Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2017/00424

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2017/00424

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар   

   

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3-р хэлтсийн хүсэлтээр 1972 оны 01 дүгээр  сарын 11-нд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 20-р хороо, Шар хоолой 1 тоотод оршин суудаг гэх, Лэглүүд хүгдүүд овогт Гомбосүрэнгийн Дашцэрэн /РД:ЖВ72021113/-г захиргааны журмаар албадан эмчлэх газарт явуулахыг хүссэн хүсэлтийг хэлэлцэв.            

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Б.Эрдэнэсүх, гуравдагч этгээд Г.Дашцэрэн, нарийн бичгийн дарга Б.Батчимэг нар оролцов.              

 

                         ТОДОРХОЙЛОХ  нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүрэг 20-р хороо, Шар хоолой 1 тоотод оршин суух, Гомбосүрэн овогтой Дашцэрэн /РД:ЖВ72021113/ нь архидан согтуурч, удаа дараа эрүүлжүүлэгдсэн, нийтийн хэв журмыг байнга зөрчиж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, архинд донтох өвчтэй байх тул Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгоно архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү...” гэв.                

 

Гуравдагч этгээд Г.Дашцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Энхжаргал нь Хэнтий аймгийн Биндэр сум руу явсан. Манай хүүхдүүд 1, 6, 9 дүгээр ангид сурдаг. Одоо хүүхдүүдийг маань том хүү харж байгаа. Том хүү 9 дүгээр ангид сурдаг, 15 настай. Одоо архи уухгүй, өөрөө гарах бодолтой байна. Миний бие Бэлхийн эцэст байдаг цэцэрлэгт галч хийдэг. Архины албадан эмчилгээнд явахгүйгээр өөрөө архи уухгүй байж чадна...” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг хэлэлцээд

                                                                           

                                                                                                              

 

 

 ҮНДЭСЛЭХ нь:

                                                                                                                                 

            Нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэс Г.Дашцэрэнг архины албадан эмчилгээнд явуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэж заажээ.

 

Г.Дашцэрэн 2011 онд захиргааны арга хэмжээ авхуулж байсан нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Харин сүүлийн нэг жилийн байдлаар буюу 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1 удаа эрүүлжүүлэгдсэн байна. Цагдаагийн байгууллагын хүсэлтэд заагдсан Г.Дашцэрэн нь 1 удаа эрүүлжүүлэгдсэн байх ба мөн 3 хүүхдийг асран хамгаалах хүнгүй, тухайн өдөр ямар зөрчил гаргасан нь бүрэн тогтоогдохгүй байна.

 

Иймд түүнийг архины албадан эмчилгээнд зайлшгүй явуулах шаардлагатай байдал тогтоогдохгүй гэж дүгнэн шүүх хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

           

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                   

 ТОГТООХ нь:

1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.3-т заасныг баримтлан   Лэглүүд хүгдүүд овогт Гомбосүрэнгийн Дашцэрэнг захиргааны журмаар архины албадан эмчилгээнд явуулахыг хүссэн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭЦЭГ