Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 00091

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа

Улсын яллагч Н.Улсболд

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Бд холбогдох 2032000000088  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1955 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 65 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн ерөнхий командлагч мэргэжилтэй, ам бүл-2, эхнэрийн хамт * тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт байдаг, урьд өмнө

-1986 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №б/59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169.В-д зааснаар 04 жилийн хорих ялаар,

-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнссэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Хотгойд овогт Дуламсүрэнгийн Б./рд:*/

 

            Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өглөөний 07 цагийн орчим Сэлэнгэ аймгийн мандал сумын 4 дүгээр багийн нутаг Сүүлтолгойн 2-3 тоотод архи авч өгсөнгүй гэх шалтгааны улмаас Д.Пжтай маргалдан улмаар түүний толгойн тус газарт аягаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Пж болон эхнэрийн хамт Улаанбаатар хот орж хоноод маргааш орой нь буцаад хараад ирэх замд хүү машин барьж явж байтал бие нь өвдөөд Пж бид хоёр хүүг эмнэлэгт хүргэж бөгөөд би Пжыг манайд хоноод яв гээд би нэг шил архи авч ирсэн. Түүнийгээ талд нь ортол уугаад бид унтсан. Маргааш өглөө 6 цагт би босоод гадуур явж байгаад гэртээ ортол Д.Пж унтаж байхаар нь чи босоод намайг айлд хүргээд өгөөч гэхэд юу гээд байгаа юм бэ гээд босож ирээд сандал дээр суугаад амандаа юм яриад байхаар нь би сонсолгүй аяга аваад толгой руу нь аягаар цохиход толгойгооноос нь цус гарсан.Тэгээд би цусыг нь тогтоож толгойг нь угааж өгсөн. Намайг өөр айлд хүргэж өгсөн. ...гэх мэдүүлэг

 

Эрүүгийн 2032000000088 тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:

 

Хохирогч Ц.Пж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 05 дугаар сарын 24-ний өглөө 06 цагт Цд гуай, нөхөр Б, манай  хүү Батчулуун бид 4 Цд гуайн машинтай Улаанбаатар хот явж Цд гуайг хүргэж өгчихөөд буцаад Цд гуайн хүү Гтийг эмнэлэгээс гаргаж аваад машинтай нь Б ах, Гт бид 3 буцаж Мандал суманд орой 19 цагийн орчим ирсэн. Тэгээд би тэр өдөр нь Гтийг нь Мандал суманд эмнэлэгт хэвтүүлж, хоол цай хийж дөхүүлж өгч ингэж тэгсээр байгаад оройтоод Б ахын гэрт хоносон. ...Орой унтахын өмнө Б ах хоёулаа ганц юм ууя гээд 1 шил 0,75 литрын Хараа архи гаргаж ирсэнийг нь хувааж уугаад унтсан. Үүрээр 07 цагийн үед намайг унтаж байхад Б сэрээгээд бос би гадуур яваад ирлээ, машинаа асаа хоёулаа гарч архи ууя гэхээр нь үгүй ээ, би өнөөдөр ажилтай, архи уухгүй гэхэд Б ах чи юу гэж давраад байна аа гээд миний хэвтэж байсан орны хажууд байсан цайны сэнжтэй цагаан өнгийн шаазан аягаар миний толгойруу цохиж хагалсан. ...Энэ үед миний толгойноос цус гараад эхлэхээр нь би орноосоо өндийхөд Б ах өөрийнхөө унтдаг орныхоо дээд талд байрлах зурагтны тавиурны доод талын шүүгээнээс хар өнгийн гэртэй жижиг хутга гаргаж ирээд чамайг шаачихна шүү гээд байсан. Тэгснээ миний унтаж байсан орны хөлрүү нөгөө хутгаа шидсэн. Тэгээд би босож цусаа угаах гэтэл Б ах надруу орны бүтээлэг хуулж наадхаараа цусаа арч гэж шидэхээр нь би арчилгүй босож угаалтуурын өрөөнд орж нойлын цаасаар цусаа арчаад тэднийхээс гараад явсан. Толгойруу нэг удаа аягаар цохиж толгой хагарсан. Миний толгой хагарч толгойд шарх үүссэн. Тархи хөдөлсөн, өөр зүйлгүй. Гомдолтой байна. харин нэхэмжлэх зүйл байхгүй ээ. ...Б ах миний эрх чөлөөнд халдаж биед минь гэмтэл учруулсан. Бос гарч архи ууя гэхээр нь үгүй гэсэн чинь яагаад давраад байна гээд намайг аягаар цохисон. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 24-25 дугаар хуудас/

             

            Шүүгдэгч Д.Б мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ... 2020 оны 05 дугаар сарын 24-ний өглөө Ц.Пж бид 2 манай эхнэрийг Улаанбаатар хотруу хүргэж өгчихөөд орой нь манай хүү Гтийг Улаанбаатар хотоос авч Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэгт авч ирж хэвтүүлсэн. Тэгээд эмнэлэгт хоол цай, хувцас дөхүүлж өгсөөр байгаад оройтоод Д.Пж манайд хоносон. Унтахаас өмнө Ц.Пж бид 2 нэг шил 0,75 литрийн Хараа архи хувааж уугаад амарсан. ...Маргааш өглөө 07 цагийн орчим би босоод Ц.Пжыг сэрээгээд урд шөнө хувааж уусан архины үлдэгдэлийг уучихаад гаръя гэхэд Ц.Пжыг нойроо харамлаад өндийж ирээд нэг юм хэлэх шиг болохоор нь аан юу гэнээ гээд орны хажууд сандал дээр байсан цайны аягыг аваад Д.Пжын толгой дээр цохьсон. Энэ үед Ц.Пжын толгойноос цус гарсан. Тэгэхээр нь би Ц.Пжд алчуур өгч цусыг нь тогтоолгосон. Харин нэг мэдэхэд би цаад өөрийнхөө өрөөнд байсан хутгыг барьчихсан зогсож байсан. Гэнэт юу болж байгааг мэдэхгүй хутга барьж  зогсож байсандаа бантаад нөгөө хутгаа орны хөлрүү шидсэн. Тэгээд Ц.Пж бид 2 гэрээс гарч явсан. ...Ямар нэгэн санаа оноо байгаагүй. Нэг мэдэхэд би цаад өөрийнхөө өрөөнд байсан хутгыг барьчихсан зогсож байсан. Гэнэт юу болж байгааг мэдэхгүй хутга барьж зогсож байсандаа бантаад нөгөө хутгаа орны хөлрүү шидсэн. ...гэх мэдүүлэг/Хх-н 36-37 дугаар хуудас/,

            Хохирогч Ц.Пжын цагдаагийн хэлтэст гаргасан гомдол/Хх-ийн 2 дугаар хуудас/

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/Хх-ийн 3 дугаар хуудас/

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 7-9 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №89 дугаар дүгнэлтийн

Дүгнэлт хэсэгт:

  1. Ц.Пжын биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдсон.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт /Хх-ийн 19-20 дугаар хуудас/

Хохирогч Ц.Пжын гомдол саналгүй гэх хүсэлт/Хх-ийн 24 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн  судлав.

 

Нэг. Шүүгдэгч Д.Быг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өглөө 07 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Сүүлтолгойн 2-3 тоот өөрийн гэртээ  хохирогч Ц.Пжтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар аягаар толгойн тус газарт нь цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Быг хохирогч Д.Быг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч, хохирогчоос мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул дээрх нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Тиймээс шүүгдэгч Д.Быг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Хохирогч Ц.Пж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болно.

 

Гарав.Шүүгдэгч Д.Бд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өглөө 07 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Сүүлтолгойн 2-3 тоот өөрийн гэртээ хохирогч Ц.Пжтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар цайны аягаар толгойн тус газарт нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар гэм буруутайд тооцсон ба шүүгдэгч Д.Бы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн уг гэмт хэргийг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Д.Бд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж, торгох ялыг өрхийн сарын орлого олох боломжийг харгалзан 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

            Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Хотгойд овогт Дуламсүрэнгийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Хохирогч Ц.Пүрэвдорж гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

            3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Д.Быг 600000 төгрөгөөр торгосон торгох ялыг 04 сар/дөрөв/-ын хугацаанд  хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан ялтан Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7.Шүүгдэгч Д.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

   9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ш.Батсуурьт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ