Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2017/00501

 

 

      

 

 

2017 оны 02 сарын 06 өдөр        Дугаар 101/ШШ2017/00501           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжин 10 гудамж, 221 тоотод оршин суух, Халх овогт Нацагдоржийн Тэгшжаргал /РД:ШЖ70022318/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монос 1 дүгээр гудамж, 42 тоотод оршин суух, Боржигон овогт Бат-Эрдэнийн Батмагнай /РД:ЗА96090738/-д холбогдох,

Гэм хорын хохиролд 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Тэгшжаргал, хариуцагч Б.Батмагнай, иргэдийн төлөөлөгч Ш.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад М.Өлзийгэрэл оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Тэгшжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Тэгшжаргал би 2016 оны 5 сарын 29-ний өдөр 03,40 цагийн үед Хино ренжир маркийн 22-03 УБЕ дугаартай ачааны автомашинаар Баянзүрх дүүргийн нутаг 10 дугаар хороо, Ногоон зоорины урд талд Налайх чиглэлээс Улаанбаатар хот орох чиглэлд явж байтал Тоёота кроун маркийн 44-37 УНР дугаартай автомашин жолоодож явсан Б.Батмагнай миний машины урдаас эсрэг урсгалд орж ирэн мөргөж, миний машинд ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Батмагнайн буруутай үйлдэл нь замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа. Хохирлын хэмжээ бага тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж энэ тухай прокурорын мэдэгдэл ирсэн. Миний машинд Ашид Билгүүн ХХК-ийн үнэлгээгээр 1,335,000 төгрөгний хохирол учирсан. Батмагнай болон түүний ээж Сансармаа бид 3 ярьж тохиролцон 9 сарын 1-ний дотор төлж барагдуулна гэсэн боловч надад 400,000 төгрөг төлөөд бусад мөнгөө одоо болтол өгөөгүй болно. Би уг машинаар тээвэр хийж гэр бүлээ тэжээдэг байсан. Түүнээс өөр орлого байхгүй тул амьдрал хүнд байгааг харгалзан үзнэ үү. Иймд хариуцагч Батмагнайгаас машинд учруулсан хохирол болох 1,335,000 төгрөг, үнэлгээний төлбөр 62,000 төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсан 28,500 төгрөг, нийт 1,425,500 төгрөг болсноос миний бэлнээр авсан 400,000 төгрөг хасаад үлдэх 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

Хариуцагч Б.Батмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 5 сарын 29-ний өдөр 03 цагийн үед Тоёота кроун маркийн 44-37 УНР дугаартай автомашин жолоодож яваад осол гаргасан нь үнэн. Уг машин манай найз Мөнхжингийн эгчийн машин юм. Мөнхжин уг машиныг унаж ирсэн ба би Пүрэвсүрэнгийн зөвшөөрөлгүйгээр унаж яваад осол гаргасан юм. Би өөрөө буруутай тул хохирлыг хариуцаж төлнө. Миний бие ажилгүйн улмаас 1 сая төгрөг төлөх боломжгүй байна. 600,000 төгрөгийг 2 хувааж төлөх хүсэлтэй байна ...” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Тэгшжаргал хариуцагч Б.Батмагнайд холбогдуулан “гэм хорын хохиролд 1,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч “гэм буруугийн талаар маргахгүй, ажилгүйн улмаас мөнгийг бүхэлд нь төлөх боломжгүй,  600,000 төгрөгийг 2 хувааж төлмөөр байна гэж тайлбарлаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2016 оны 5 дугаар сарын 29-ны орой 03 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Ногоон зоорь урд замд хариуцагч Б.Батмагнай тоёота кроун маркийн 44-37 УНР улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2 дах заалтыг зөрчсөнөөс нэхэмжлэгч Н.Тэгшжаргалын жолоодож явсан 22-03 УБЕ улсын дугаартай хино рэнжер маркийн автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан болох нь зохигчдын тайлбар, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Б.Батмагнайгаас авсан тайлбар зэргээр тогтоогдож байна.          

Энэ ослын улмаас нэхэмжлэгч Н.Тэгшжаргалын эзэмшлийн 22-03 УБЕ улсын дугаартай хино рэнжер маркийн автомашинд 1,150,000 төгрөгийн хохирол учирсан нь “Ашид билгүүн” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтаар болон хариуцагчийн тайлбараар тоёота кроун маркийн 44-37 УНР улсын дугаартай автомашины эзэмшигч Ш.Пүрэвсүрэн болох нь тогтоогдож байна. Хариуцагч Б.Батмагнай “...миний найз Мөнхжингийн эгчийн машин ба Мөнхжин уг машиныг жолоодож ирсэн. Миний бие Ш.Пүрэвсүрэнгийн зөвшөөрөлгүйгээр машиныг нь жолоодож яваад осол гаргасан тул би өөрөө хариуцна, энэ талаар маргаан, гомдол санал байхгүй... гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Хариуцагч нэхэмжлэгчид 400,000 төгрөг төлсөн байх ба энэ талаар маргаагүй.

Осол хариуцагч Б.Батмагнайгийн буруутай үйлдлийн улмаас гарсан тул тэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Тэгшжаргалын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзлээ.

Ослын улмаас нэхэмжлэгч Н.Тэгшжаргалын эзэмшлийн хино рэнжер маркийн 22-03 УБЕ улсын дугаартай автомашинд 1,150,000 төгрөгийн хохирол учирсан нь “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон ба нэхэмжлэгч уг үнэлгээнд тусгагдсан шууд бус зардал буюу засварын ажлын хөлсөнд 185,000 төгрөг, нотариатад 28,500 төлсөн болох нь тогтоогдохгүй, энэ талаарх баримтаа гаргаж өгөөгүй байх тул шүүх үнэлгээгээр тогтоосон шууд зардал болох 1,150,000 төгрөг дээр, үнэлгээний ажлын хөлс 62,000 төгрөг, нийт 1,212,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 400,000 төгрөгийг хасч 812,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 188,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.                                                    

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Батмагнайгаас 812,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Тэгшжаргалд олгож, нэхэмжлэлээс 188,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 24,038 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.БАТЦЭЦЭГ

                                       ШҮҮГЧИД                       Д.ЗОЛЗАЯА

                                                                                     Д.ЦЭРЭНДОЛГОР