| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2016/09427/И |
| Дугаар | 101/ШШ2017/00462 |
| Огноо | 2017-02-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2017/00462
2017 оны 02 сарын 02 өдөр Дугаар 101/ШШ2017/00462 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Да хүрээ 97-93 тоотод байрлах, “Тарант” ХХК /РД: 2635666/-ийн нэхэмжлэлтэй,
Ц.Батбилэгийг эрэн сурвалжуулахыг хүссэн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саруул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Тарант” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Ц.Батбилэгээс үлдэгдэл төлбөр болох 2.300.000 төгрөг, мөн гэрээний 6.2-т заасан худалдан авагч талын гэрээнд заасны дагуу хугацаандаа төлбөрийг төлөөгүй тохиолдолд худалдагч талд нийт үнийн дүнгийн 20%-иар торгууль төлнө гэсэн заалтыг үндэслэн нийт 13.300.000 төгрөгийн 20% буюу 2.660.000 торгууль /алданги/, нийт 4.960.000 /Дөрвөн сая есөн зуун жаран мянга/-н төгрөг гаргуулан өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч “Тарант” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саруул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тус шүүхэд Ц.Батбилэгт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу 4,960,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч Ц.Батбилэг нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их ам 3-42а тоот хаягт оршин суухгүй байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Тарант” ХХК хариуцагч Ц.Батбилэгт холбогдуулан “худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,960,000 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Цэрэндоржийн Батбилэгийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг Ц.Батбилэг худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 4893 тоот шийдвэрийн дагуу эрэн сурвалжилж, одоо оршин суух хаягийг тогтоосон боловч уг хаягтаа амьдардаггүй, Ц.Батбилэгийн оршин суугаа хаяг тодорхойгүй байна гэж тайлбарласан.
“Тарант” ХХК, Ц.Батбилэг нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны засаг даргын Ц.Батбилэг нь уг хаягт оршин суудаггүй гэсэн тодорхойлолт ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар “...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ...” гэж заажээ.
Иймд “Тарант” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Батбилэгийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.
Мэргэн лам овогт Цэрэндоржийн Батбилэг /РД:ХК63083038/ нь 99107667, 89911555 дугаарын гар утас ашиглаж байсан, мөн БЗД дэх цагдаагийн 2-р хэлтэс эрэн сурвалжилж байсныг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт зааснаар Мэргэн лам овогт Цэрэндоржийн Батбилэг /РД:ХК63083038/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Ц.Батбилэгийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.
3. Ц.Батбилэг хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их ам 3-42а тоот хаягт оршин сууж байсныг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,310 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 24,110 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн /2609006167/ тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Тарант” ХХК-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ