Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2022/0220

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      Б.Л-н нэхэмжлэлтэй

                                        захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг гуравдагч этгээд Д.Ц, түүний өмгөөлөгч Ж.Э нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээд Д.Ц

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Э

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч Л.Л

Хариуцагч Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нйитийн хурлын дарга

Тус хурлын анхдугаар хуралдааны тооллогын комисс

 

Нэхэмжлэлийн шаардлага: “1. Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

2. Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/03 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй  болгуулах,

3. Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргын сонгуулийн хүчингүйд тооцогдсон 17 саналын хуудаснаас нэр дэвшигч Б.Л-н эхний тоог дугуйлсан /амжилт, аз жаргал хүсье, зөвлөсөн/ 3 саналын хуудсыг хүчинтэйд тооцуулах,

4. Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргын сонгуульд санал өгсөн саналын хуудсыг дахин тоолж, Л.Л-г Баянхайрхан багийн Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай тогтоол гаргахгүй байгаа тооллогын комиссын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох

5. Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргын сонгуульд санал өгсөн саналын хуудсыг дахин тоолох, Л.Л-г Баянхайрхан багийн Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай тогтоол гаргахыг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.Л,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Очирбат,

Хариуцагч Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нйитийн хурлын дарга Ц.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөнзул

 

Хэргийн индекс: 125/2021/0019/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Л-н Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссод холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргын сонгуулийн хүчингүйд тооцогдсон 17 саналын хуудаснаас нэр дэвшигч Б.Л-н эхний тоог дугуйлсан /амжилт, аз жаргал хүсье, зөвлөсөн/ 3 саналын хуудсыг хүчинтэйд тооцуулах тухай” хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,

2 дахь заалтаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 26 дугаар зүйлийн 26.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Л-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай тогтоол, Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/03 дугаартай тогтоолуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргын сонгуульд санал өгсөн саналын хуудсыг дахин тоолж, Л.Л-г Баянхайрхан багийн Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай тогтоол гаргахгүй байгаа тооллогын комиссын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргын сонгуульд санал өгсөн саналын хуудсыг дахин тоолох, Л.Л-г Баянхайрхан багийн Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай тогтоол гаргахыг даалгах” шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож”

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

2. Гуравдагч этгээд Д.Ц, түүний өмгөөлөгч Ж.Э нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... 2.1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

2.2. Нэхэмжлэгч Л.Л нь “Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар тооллогын комиссын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 04/03 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргын сонгууль санал өгсөн саналын хуудсыг дахин тоолж, Л.Л-г Баянхайрхан багийн Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай тогтоол гаргахгүй байгаа тооллогын комиссын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргын сонгууль санал өгсөн саналын хуудсыг дахин тоолох, Л.Л-г Баянхайрхан багийн Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай тогтоол гаргахыг даалгах”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар тооллогын комиссын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/03 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргын сонгуулийн хүчингүйд тооцогдсон 17 саналын хуудаснаас нэр дэвшигч Б.Л-н эхний тоог дугуйлсан /амжилт, аз жаргал хүсье, зөвлөсөн/ 3 саналын хуудсыг хүчинтэйд тооцуулах, нэр дэвшигч Л.Л-г Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай тогтоол гаргахгүй байгаа Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэр дэвшигч Л.Л-г Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргаар томилуулахаар санал болгох тухай тогтоол гаргахыг Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны тооллогын комисст даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж, тодруулсан.

2.3. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 26 дугаар зүйлийн 26.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Л-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай тогтоол, Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/03 дугаартай тогтоолуудыг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.4. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 31.2-т “Нотлох баримт нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл, цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно”, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дэх хэсэгт “... Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-д “Багийн иргэдийн нийтийн хурал нь хуралдааныхаа дэгийг тухайн хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” гэж заажээ.

2.5. Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурал нь хуралдааныхаа дэгийг өөрөө тогтоосон. Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хуралдааны тэмдэглэлд “... Иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Хайдав багийн иргэдэд санал хураалтад идэвхтэй оролцох, саналаа өгөхдөө нэр дэвшигчийн урд талын 1 тоог дугуйлах талаар сануулав ...” гэж тэмдэглэлд тусгагджээ. Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын 02 дугаартай “Багийн Засаг дарга сонгох тухай” тэмдэглэлд “... Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурал 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр болсон. Тус хурлаар Баянхайрхан багийн Засаг даргыг сонгох санал хураалт болсон. Баянхайрхан багийн иргэдийн хүсэлтээр тооллогын комиссын дараах бүрэлдэхүүнтэй байгуулсан. Үүнд: Тооллогын комиссын дарга Д.Т, гишүүд Ц.Т, Д.А, Б.Ө, Б.О гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулсан. Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргад нийт 5 хүн өрсөлдсөн бөгөөд Д.Ц, С.Б, С.Би, Л.Л, Д.Т нар нэр дэвшин өрсөлдөж эхний санал хураалтаар Д.Ц 93 буюу 37.9 хувийн санал, П.Тулга 22 буюу 8.9 хувийн санал, С.Бишгарав 18 буюу 7.3 хувийн, Л.Л 73 буюу 29.7 хувийн санал, С.Мөнхзаяа  37 буюу 15.1 хувийн саналыг тус тус санал авсан. Уг 5 нэр дэвшигчийн аль нэг нь олонхийн санал авч чадаагүй тул 2 нэр дэвшигч дээр дахин санал хураалт явуулсан. Дахин явуулсан санал хураалтаар Д.Ц 113 буюу 50.6 хувийн нэр дэвшигчийн санал, Л.Л 110 буюу 49.3 хувийн нэр дэвшигчийн санал, хүчингүй 17 санал гарсан байна. Уг санал хураалтад 240 сонгогч оролцсон бөгөөд дахин хураалтын саналыг тооллогын комиссын 5 гишүүн багийн иргэдийн нүдэн дээр олон дахин тоолж тооллогын дүнг гаргаж ард иргэдэд нээлттэй танилцуулсан. Дахин санал хураалтаар санал хураалтад 240 иргэн санал хураалтад оролцож тооллогын комисс Д.Ц, Л.Л нарын саналын хуудсанд маргаан гарсан тул тооллогын комисс дахин хуралдаж, нэр дэвшигч нарын саналыг хуудсыг шалгаад Д.Цт 113, Л.Лд 110 сонгогч хүчингүй саналын хуудас 17 гарсныг иргэдийн нийтийн хурлын даргад санал тоолсон хуудсаа хүлээлгэн өгсөн. Тооллогын комиссын дарга Д.Төрбат явсан учир тооллогын комиссын хуралдааны тогтоолыг багийн иргэдэд танилцуулаагүй. Багийн Засаг даргад 50 дээш нэмэх нэгээс дээш санал авсан Д.Ц-ыг тооллогын комиссын тогтоолгүй тул багийн иргэдэд багийн Засаг даргад сонгосон тогтоолыг уншиж танилцуулаагүй болно” гэх хурлын тэмдэглэл, Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай тогтоол гарч нэр дэвшигчдийн хамгийн олон 113 сонгогчийн 50.6 хувийн санал авсан нэр дэвшигч нь 50 нэмэх нэгээс дээш санал авсан Д.Ц-ыг багийн иргэдийн нийтийн хурлын даргаар /багийн Засаг дарга/ сонгуулахаар санал болгосугай” гэх тогтоол гарсан.

2.6. Гэтэл анхан шатны шүүхээс хэтэрхий нэг талыг барьж, тооллогын комиссын гишүүдийн эрхийг эдэлж, тооллогын комиссын гишүүдийн өмнөөс нь шийдвэр гаргаж саналын хуудсыг дахин тоолж Л.Лд /105+3+4=112/ 112 санал буюу 46.6 хувь, Д.Цт /104+8=112/ 112 санал буюу 46.6 хувийн санал, хүчингүй 16 саналын хуудас байна гэж тоолсонд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, шүүхийн нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн дүгнэлт хийжээ.

2.7. Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурал 2021 оны 09  дүгээр сарын 20-ны өдөр болсон. Тус хурлаар Баянхайрхан багийн Засаг даргыг сонгох санал хураалт болсон. Тус багийн иргэдийн хүсэлтээр тооллогын комиссыг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсан. Үүнд: Тооллогын комиссын дарга Д.Төрбат, гишүүд Ц.Т, Д.А, Б.Ө, Б.О гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулсан. Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргад нийт 5 хүн өрсөлдсөн бөгөөд Д.Ц, С.Б, С.Б, Л.Л, Д.Т нар нэр дэвшин өрсөлдөж эхний санал хураалтаар Д.Ц 93 буюу 37.9 хувийн, П.Т 22 буюу 8.9 хувийн, С.Б 18 буюу 7.3 хувийн, Л.Л 73 буюу 29.7 хувийн санал, С.М 37 буюу 15.1 хувийн саналыг тус тус авсан. Уг 5 нэр дэвшигчийн аль нэг нь олонхийн санал авч чадаагүй тул 2 нэр дэвшигч дээр дахин санал хураалт явуулсан. Дахин явуулсан санал хураалтаар Д.Ц 113 буюу 50.6 хувийн нэр дэвшигчийн санал, Л.Л 110 буюу 49.3 хувийн нэр дэвшигчийн санал, хүчингүй 17 санал гарсан. Уг санал хураалтад 240 сонгогч оролцсон бөгөөд дахин хураалтын саналыг тооллогын комиссын 5 гишүүн багийн иргэдийн нүдэн дээр олон дахин тоолж тооллогын дүнг гаргаж ард иргэдэд нээлттэй танилцуулсан. Улмаар Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/03 дугаар тогтоолоор багийн Засаг даргад нэр дэвшиж багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдаанд оролцсон гишүүний 113 сонгогч буюу 50.6 хувийн санал авсан Д овогтой Ц-г Чандмань сумын Баянхайрхан багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад өргөн мэдүүлсэн. Гэтэл 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр багийн иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Х тооллогын комиссын гишүүдийг дуудаж саналын хуудсанд маргаан гарсан гэсэн Б.Л-н хүсэлтээр саналыг дахин тоолно гээд саналыг хуудсыг тоолсон байна. Саналыг хуудсыг дахин тоолоход Д.Ц миний саналаас 4 хүчингүй хуудас гарсан гэх, сонгууль болсноос хойших 9 хоногийн хугацаанд саналын хуудас ямар нэгэн битүүмжлэлгүй Б.Л-н авга ах багийн иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Х-т байсан бөгөөд дахин тооллого хийхэд Л.Л эхнэртэйгээ байсан ба Д.Ц-ыг дуудаж оролцуулаагүй, мэдэгдэхгүйгээр тоолж багийн иргэдийн саналыг будлиулсан. 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр санал хураалт дээр тооллогын комиссын дарга Д.Т багийн Засаг даргын тамгыг авч саналыг хуудас тамгалсан нь саналын хуудсанд будлиан гарах шалтгаан нөхцөл болсон.

2.8. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “Баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламлах”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэх хуулийг зөрчөөгүй.

2.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-д “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж хуулийг зөрчсөнд гомдолтой байна.

2.10. Иймд нэхэмжлэгч Б.Л-н Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай тогтоол, Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэдийн нийтийн хурлын анхдугаар хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/03 дугаартай тогтоолуудыг тус тус хууль бус болохыг тогтоох тухай нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгч болон хариуцагч нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад хүчингүй болгох үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, харин захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус зарим нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаагүй байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Л.Л-н хүчингүй болгуулахыг хүссэн “Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Иргэдийн нийтийн Хурлын анхдугаар хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/03 дугаар тогтоолоор багийн даргад нэр дэвшиж анхдугаар хуралдаанд оролцсон гишүүдийн 113 сонгогч буюу 50.6 хувийн саналыг авсан Д.Цыг сумын Засаг даргад өргөн мэдүүлжээ.

3. Анхан шатны шүүх уг тогтоолыг “иргэдийн нийтийн Хурлын анхдугаар хуралдаанд оролцсон нийт 240 иргэнээс олонхи болсон эсэхийг тооцолгүй, хүчингүй саналын хуудасны тоог хасаж, үлдэх 223 иргэний 50 хувиас дээш 113 хүний санал авсан Д.Ц-ыг томилуулахаар санал болгосон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /цаашид Хуулийн гэх/ 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэж хүчингүй болгож, нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4. Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо “... саналын хуудсыг шүүх өөрөө тоолж, тооллогын комиссын гишүүдийн эрхийг эдэлсэн” гэжээ.

5. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргасан, саналын хуудсыг буруу тоолсон гэх тайлбартай холбогдуулж, хэрэгт авагдсан тухайн багийн иргэдийн нийтийн анхдугаар хуралдаанд оролцсон иргэдийн саналын хуудсыг тоолж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн нь ч Хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн санал аваагүй болохыг тогтоосныг буруутгах үндэслэлгүй.

6. Мөн гомдолд “... Б.Ц 113 иргэний санал буюу 50.6 хувийн санал авсан тул нэр дэвшигчээр томилуулахаар санал болгосон нь хууль зөрчөөгүй ... шүүх хэрэгт авагдсан баримтыг бодитойгоор харьцуулан дүгнээгүй” гэжээ.

7. Дээрх Хуулийн 26.2-т “...” гэж заасны дагуу хуралдаанд оролцсон нийт иргэдийн тоонд харьцуулж, тэдний олонхи буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар  санал болгоогүй нь уг хуулийн заалтыг зөрчсөн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн бөгөөд гуравдагч этгээдийн авсан саналыг 113 гэж тооцсон ч энэ нь Хуралдаанд оролцсон нийт иргэдийн 50 хувиас дээш байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул гомдлыг хангах үндэслэлгүй байна.

8. Харин анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “гадагш чиглэсэн” байх захиргааны актын шинжийг агуулаагүй, тухайн хуралдааны дотоод зохион байгуулалтын шинжтэй дотогш чиглэсэн акт буюу захиргааны хэргийн шүүхэд харьяалан шийдвэрлэх захиргааны актад хамаарахгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг зөрчсөн байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн нэг дэх заалтын “... тооцуулах” гэсний дараа “Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Иргэдийн нийтийн Хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” гэж нэмж, хоёр дахь заалтаас “Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Иргэдийн нийтийн Хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай тогтоол” гэснийг хасаж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  .

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                                     Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                                     С.МӨНХЖАРГАЛ