| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2017/00126/И |
| Дугаар | 101/ШШ2017/00497 |
| Огноо | 2017-02-06 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2017/00497
2017 оны 02 сарын 06 өдөр Дугаар101/ШШ2017/00497 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 4 байр, 4 тоотод оршин суух, Шарнууд овогт Идэшийн Малчинхүү /РД:ХВ79052172/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Хос өргөө 70 байр, 36 тоотод оршин суух, Шарга морьт овогт Мандахын Бүрэнтөгс /РД:ИЕ89091676/-д холбогдох
3,535,540 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Малчинхүү, хариуцагч М.Бүрэнтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.Малчинхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...И.Малчинхүү миний бие 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Эм Ар И Эм” ХХК-ийн харьяа “Монзууч” үл хөдлөх хөрөнгийн агентлагаар дамжуулан иргэн М.Бүрэнтөгстэй 151124 тоот “Орон сууц хөлслөх гэрээ”-г байгуулсан. Уг гэрээний дагуу миний бие өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хорооллын 4-р байрны 4 тоот хаягт байрлах орон сууцыг 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатайгаар Б.Бүрэнтөгст хөлслүүлэх, хөлслөгч М.Бүрэнтөгс нь нэг сарын түрээсийн төлбөрт 750,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд, төлбөр төлөх графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон юм. Ингээд гэрээний хугацаа дуусахад бид амаар тохиролцсоны дагуу “Орон сууц хөлслөх гэрээ”-ний хугацааг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 3 сараар сунгасан.
1. М.Бүрэнтөгс нь “Орон cууц хөлслөх гэрээ”-ний төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тухайд: Миний бие И.Малчинхүү нь М.Бүрэнтөгстэй “Орон сууц хөлслөх гэрээ”-г байгуулж, гэрээний үүргээ бүрэн биелүүлж, гэрээ байгуулсны дараа орон сууцыг доторх тавилгын хамт хөлслөгчийн эзэмшил, ашиглалтанд хүлээлгэн өгсөн. М.Бүрэнтөгс нь “Орон сууц хөлслөх гэрээ”-ний 1.9-д заасан графикт хуваарийн дагуу эхний 3 сарын төлбөрийг хугацаанд нь төлсөн боловч дараагийн 3 сарын төлбөрийг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төлөх үүргээ биелүүлэлгүй эхнэрийн талын хүн өнгөрсөн хамаг мөнгөө тийшээ явуулсан, удахгүй ажлаас түрээсийн төлбөрийг төлөх ёстой, банкин дахь хадгаламжаа барьцаалан зээл авч өгнө” гэх мэтээр янз бүрийн тайлбар хэлж, төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн.
2. М.Бүрэнтөгс нь “Орон сууц хөлслөх гэрээ”-гээр хүлээсэн үүргээ зөрчиж, орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгөлгүй ашигласаар байсан тухайд: Хөлслөгч М.Бүрэнтөгс нь гэрээний дагуу 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгөх ёстой байсан боловч орон сууцыг хүлээлгэн өгөлгүй, түлхүүрийг авч явсан ба миний зүгээс орон сууцыг хүлээлгэн өгөх талаар удаа дараа утсаар ярьж, биечлэн уулзах замаар шаардсаар байсан. Ингээд арга буюу 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс орон сууцыг өөр иргэнд хөлслүүлсэн болно. Бидний хооронд байгуулагдсан гэрээний 3.3-т “Хөлслөгч орон сууц болсон эд хөрөнгийг хүлээлгэн өгөх, хугацааг хэтрүүлсэн бол хөлслөгч нь хожимдуулсан хугацаанд ногдох түрээсийн төлбөрийг хөлслүүлэгчид нөхөн төлнө” гэж заасны дагуу М.Бүрэнтөгсийн орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн хоногийг 45 хоногоор тооцож шаардаж байна.
3. М.Бүрэнтөгс нь гэрээний хугацаанд “Орон cууц хөлслөх гэрээ”-ний дагуу хулээн авсан миний өмчлөлийн эд хөрөнгийг эвдэж, ердийн элэгдлээс илүү муутган, хохирол учруулсан тухайд: М.Бүрэнтөгс нь гэрээний хугацаанд “Иргэний хууль”-ийн 289 дүгээр зүйлийн 289.1.1-т “Хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах”, мөн хуулийн 289.1.4-т “Хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх” гэж заасныг тус тус зөрчиж, Хөлслүүлэгч надад мэдэгдэлгүйгээр орон сууцанд тэжээвэр нохой авчирч, орон сууц, түүний бүрдэл хэсгүүдийг илтэд бохирдуулан, чанар байдлыг дордуулсан, хүлээлгэн өгсөн тавилга хэрэгслийг эвдэлж, гэмтээн иргэн миний эд хөрөнгөд ноцтой хохирол учруулаад байна. Миний бие хөлслөгчийн шууд буруутай үйлдлийн улмаас эд хөрөнгөд учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий “Итгэлт Эстимэйт” ХХК-иар үнэлүүлсний дагуу хохирлын хэмжээг 1,261,130 төгрөгөөр тогтоосон. Түүнчлэн иргэн М.Бүрэнтөгс нь орон сууцны том өрөөний цонхыг хагалсан байсан тул миний бие 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Исвара Монголиа” ХХК-иар хагарсан цонхыг солиулж, нийт 90,000 төгрөгийн зардал гарсан.
4. М.Бүрэнтөгс нь орон сууцыг хөлслөх хугацаанд гарсан ашиглалтын зардлуудыг төлж барагдуулаагүй тухайд: Талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц хөлслөх гэрээ”-ний 2.2.1-т “Хөлслөгч нь СӨХ, байрны дулаан, утас, интернет болон бусад төлбөрийг цаг хугацаанд нь бүрэн бүтэн төлөх үүрэгтэй” гэж заасан боловч М.Бүрэнтөгс нь Univision IPTV-ийн төлбөр 60,275 төгрөг, цахилгааны төлбөр 13,606 төгрөг, орон сууц ашиглалтын төлбөр 85452.75 төгрөг нийт 159,330 төгрөгийн төлбөрийг огт төлөлгүй орон сууцыг орхиж явсан тул миний бие эдгээр төлбөрийг төлж барагдуулсан юм.
5. М.Бүрэнтөгс нь орон сууцанд засвар хийх зорилгоор хүлээлгэн өгсөн мөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй тухайд: Иргэн М.Бүрэнтөгс нь “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулж, анх орон сууцанд нүүж орохдоо “Орон сууцанд бага хэмжээний засвар хийх шаардлагатай байгаа тул засварын ажлын хөлсийг хувааж төлье” гэсэн хүсэлт тавьсныг миний бие хүлээн авч, шаардагдах засварын ажлын хөлсний 50 хувь болох 600,000 төгрөгийг түүнд шилжүүлсэн. Ингээд засварын ажлын зардлын талаар мэдээлэл өгөх, засвар хийж дуусахад надад мэдэгдэж, танилцуулахаар харилцан тохиролцсон боловч засварын ажил хийхэд гарсан зардал болон засварын ажлын үр дүнг надад огт үзүүлж, танилцуулаагүй. Улмаар 2016 оны 10 дугаар сард аргагүйн эрхэнд орон сууцаа бусдад хөлслүүлэхээр очих үедээ орон сууцанд хийсэн гэх засвар нь дутуу, ямар ч үр дүнгүй болсныг мэдсэн. Ингээд энэ талаар М.Бүрэнтөгсөд утсаар удаа дараа мэдэгдэхэд өөреө хүлээн зөвшөөрч, төлбөрийг буцааж төлнө гэдгээ мэдэгдсэн. Иймд засварын ажлын хөлсөнд төлсөн 600,000 төгрөгийг М.Бүрэнтөгсөөс гаргуулж өгнө үү. Эцэст нь миний бие М.Бүрэнтөгстэй дээрх асуудлаар уулзсаны үр дүнд хариуцагч нь дээрх бүх төлбөрийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн боловч өнөөдрийг хүртэл хохирлыг барагдуулах талаар тодорхой арга хэмжээ авсангүй иргэн намайг хохироосоор байна. Иймд “Орон сууц хөлслөх гэрээ”-ний төлбөр төлөх хугацаа хэтрүүлсний алданги 300,000 төгрөг, “Орон сууц хөлслөх гэрээ”-ний дагуу хүлээн авсан эд хөрөнгийг эвдэж гэмтээсний улмаас учирсан хохирол 1,351,130 төгрөг, орон сууцыг хүлээлгэн өгөлгүй ашигласан хугацааны түрээсийн төлбөр 1,125,000 төгрөг, орон сууцны ашиглалтын төлбөр 159,330 төгрөг, байрны засварын төлбөрт авсан 600,000 төгрөг, нийт 3,535,460 төгрөгийг хариуцагч М.Бүрэнтөгсөөс гаргуулж өгнө үү...” гэв.
Хариуцагч М.Бүрэнтөгс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие иргэн Малчинхүүтэй тохиролцон 2016.05.15-2016.08.15 хүртэл хугацаанд үргэлжлүүлэн орон сууцыг хөлслөн суусан. 2015.11.15-2016.05.15-ныг хүртэл гэрээнд хугацаанд элдэв асуудал гаргаагүй болно. 2015.11.15-2016.08.15-ныг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг бүгдийг төлсөн болно. / 1 сарын 750,000 төгрөг болно/ Хуучны орон сууц байсан тул засвар хийх хүсэлт тавьсан. Зөвшөөрсний дагуу засварыг хийсэн. Засварын материалд 720,000 төгрөг, засварын ажлын хөлсөнд 600,000 төгрөг төлсөн болно. Орон сууцны хугацаанд нь хүлээлгэн өгсөн учир хүлээлгэн өгөлгүй ашигласан хугацааны түрээсийн төлбөр 1,125,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Эд хөрөнгө эвдэж гэмтээсэн гэх 1,351,130 төгрөгийг нийтэд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Тавилга, эд зүйлс бүгд хуучирсан байсан. Тодорхой эвдрэлүүд анх байсныг анзаараагүй. Байрны засвар үр дүнтэй болсон учир засварын 600,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Хэзээ ч буцааж төлнө гэж хэлээгүй. Орон сууц ашиглалтын үлдэгдэл төлбөр болох 159,330 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иргэн И.Малчинхүү байраа хүлээж авсан мөртлөө хүлээн аваагүй хэмээн хугацаа сунгаж илүү төлбөр нэхэмжилж байна гэж үзэж байна.
... Би байрны мөнгийг төлөөд, түлхүүрийг 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр уулзаад хүлээлгэн өгсөн. Байранд ороход тавилгууд эвдрэлтэй байсан. Тавилгуудыг нарийн хүлээж аваагүй. Гал тогооны тавцанг хагарсан байна гэхээр нь би яагаад хагарсан байгаа юм бол гээд өнгөрч байсан. Тэр цонх дотор талаасаа биш, гадна талаасаа хагарсан байна. Ялаа шумуулны торны хувьд манай найз охин шинэ жил болох гэж байсан учраас цонхыг угааж байгаад торыг нь авчихсан. Надаас нэхээд байгаа 12 нэр төрлийн зүйлээс ялаа, шумуулны тор, гал тогооны гурван тавцан, 2 сандал, модон хаалга, зурагтны тавиур зам, гадна хаалганы дулаалга зэргийн төлбөрийг зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа шиг залилан хийгээгүй. Би төлбөрөө хуваагаад төлье гээд засвар хийсэн. Таазнуудад замаск татаад, эмульс хийсэн, обой сольсон, гранез сольсон юм. Завсар хийхэд материалууд 710,000 төгрөг болж байсан. Би завсар хийсэн хүмүүст 650,000 төгрөгний ажлын хөлс өгсөн. Би тухайн үедээ тэр талаарх баримтуудыг хадгалаагүй юм. Тухайн үед засвар хийсэн хүмүүс нь байж л байгаа. Би 2 сар нохой байлгасан нь үнэн. Тэр хаалганы зураас нохойны үүсгэсэн зүйл байгаа юм. Том өрөөний цонхыг анх ямар байсныг мэдэхгүй байна. Тэр цонх гадна талаасаа хагарсан байх. Юнивишны 159,330 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна. 2015 оны 08, 09 дүгээр сарын байрны мөнгийг би төлөхгүй ...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.Малчинхүү хариуцагч М.Бүрэнтөгсөд холбогдуулан “орон сууц хөлслөх гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүйн алданги 300,000 төгрөг, орон сууц хөлслөх гэрээний дагуу хүлээн авсан эд хөрөнгийг эвдэж гэмтээсний улмаас учирсан хохирол 1,351,130 төгрөг, орон сууцыг хүлээлгэн өгөлгүй ашигласан хугацааны түрээсийн төлбөр 1,125,000 төгрөг, 2016 оны 8, 9-р сарын орон сууцны ашиглалтын төлбөр 159,330 төгрөг, байрны засварын төлбөрт өгсөн 600,000 төгрөг, нийт 3,535,460 гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “12 нэр төрлийн эд хөрөнгийн зарим нь эвдрэлтэй байсан, хөлсөлж суугаагүй хугацааны хөлс болон ашиглалтын зардлыг төлөхгүй, засварыг хийсэн” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Зохигчдын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 151124 дугаартай “орон сууц хөлслөх” гэрээ-г 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаатай байгуулсан байх бөгөөд хөлслүүлэгч өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол 4-р байрны 4 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 29 м.кв талбайтай, тавилгатай 2 өрөө орон сууцыг хөлслөгчид орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шилжүүлэн өгөх, хөлслөгч нь хүлээн авч эзэмших, хөлс төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар заасан байна.
Зохигчидын хооронд байгуулсан орон сууц хөлслөх гэрээ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Гэрээний дагуу хөлслүүлэгч тал болох И.Малчинхүү өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5-р хороолол 4-р байрны 4 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 29 м.кв талбайтай, тавилгатай 2 өрөө орон сууцыг эд хогшил хүлээлцэх акт үйлдэн тавилгын хамт хөлслөгчид орон сууцны зориулалтаар шилжүүлэн өгсөн, хөлслөгч тал болох М.Бүрэнтөгс 9 сарын буюу 2015.11.15-ны өдрөөс 2016.08.15-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 6,750,000 төгрөг төлсөн, барьцаанд байршуулсан 750,000 төгрөгийг 1 сарын хөлсөнд оруулж тооцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар хэн аль нь маргаагүй.
Орон сууц хөлслөх гэрээнд 2015.11.15, 2016.02.15-ны өдөр 2,250,000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон байх ба нэхэмжлэгч 2015.11.15-ны өдөр 2,250,000 төгрөг төлсөн гэж байна. 2016.02.15-нд төлөх 2,250,000 төгрөгийн 2,000,000 төгрөгийг 2016.02.29-нд төлж 14 хоног, үлдэх 250,000 төгрөгийг 2016.03.04-нд төлж дуусгасан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул хууль болон гэрээнд заасны дагуу алданги 2,250,000*0.3%*14хоног, 250,000*0.3%*18хоног, бүгд 97,500 төгрөг гаргуулах нь зүйтэй.
Харин 2015.05.15-ны өдөр гэрээний хугацаа дуусахад талууд амаар гэрээг 3 сараар сунгасан байх ба хуульд заасан бичгээр гэрээг байгуулах шаардлагыг хангаагүй байх тул алданги шаардах эрхгүй гэж үзэн 2016.05.15-наас хойш 2,250,000 төгрөгт бодож нэхэмжилсэн алданги 202,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Орон сууцыг талууд 2016.08.15-ны өдрийг хүртэл хөлслөхөөр тохиролцсон нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба үргэлжлүүлж сунгаагүй байх тул 2016.10.01-ний өдрийг хүртэлх хөлс гаргуулах үндэслэлгүй. Хариуцагч 2016.08.20-нд байрны мөнгийг төлж, түлхүүрийг хүлээлгэн өгсөн нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул гэрээний 3.3-т “хөлслөгч орон сууц болон эд хөрөнгийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн бол хөлслөгч хожимдуулсан хугацаанд ногдох түрээсийн төлбөрийг хөлслүүлэгчид нөхөн төлнө” гэж заасны дагуу 5 хоногийн түрээсийн төлбөрт 125,000 төгрөг гаргуулж, үлдэх 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч орон сууц хөлслөх гэрээний дагуу орон сууцыг хүлээлгэн өгөхдөө 18 нэр төрлийн тавилгын хамт хүлээлгэн өгсөн нь эд хогшил хүлээлцэх акт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Итгэлт-эстимэйт ХХК-ийн хохирол үнэлгээний тайланд дурдагдсан засах, солих хөрөнгүүдэд хариуцагч М.Бүрэнтөгсийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирол учирсан нь тогтоогдохгүй, орон сууцыг хүлээлгэн өгөх үедээ солих, засах шаардлагатай гэсэн зүйлүүдийн чанар байдлын талаар акт үйлдээгүй байх тул хариуцагч М.Бүрэнтөгсийг буруутай гэж дүгнэх үндэслэлгүй байна. Харин хариуцагч ялаа, шумуулны тор, гал тогооны гурван тавцан, 2 сандал, модон хаалга, зурагтны тавиур зам, гадна хаалганы дулаалга зэргийн төлбөрийг төлье гэж зөвшөөрч байх тул үнэлгээний тайлангийн үнийн дүнгээр тооцож ялаа, шумуулны тор-32,000, гал тогооны гурван тавцан-108,000, 2 сандал-135,000, модон хаалга-96,000, зурагтны тавиур зам-10,800, гадна хаалганы дулаалга-16,200 төгрөг, нийт 398,000 төгрөг гаргуулж, үлдэх 953,130 төгрөгийг хэрэгсэхгүй болгов. Зохигчдын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдаагүйг дурдах нь зүйтэй.
Орон сууц хөлслөх гэрээ 2016.08.15-ны өдөр дууссан тул 2016 оны 9 сарын төлбөрийг М.Бүрэнтөгс хариуцах үндэслэлгүй, харин 2016 оны 8 сарын 15 хүртэл орон сууцыг ашигласан тул 2016 оны 8 сарын юнивишн 38,930 төгрөг, орон сууц, СӨХ-ийн төлбөр 43,905 төгрөг, нийт 82,835 төгрөгийн тал хувь 41,417 төгрөгийг гаргуулж үлдэх 117,913 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.3-т “хөлслүүлэгч орон сууцны байшин, сууц, өрөөний доторхи сайжруулалттай холбогдсон зайлшгүй шаардлагатай арга хэмжээ авахдаа ердийн боломжит хугацаанд хөлслөгчид урьдчилан мэдэгдэх, хөлслөгч нь саад болохгүй байх үүрэгтэй” гэж заажээ.
Орон сууц хөлслүүлэгч И.Малчинхүү орон сууцны өрөөний доторх сайжруулалттай холбогдсон зардлыг өөрөө хариуцах үүрэгтэй ба хөлслөгчтэй тохиролцон засвар хийлгэхээр 600,000 төгрөг өгсөн, М.Бүрэнтөгс засвар хийсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Талуудын хооронд орон сууцны засвар хийлгэх талаар гэрээ байгуулагдаагүй, орон сууц хөлслүүлэгч И.Малчинхүү өөрийн орон сууцандаа засвар хийлгэх шаардлагатайг хүлээн зөвшөөрсөн, өөрийн орон сууцандаа засвар хийх үүргээ бусдаар гүйцэтгүүлэхээр М.Бүрэнтөгсөд мөнгө шилжүүлсэнд хариуцагчийг буруутгах үндэслэгүй тул ... М.Бүрэнтөгсийн хийсэн засвар дутуу, өөр өөр обой наасан, чанарын шаардлага хангахгүй... гэсэн үндэслэлээр 600,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй.
Иймд хариуцагч М.Бүрэнтөгсөөс 661,917 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Малчинхүүд олгож, нэхэмжлэлээс 2,873,543 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Бүрэнтөгсөөс 661,917 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Малчинхүүд олгож, нэхэмжлэлээс 2,873,543 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Бүрэнтөгсөөс улсын тэмдэгтийн хураамжид 20,436 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Малчинхүүд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ