Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2017/00461

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 02 өдөр          Дугаар 101/ШШ2017/00461          Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Туулын хэсэг, 12 дугаар гудамж, 13 тоотод оршин суух, Боржигон овогт Доржготовын Цэдэнбал /РД:УА65101011/-ын нэхэмжлэлтэй,      

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10 дугаар байр, 192 тоотод оршин суух, Хойт овогт Сандуйжавын Олдох /РД:ХК66110713/,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 37 гудамж, 635 тоотод оршин суух, Илжгэн овогт Даваасамбуугийн Энхзаяа /РД:ТЖ82041105/ нарт холбогдох,

15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Цэрэндулам, хариуцагч Д.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл оролцов.         

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Цэдэнбал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Миний бие иргэн С.Олдох, С.Энхзаяа нарын хүсэлтээр И.Шагдарсүрэнгийн хүү Ууганбаяраас 15,000,000 төгрөгийг бэлнээр авч С.Олдох, С.Энхзаяа нарт хүлээлгэн өгсөн. Энэ хоёр хүн төлнө гэж байнга хэлдэг боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй учир И.Шагдарсүрэн уг мөнгийг надаас нэхэмжилэн шүүхэд хандсанаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ201600250 тоот шийдвэрээр надаас 14,550,000 төгрөг, тэмдэгтийн хураамжийн 178,750 төгрөгийн хамт надаас гаргуулахаар шийдвэрлэлээ. Би бусдад туслах зорилгоор мөнгө зуучлан авч өгснөөс биш 15 сая төгрөгийг аваагүй юм. С.Олдох, С.Энхзаяа нарыг өөрсдөө төлчихнө гэж их найдаж итгэж байсан миний итгэлийг хөсөрдүүлснээс би хохирч байна. Би өөрийн гэсэн орох оронгүй айлын гэрт амьдардаг ажилгүй. Ямар нэг орлого хөрөнгийн эх үүсвэр байхгүй ядуу амьдралтай байдаг. Бусдын төлбөрийг төлөх чадваргүй тул С.Олдох, С.Энхзаяа нараас 15 сая төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Цэрэндулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Цэдэнбал Олдоход 15 сая төгрөг өгөхдөө 1,500,000 төгрөг өөртөө шагнал гэж авч үлдсэн. Дараа нь нэг удаа 800,000 төгрөг авсан, мөн 200,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөгийг С.Олдохоос авснаа хүлээн зөвшөөрч байна. Одоо 12,500,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Хариуцагч Энхзаяа 12,500,000 төгрөгийг хариуцаж төлнө гэж байгаа тул Олдохыг хариуцагчаар татахаас татгалзаж байна. Иймд хариуцагч Д.Энхзаяагаас 12,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэв.

 

Хариуцагч Д.Энхзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Даваасамбуу овогтой Энхзаяа миний бие нь иргэн Цэдэнбалын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт С.Олдохын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж байгаа. Цэдэнбал нь С.Олдоход 15,000,000 төгрөг өгсөн гэдэг боловч үнэндээ Цэдэнбал нь өөрөө тус мөнгөний 2,500,000 төгрөгийг өөрөө авсан бөгөөд үлдсэн 12,500,000 төгрөгийг иргэн С.Олдох нь иргэн Очирсүх гэгчид аваачиж өгнө гэдгийг Цэдэнбал нь өөрөө мэдэж байсан. Уг мөнгийг тэр хүнээс авч өгнө гэдгийг ч өөрөө мэдэж байгаа. Очирсүх нь уг мөнгийг С.Олдохоос ажил амжуулж өгнө гэж хэлж аваад одоо болтол өгөөгүйгээр барахгүй олон удаагийн давтамжтайгаар их хэмжээний мөнгө иргэн Олдохоос залилаж авсан ба С.Олдох нь хохирогчоор тогтоогдож одоо Сүхбаатар дүүргийн эрүүгийн тасагт мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа. Энэ хугацаанд С.Олдох нь Хорт хавдар тусч хүндээр өвдөн 2015.03.27-ны өдөр баруун уушиг бүтэн тайрах хагалгаанд орж одоо биеийн байдал хүнд байнгын нэг хүний асаргаанд хэвтэрт байдаг. Заримдаа нэмэлт хүчил төрөгчөөр амьсгалдаг. Уг өвчний улмаас сахарын диабит хүндэрч сахарын хэмжээ 21-32 хүрдэг заримдаа 32 дээш гарахаар сахарын аппарат үздэггүй. Хорт хавдрын улмаас уушгин дахь Сүрьеэгийн цагаан савханцар идэвхжиж сүрьеэгээр өвчилсөн. Ийм учир би Цэдэнбалтай 2 удаа уулзаж үнэн байдлыг хэлсэн боловч сүүлийн уулзалт дээр надад гар бичиг хийж өг хэмээн шаардасны дагуу одоогийн хэрэгт авагдсан байгаа гар бичмэлийг хийж өгсөн. Уг мөнгийг Олдох зүгээр л дамжуулах үүрэг гүйцэтгэсэн өөртөө авч хувьдаа завшсан зүйл байхгүй тул энэ хэрэгт хариуцагчаар тогтоогдож орж байгаа нь буруу гэж үзэж байна.

.... С.Олдохыг төлөөлж Энхзаяа миний бие нь эрүүгийн хэрэгт хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэний хэрэгт хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч юм.

Иргэн Д.Цэдэнбал иргэн С.Олдоход 15,000,000 төгрөг өгсөн гэдэг боловч уг мөнгийг тухайн үед С.Олдох нь иргэн Жамсран овогтой Очирсүхэд өгнө гэдгийг мэдэж байсан. Олдох миний ах бөгөөд өвчтэй байгаа учир би хариуцаж төлнө. Гэхдээ Очирсүхэд холбогдох эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээд мөнгөө авангуут Цэдэнбалд өгнө. Хариуцагчаар Олдохыг татахаас татгалзсныг зөвшөөрч байна, миний бие 12,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна ...” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, бусад бичгийн баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Цэдэнбал хариуцагч С.Олдох, Д.Энхзаяа нарт холбогдуулан “15,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Цэрэндулам нэхэмжлэлийн шаардлагаа 2,500,000 төгрөгөөр багасгаж, хариуцагчаар С.Олдохыг татахаас татгалзаж, 12,500,000 төгрөгийг Д.Энхзаяагаас гаргуулах шаардлага гаргаж байна.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхзаяа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч “Д.Энхзаяа би хариуцан төлнө” гэж тайлбарлаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Цэдэнбал хариуцагч С.Олдоход 2014 оны 3 дугаар сард тендерийн ажил авахаар тохиролцож 13,500,000 төгрөг хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, Олдох, Үржинханд, Дэлгэрмаа нарын “мөнгө зээлсэн гэрээ” гэсэн баримт, Д.Энхзаяагийн 2015.12.15-ны өдөр бичсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна.

С.Олдох Д.Цэдэнбалд 1,000,000 төгрөг буцаан өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй.

 

С.Олдох “тендерийн ажил олж өгнө” гэж Д.Цэдэнбалаас 13,500,000 төгрөг авсныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл С.Олдох, Д.Цэдэнбал нарын хооронд үүрэг үүсээгүй, үүрэг үүссэн болох нь тогтоогдохгүй байх тул С.Олдох Д.Цэдэнбалаас авсан 13,500,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч Д.Энхзаяа өөрөө дангаараа хариуцан 12,500,000 төгрөгийг Д.Цэдэнбалд төлнө гэж зөвшөөрч байх тул С.Олдохоос Д.Цэдэнбалд төлсөн 1,000,000 төгрөгийг хасч хариуцагч Д.Энхзаяагаас 12,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Цэдэнбалд олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчаар С.Олдохыг татахаас татгалзаж байх тул батлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Энхзаяагаас 12,500,000 /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Цэдэнбалд олгосугай.

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “хариуцагчаар С.Олдохыг татахаас татгалзсан” татгалзлыг баталсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдаж, хариуцагч Д.Энхзаяагаас 214,950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.БАТЦЭЦЭГ