| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2016/09536/И |
| Дугаар | 101/ШШ2017/00487 |
| Огноо | 2017-02-06 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2017/00487
2017 оны 02 сарын 06 өдөр Дугаар 101/ШШ2017/00487 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3, Жигжиджавын гудамж 7/1 хаягт байрлах, Нийслэлийн газрын албаны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Төгөл хаус 8-13 тоотод байрлах, “Мөр Чамбон” ХХК /РД:5133599/-д холбогдох,
10,482,780 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амгаланбат, хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Нийслэлийн газрын алба шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амгаланбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Мөр чамбон” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/685 тоот шийдвэрээр 11345 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд жилдээ 1,996,720 төгрөг төлөхөөр Нийслэлийн газрын албатай 188028/0039 тоот гэрээ байгуулсан. “Мөр чамбон” ХХК нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчин газар эзэмшсэний төлбөр болох 2013 оны 3-4 улирал 998,360 төгрөг, 2014 оны 1,996,720 төгрөг, 2015 оны 1,996,720 төгрөг, 2016 оны 1,996,720 төгрөг нийт 6,988,520 төгрөг / Зургаан сая есөн зуун наян найман мянга таван зуун хорин /-ийг төлөхөөс зайлсхийж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд манай байгууллага Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийг удирдлага болгон алдангийг төлөгдөөгүй дүнгийн 50%-иар тооцож 3,494,260 төгрөг, нийт 10,482,780 төгрөг / Арван сая дөрвөн зуун наян хоёр мянга долоон зуун наян/-ийг “Мөр чамбон” ХХК-иас газрын төлбөрт нэхэмжилж байгаа учир зохих журмын дагуу гаргуулж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбар, бусад бичгийн баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Нийслэлийн газрын алба хариуцагч “Мөр Чамбон” ХХК-д холбогдуулан “газрын төлбөрт 6,988,520 төгрөг, алданги 3,494,260 төгрөг, нийт 10,482,780 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Мөр Чамбон” ХХК-ийн захирал Б.Алтаннямд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гардуулж өгсөн.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаа буюу 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудсан боловч шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хэрэгжүүлж байсан чиг үүргээс газрын харилцаатай холбогдох чиг үүргийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Нийслэлийн газрын албанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 сарын 29-ний өдрийн А/626 дугаартай захирамжаар тогтоогдож байх тул Нийслэлийн газрын алба Нийслэлийн өмчийн харилцааны газар, “Мөр чамбон” ХХК-ийн хооронд хийгдсэн “иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний үүргийг шаардах эрхтэй байна.
“Мөр чамбон” ХХК Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/685 тоот шийдвэрийн дагуу 11345 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшиж, ашиглахаар 1 м.кв-ыг 176 төгрөгөөр тооцон 1 жилд 1,996,720 төгрөгийг улиралд 499,180 төгрөгөөр 4 улиралд хуваан төлөх нөхцөлтэй Нийслэлийн газрын албатай 188028/0039 тоот “иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан Нийслэлийн өмчийн харилцааны газар, “Мөр чамбон” ХХК-ийн хооронд хийгдсэн “иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”, газрын кадастрын зураг зэргээр тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө”, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж тус тус заажээ.
Хариуцагч “Мөр чамбон” ХХК Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасан болон гэрээнд заасан “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх” үүргээ биелүүлээгүй буруутай байх ба “иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-гээр хүлээсэн үүрэг болох газрын төлбөрт 2013 оны 3,4 улиралд 998,360 төгрөг, 2014 оны 1, 2, 3, 4-р улирлын 1,996,720 төгрөг, 2015 оны 1, 2, 3, 4-р улирлын 1,996,720 төгрөг, 2016 оны 1, 2, 3, 4-р улирлын 1,996,720 төгрөг нийт 6,988,520 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, газар ашиглаж, эзэмших гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт протокол, нэхэмжлэх зэргээр тогтоогдож байна.
Талууд “иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 4.6-д “төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр тохирсон” нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д нийцсэн тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй бөгөөд шаардсан алдангийн хэмжээг мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн хариуцагч “Мөр Чамбон” ХХК-иас газрын үндсэн төлбөрт 6,988,520 төгрөг, алданги 3,494,260 төгрөг, нийт 10,482,780 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Нийслэлийн газрын албанд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д заасан журмын дагуу хариуцагч “Мөр Чамбон” ХХК-ийн захирал Б.Алтаннямд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн ба 2017.01.30-ны өдрийн 13.30 цагийн шүүх хуралд шалтгаангүй хүрэлцэн ирээгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Мөр Чамбон” ХХК-иас 10,482,780 /арван сая дөрвөн зуун наян хоёр мянга долоон зуун ная/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Нийслэлийн газрын албанд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Мөр Чамбон” ХХК-иас 182,674 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ