Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 671

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч  С.Батгэрэл,

шүүгдэгч С.С, А.А, П.Ттэдгээрийн өмгөөлөгч Б.Тэнгис,

хохирогч Д.Гтүүний өмгөөлөгч О.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос С.С, А.А, П.Т нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005017241036 тоот хэргийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны  өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ***өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Анагаахын шинжлах ухааны үндэсний их сургуулийн 1 курсын оюутан, ам бүл 7, эцэг, эх, эгч, хүргэн ах, 2 дүүгийн хамт *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, А.А. /РД:***/

Монгол Улсын иргэн, ***өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, эгчийн ***тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С.С. /РД:***/

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн .. дугаар курсын оюутан, ам бүл 3, эх, ахын хамт ... дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, П.Т. /РД:.../

Шүүгдэгч А.А, С.С, П.Т нар нь бүлэглэж 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны сагсны талбай дээр хохирогч Д.Ганпүрэвийг зодож зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зулгаралт, язрал, зүүн чихний ард хөхлөг орчим цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, цээжинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  А.Амэдүүлэхдээ: “Бид нар сагсны талбайд тоглоод дэлгүүийн гадаа сууж байсан. Тэр үед Энэрмаа хоёр найзтайгаа ирээд сагс тоглъё гэсэн. Тэгээд тэнд шар хувцастай өвчтэйдүү гэмээр хүүхэд байсан. Тэнд байсан хүүхдүүд бүгд 45 дугаар байр луу сагс тоглох гээд орсон. Гурав гураваараа хуваагдсан байсан. Нөгөө өвчтэйдүү хүүхэд ганцаараа үлдсэн байсан. Энэ ах гарч ирээд нөгөө хүүхэд рүү нилээн дайраад байсан. Нөгөө хүүхэд хашаанаас зугтаад явсан. Тэгээд энэ ах манай эмэгтэй найзуудыг янз янзаар хэлээд бид нартай муудалцаад байсан. Чи эрэгтэй юм уу, эмэгтэй юм уу гээд. Манай найз руу хуруугаа чичлээд янз янзаар хэлээд байсан. Тэгээд манай найз Алтантулга хоёр удаа нуруу луу нь цохисон. Тэгээд бид нар зугтсан. Тэгээд манай найз Сайнбаярыг бариад тавихгүй цохисон. Тэгэхээр нь би очоод баруун хацар луу нь нэг цохисон. Тэгээд Алтантулга араас нь ирээд цээж рүү нэг өшиглөсөн. Тэгээд бид нар зугтсан энэ ах анх бид нар дээр ирэхдээ архи дарс үнэртүүлсэн ирсэн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С мэдүүлэхдээ: “Бид нар тэр өдөр гурав гурваараа сагс тоглож байсан. Тэр үед энэ ах орж ирээд шар фудволктай хүүхдийг дээрэлхээд байсан. Тэгээд манай эмэгтэй найзуудыг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд миний нүд рүү хуруугаа хийсэн. Тэгэхээр нь хоёр цохиод зугтсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Т мэдүүлэхдээ: “Бид нар сагсны талбай дээр тоглож байсан. Тэр үед энэ ах согтуу орж ирээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд рүү дайраад байсан. Бид нараас хүүхдийнхээ бөмбөгийг нэхсэн. Тэгээд бөмбөгийг нь өгсөн. Тэгээд гараад явсан. Буцаж орж ирээд Сайнбаярыг дуудаад чи манай хүүхдийг ална шүү гэж хэлсэн гэсэн. Сайнбаяр би тэгэж хэлээгүй шүү дээ гэсэн. Тэгээд 10 хуруугаараа чичлээд нүдрүү нь хуруугаа хийсэн. Тэгээд Сайнбаяр хоёр цохисон. Араас хөөгөөд байхаар нь Алтантулга нэг цохисон, би нэг өшиглөсөн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Гмэдүүлэхдээ: “2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би эмнэлэгт хүн эргэчихээд гэртээ иртэл манай том банди бага банди хоёр гадаа тоглож байсан юм. Тэгээд би хүүхэд рүүгээ харсан. Гэтэл манай хүүхэд хамаатны хүүхэд хоёрыг буланд шар фудволктай хүүхэд шахсан зогсож байсан юм. Тэгээд би хүүхэд рүүгээ яасан бэ гээд цонхоор орилсон чинь утасруугаа заасан. Яасан гээд утсаар залгатал эд нар чинь бөмбөгөөрөө хамт тоглъё яасан сүртэй юм гээд дээрэлхээд байна гэсэн. Би тэгээд сагсны талбай дээр очсон шар фудволктай хүүхэд гараад явсан байсан. Тэгээд би яасан вэ хүүхдийн бөмбөг өг гэсэн. Тэгээд би бөмбөгийг нь аваад гараад явсан юм. Тэгтэл араас хөгшин банди минь мөрөөрөө яваарай гэсэн. Тэгэхээр нь би буцаад сагсны талбай руу орсон. Би тэгээд улаан нүдний шилтэй хүүхэд рүү чи юу гээд байгаа юм гээд маргалдаад байж байтал нүүр лүү хоёр удаа цохиод би тонгойтол баруун талд байсан Алтантулга нуруу руу өшиглөсөн. Тэгээд би газар унасан. Тэр үед масктай байсан. Нэг нь зүүн нүд рүү өшиглөсөн. Тэгээд эд нар зугтсан. Би араас нь гүйгээд шар цамцтай бандийг малгайнаас нь бариад авсан. Гэтэл араас ирээд жийсэн. Би тэгээд унатал эд нар зугтаад алга болсон. Би нүдний эмнэлэгт үзүүлсэн жилд хоёр удаа үзүүлэх шаардлагатай гэсэн. Би эмнэлгээр явахдаа машиндаа 246.000 төгрөгийн бензин хийсэн. Одоо хамрын хагалгаа, чихний хэнгэрэг нөхөх хагалгаанд орох шаардлагатай байгаа. Нийт 5.416.330 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Шүүгдэгч А.А, С.С, П.Т нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэм хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Д.Ганпүрэвийн “Миний бие 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байхад манай том хүү гадаа сагс тоглож байсан юм. Тэгээд би гэрийнхээ цонхоор хойш хартал манай хүүг сагсны талбайн буланд нэг хүүхэд шахчихсан юм яриад зогсож байсан. Тэгээд би цонхоороо хүүгээ дуудаад яасан гэж асуухад манай хүү гараа гар утас руугаа заагаад залга гэсэн. Тэгээд би хүү рүүгээ залгахад манай хүү утсаа аваад ааваа энэ хүүхдүүд миний бөмбөгийг авчихаад өгөхгүй байна гэж хэлэхээр нь би аав нь одоо гэрээсээ гараад очъё гээд утсаа таслаад гэрээсээ гараад сагсны талбай дээр очоод манай хүүг буланд шахаад зосгож байсан шар өнгийн футволктой хүүхэд дээр явж очоод яах гээд хүүхэд дээрэлхээд байгаа юм гэхэд тухайн хүүхэд надтай юу ч ярилгүй талбайгаас гараад явсан. Тэгээд би манай хүүхдийн бөмбөгөөр тоглож байсан хүүхдүүдээс бөмбөгийг нь аваад хүүгээ дагуулаад сагсны талбайгаас гараад явж байтал миний араас нэг эрэгтэй хүүхэд хөгшин банди минь мөрөөрөө яваарай гэж хэлэхээр нь би буцаж сагсны талбай руу ороод улаан өнгийн хүрээтэй нүдний шил зүүсэн эрэгтэй дээр тулж очоод юу гээд байгаа юм гээд бид хоёр хоорондоо хэл амаараа маргалдаж байтал тухайн хүүхэд миний зүүн нүд рүү баруун гараараа хоёр удаа цохисон. Би тухайн хүүхдэд цохиулаад доошоо тонгойход миний баруун талд зогсож байсан цэнхэр өнгийн жинсэн хүрэм өмссөн байсан эрэгтэй хүүхэд миний уруул руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн чинь би хойшоогоо уначихсан. Намайг газар уначихсан байж байхад миний зүүн хойд талд байсан эрэгтэй хүүхэд миний зүүн талын чих хавьцаа хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тухайн хүүхдүүд намайг зодож байх явцад тэд нартай хамт зогсож байсан эмэгтэй хүүхддүүд наадахаа алаач гэх зэргээр хажуу талаас нь орилоод байсан. Тухайн хүүхдүүд сагсны талбайгаас гараад гүйхээр нь би газраас босоод тэд нарын араас хөөгөөд 46 дугаар байрны хашааны хажуу талд анх миний зүүн талын нүд рүү цохисон эрэгтэй хүүхдийг барьж аваад зогсож байтал миний зүүн талын чих рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн эрэгтэй хүүхэд буцаж ирээд миний баруун талын хавирга руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд би газар унахад тэд нар зугтахаар нь би араас нь хөөсөн боловч тэд нарыг гүйцээгүй алдсан.

... Миний биед учирсан гэмтлийг гурван эрэгтэй хүүхэд учруулсан. Би эмнэлгийн байгууллагад хандсан. Одоогоор эмчилгээ хийлгээд дуусаагүй байгаа учраас нийт хэдэн төгрөгний эмчилгээ хийлгэсэн гэдгээ сайн мэдэхгүй байна. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Эмчилгээнд гарсан зардлаа төлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-20 дугаар хуудас/,

“... Би эмнэлгийн байгууллагад хандсан. ЭМЖЖ эмнэлэг болон 2, 3 лабораторид хандаж эмчилгээ хийлгэж байгаа. Надад цаашид эмчилгээ хийлгэх шаардлага байгаа. Би нүдний ухархай болон хамрын хагалгаанд орох шаардлагатай байгаа. Өөрт учирсан гэмтэл бэртэлээ эмчлүүлмээр байна. ..” гэсэн мэдүүлэг. /хэргийн 66-67 дугаар хуудас/,

Гэрч Э.Энэрмаагийн “... Тэгсэн чинь Сайнбаяр тухайн эрэгтэй хүний зүүн болон баруун нүд орчим руу нь хоёр гараараа нэг, нэг удаа цохисон. Тухайн эрэгтэй хүн Сайнбаярт цохиулаад газар унасан бөгөөд бид нар зугтаагаад шийднээс гарах гэж байхад нөгөө эрэгтэй хүн Сайнбаярыг зуурчихсан байж байсан. Тэгсэн чинь Төгөлдөр явж очоод тухайн эрэгтэйг Сайнбаяраас салгасан. Гэхдээ ямар нэгэн байдлаар зодож цохиж салгаагүй. Зүгээр наас цааш түлхэж байгаад салгасан. Тэгээд бид нар дахиад зугтааж байтал нөгөө эрэгтэй хүн дахиад Сайнбаярыг барьчихсан байсан. Тэгтэл Алтантулга явж очоод тухайн эрэгтэй хүний хаана нь гэдгийг нь харж чадаагүй ямар ч байсан гараараа хоёр удаа цохиж байсан. Төгөлдөр бас явж очоод тухайн эрэгтэй хүний хаашаа гэдгийг нь харж чадаагүй, ямар ч байсан хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Яагаад харж чадаагүй вэ гэхээр би болон манай хоёр эмэгтэй найзууд холоос харж байсан болохоор сайн харж чадаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27-28 дугаар хуудас/,

Гэрч Ө.Индрагийн “Би 2020 оны 05 дугаар сарын 02-ны орой найз Наранзул, Энэрмаа нарын хамт 45 дугаар байрны гадна байдаг сагсны талбай дээр байж байгаад Энэрмаагийн таньдаг гурван эрэгтэй хүнтэй хамт, нэг танихгүй хүүхдийн бөмбөгийг гуйж аваад сагс тоглож байсан юм. Тэгтэл нэг согтуу эрэгтэй хүн ирээд бид нарын хамт сагс тоглож байсан тухайн үед улаан өнгийн хүрээтэй нүдний шил зүүсэн байсан буюу Сайнбаярт хандаж чи манай хүүхдийг пиздагаар нь дуудлаа гээд уурлаад байсан. Тэгээд Сайнбаяр тухайн эрэгтэй хүнд хандаж ахаа би танай хүүхдийг тэгж хэлээгүй гэхэд уурлаад хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь бас тухайн эрэгтэй хүн дээр явж очоод та болиочээ гэсэн чинь намайг эр эм нь мэдэгдэхгүй гичий минь дуугай байгаарай гэсэн. Тэгээд эрэгтэй хүн нь Сайнбаярын нүүр лүү нь хуруугаараа чичлээд байсан чинь Сайнбаяр тухайн эрэгтэйн баруун, зүүн хацар луу хоёр гараараа нэг нэг удаа цохиод тухайн эрэгтэйг газар унагасан. Тэгээд бид нар зугтааж байхад тухайн эрэгтэй хүн араас хөөж ирээд Сайнбаярын өмсөж байсан цамцны малгайнаас нь зуураад доош нь дараад гэдэс  рүү нь гараараа нэг хоёр удаа цохиод байсан. Тэгтэл Сайнбаярын хоёр найз нь явж очоод өндөр нуруутай залуу нь тухайн эрэгтэй хүний бие рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Яг хаашаа өшиглөсөн гэдгийг нь би харж чадаагүй. Хол байсан болохоор. Тэгтэл арай намхан нуруутай эрэгтэй тухайн эрэгтэйн гэдэс рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд тэр 3 тухайн эрэгтэй хүнээс салаад бид нар гэр гэртээ харьсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 29-30 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 5485 дугаартай:

“1. Д.Ганпүрэвийн биед  зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зулгаралт, язрал, зүүн чихний ард хөхлөг орчим цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонгид нөлөөлөхгүй.

5. 6. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 33-35 дугаар хуудас/

Натур эмнэлэг компьютерт томографийн оношлогоо. /хэргийн 36 дугаар хуудас/

Шинжээч М.Аригуунтөгсийн “Зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтлүүд нь дангаараа 1 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл ба хөнгөн зэрэгт хамаарна. Хамар ясны хугарал зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 1 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл ба хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чихний ард хөллөг орчмын цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэрэгэн хальсны цооролт гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тус гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 41 дүгээр хуудас/,

А.Алтантулгын яллагдагчаар өгсөн “... Тэгтэл Сайнбаяр тухайн эрэгтэй хүний баруун, зүүн хацар руу нь хоёр гараараа нэг нэг удаа цохиод газар унагачихсан. Тэгээд бид нар сагсны талбайгаас гараад зугтаж байтал нөгөө эрэгтэй хүн Сайнбаярыг бариад авчихаар нь би буцаж очоод тухайн эрэгтэй хүний толгой руу нь гараараа цохих гэж байгаад оноогүй зөрчихсөн. Тэгээд тэр эрэгтэй хүн Сайнбаярыг тавихаар нь бид нар гүйгээд зугтааж байтал Сайнбаяр дахиад баригдчихсан. Тэгээд би буцаж очоод тухайн эрэгтэй хүний баруун талынх нь хацар луу нь баруун гараараа нэг удаа цохитол миний хажуу талаас Төгөлдөр орж ирээд цээж хавьцаа руу нь  хөлөөрөө нэг удаа өшиглөхөд тухайн эрэгтэй хүн газар суучихаар нь бид нар тэр чигтээ зугтаагаад гэр гэртээ харьсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 60-61 дүгээр хуудас/,

С.Сайнбаярын яллагдагчаар өгсөн “... би уурандаа тухайн эрэгтэй хүний хүний баруун, зүүн талын хоёр хацар луу нь хоёр гараараа нэг нэг удаа цохисон. Тухайн эрэгтэй хүн надад нүүр лүүгээ 2 удаа цохиулаад газар унахаар нь бид нар зугтаатал нөгөө эрэгтэй хүн газраас босож ирээд намайг сагсны шийдний талбайгаас гарах гэж байх үед миний араас бариад авсан. Тэр үед Алтантулга хүрч ирээд тухайн эрэгтэй хүнийг нэг удаа гараараа цохих шиг болсон. Гэхдээ би доошоо тонгойчихсон байсан учир хаашаа нь цохисон гэдгийг нь харж чадаагүй. Тэгээд тухайн эрэгтэй хүн намайг тавихаар нь бид нар үргэлжлүүлэн цааш зугтааж байтал нөгөө эрэгтэй хүн дахиад намайг бариад авсан. Тэгтэл Алтантулга намайг тэр хүнээс салгах гээд нүүр лүү нь гараараа нэг удаа цохитол Төгөлдөр ирээд тухайн эрэгтэй хүний цээж рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөөд мөн адил цээж  рүү нь гараараа нэг удаа цохиж байгаа харагдсан. Тэгээд нөгөө эрэгтэй хүн намайг тавихаар нь бид нар зугтацгаасан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн  62-63 дугаар хуудас/,

П.Төгөлдөрийн яллагдагчаар өгсөн “... Сайнбаярын өмсөж явсан малгайтай цамцных нь малгайнаас нь бариад авчихаар нь би буцаж очоод нөгөө эрэгтэй хүний гэдэс рүү хөлөөрөө нэг удаа өшиглөөд үргэлжлүүлэн гараараа нэг удаа гэдэс рүү нь цохисон. Миний хажуу талд Алтантулга хүрч ирээд тухайн эрэгтэй хүний хаашаа гэдгийг нь би хараагүй, ямарч байсан гараараа нэг удаа цохисон. Тэгээд тухайн эрэгтэй хүн Сайнбаярыг тавихаар нь бид нар цаашаа зугтаагаад яваад өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 64-65 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Ганпүрэв, гэрч Э.Энэрмаа, Ө.Индра, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 5485 дугаартай дүгнэлт, яллагдагчаар А.А, С.С, П.Т нарын өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны сагсны талбай дээр хохирогч Д.Гнь хүүхдийн бөмбөг авлаа гэх шалтгаанаар шүүгдэгч С.Сайнбаяртай зүй бус харьцаж, улмаар шүүгдэгч А.А, С.С, П.Т нар нь хохирогч Д.Ганпүрэвийг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч А.А, С.С, П.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Д.Гнь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигт нийт 5.416.330 төгрөг нэхэмжилжээ.

Түүний шүүхэд гарган өгсөн шатахуун худалдаж авсан баримтууд байгаа боловч уг шатахууныг зөвхөн эмчилгээ хийлгэх зорилгодоо зарцуулсан гэж үзэх боломжгүй, 3 сарын хугацаанд олох байсан орлого 2.065.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч ийм хэмжээний орлого олдог байсан нь тодорхойгүй, баримтаар нотлогдоогүй, хамрын таславчийн мурийлт засах хагалгаанд 2.400.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч уг мэс заслыг хийлгээгүй ирээдүйд гарах зардал тул бодит хохиролд тооцох боломжгүй, мөн эмнэлгийн үнийн тариф гаргаж өгсөн боловч энэ нь хохирлыг бодитоор нотлох баримт болж чадахгүй юм.

Түүнчлэн өмгөөлөгчид төлсөн хөлс 500.000 төгрөг хохиролд тооцож нэхэмжилж байгаа боловч энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг биш харин хууль зүйн туслалцаа авч өмгөөлүүлсний хөлс тул хохиролд тооцох боломжгүй байна.

Нөгөөтэйгүүр хохирогч Д.Гнь эрүүл мэндийн үйлчилгээнд нийт 286.000 төгрөг зарцуулсан баримт /хэргийн 14-15 дугаар хуудас/ хэрэгт авагдсан бөгөөд шүүгдэгч нар нь хохирогчид нийт 286.100 төгрөг төлсөн баримтыг үйлдэж шүүхэд гаргаж өгсөн байх тул үлдэгдэл эмчилгээ хийлгэсэн 22.000 төгрөгийн баримтаар /хэргийн 133, 147 дугаар хуудас/ тогтоогдсон мөнгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Харин хохирогч Д.Гнь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа цуглуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдвал зохино.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Шүүх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн зарим хэсгийг төлж барагдуулсан зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулав.

  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг  энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалт заасан “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,

С.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг  энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалт заасан “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,

П.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг  энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалт заасан “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Алтантулгыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

С.С-г500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

П.Төгөлдөрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  А.А, С.С, П.Т нар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.А, С.С, П.Т нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, А.А, С.С, П.Т нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар А.А, С.С, П.Т нараас тус  бүр 7333 төгрөг гаргуулж хохирогч Д.Ганпүрэвт олгож, хохирогчийн нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Хохирогч Д.Г нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа цуглуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.А, С.С, П.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ