| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2020/0210/Э |
| Дугаар | 2020/ЦШТ/222 |
| Огноо | 2020-07-10 |
| Зүйл хэсэг | 24.7.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 2020/ЦШТ/222
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд
Шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 28 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ... оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Г /РД: .../
Шүүгдэгч Г нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багийн нутаг “Өвөр хонхор” гэх газарт хуурайшилт ихтэй, салхины хурд ихтэй үед гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцаж оч баригчгүй яндантай зууханд гал түлсний улмаас тус яндангаас оч үсэрч хээрийн түймэр гарч иргэн Б 5 ханатай эсгий гэр, модон болон төмөр ор, авдар, шүүгээ, малчны тамга, хүүхдийн гэрчилгээ зэрэг эд зүйлс шатаж 2.500.000 төгрөгийн хохирол, иргэн Ц-ийн хуучин хөргөгч, төмөр ор, зуслангийн амбаар зэрэг эд зүйлс шатаж 1.050.000 төгрөгийн хохирол, иргэн Д-ийн 4 ханатай монгол гэрийн мод, зуны амбаар зэрэг эд зүйлс шатаж 300.000 төгрөгийн хохирол, иргэн П-ын 35 тооны хурга, 50 тооны ишиг, 20 тооны төлөг, 28 тооны шүдлэн ямаа, малын хашаа зэрэг эд зүйлс шатаж 10.030.000 төгрөгийн хохирол, Дорнод аймгийн Баяндун сумын бэлчээрийн 15252 га талбай шатаж 128.269.320 төгрөгийн хохирол, бусдад нийт 142.149.320 /нэг зуун дөчин хоёр сая нэг зуун дөчин есөн мянга гурван зуун хорь/-н төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг
Иргэний нэхэмжлэгч Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “Г гэх айлаас түймэр гарч байна гэсэн мэдээллийг сумын онцгой байдлын жижүүрт мэдэгдэхээр нь шуурхай бүлгийг дуудаж эхний ээлжинд 7 хүнийг гаргаж улмаар салхи ихтэй түймэр их гарч байсан тул 2-5-р бүлгийг ар араас нь гаргаж аймгийн онцгой байдлын газар болон Баян-Уул сумын онцгой байдлын тасаг руу мэдэгдэж ажилласан... түймрийн улмаас 15252 орчим га талбай шатаж, Б гэх айлын эсгий гэр, эд зүйл, Ц-ийн амбаар, эд зүйл, Д-ийн 4 ханатай эсгий гэрийн мод, эд зүйл, П хонь, ямаа, малын хашаа зэрэг шатаж нийт 142.149.320 төгрөгийн шууд хохирол, гал түймэр унтраахад 1.210.000 төгрөгийн зардал гарсан. ... Г-ээс иргэний нэхэмжлэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй, түймэр унтраахад гарсан шууд бус хохиролд 1.210.000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг болон шүүхийн мэдэгдэх хуудсанд бичигдсэнээр /хх-ийн 29-30 дугаар тал/
Иргэний нэхэмжлэгч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэр Баяндун сумын 1 дүгээр багт байдаг. Би 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр малдаа явж байхад үдийн үеэр манай гэрийн баруун хойд зүгээс Г гэрийн ойролцоогоос түймрийн утаа харагдсан. Тухайн өдөр маш их салхитай өдөр байсан. Салхи баруунаас зүүн чиглэлтэй байсан ба би түймэр манай гэрээс холуур өнгөрөх юм байна гэж бодоод малаа гэрийн хажууд бөөгнүүлж орхиод түймэр гарч байгаа газар руу очиход Г-ийн гэрээс зүүн тийш түймэр 3-4 орчим км зайд явсан байсан. Түймэр гарч байгаа газарт манай дүү Ө, С ахын хүү Б, Г нар байсан. Тухайн үед Г нь “манай гэрийн яндангаас гал алдчихлаа” гэж хэлсэн. Ингээд би түймэр унтраах гээд цохиж байтал салхи бүр хүчтэй болж хойноос урагш манай гэрийг чиглээд явж эхэлсэн. Би П ахын гэрээс урагш гэрлүүгээ очиход манай гэрийг хамгаалахаар 2 хүн ирчихсэн гэрийн эд зүйлийг гаргачихсан, гэрийг усаар норгож байсан. Би гэрлүүгээ очиход манай гэр рүү гал орж 5 ханатай эсгий гэр шатсан. Үүнийг 2.500.000 төгрөгөөр үнэлсэн. Харин төмөр ор, модон авдар, гал тогооны модон шүүгээ, малчны тамга, хүүхдийн гэрчилгээ зэрэг эд зүйлсийг үнэлэхгүй. Учир нь төмөр ор, авдар, шүүгээ зэрэг нь олон жил болж хуучирч элэгдсэн. ... өөрт учирсан хохирлоо бүрэн авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг болон шүүхийн мэдэгдэх хуудсанд бичигдсэнээр /хх-ийн 32-35 дугаар тал/
Иргэний нэхэмжлэгч Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баяндун сумын төвд амьдардаг. ...2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр манай хөдөө гэрийн зуслангийн байшин түймэрт шатсан гэдгийг сонсоод гэртээ очиход зуслангийн амбаар маань юу ч үгүй шатсан байсан. Манай амбаар дотор хуучны ОХУ-ын “Брьюса” хөргөгч, 2 ширхэг төмөр ор байсан. Өөр зүйл байгаагүй. Хуучин хөргөгч нь эвдэрсэн ашиглах боломжгүй, 2 ор нь мөн эвдэрч хуучирсан хэрэглэх боломжгүй болсон тэдгээрийг үнэлэхгүй. Харин шатсан байшингаа 1.050.000 төгрөгөөр үнэлнэ... өөрт учирсан хохирлоо бүрэн авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг болон шүүхийн мэдэгдэх хуудсанд бичигдсэнээр /хх-ийн 39-40 дугаар тал/
Иргэний нэхэмжлэгч Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэртээ байж байхад үдээс хойш манай гэрийн хойд талаас хээрийн түймэр орж ирээд хог новшоо хийдэг 5х6 харьцаатай зуслангийн муу амбаар шатсан. Амбаар дотор 4 ханатай эсгий гэрийн мод байсан. Өөр зүйл шатаагүй. Амбаараа 100.000 төгрөгөөр, 4 ханатай эсгий гэрийн иж бүрэн модыг 200.000 төгрөгөөр үнэлнэ. ... өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг болон шүүхийн мэдэгдэх хуудсанд бичигдсэнээр /хх-ийн 43-44 дугаар тал/
Иргэний нэхэмжлэгч П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр би хониндоо яваад гэртээ ирэхэд манайхан хээрийн түймэр гарсан гэж надад хэлсэн...би М-д хэлээд гэр рүүгээ явж байхад манай хүү Б-ийн гэрийн ар талаар түймэр ирж байсан. ...түймэр цохиж байгаад гэр рүүгээ явах гэж байхад манайхыг чиглээд түймэр гарсан. Гэртээ очоод малын хашаа, гэрээ шалгаж үзэхэд шатсан шинжгүй байхаар нь гайхаад гэртээ ороод удаагүй байхад малын хашааны баруун хэсэгт гал гарч эхэлсэн. Тэгээд би хашаанд байсан хонь, тугал зэргийг хашаанаасаа хөөж гаргаад хамгийн сүүлд хашааны зүүн хойд талын буланд хашаатай байсан эхээсээ гологдсон хурга, ишиг, мөн ихэр, нярай хурга ишигнүүдээ гаргах гэсэн боловч амжаагүй. Гал улам их болоод тэр хурга ишигнүүд маань шатчихсан юм. Уг түймрийн улмаас 35х35 метрийн модон хашаа, 20 тооны төлөг, 28 тооны шүдлэн ямаа, 35 тооны хурга, 50 тооны ишиг шатсан. Өөр зүйл шатаагүй. ... өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан тул Г-ээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг болон шүүхийн мэдэгдэх хуудсанд бичигдсэнээр /хх-ийн 48-49 дугаар тал/
Гэрч Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай нөхөр гал түлж, бид цай хоол хийж идсэн. Тэгээд би малын хашаа руу ажил хийхээр явсан. Харин манай нөхөр Г хонь руугаа явсан. Үүнээс хойш удалгүй манай гэрийн зүүн талаас гал гарсан. Удалгүй нөхөр Г ирж гарсан түймрийг унтраах гэсэн боловч салхи хүчтэй байсан болохоор дийлэхгүй галыг алдсан. Бид хөгжлийн бэрхшээлтэй нэг охинтой, охин маань байнга хүний асаргаанд байдаг. Би 2020 оны 01 дүгээр сард төрнө. Нөхөр маань гэрийнхээ бүх ажлыг хийдэг юм. Нөхөрт маань хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дугаар тал/
Гэрч Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баяндун сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хээрийн түймэр гарсны маргааш нь би улсын байцаагч Б, хэсгийн төлөөлөгч Б, цагдаа А нарын хамтаар түймэр гарсан газар руу явж эхлээд түймэрт өртсөн гэх айлуудаар явж “Карми-62 эс” гэх нэртэй хэмжигч багажаар газрын байршлыг тогтоох ажлыг хийсэн. Үүний дараа түймэр анх гарсан гэх газарт очиж хэмжээд түймрийн захаар тойрч яваад “Карми-62 эс” багажаар цэгүүд авч шатсан талбайн хэмжээг тогтоож ажилласан. Уг багажаар хэмжихэд 15252 га талбай гэж хэмжигдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар тал/
2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 046/17 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1. Уг хээрийн түймэр нь иргэн Г-ийн гэрийн зүүн талаас гарсан байх боломжтой.
2. Уг хээрийн түймэр нь иргэн Г-ийн гэрийн зуухны яндангаас оч үсэрч хээрийн түймэр гарсан байх магадлалтай.
3. Зөрчлийн тухай хуулийн 5.14.1 дэх заалтыг зөрчсөн гэжээ. /хх-ийн 82-83 дугаар тал/
Гал түймэрийн улсын хяналтын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 046/07 тоот гал түймэр гарсан тухай акт /хх-ийн -84-85 дугаар тал/
Ой хээрийн түймрээс учирсан хохирлын акт /хх-ийн 86-88 дугаар тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, Урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 108, 109, 111-116, 183, 184, 185, 186 дугаар тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт нэмж гаргаж өгсөн Баяндун сумын 3-р багийн засаг даргын тодорхойлолт, хүүхдийн эмнэлгийн магадлагаа зэрэг болно.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт, зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Г нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багийн нутаг “Өвөр хонхор” гэх газарт хуурайшилт ихтэй, салхины хурд ихтэй үед гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцаж оч баригчгүй яндантай зууханд гал түлсний улмаас тус яндангаас оч үсэрч хээрийн түймэр гарч иргэн Б-ийн 5 ханатай эсгий гэр, модон болон төмөр ор, авдар, шүүгээ, малчны тамга, хүүхдийн гэрчилгээ зэрэг эд зүйлс шатаж 2.500.000 төгрөгийн хохирол, иргэн Ц-гийн хуучин хөргөгч, төмөр ор, зуслангийн амбаар зэрэг эд зүйлс шатаж 1.050.000 төгрөгийн хохирол, иргэн Д-ын 4 ханатай монгол гэрийн мод, зуны амбаар зэрэг эд зүйлс шатаж 300.000 төгрөгийн хохирол, иргэн П-ын 35 тооны хурга, 50 тооны ишиг, 20 тооны төлөг, 28 тооны шүдлэн ямаа, малын хашаа зэрэг эд зүйлс шатаж 10.030.000 төгрөгийн хохирол, Дорнод аймгийн Баяндун сумын бэлчээрийн 15252 га талбай шатаж 128.269.320 төгрөгийн хохирол, бусдад нийт 142.149.320 /зуун дөчин хоёр сая нэг зуун дөчин есөн мянга гурван зуун хорь/-н төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б, Б, Ц, Д, П, гэрч Ц, Э нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16 дугаар тал, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-20 дугаар тал/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-23 дугаар тал/, пийшин, янданд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-25 дугаар тал/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 36, 38, 41, 46, 50 дугаар тал/, Дорнод аймгийн онцгой байдлын газар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай акт /хх-ийн 84-85 дугаар тал/, Ой хээрийн түймрээс учирсан хохирлын акт /хх-ийн 86-88 дугаар тал/, Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багт гарсан түймрийн зураглал /хх-ийн 89 дүгээр тал/, Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ /хх-ийн 124, 147-148 дугаар тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. Түүнчлэн шүүгдэгч Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, цаг агаарын нөхцөл, шүүгдэгчийн хайхрамжгүй байдал зэрэг нөлөөлсөн бөгөөд шүүгдэгч Г нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас байгаль экологи болон бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй гэмт хэрэгт холбогджээ.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр тавьж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Г нь иргэний нэхэмжлэгч Б 2.500.000 төгрөг, Ц 1.050.000 төгрөг, Д 300.000 төгрөг, П 10.030.000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан болох нь иргэний нэхэмжлэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдааны тов мэдэгдэхэд өгсөн тайбар, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г нь гал унтраахад гарсан зардалд /шууд бус хохирол/ 1.210.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан /хх-ийн 119 дүгээр тал/ бөгөөд Дорнод аймгийн Баяндун сумын бэлчээрийн 15252 га талбай шатаж 128.269.320 төгрөгийн байгаль экологид учирсан хохирлыг иргэний нэхэмжлэгч Б нь нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч Г-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иргэний нэхэмжлэгчээр Б-г тогтоосон 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоолд түүнд эрх үүргийг тайлбарлаж өгсөн байх бөгөөд /хх-ийн 27-28 дугаар тал/ иргэний нэхэмжлэгч нь хууль зөрчиж нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс шүүгдэгч Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр тавьж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Г нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал, ар гэрийн ахуй амьдрал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г-т оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Г-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г-ийг гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцасны улмаас хээрийн түймэр тавьж, 142.149.320 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г-ийг оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Г-т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Б, Ц, Д, П нарын хохирол төлөгдсөн бөгөөд иргэний нэхэмжлэгч Б нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Г-ийн … тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА