Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 00081

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Батсайхан

Улсын яллагч О.Нандинцэцэг

Шүүгдэгч Б.Жс, Д.Мб, Ж.Бг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Жс, Д.Мб, Ж.Бг нарт холбогдох эрүүгийн 2032000620081 тоот хэргийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1973 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт *тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батсуурийн Жс.РД/*/

 

Монгол Улсын иргэн Дархан-Уул аймагт 1979 оны 01 дүгээр сарын 3,0-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт * тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл хэрэг хариуцах чадвартай Бээсийхэн овогт Долгорын Мб/Рд:*/

 

Монгол Улсын иргэн Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1999 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, аав, ээж, дүүгийн хамт *тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Жсын Бг/Рд:*

           

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Жс, Д.Мб, Ж.Бг нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум, Билүүтийн ам гэх газраас гарал үүслийн гэрчилгээгүйгээр, зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар мод бэлтгэж, байгаль орчинд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичснээр/

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Б.Жс, Д.Мб, Ж.Бг нарт холбогдох эрүүгийн 2032000620081 дугаартай хэргийг Эрүүгийн хуульд заасан Хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Жс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгч байсан миний мэдүүлэг бүгд үнэн зөв. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.Мб шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би мэдүүлэг өгөхгүй. Миний урьд өмнө цагдаагийн байгууллагад өгч байсан мэдүүлэг бүгд үнэн зөв. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. ...гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ж.Бг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би өөрийн холбогдсон хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний урьд өмнө мөрдөн байцаалтад өгч байсан бүх мэдүүлгүүд үнэн зөв учраас би дахин мэдүүлэг өгөх шаардлага байхгүй гэж бодож байна. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2032000620081 тоот хавтаст хэргээс

 

Иргэний нэхэмжлэгч Н.Цэрэнтогтох мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг, Билүүтийн ам гэх газарт 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Ц.Ганхуяг, Д.Мб, Б.Жс, Ж.Бг нар нь хууль бусаар мод бэлтгэж байгаль орчинд 39234 төгрөгийн хохирол учруулсан байна. Дээрх хохирлыг нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 29-30 хуудас/  

Иргэний нэхэмжлэгч Г.Ёц мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би өөрийн эзэмшлийн портер маркийн 17-59 СЭҮ тээврийн хэрэгслийн үнэ 4 сая төгрөгийг нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 24-25 дугаар хуудас/

Гэрч П.Шзн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би өөрийн найз болох Дэ, Аб нар болон тухайн нутгийн байгаль хамгаалагч нар болох Пж, Тш нарын хамтаар 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байх “Ноён”  уул руу өргөл өргөх зорилгоор явж байтал Билүүтийн ам буюу “Ноён” уулын баруун талын аманд 17-59 СЭҮ улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн автомашинтай 25-55 насны 4 эрэгтэй хүн 2 ширхэг цахилгаан хөрөөтэй мод хөрөөдөж байсан. Тэгэхээр нь бид нар тэр залуучууд дээр очоод яагаад залуу хус мод унагаад байгаа юм бэ гэж хэлээд мод хөрөөдөж байсныг нь болиулаад тайрсан модных нь мөчрөөр тэр 4 залууг тус бүр хоёр удаа гуя руу нь ороолгоод явуулсан. Тэр үед би тухайн болсон процессыг өөрийн гар утсаар бичлэг хийгээд дахин мод хулгайлуулахгүйн тул энэ бичлэгийг нь фейсбүүк цахим хуудасанд  тавина шүү энэ ойр орчмоо цэвэрлээд яваарай гэж хэлээд салаад явсан. Ер нь тухайн газарт шөнө оройн цагаар байнгын нутгийн иргэд мод хулгайлаад байдаг юм. ...Ачааг нь өндөрлөчихсөн цэнхэр өнгийн портер маркийн автомашины ачааг нь дүүрэгчихсэн өндөрлөгөөрүүгээ ачиж байсан, яг тоо хэмжээг нь би мэдэхгүй байна. Тэр залуучууд нь хус модыг хөрөөдөж газарт унагаж машинд ачиж байсан тэрнээс биш газар унасан байсан модыг ачаагүй байсан. ...Бид нарыг машинтай дөнгөж очиход хөрөөгөө унтрааж газарт сууцгаасан. Очихоос өмнө мод ид хөрөөдөж машиндаа ачиж байсан. ...Хоёр ширхэг цахилгаан хөрөө ашиглаж байсан. Тэр залуучууд нь Мандал сумын цагдаагийн хэлтэст мэдүүлэхдээ замын хажуу талд унасан байсан модыг авч байсан гэж мэдүүлсэн байсан. Бид нарыг анх хараад очих үед хөрөөдөж сууж байгаад хөрөөгөө унтраасан. ...Дахин ийм хэрэг гаргуулахгүйн тулд энэ хэргийг шалгаж шийдвэрлэж Эрүүгийн хуульд заасны дагуу арга хэмжээ тооцож өгнө үү. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 31-34 дүгээр хуудас/

Гэрч А.Дэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2020 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө Шзн ,Аб бид гурав Мандал суманд урьд өмнө нь бид нартай хамт “Ноён” уулын төлөө дуу хоолойгоо нэгтгэж тэмцэж явсан ах болох Болдбаатарын ажил явдалд очсон. Тэр өдрөө Улаанбаатар хот руу буцахдаа “Ноён” ууланд өргөл өргөх гэж бид гурав мөн тухайн сумын байгаль хамгаалагчид болох Тш, Пж бид 5 явж байтал Билүүтийн аманд портер маркийн автомашинтай 4 эрэгтэй хүн мод хөрөөдөж унагаж байсан. Тэгэхээр нь бид нар очоод Шзн өөрийн гар утас нь дээрээ бичлэг хийгээд баримтжуулаад болихыг шаардсан. Тухайн газарт модны их хулгай байдаг учраас бичлэг хийж тэдгээр хүмүүсийн зүс царайг нь бичиж аваад цаашаагаа  явсан. ...Ямар ч боломжгүй ээ угаасаа тайраад зогсож байсан. Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн хэлтэс дээр мэдүүлэг өгөхдөө газарт унагаад хөрөөдөөд бэлдсэн байсан модыг ачиж байсан гэж мэдүүлсэн байсан юм. Яагаад гэвэл тухайн 4 залуугийн нэг нь өөрийн амиа хорлож нас барсан юм. Тэгээд энэ хэрэг нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учраас тэр хүмүүс газарт унасан байсан модыг тайрсан гэж мэдүүлэг өгсөн байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 35-36 дугаар хуудас/

Гэрч Д.Аб мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр найзууд болох Дэ,иШзн, Пж, Тш нарын хамтаар өөрсдийн дотны найз ах болох Болдбаатарын ажил явдалд Сэлэнгэ аймгийн Мандал суманд оролцчихоод буцахдаа “Ноён” уул руу сүү цацал өргөхөөр явсан. Тэгээд уул руугаа өгсөөд явж байтал Билүүтийн аманд мод огтолж, машинд ачиж байсан үл таних нутгийн 4 хүнтэй тааралдаад болихыг шаардаж мод огтлохыг нь болиулсан. Тэр хүмүүс цэнхэр өнгийн портер маркийн автомашинтай хоёр ширхэг цахилгаан хөрөөтэй цагаан өнгийн хус модыг тайрч машинд ачиж байсан. Яг бид нарыг очих үед хөрөөгөө унтраахад нь Шзн өөрийн гар утсаараа бичлэг хийж тухайн нөхцөл байдлыг баримтжуулсан. Тэр хүмүүс хэлэхдээ зөвшөөрөлтэй, гоожинтой гэж хэлэхэд нь энэ газар өөрөө дархан цаазтай газар гэдгийг нь сануулж хэлэхэд тэр хүмүүс ямар нэг бичиг баримтгүй явж байсан. Тэр үед тэр хүмүүсийг өрөвдөөд дахин битгий эндээс мод аваарай энэ уул догширчихсон уул гэж хэлээд цаашаа явсан.Харин дараа дараагийн хүмүүст сануулга болохоор энэ зургийг чинь фейсбүүк хуудасанд тавина шүү гэж хэлэхэд за гэж зөвшөөрөөд цагдаад мэдэгдээгүйд баярлалаа гэж хэлсэн. ...Ачааг нь өндөрлөсөн портер маркийн автомашины ачааны тал хүртэл нь мод ачсан мөн газарт нилээн хэдэн мод тайрч унагаасан байсан. Яг хэр хэмжээтэй хэдэн ширхэг гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 37-38 дугаар хуудас/

Гэрч Б.Жс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2020 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө 11 цагийн орчимд Мб, талийгаач Ганхуяг, Бг бид дөрөв сумын төвөөс 20 орчим километрийн зайд байдаг “Ноён” уулын баруун талын энгэрийн  Билүүтийн ам гэх газар руу мод бэлтгэхээр талийгаач Ганхуягийн эзэмшлийн 17-59 СЭҮ улсын дугаартай хьюндай  портер  маркийн ачааны автомашинтай явсан. Яагаад явах болсон бэ гэхээр талийгаач Ганхуяг нь өмнөх өдөр нь буюу 01 дүгээр сарын 23-ны өдөр надтай гар утсаар холбогдоод манай бэр амаржаад гэр галын түлээгүй болчихлоо яг хаашаа гэдгээ хэлэхгүйгээр хамт түлээнд яваад өгөөч ээ гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд өөрийн төрсөн хүү Ж.Бгийг дагуулаад аваад явсан юм. Тэгээд бид нарыг Ноён ууланд очиж газарт унасан мод хайгаад явж байтал замын хажууд хус модыг тайрч хөрөөдөж унагаасан байхаар нь бид нар тэр унасан байсан модыг дундаар нь гар хөрөөгөөр тайраад машинд ачиж байтал Босоо Монгол ТББ-ын гишүүд гэх хүмүүс ирэж бид нарыг болиулж, унасан байсан модыг тайрч богиносгохыг зогсоож хөөж явуулсан. Явуулахдаа тэр залуучууд бид 4-ийг хус модоор 2-3 удаа гуядаж ороолгоод явсан. Тэгээд бид нар нэмж мод ачилгүйгээр ачсан модоо аваад шууд явсан. ...Нэг нь 1м 50см  урттай нийт 16 ширхэг хус модыг ачиж авч явсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 40 41 дүгээр хуудас/

Гэрч Ж.Бг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2020 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө 11 цагийн орчимд Мб, талийгаач Ганхуяг ах хоёр манай гэрт ирээд аав бид хоёрыг модонд хамт яваад өгөөч гэж гуйсан. Тэгээд бид дөрөв манай гэрээс гараад талийгаач Ганхуяг ахын 17-59 СЭҮ улсын дугаартай хьюндай портер маркийн автомашинтай сумын төвөөс 30 орчим км зайд байдаг Билүүтийн ам гэх газар руу мод бэлтгэхээр явсан. Тэгээд тэнд очоод уул руу өгсөх замын хажуу талд унагаасан байсан модыг ачаад аваад явъя гээд бид нар газарт унасан байсан нэг метр хагас урттай 20-30 ширхэг хус модыг машинд ачиж байтал Шзн гэх хүн  хоёр машинтай хүмүүстэй ирээд бид нарыг хууль бусаар мод бэлтгэлээ гэж гар утас нь дээрээ бичлэг хийж болиулаад бид 4-ийг хус модоор тус бүр 2 удаа өгзөг гуя орчимд цохиод хөөж явуулсан. ...Нэг метр хагас урттай 20-30 ширхэг хус мод машинд ачиж авч явсан. ..гэх мэдүүлэг/Хх-ийн 43-44 дүгээр хуудас/

Гэрч Д.Тж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Бидний хамтран зүтгэгч Болдбаатар гэдэг хүн нас бараад түүний ажил явдалд оролцохоор 2020 оны 01 дүгээр сарын 23-ны орой Улаанбаатар хотоос Дэ, Шзн Аб нар Сэлэнгэ аймгийн Мандал суманд ирцгээсэн. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шарилыг гаргаж ажил явдал дууссаны дараа Пж, бид хоёр Шзн нарыг гаргаж өгөх гээд явах замд Арцатын зуслангийн урд талын уул болох Билүүтийн аманд замын хажууд нойтон хус мод аччихсан, хажууд цахилгаан хөрөөтэй 4 эрэгтэй хүн байсан. Тэгээд бид зогсож Шзн тэднийг нойтон хус мод бэлдлээ гэж нарийн бургас модоор бөгсөн дээр нь ороолгож байгаа харагдсан. Тэр мод бэлтгэсэн хүмүүсээс нэг нь зүс таньдаг хүн байсан бөгөөд тэр хүн нь явуулчихаач гээд гуйгаад байхаар нь цагдаад хэлэхгүйгээр явуулсан. Тэгээд мод хөрөөдөж байсан хүмүүсийн бичлэг хийгээд Шзн тэдэнд бичлэгийг нь тавьна шүү гэхэд хүмүүс тэг л гэж байсан. Өнөөдөр Шзн ирээд бичлэг хийж сүлжээнд тавьсан гэдгийг нь сонслоо. Тухайн бичлэгийг үзээгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 49 дүгээр хуудас/

 

Гэрч Д.Пж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Тж бид хоёр миний машинтай нөгөө гурав ирсэн мсашинтайгаа явж байхад замд Арцатын зуслангийн урд талын уулын ам болох Билүүтийн аманд замын хажууд нойтон хус мод аччихсан хажууд нь 2 цахилгаан хөрөөтэй 4 эрэгтэй хүн байсан. Тэгээд бид зогсож Шзн тэднийг нойтон хус мод бэлдлээ дархан цаазат болох гэж байгаа уулнаас мод бэлтгэлээ та нар хаанахын  хүмүүс юу гэхэд тэр хүмүүс Зүүнхараагийн хүмүүс гэж байсан. Шзн тэднийг та нар нутгийн хүмүүс байж өөрсдөө нутгаа хамгаалахгүй мод хөрөөдлөө гээд нарийн мөчрөөр тэднийг ороолгож байгаа харгадсан. Би тэр хүмүүсийн нэр болон  машиных нь дугаарыг бичиж авсан. Тэгээд маргаашнаас нь байх сайн санахгүй байна Шзнгийн тавьсан бичлэгийг үзсэн. Тухайн бичлэг дээр Шзнгийн урьд нь нойтон хус мод бэлтгэсэн хүмүүсийг нарийн мөчрөөр ороолгож байгаа бичлэг байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 50-51дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/Хх-ийн 10 дугаар хуудас/

Цагдаагийн Ерөнхий Газрын Мөрдөн байцаах албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст иргэн П.Шзнгаас ирүүлсэн гомдол, гэрэл зургийн үзүүлэн/Хх-ийн 13-20 дугаар хуудас/

Хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэн/Хх-ийн 67-80 дугаар хуудас/

Мод хэмжсэн тэмдэглэл/Хх-ийн 81 дүгээр хуудас/

Иргэн Г.Ёцын эзэмшлийн 17-59СЭҮ улсын дугаартай Hyundai портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоол/Хх-ийн 52 дугаар хуудас/

Хараагийн бүсийн сум дундын ой ангийн Экологи эдийн засгийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №2020/07 дугаартай үнэлгээ/Хх-ийн 61 дугаар хуудас/

            Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн Экологи эдийн засгийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №18-04-340/08 дугаартай үнэлгээ/Хх-ийн 79 дугаар хуудас/

            Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгийн газрын эд зүйлийн үнэлгээний комиссын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №453 дугаартай дүгнэлт /Хх-ийн 53 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч Б.Жс, Д.Мб, Ж.Бг нарыг гэм буруутайд тооцох талаар:

 

            Шүүгдэгч Б.Жс, Д.Мб, Ж.Бг талийгаач Ц.Ганхуяг нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Билүүтийн ам гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Жсаас мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 113 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Мбын мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 112 дугаар хуудас/, шүүгдэгч Ж.Бг мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 14 дүгээр хуудас/,гэрч П.Шзн, гэрч А.Дэ, гэрч Д.Аб, гэрч Д.Тж, Д.Пүрэвдорж нарын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, Хараагийн бүсийн сум дундын ойн ангийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №07 дугаартай Экологи эдийн засгийн үнэлгээ/Хх-ийн 61 дүгээр хуудас/, МУ-ын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №18-04-340/08 тоот Экологи. Эдийн засгийн дүгнэлт/Хх-ийн 79 дүгээр хуудас/зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Б.Жс, Д.Мб, Ж.Бг нар талийгаач Ц.Ганхуягтай бүлэглэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзлээ.

 

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Жс, Д.Мб, Ж.Бг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон, хуульд нийцсэн байна.

 

            Шүүгдэгч Б.Жс, Д.Мб, Ж.Бг нар нь гэм буруугийн болон хэргийн зүйчлэлийн талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд маргаж мэтгэлцээгүй, шүүгдэгч нар нь холбогдсон хэргээ хүлээн мэдүүлж байх тул шүүгдэгч Б.Жс, Д.Мб, Ж.Бг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.   

 

Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Б.Жс, Д.Мб, Ж.Бг нар нь гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан 117702 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь хавтаст хэргийн 161 дүгээр хуудаст авагдсан 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг шүүгдэгч нар нь сайн дураар нөхөн төлсөн гэж үзэж, цаашид нөхөн төлөх хохиролгүй гэж үзэв.

 

Гурав.Шүүгдэгч Б.Жс, Д.Мб, Ж.Бг нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Жс, Д.Мб, Ж.Бг нар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэж ойн санд 39234 төгрөгийн буюу экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 117702 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

            Шүүгдэгч Б.Жс, Д.Мб, Ж.Бг нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч буюу иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, ойн санд учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх шүүгдэгч Б.Жс, Д.Мб, Ж.Бг нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Б.Жс, Д.Мб, Ж.Бг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзан үзэж тэнсэх эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

 Шүүгдэгч Б.Жс, Д.Мб, Ж.Бг нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн 17-59СЭҮ дугаартай Hyundai портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож иргэн Г.Ёцад буцаан олгож, хэрэгт хавсаргаж ирүүлсэн хэргийн газрын үзлэг бүхий 1 ширхэг CD-ийг энэ хэргийг хадгалж дуусах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж хадгалахыг тус тус дурдаад

 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3,  36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд  тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Батсуурийн Жс, Бээсийнхэн овогт Долгорын Мб, Боржигон овогт Жсын Бг нарыг бүлэглэн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Б.Жс, Д.Мб, Ж.Бг нар нь гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан 117702 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Б.Жст хорих ял оногдуулахгүйгээр 01/нэг/жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.Мбт хорих ял оногдуулахгүйгээр 01/нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Ж.Бгд хорих ял оногдуулахгүйгээр 06/зургаа/сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Жс, Д.Мб, Ж.Бг нарыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Жс, Д.Мб, Ж.Бг нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу ял оногдуулахыг анхааруулсугай.

6.Шүүгдэгч Б.Жс, Д.Мб, Ж.Бг нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Жс, Д.Мб, Ж.Бг нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

8.Энэ гэмт хэргийн улмаас иргэн Г.Ёцын өмчлөлийн 17-59СЭҮ улсын дугаартай Hyundai портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийн өмчлөгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Энхтайваны 76 тоотод оршин суух, Боржигон овогт Ганхуягын Ёцад буцаан олгосугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн Г.Ёцын өмчлөлийн Hyundai портер маркийн 17-59 СЭҮ улсын дугаартай  тээврийн хэрэгслийг үнэлгээ тогтоох комиссоос үнэлсэн үнэлгээнээс шүүгдэгч Б.Жсаас 1000000/нэг сая/ төгрөгийг, шүүгдэгч Д.Мбаас 1000000/нэг сая/ төгрөгийг, шүүгдэгч Ж.Бгээс 1000000/нэг сая/ төгрөгийг тус тус гаргуулж Байгаль Орчин уур амьсгалын сангийн дансанд оруулсугай.

10. Хавтаст хэрэгт хавсаргаж ирүүллсэн хэргийн газрын үзлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалж дуусах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж хадгалсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурьдсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

13.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Жс, Д.Мб, Ж.Бг нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ЭРДЭНЭМӨНХ