| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2016/09394/И |
| Дугаар | 101/ШШ2017/00299 |
| Огноо | 2017-01-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2017/00299
2017 оны 01 сарын 23 өдөр Дугаар 101/ШШ2017/00299 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 29 дүгээр байр, 56 тоотод оршин суух, Алтангэрэл овогт Цэрэндолгорын Туяа /РД:ЧЛ71072209/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, Хангамж 176 тоотод оршин суух, Балсан Хаалгач овогт Чинзоригийн Ууганбаяр /РД:ЗЮ86111114/-т холбогдох,
250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Туяа миний бие Ц.Ууганцэцэгээр дамжуулан Ч.Ууганбаярт 2015 оны 06 дугаар сард АНУ-ын Huperdunk брендийн хар, цагаан өнгө хосолсон оригинал пүүзийг 250,000 төгрөгөөр аман хэлцэл хийж худалдсан.
Анх пүүзийг худалдан авах үед Ч.Ууганбаяр нь төлбөр огт төлөөгүй ба хоёр сарын дотор төлбөрийг бүрэн төлөхөөр тохиролцсон. Гэвч тохиролцсон хугацаандаа пүүзний үнийг төлөөгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд Ч.Ууганбаяраас пүүзнийхээ үнийг нэхэхэд мөнгөө өгч чадахгүй гээд олон удаа зугатан өнөөг хүртэл хохироож байна.
Талуудын дунд иргэний хуулийн 243 дүгээр зүйлд заасны дагуу Худалдах-худалдан авах гэрээгээр эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд Ч.Ууганбаяр нь гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ.
Иймд пүүзний төлбөр 250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, бусад бичгийн баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Туяа хариуцагч Ч.Ууганбаярт холбогдуулан “худалдсан барааны үнэд 250,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Ууганбаярт 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гардуулж өгсөн.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаа буюу 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудсан боловч шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.Туяа өөрийн танил болох Ц.Ууганцэцэгээр дамжуулан хариуцагч Ч.Ууганбаярт хайперданк брендийн хар, цагаан өнгө хосолсон оригинал пүүзийг 2015 оны 6 дугаар сард 250,000 төгрөгөөр худалдсан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Ч.Ууганбаяр худалдан авсан пүүзний үнэ болох 250,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Туяад төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч Ч.Ууганбаяраас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 250,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Туяад олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д заасан журмын дагуу хариуцагч Ч.Ууганбаярт 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Ууганбаяраас 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Туяад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ууганбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 8,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Туяад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ