Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2017/00364

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 26 өдөр          Дугаар 101/ШШ2017/00364              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Дүүрэг 9 дүгээр гудамж, 421 тоотод оршин суух, Боржигин овогт Мөнхсүхийн Ганчимэг /РД:УИ91101281/-ийн нэхэмжлэлтэй,     

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Дүүрэг 9 дүгээр гудамж, 421 тоотод  оршин суух, Боржигон овогт Батдэлгэрийн Мөнхбат /РД:ЕЮ89052812/-д холбогдох,

 Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Өлзийгэрэл оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Ганчимэг миний бие нь 2007 онд Б.Мөнхбаттай танилцаж улмаар 2013 оны 5 сарын 7-нд гэрлэлтийн 510 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2013 оны 11 сарын 8-нд охин М.Хулангоо төрсөн. Мөнхбат надтай амьдрах хугацаандаа 4 удаа шоронд орж байсан. Хамгийн сүүлд намайг жирэмсэн байхад 2013 онд ороод 2014 онд гарч ирээд ааш нь их хувирч, архи их ууж гэр орондоо тогтохгүй ирэхээрээ надад гар хүрч зодох болсон. Иймээс гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин М.Хулангоог миний асрамжид үлдээж, эцэг Б.Мөнхбатаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Бид эвлэрэх боломжгүй, цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

Хариуцагч Б.Мөнхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Батдэлгэр овогтой Мөнхбат миний бие Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 6 гудамж, 307 тоотод оршин суудаг, ажилгүй. Нэхэмжлэгч Ганчимэгийн гэрлэлт цуцлах өргөдлийг зөвшөөрч байна. Хүүхдийг эхийн асрамжид өгөх мөн хүүхдийн тэтгэлэгийг өгөхийг зөвшөөрч байна...” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Ганчимэг хариуцагч Б.Мөнхбатад холбогдуулан “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 Хариуцагч “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргаж байна. 

                        

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

 

Гэрлэгчид 2013 оны 01 сарын 17-ны өдөр гэр бүл болж улмаар 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2013 оны 11 дүгээр сарын 8-нд охин Мөнхбатын Хулангоо төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн тайлбараар тогтоогдож байна.  

Гэрлэгчид 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч гэрлэгчид эвлэрээгүй, хэн аль нь эвлэрэх боломжгүй гэж тайлбарлан гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлав.   

 Гэрлэгчид охин М.Хулангоогийн асрамжийн тал дээр маргахгүй, хариуцагч охиноо эх М.Ганчимэгийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байх тул шүүх охин М.Хулангоог эх М.Ганчимэгийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэний журамт үүрэг бөгөөд охин М.Хулангоог эх М.Ганчимэгийн асрамжинд үлдээхийг хариуцагч зөвшөөрсөн бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар “эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” үүрэгтэй тул хариуцагч Б.Мөнхбатаас хүүхдийн тэтгэлэгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр гаргуулах нь зүйтэй.

Гэрлэгчид эд хөрөнгийн маргаан үүсгээгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “Тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг.. шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр” нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасны дагуу Б.Мөнхбатаас улсын тэмдэгтийн хураамжид тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тооцож 31,248 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Үндэсний статистикийн хорооны даргын 2015 оны 1 сарын 29-ний өдрийн А/9 тоот тушаалаар 2015 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг Улаанбаатар хотод 185400 төгрөгөөр тогтоосон байх тул хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн хэмжээг уг дүнгээс тооцов.

Охин М.Хулангоог эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь Б.Мөнхбатын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг хүүхдээ хүмүүжүүлэх асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд эх М.Ганчимэг саад болох учиргүй юм. 

Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээж болохыг дурдая.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т заасан журмын дагуу хариуцагч Б.Мөнхбатад 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 89141978 дугаарын утсаар нь мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Батдэлгэрийн Мөнхбат /РД:ЕЮ89052812/, Боржигин овогт Мөнхсүхийн Ганчимэг /РД:УИ91101281/ нарын гэрлэлтийг цуцалсугай.   

 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 11  дүгээр сарын 8-нд төрсөн охин Хулангоо /РД:УЛ13310820/-г эх М.Ганчимэгийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 11 дүгээр сарын 8-нд төрсөн М.Хулангоог 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Мөнхбатаар тэжээн тэтгүүлсүгэй.   

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дах хэсэгт заасныг баримтлан хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, Засгийн газраас тогтоосон хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Зохигчид эд хөрөнгийн маргаан үүсгээгүй болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхбатаас улсын тэмдэгтийн хураамжид 101,448 төгрөгийг гаргуулан, үүнээс 70,200 төгрөгийг нэхэмжлэгч М.Ганчимэгт олгож, үлдэх 31,248 төгрөгийг улсын орлогод оруулсугай.

8. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Батчимэгт даалгасугай.        

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.БАТЦЭЦЭГ