байсан. Би араас нь тэр байрны дотор ороход урд талын хаалгыг хүмүүс задлаад хаячихсан дотогш орж байсан. Би дотор ороод юм авалгүй эвдэлсэн байсан хаалгаар гарч машиндаа суусан. Тэгээд хөдлөж уурхайгаас холдож даваан дээр зогсоход хүмүүс тэнд цуглачихсан байсан. Тэгээд тэндээс хүмүүс дахиж ороод хуяг төмөр авцгаая гэж ярилцаад бүгд буцаж уурхай дээр ирээд дахиж орсон. Дахин орохдоо Жоолоотой цуг уурхайн байр луу ороод ширэмний доод талын шороог хамж шуудайны ёроолд хийгээд гарч ирсэн. Би гарахдаа шалавчны резин үүрч гарч ирсэн. Би үүрсэн резинээ дийлэхгүй болохоор нь хашааны үүдэнд хаячихаад гараад ирсэн. ...Хүмүүс уурхайгаас ширэм шиг төмөр аваад байсан. Зоригоо 2 ширхэг төмөр, тэнд байсан хүмүүс бүгд л төмөр аваад яваад байсан. Танихаас Зоригоо, өнжингийн Баатар гэх ах төмөр аваад гарч байсан. Бусад хүмүүсийг нь би танихгүй. Тэр байран дотор байсан хүмүүсийг танихгүй. Тэр байран дотор байсан жижиг өрөөг хүмүүс эвдээд 2 ууттай шликийг авч байсан. Би тэр өрөөнөөс ууттай шлик авч байсан хүмүүсийг танихгүй. ...Би эхний оролтоороо складны гарах хаалганы үүдэн дотор талд байсан жижиг 3 ууттай зүйлийг авч гарсан. Тухайн уутнуудын нэгэнд нь бондгор чулуу, нөгөөнд нь судлын чулуу, 3 дахьд нь шлаам байсан. Тэр 3 ууттай зүйлийг машиндаа хийж орхиод 2 дахь оролтоороо хуйлаатай байсан резин байсныг авч гарч байгаад дийлэхгүй болохоор нь үүдэнд нь хаяад явсан. .../Хх-ийн 21, 22 дугаар хуудас/

Шүүгдэгч Э.А мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ: ...2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр миний авга ах Д.Г Цагаанчулуутын уурхай руу алтанд явъя гэж миний гар утас руу ярьсан, тэгэхээр нь би “надад бензиний мөнгө байхгүй байна” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд хэсэг хугацааны дараа Д.Г ах над руу дахиж залгаад Лд бензиний мөнгө байна 3-уулаа цуг яваад ирье гэсэн, тэгээд бид хэд 00 цагийн үед Цагаанчулуутын уурхай руу явсан. Тэгээд тэнд очоод Д.Г, Л хоёрыг уурхайн тэнд зам дээр буулгасан. Тэгээд тэр хоёр уурхай руу ороод хэсэг хугацааны дараа гарч ирэхдээ шуудайны ёроолоор жоохон жоохон чулуутай гарч ирсэн. Тэгээд бид гурав буцаад гэрлүүгээ явсан. Миний мэдэх асуудал ердөө энэ. ...Бид хэдийг очих үед Цагаанчулуутын уурхай руу хүмүүс очоод орчихсон байсан. Хэн эвдсэнг мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 23-24 дүгээр хуудас/

Шүүгдэгч Д.Г мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ: ... 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Джтой утсаар ярихад “цахилгаан станцын хажууд 8 машин байна Цагаанчулуут руу дайрч орох гээд цугларч байна” гэж ярьсан. Тэгээд би Атай яриад түүний машинтай Т.Лхагсүрэнгийн /Бү/ хамт Цагаанчулуутын уурхай руу явсан. Тэнд очиход 20 гаруй машинтай 50-60 хүн цуглачихсан уурхайн хашааны гадаа жолооч нар нь машиндаа үлдчихсэн бусад хүмүүс нь уурхай луу гүйлдээд орж байсан. Би Бүгийн хамт уурхайн хашаа руу явж орох гээд тойрч байхад байрны гадна хаалгыг татаж үзэхэд онгойхгүй байхаар нь би байрны араар тойрч очиход ар талын жижиг цонхыг онгойлгочихсон хүмүүс ороод байсан. Би 5 билүү 6-т нь цонхоор дотогш орсон. Би дотор ороход хүмүүс хуяг төмөр аваад байсан. Би харин хуяг төмөрнөөс унасан шороог шуудайнд хийж авсан. Намайг дотогш орсон байхад  дотор талд байсан өрөөний хаалгыг Борнуур сумын иргэн Умбар гэх залуу жоотуугаар цохиж байсан. Тэгээд би тэндээс гарахад гадна талын хаалгыг эвдчихсэн би тэр хаалгаар гарч явсан. Намайг машин дээрээ ирэхэд Бү машин дээр ирчихсэн байсан. Түүний юу авсныг нь би мэдэхгүй. Тэгээд бид нар явцгаасан. ...Борнуурт ирээд Бү нэг хүнээс уутны ёроолоор хар өнгийн төмрийн үртэс байсныг авсан. Тэр шлик биш соронзоор татаж авсан төмрийн үртэс байсан. Тэр үртсийг Бү тэр хүнтэйгээ хувааж авсан. Би бол хуяг төмрөөс унасан шороог л бөөгнүүлж авсан. Нэг шанаганд багтах хэмжээтэй л шороо авсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 25 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.Билгүүн мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ: ... Тухайн өдөр Э.А нь миний эзэмшлийн 44-49 ТӨА улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг хөдөө ойрхон явчхаад ирье гээд аваад явсан. Би хаашаа юунд явсан гэдгийг мэдэхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 26 дугаар хуудас/

Шүүгдэгч Т.Л яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ прокурорын тогтоол дээр хүч хэрэглэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүмүүс ороод байхаар нь дагаад орсон. Намайг ороход хүмүүс орчихсон хаалга, цонхыг нь эвдчихсэн байсан. Мөн би яг төмөр авах зорилгоор ороогүй. Хүмүүс цуглаад алтанд явна гэж сонсоод аль нэг газар гайгүй алт гарч байгаа байх л гэж бодсон. Уурхай ямар нэгэн байр байгууламж руу орно гэж бодоогүй. Тэгээд нэгэнт оччихсон, хүмүүс ороод байхаар нь дагаж орж үүдний хаалганы хажуу талд байсан жижигхэн 3 ууттай шороо, чулууг л авсан. Борнуур суманд очоод үзэхэд миний авсан тухай чулуу шороо нь хаягдал чулуу байсан юм шиг байна лээ. ...Г ах андуурсан байх гэж бодож байна. миний авсан шороог л хэлж байгаа нь тэр байх. Би ямар нэгэн төмрийн үртэс тухайн уурхайгаас аваагүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 51 дүгээр хуудас/

   Шүүгдэгч Э.А яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ прокурорын тогтоол дээр хүч хэрэглэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүмүүс цуглаад алтанд явна гэхээр нь л дагаад явчихсан. Энд тэнд гайгүй алт гарч байгаа газар байгаа юм болов уу л гэж бодсон юм. Миний хувьд уурхайн дотогш орсон асуудал байхгүй. Би машиндаа үлдээд Бү, Г хоёр орж жаахан жаахан шороо л авч ирсэн. Би ямар нэгэн зүйл аваагүй. Бү, Жоолой /Г/ хоёр ч ямар нэгэн зүйл аваагүй. ...Манай найз Билгүүнээгийн машиныг гуйж явсан. Билгүүнд ойрхон хөдөө яваад ирье гээд гуйгаад явсан юм. 44-49 ТӨА улсын дугаартай Приус-11 маркын тээврийн хэрэгсэлтэй явсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 43 дугаар хуудас/

   Шүүгдэгч Д.Г яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ прокурорын тогтоол дээр хүч хэрэглэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүмүүс ороод байхаар нь дагаад орсон. Намайг ороход хүмүүс орчихсон хаалга, цонхыг нь эвдчихсэн байсан. Мөн би яг төмөр авах зорилгоор ороогүй. Хүмүүс цуглаад алтанд явна гэж сонсоод аль нэг газар гайгүй алт гарч байгаа байх л гэж бодсон. Уурхай ямар нэгэн байр байгууламж руу орно гэж бодоогүй. Тэгээд нэгэнт оччихсон, хүмүүс ороод байхаар нь дагаж орж бага зэрэг шороо л авсан. ...Тухайн үед харанхуй байсан, хүмүүс масктай байсан болохоор сайн танигдаагүй. Би эхлээд Умбар юм байх л гэж харсан. Гэтэл тухайн уурхай руу миний мэдүүлэгт яригдсан Умбар гэх хүн очоогүй гэдгийг нь дараа нь сонссон. Би андуурсан юм шиг байна. ...Брезентэн уутанд хийчихсэн байсан шороо л авсан байсан. Би урьд нь өгсөн мэдүүлэгт шороог нь төмрийн үртэс гэж андуурсан байсан. ...Би үйлдсэн хэргийнхээ гэм бурууг ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Байгууллагад учруулсан хохирлыг өөрт оногдох хэсгийг нөхөн төлнө. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 59 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.Билгүүн мэдүүлэхдээ: ...Миний машиныг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэдгийг би мэдээгүй. Надаас юманд яваад ирье гээд л гуйгаад явсан. Машины асуудал дээр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр багын найзууд байгаа юм. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 117 дугаар хуудас/ 

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол/Хх-ийн 1 дүгээр хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 2-6 дугаар хуудас/

Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол/Хх-ийн 76 дугаар хуудас/

Тоёото приус-11 маркийн  44-49 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын Тамгын газрын үнэлгээ тогтоох комиссын 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №265 дугаартай дүгнэлт/Хх-ийн 65 дүгээр хуудас/

Дамно ХХК-ний үнэлгээний 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №20-72 дугаартай тайлан/Хх-ийн 28-29 дүгээр хуудас/

Шүүгдэгч Т.Л, Э.А, Д.Г нарын оршин суугаа баг, хорооны засаг даргын тодорхойлолт/Хх-ийн 93, 97, 102 дугаар хуудас/

Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас/Хх-ийн 72-77 дугаар хуудас/

Тоёото приус-11 загварын 44-49 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/Хх-ийн 65 дугаар хуудас/

Шүүхийн шатанд шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын шүүгдэгч нарын хувийн байдлаар гаргасан тодорхойлолт, шүүгдэгч нарын Хаан банкны дансны хуулга, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн  судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй нотлох баримтууд байгаа боловч хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Л.Болдбаатарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийн хамжигчаар оролцсон, шүүгдэгч Т.Л, Э.А, Д.Г нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болохыг шалгаж тогтоогоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоогүй байна гэж үзлээ.

 

Нэг.Шүүгдэгч Т.Л, Э.А, Д.Г нарыг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч Т.Л, Э.А, Д.Г нь 2020 оны 02 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Сонор трейд ХХК-ний Цагаанчулуутын алтны уурхайгаас бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын өмчлөл эзэмшил, итгэмжлэгдэн хариуцсан эд хөрөнгийг авах зорилгоор довтолсноор эхэлж, төгсдөг гэмт хэрэг бөгөөд довтлогч этгээдэд саад, бэрхшээл учруулж байгаа аливаа зүйлийг арилгах зорилгоор бусдын амь нас эрүүл мэндэд аюул учруулахаар хүч хэрэглэн заналхийлж, довтолж байгаа этгээдийн идэвхтэй, гэм буруугийн шууд санаатай үйлдлийг ойлгох ба улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарыг алтны уурхайн хамгаалагч нарын сэтгэцэд нөлөөлж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон, айлган сүрдүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч шүүгдэгч нарын хэн, хэрхэн яаж ямар идэвхтэй үйлдлээр хэн гэдэг хамгаалагчийн сэтгэцэд хэрхэн яаж хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон эсэхийг шалгаж тогтоогоогүй  байна. Сэтгэцэд нөлөөлсөн гэдэгт довтлогч этгээд хохирогчийн сэтгэцийн үйл ажиллагааг алдагдуулах, хордуулах, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх ямар нэгэн эм бэлдмэл бодис хэрэглэснийг ойлгохоос гадна ямар нэгэн идэвхтэй үйлдэл, үг хэллэгээр илэрхийлэгдэхийг тус тус ойлгоно.

Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэгт гэмт хэргийн хамжигчаар оролцсон, шүүгдэгч Т.Л, Д.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хүлээн авч шүүгдэгч нарыг уг зүйл ангиар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй байх ба улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруугийн дүгнэлтдээ тайлбарлаж байгаа боловч шүүгдэгч нар хэнд хэрхэн яаж хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр хэнийг заналхийлсэн эсэх нь хавтаст хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын шинжлэн судлагдсан шүүгдэгч Т.Л, Э.А, Д.Г нарын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Д.Джийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

Мөн хамгаалалтын ажилтан Д.Дж гэрчээр мэдүүлэхдээ: ... Цагаанчулуутын уурхайд үл таних хүмүүс харуулын байрыг хууль бусаар нэвтэрч үйлдвэрийн байрны хаалгыг эвдэж эхэлсэн. Намайг ойртох юм бол ална шүү, аминдаа хайртай бол хол байгаарай гээд ойртуулаагүй. Тэгээд 30 орчим минутын дараа бүх хүмүүс гараад явсан. Дахин 30 орчим минутын дараа дахин хүмүүс ирж үйлдвэрийн байрны хаалга цонхыг эвдлэн дотор нь байсан бас хаалга бусад зүйлсийг эвдэж сүйтгэсэн байсан. ...Бүгд гартаа турбо ч юм уу ямар нэгэн юм барьчихсан байсан. .../Хх-ийн 18 хуудас/ гэх мэдүүлгийг өгдөг боловч  шүүгдэгч нарын хэн ямар үйлдэл, үг хэллэг хэлж, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэдгийг тодорхойлж эх сурвалжаа зааж чадаагүй байна гэж шүүх дүгнэлээ.

Харин шүүгдэгч нар нь Цагаанчулуутын алтны уурхай руу явж алттай шороо, чулуу авахаар явсан гэдгээ хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатнаас эхлээд, шүүхийн хэлэлцүүлгийн шат хүртэл тогтвортой мэдүүлсээр ирсэн ба гэрчээр Д.Дж мэдүүлэхдээ: ...Цагаанчулуутын уурхайд үл таних хүмүүс харуулын байранд хууль бусаар нэвтэрч үйлдвэрийн байрны хаалгыг эвдэж эхэлсэн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 18 дугаар хуудас/гэсэн мэдүүлгээс үзэхэд хамгаалагч Д.Дж болон бусад хамгаалагч нар тухайн үйл явдлыг харсан, хүмүүс уурхайн баяжуулах үйлдвэрээс юу авч гарч байгаа талаар харж мэдэж байснаас үзвэл шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогдоогдож байна.

Тиймээс шүүгдэгч Т.Л, Э.А, Д.Г нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг буюу Сонор трейд ХХК-ний Цагаанчулуутын алтны уурхайгаас алтны тээрмийн хамгаалалтын хуяг төмрийг авахдаа хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон үйлдэл тогтоогдохгүй  байна гэж үзсэн болно.

Харин шүүгдэгч нар уг гэмт хэргийг үйлдэхдээ амар хялбар аргаар ашиг орлого олох зорилготой, бусдын эд хөрөнгөнд халдсан, өөрсдийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэсэн гэм буруугийн шууд санаатай үйлдэл буюу бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн байна.

 “Гэмт хэргийн хамжигч” гэж аливаа этгээд гэмт хэрэг үйлдэхээр идэвхтэй үйлдэл хийх үед түүний хууль бус үйлдлийг дэмжиж саад бэрхшээлийг арилгах, гэмт хэргийн улмаас олсон эд зүйлийг зөөж зөөвөрлөх, гэмт хэрэг үйлдэхэд машин механизм болон бусад зэвсэг хэрэгслээр тусалж идэвхтэй үйлдлээр дэмжлэг үзүүлж байгаа этгээдийг гэмт хэргийн хамжигч гэж ойлгох бөгөөд Э.А нь гэмт хэрэгт урьдчилан амлаж тээврийн хэрэгслээр хангаж, гэмт хэргийн улмаас олсон эд зүйлийг авч зугтаах, гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор ирсэн этгээдээс холдох, тээврийн хэрэгсэлд үлдэж бэлэн байдалтай байгаа үйлдлээрээ гэмт хэргийн хамжигч болно.

 “Бүлэглэн гүйцэтгэх” гэж хоёр буюу түүнээс дээш этгээд гэмт хэрэг үйлдэхээр сэтгэл санаа, идэвхтэй үйлдлээр нэгдсэн этгээдүүдийн нэгдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Т.Л, Д.Г нар дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ сэтгэл санаагаар нэгдэж, ашиг орлого олох зорилготой идэвхтэй үйлдлээрээ нэгдсэн бүлэглэн гүйцэтгэгчид гэж үзнэ.

 

Тиймээс прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэргийг хэлэлцэж шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхэд шүүгчийн дотоод итгэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үнэлж дүгнэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд..

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий бичгийн нотлох баримтыг шалгаж үзээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байх тул шүүгдэгч нарт ашигтайгаар буюу эрх зүйн байдлыг дордуулалгүйгээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэгт гэмт хэргийн хамжигчаар оролцсон, шүүгдэгч Т.Л, Д.Г нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйчилж, шүүгдэгч  Э.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт, гэмт хэргийн хамжигчаар оролцсон, шүүгдэгч Т.Л, Д.Г нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

 

   Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Сг гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн арилсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

   Гурав.Шүүгдэгч Т.Л, Э.А, Д.Г нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Шүүгдэгч Т.Л, Э.А, Д.Г нар нь 2020 оны 02 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг, нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Цагаанчулуутын алтны уурхайн баяжуулах үйлдвэрээс тээрмийн хуяг төмрийг буюу бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг шүүгдэгч Т.Л, Д.Г үйлдэхэд шүүгдэгч Э.А нь урьдчилан амлаж, гэмт хэрэг үйлдэхэд тоёото приус-11 загварын 44-49 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр хангаж гэмт хэргийн хамтран оролцогчоор буюу гэмт хэргийн хамжигчаар оролцсон гэм буруутай, шүүгдэгч Т.Л, Д.Г нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Э.А мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Л, Д.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн  хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж оногдуулах эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

            Энэ гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  иргэн Ц.Билгүүний эзэмшлийн тоёото приус-11 загварын 44-49 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг үнэлгээ тогтоох комиссоос үнэлсэн үнэлгээгээр буюу шүүгдэгч Э.Ааас 333.303 төгрөгийг, шүүгдэгч Т.Лгээс 333.303 төгрөгийг, шүүгдэгч Д.Гоос 333.303 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Т.Л, Э.А, Д.Г нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

 Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2.2, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбаярын Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, шүүгдэгч Боржигон овогт Таванжингийн Л, Боржигон овогт Даваагийн Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Л, Т.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн зүйчилсүгэй.

2.Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбаярын А бусдыг, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Боржигон овогт Таванжингийн Л, Боржигон овогт Даваагийн Г нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.

3.Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Сг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн арилсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ат 03 /гурав/ жил, 05 /тав/ сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Т.Лд 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Д.Гт 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л, Э.А, Д.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан шүүгдэгч Э.Ат оногдуулсан 03 жил 05 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Аыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ат шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

8. Шүүгдэгч Э.Ат өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лхавгасүрэн, Д.Гт нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан байранд хорьсугай.

10.Шүүгдэгч Т.Л, Э.А, Д.Г нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11.Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн иргэн Ц.Билгүүний эзэмшлийн тоёото приус-11 загварын 44-49 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

12.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн Ц.Билгүүний эзэмшлийн тоёото приус-11 загварын 44-49 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнэлгээ тогтоох комиссоос үнэлсэн хэмжээгээр шүүгдэгч Т.Лгээс 333.303 /гурван зуун гучин гурван мянга гурван зуун гурав/ төгрөг, шүүгдэгч Э.Ааас 333.303 /гурван зуун гучин гурван мянга гурван зуун гурав/ төгрөгийг, шүүгдэгч Д.Гоос 333.303 /гурван зуун гучин гурван мянга гурван зуун гурав/ төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгосугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

14.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

15.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Ат өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Т.Л, Д.Г нарт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ