Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2017/00490

 

 

 

 

 

 

    2017 оны 02 сарын 06 өдөр           Дугаар101/ШШ2017/00490       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, 8-95 тоотод оршин суух, Бэрх сартуул овогт Балдан-Очирын Наранцацрал /РД:ХЕ60022200/-ын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 84-2 тоотод оршин суух, Харчин овогт Чулуунбаатарын Оюунтуяа /РД:ЗЮ80041309/-д холбогдох

104,525,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Наранцацрал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Чулуунбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл нар оролцов.         

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Наранцацрал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Иргэн Наранцацрал би иргэн Ч.Оюунтуяатай харилцан тохиролцож 37,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулан 2015 оны 01 сарын 12-нд зээлүүлсэн юм. Энэхүү 37,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд Ч.Оюунтуяагийн өмчлөлийн 32,29 мкв талбайтай 2 өрөө байрыг 80,000,000 төгрөгөөр үнэлж барьцааны гэрээ хийж барьцаалсан болно. Ч.Оюунтуяа нь гэрээний хугацаанд зээлийн хүү болох сар бүр 1,850,000 төгрөгөө өгч байсан. Гэрээний хугацаа дууссан тул үндсэн зээлээ төлөхийг шаардахад Ч.Оюунтуяа нь удахгүй багагүй хэмжээний мөнгө орж ирнэ, тэр хүртэл гэрээнд заасан нөхцлөөрөө хүүгээ төлөөд явж байя гэж гуйсны дагуу 2015 оны 11 сарын 12-ныг хүртэл зээлийн хүүгээ төлөөд цааш нь зээл болон зээлийн хүүг төлөхгүй өнөөг хүрсэн. Ч.Оюунтуяагаас зээл, зээлийн хүүгээ төлөхийг маш олон удаа шаардаж байсан боловч бүр сүүлдээ дугаараа сольж, утсаа ч авахгүй, хааяа авахдаа худлаа шалтаг тооцоод ямар ч үр дүн гараагүй тул арга буюу шүүхэд хандахад хүрсэн. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зээлдэгч зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр заасан юм. Зээлийн гэрээний хугацаа хэдийгээр 2015.06.12-нд дууссан хэдий ч зээлдэгчийн 11 сарын 12-ныг хүртэл зээлийн хүүгээ авсан. 2016.05.16-нд Ч.Оюунтуяагийн хойноос хөөцөлдөж байж авсан 1,700,000 төгрөгийг 11 сарын хүүнд тооцвол 2015 оны 12 сарын 12-ноос нийт бүтэн 1 жилийн хугацаанд зээл болон зээлийн хүүг төлөөгүй болно. Авсан зээл 37,000,000 төгрөг, төлөгдөөгүй зээл 37,000,000 төгрөг, алданги /1 хоног тутамд 185,000 төгрөг/ хугацаа хэтрүүлсэн хоног 365 хоног, 2015.12.12-2016.12.12 хүртэл нийт алданги 1,850,000*365 хоног=67,525,000 төгрөг. Иймд 37,000,000 төгрөг+67,525,000=104,525,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Оюунтуяагийн дансны хуулгаас харвал миний Хаан банкны 5037028553 данс руу нийт 15,885,000 төгрөг шилжүүлсэнийг би авсан. 2015 оны 6 сарын хүүд 1,850,000 төгрөг авсан нь үнэн, дансаар хийгээгүй бол бэлнээр авсан байх, ямар ч байсан авсан. Мөн 2015 оны 3 сарын хүү 1,645,000 төгрөг орж ирсэн, 205,000 төгрөгийн зөрүүг бэлнээр авсан. Зээлийн гэрээний хугацаа дуусталх хүүг бүрэн авсан. Энэ талаар маргаан байхгүй. Би дансны хуулгаа авч ирээгүй. Мөн 2016 оны 7 сард 1,700,000 төгрөг бэлнээр авсан. Бэлнээр болон дансаар нийт 19,640,000 төгрөг авсанаа зөвшөөрч байна. Зээлийн гэрээний хугацаа дуусахад амаар сунгаад хүүгээ өгөөд явж байсан. Гэрээгээ хийе гэхээр зугатаад хийхгүй байсан. Оюунтуяа 2015 оны 1 сарын 12-нд 37 сая төгрөг бэлнээр авч гараар авсан нь үнэн гэж бичиж өгөөд 2 хоногийн дараа нотариат орж батлуулсан юм. Хариуцагчийн хариу тайлбарт дурдсанаар 3 тасалж 35,150,000 төгрөг зээлсэн гэж худлаа, намайг гүтгэж байна. Мөн Оюунтуяагийн газрыг 10,000,000 төгрөгөөр зээлийн төлбөрт тооцож хасахаар тохирсон гэдэг нь худлаа. Миний бие газрыг 10 сая төгрөгөөр худалдан аваагүй, газрын гэрчилгээгээ барьцаалж өөр хүнээс мөнгө төгрөг авсан асуудал нь надтай ямар ч холбоогүй, би зөвшөөрөхгүй. Одоо үндсэн төлбөрт 37 сая төгрөг, 365 хоногийн алдангид 67,525,000 төгрөг, нийт 104,525,000 төгрөг нэхэмжилж байна ...” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Наранцацралын нэхэмжлэлтэй Ч.Оюунтуяад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 104,525,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие 2015 оны 01 сарын 14-ний өдөр Б.Наранцацралтай 37,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээнд заасан 37,000,000 төгрөгийг 2014 оны 10 сард 22,000,000 төгрөг, 2014 оны 11 сард 7,000,000 төгрөг, 2015 оны 01 сарын 14-ний өдөр 8,000,000 төгрөг авах байснаас шууд 1 сарын хүү 1,850,000 төгрөг суутгаж 6,420,000 төгрөг авсан. Зээлийн гэрээний хүүг урьдчилан суутгаж авах үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Б.Наранцацрал нь Ч.Оюунтуяад зээлийн гэрээний дагуу 37,000,000 төгрөгийг өгөөгүй бөгөөд 35 150,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байдаг. 35,150,000 төгрөгийн 1 сарын 5 хувийн хүү 1,757,500 төгрөг болох бөгөөд нийт 5 сарын хүү 8,787,500 төгрөг болно. Зээлийн гэрээг сунгаагүй. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 21,335,000 төгрөг мөн өөрийн зуслангийн газрыг 10.000.000 төгрөгт тооцон нэхэмжлэгчид төлж барагдуулсан. /35,150,000*5%= 1,757,500           1,757,500*5=8,787,500 8,787,500+35,150,000=43,937,500/ төгрөг болно. Үүнээс 31,335,000 төлснийг хасвал 12,602,500 болно. 12,602,500 төгрөгийн алданги 0.5 хувь нь 63,012,5 болох бөгөөд алданги хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу 6,301,250 болно. Иймд нийт нэхэмжлэгчид 18,903,750 төгрөг төлөхөөр байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 85,621,250 төгрөгийг төлөх үндэслэлгүй бөгөөд 18,903,750 төгрөгийг 24 сарын хугацаанд тэнцүү хуваан төлөхөд татгалзах зүйлгүй.

Зээлийн гэрээний хугацааг сунгаагүй тул 2015 оны 6 сарын 12-ны өдрөөс хойш хүү төлөхгүй. Үндсэн зээлд 35,150,000 төгрөг, хүүд 8,787,500 төгрөг, нийт 43,937,500 төгрөг төлөх ёстой. Нэхэмжлэгчийн дансаар 16,685,000 төгрөг, бэлнээр 5,400,000 төгрөг, нийт 22,085,000 төлсөнийг, мөн газраа 10,000,000 төгрөгөөр зарахаар хэлцэл хийсэн тул хасахад 11,852,500 төгрөг төлөх үүрэгтэй. Үүний 50 хувиар алданги тооцоход 5,926,250 төгрөг болж байна. Ингээд нийт 17,778,750 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй ... ” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Наранцацрал хариуцагч Ч.Оюунтуяад холбогдуулан “зээл 37,000,000 төгрөг, алдангид 67,525,000 төгрөг, нийт 104,525,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал “37 сая төгрөгийг бүрэн аваагүй, 35,150,000 төгрөг авсан, газар 10 сая төгрөгт тооцож төлсөн” гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Наранцацрал 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч Ч.Оюунтуяад 37,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчидын тайлбар, 2015 оны 1 сарын 14-ний өдрийн нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчидын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Гэрээний дагуу зээлдүүлэгч тал болох Б.Наранцацрал зээлдэгч Ч.Оюунтуяад 2015.01.12-нд бэлнээр 37,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, ...Ч.Оюунтуяа би 37 сая төгрөгийг зээлсэн нь үнэн болно... гэж дэвтрийн цаасан дээр Ч.Оюунтуяагийн бичсэн баримт зэргээр тогтоогдож байна.

Хариуцагчийн өмгөөлөгч “Зээлийн гэрээнд заасан 37,000,000 төгрөгийг 2014 оны 10 сард 22,000,000 төгрөг, 2014 оны 11 сард 7,000,000 төгрөг, 2015 оны 01 сарын 14-ний өдөр 8,000,000 төгрөг авах байснаас 1,850,000 төгрөгийг суутгаж, 35,150,000 төгрөг авсан” гэх боловч татгалзлаа өөрөө нотолж чадахгүй байна. Мөн 37,000,000 төгрөг аваагүй гэдэг тайлбар нь 2015 оны 2 сараас эхлэн дансаар зээлийн хүүг төлөхдөө 37,000,000 төгрөгөөс 5 хувийн хүү тооцож 1,850,000 төгрөг шилжүүлж байсан үйл баримтаар няцаагдаж байна.

Ч.Оюунтуяа Б.Наранцацралд зээлийн гэрээний үүрэгт бэлнээр 2015 оны 3 сард 205,000, 2015 оны 6 сард 1,850,000 төгрөг, 2016 оны 7 сард 1,700,000 төгрөг төлсөн нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар, дансаар 2015.02.12-нд 1,850,000 төгрөг, 2015.03.12-нд 1,645,000 төгрөг, 2015.04.12-нд 1,850,000 төгрөг, 2015.05.12-нд 1,850,000 төгрөг, 2015.07.12-нд 900,000 төгрөг, 2015.07.12-нд 950,000 төгрөг, 2015.08.12-нд 1,850,000 төгрөг, 2015.09.13-нд 1,850,000 төгрөг, 2015.10.14-нд 1,100,000 төгрөг, 2015.10.14-нд 290,000 төгрөг, 2015.10.15-нд 450,000 төгрөг, 2015.11.13-нд 1,000,000 төгрөг, 2016.02.18-нд 300,000 төгрөг, нийт 19,640,000 төгрөгийг төлсөн болох нь Ч.Оюунтуяагийн Хаан банкны дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн өмгөөлөгч ... 5007550745 тоот дансаар 2016.01.12-нд 800,000 төгрөг,  2015 оны 1 сард 1,850,000 төгрөг бэлнээр, нийт 22,085,000 төгрөг төлсөн ... гэх боловч 5007550745 тоот данс Б.Наранцацралын данс мөн болохыг, 2015 оны 1 сард 1,850,000 төгрөгийг Б.Наранцацралд бэлнээр өгсөн гэдгээ хариуцагч нотолж чадаагүй тул зээлдэгчийг зээлийн гэрээний үүрэгт 19,640,000 төгрөг төлсөн гэж үзнэ.

Зээлийн гэрээнд зээлийг  зээлийн гэрээний хугацаа дуусахад төлөхөөр заасан байх бөгөөд зээлийн хүүг хэдийд төлөхөөр тусгаагүй боловч зээлдэгч Ч.Оюунтуяа зээл авсан сарын дараа сар бүрийн 12-нд зээлийн хүүд 1,850,000 төгрөгийг төлж байсан байна.

Хариуцагчийн өмгөөлөгч “Ч.Оюунтуяа нь зээлийн гэрээний үүрэгт газраа 10,000,000 төгрөгт тооцохоор тохиролцсон” гэх боловч Б.Наранцацрал, Ч.Оюунтуяа нар Б.Оюунтуяагийн эзэмших эрхтэй Сүхбаатар дүүргийн 20-р хороонд байрлах 700 м.кв газрыг зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөгөөр тооцож авахаар тохиролцсон болох нь тогтоогдохгүй байх тул зээлийн гэрээний үүргээс хасч тооцох үндэслэлгүй байна.

Зохигчид зээлийн гэрээгээр “үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр тохирсон” нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д нийцсэн байна.

2015.06.12-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн гэрээг бичгээр байгуулан сунгаагүй нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д заасан “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэсэн заалтад нийцэхгүй байх тул 2015.06.12-ны өдрөөс хойш төлсөн мөнгийг зээлийн хүүд тооцож авсан гэх нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй, 2015.06.12-ны өдрөөс хойш хүү авах эрхгүй байна.

Хариуцагч Ч.Оюунтуяаг зээлийн гэрээний хугацаа 2015.06.12-ны өдөр дуусахад зээлд 37,000,000 төгрөг, хүүнд 9,250,000 төгрөг, нийт 46,250,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан гэж үзэх ба түүний нэхэмжлэгчид төлсөн нийт 19,640,000 төгрөгөөс 9,250,000 төгрөгийг хүүд төлсөн гэж тооцож, үлдэх 10,390,000 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасны дагуу төлөх хугацаа болсон үндсэн үүрэгт тооцох нь зүйтэй.

Хариуцагч Ч.Оюунтуяа гэрээний хугацаа дууссанаас хойш 37,000,000 төгрөг төлөх үүргийг 30-365 хоног хэтрүүлэн 2015 оны 7 сарын 12-ноос 2016 оны 7 сарын хооронд 10,390,000 төгрөг төлсөн, 2016 оны 7 сараас хойш үлдэгдэл 26,610,000 төгрөгийг нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа хэтрүүлэн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т  заасан “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсэн заалтад нийцүүлэн 2015.06.12-ноос 2016.12.16-ны өдрийг хүртэл хугацааны алдангид 13,305,000 төгрөг гаргуулах нь зүйтэй.

Иймд хариуцагч Ч.Оюунтуяагаас үндсэн зээлд 26,610,000 төгрөг, алдангид 13,305,000 төгрөг, нийт 39,915,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Наранцацралд олгож, нэхэмжлэлээс зээл болон алдангид нэхэмжилсэн 64,610,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Оюунтуяагаас 39,915,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Наранцацралд олгож, нэхэмжлэлээс 64,610,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 680,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Оюунтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 357,525 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Наранцацралд олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар Шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШЗ2017/00848 дугаар захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.БАТЦЭЦЭГ