Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 00100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа

Улсын яллагч Н.Улсболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Сэргэлэнбат

Шүүгдэгч П.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Гад холбогдох 20320011800103 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Дархан-Уул аймагт 1974 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт *тоотод оршин суух, хандгай нуур ХХК-д гэрээгээр ажилладаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт  Пүрвээгийн Г/рд:*/

 

           Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч П.Г нь 2020 оны 07 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг Хонин нуга гэх газарт П.Хчтай маргалдан улмаар сандалаар түүний толгойн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Г өгсөн: …Би цагдаа дээр болсон явдлыг үнэн зөвөөр ярьсан учраас одоо дахин ярих шаардлагагүй гэж үзэж байна. ...гэх мэдүүлэг,

Эрүүгийн 20320011800103 тоот хавтаст хэргээс

 

Хохирогч П.Хч мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: ...Би 2020 оны 07 дугаар сарын 01-ний шөнө 00 цагийн орчим Мийгаа гэдэг ахтай хамт Хоинин нуга гэх нэртэй газар очих замдаа Мийгаа ахтай 1 шил архи хувааж уугаад очсон. Тэгээд би тэдний илүү гэрт нь ороход зүүн талын орон дээр хүн унтаж байхаар нь би тэр хүнийг дуудаад сэрэхгүй болохоор нь тэр хүний бүсэлхий хавьцаа нь гараараа хоёр удаа цохьсон. Тэгсэн чинь тэр хүн миний төрсөн ах Г ах босч ирээд намайг танихгүй байгаа юм уу гэж хэлээд бид хоёрын дунд маргаан үүссэн. Тэгээд би Г ахтайгаа зодолдсон. Тухайн үед би согтуу байхдаа ах руу гаа хутга бариад дайрсан чинь ах над руу тэр гэрт байсан жижиг сандал аваад шидсэн чинь миний толгойг оносон. Тэгээд бид хоёр зодолдохоо болиод ах миний хагарсан толгойг боож цусыг нь тогтоогоод Зүүнхараа руу өөрийнхөө Зил-131 загварын машинд суулгаад ээжиййн гэрт авч ирсэн. Тэр үед ах бид хоёроос гадна Хз гэдэг нэртэй залуу байсан. Ах бид хоёрыг айлын илүү гэрт зодолдож байхад Хз бас тэр гэрт байсан. Мийгаагийн амьдардаг гэр нь илүү гэрээсээ 70 орчим метрийн зайтай газар байдаг. Мийгаа бид хоёрын зодооны талаар мэдээгүй. ...Намайг Г ах орон дээрээс босч ирээд танихгүй байна гэж хэлээд миний зүүн шанаа руу 2 удаа алгадахаар нь би уур хүрээд тэр илүү гэрийн шүүгээн дээр байсан дунд зэргийн урттай хутга бариад дайрсан чинь ах сандрахдаа над уу жижиг сандал аваад шидсэн чинь тэр сандал нь миний толгойг оносон. Өөрөөр ахиж миний бие ах гар хүрээгүй. Дээрх зодоон миний буруугаас болж гарсан. Г ах намайг өөр рүү нь хутгатай дайрахаар нь сандарсандаа болоод сандал авч над руу шийдсэн байх. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 11-12 дугаар хуудас/

Гэрч О.Хз мөрдөн байцаалтад өгсөн: ...Би Хч ахын төрсөн ах Гын хамт Хонин нуга гэдэг нэртэй газарт Нугын хишиг ХХК-ний модыг бэлтгэх гэж зодоон болохоос 10 гаран хоногийн өмнө Хонин нуга нэртэй газар очоод миний танихгүй айлын илүү гэрт байрлаж байсан. Тэгээд яг хэдний өдөр байсан гэдгийг нь санахгүй байна нэг шөнө тэр айлын илүү гэрт Г ах бид хоёрыг унтаж байхад гаднаас нэг хүн орж ирсэн. Тэгээд хэн бэ гээд Г ахыг унтаж байхад нь илүү гэрт орж ирсэн хүн  татаад байсан. Тэгээд Г ах тэр хүнтэй маргалдаад хэрэлдээд байж байснаа Г ах тэр гэрийн баруун талын орны хажууд байсан будаггүй жижиг сандлыг аваад тэр хүн рүү шидэж байгаа харагдасан. Тэгээд тэр хүний толгойноос цус гараад байсан. Тэгээд би босоод харсан чинь Хч ахын толгойны орой хэсгээс цус гарч байсан. Г ах Хч ахын толгойноос гарсан цусыг арчаад толгойг нь марлаар ороогоод тэндээс Г ахын 44-64 гэсэн улсын дугаартай Зил-131 машинд Хч ахыг суулгаад бид гурав Мандал руу явж Дуламханд эмээгийнд ирсэн. Тэгээд тэр өдрөө Хч ах Улаанбаатар хот руу явсан гэсэн. Г ах бид хоёр Хч ахыг Дуламханд эмээгийн гэрт буулгачихаад буцаад Хонин нуга руу яваад өгсөн. ...энхлээд Г ах Хч ахын зүүн гарны мөр орчимд нь гараараа цохиод байх шиг байсан тэгээд Г ахын хэвтэж байсан орны хажууд байсан сандлыг Г ах  аваад Хч ах руу шидсэн гэхдээ тэр сандал Хч ахын биеийг оносон эсэхийг мэдэхгүй. Тухайн үед уг гэрийн хаалга нь хаалттай гэрийн тооно онгорхой байсан болохоор гэрт болж байгаа зодоон бүдэг харагдаж байсан. Г ах Хч ах руу сандал шидэхээр босоод харсан чинь Хч ахын толгойноос гарсан байхыг харсан. ...гэх мэдүүлэг./Хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Шүүгдэгч П.Г мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2020 оны 06 дугаар сарын сүүлээр би Ерөө сумын Гангат гэх газраас уулнаас мод бэлтгэхээр  явсан. Замдаа Хонин нуга гэх газар очоод цаашаа өөрийн зөвшөөрөл бүхий мод бэлтгэх газар луу явах гэсэн боловч шавар ус их байсан тул цааш явж чадалгүй 7-8 хоносон. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 01-ний шөнө намайг Хонин нуга гэх газар амьдардаг Мягмарсүрэн буюу Мийгаа ахын хажуу илүү гэрт нь унтаж амарч байхад нэг хүн миний бөгс рүү цохьсон. Гэрт харанхуй байсан болохоор хэн орж ирснийг мэдэхгүй болохоор хэн бэ гэтэл чи харин хэн юм бэ пизда минь гэсэн.Тэгэхээр нь би дуугаар нь өөрийн төрсөн дүү болох П.Хч болохыг таниад зодох нь уу пизда минь гэхэд өөдөөс манай дүү ална шүү пизда минь гэхээр нь би босож ирээд дүүгээ алгадсан.Тэгсэн чинь манай дүү Хч ална муу пизда гээд цаашаа ухас хийгээд хоолны шүүгээнээс хутга аваад эргээд над руу дайрахаар нь орны хажууд байсан модон чуркээр матаж хийсэн  сандал хөлд таарахаар нь аваад эхлээд зүүн гар орчимд нь цохьсон тэгсэн чинь дахиад над руу дайрахаар нь би арагшаа хэд алхам ухарч байгаад сандалаа өөдөөс нь шидсэн чинь толгой руу оносон. Энэ үед манай дүү арагшаа цохиулаад унахаар нь тухайн үед хажуугийн орон дээр унтаж байсан манай хамаатны хүүхэд болох  Хз босоод ирэхээр нь гар чийдэн аваад ир гэж явуулаад гар чийдэн авч ирэхээр нь тусгаад үзтэл манай дүү Хчы толгойгоос цус гарч байсан. Намайг толгойн цусыг нь цэвэрлэж байхад Хч зүгээр ахаа гээд байсан. Мөн наашаа Хараа руу эмнэлэг рүү авя явна гэхэд зүгээр зүгээр толгой хагараа биз гээд байхаар нь хүчээр наашаа машинд суулгаж эмнэлэгт авч ирсэн. Ийм л зүйл болсон. ...Иухайн үед гэрт Мийгаа ахын илүү гэрт манай хамаатны дүү Хз бид хоёр л амарч байсан. Хз л болсон явдлыг харсан байх. ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна. ...Би дүүгийнхээ эмчилгээний зардлыг бүрэн гаргаж дүүгээ эмчлүүлсэн. Одоо биеийн байдал хэвийн сайн байгаа. Ямар нэгэн гомдол саналгүй болгосон. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 41-42 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /Хх-ийн 2 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №118 дугаартай дүгнэлт:

Дүгнэлт хэсэгт

1.П.Хчы биед духны зүүн талд шарх, дух ясны цөмөрсөн хугарал доош зүүн духны хөндийн гадна, дотор ялтас, этмойд хөндий, нүдний ухархайн дээд хана дайрсан хугарал зүүн тал бөмбөлгийн  духны дэлбэнгийн тархины эдэд няцралт, цус хуралт, тархи дарагдал, тархи доргилт хацар, нүдэнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2.Дээрхи гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...гэх дүгнэлт/Хх-ийн 31-32 дугаар хуудас/

Шүүгдэгч П.Гын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-ийн 46 дугаар хуудас/

Хандай нуур ХХК-иас шүүгдэгч П.Гын талаар гаргасан тодорхойлолт/Хх-ийн 85 дугаар хуудас/

Хохирогч П.Хчы гомдол саналгүй болон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт/Хх-ийн 92 дугаар хуудас/

Шүүгдэгч П.Гын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 97 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.          

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

Нэг.Шүүгдэгч П.Гыг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч  П.Г нь 2020 оны 07 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Хонин нуга гэх газарт хохирогч П.Хчы толгойн тус газар модон сандлаар нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Хохирогч П.Хчы мэдүүлэг/Хх-ийн 11-12 дугаар хуудас/, гэрч О.Хзийн мэдүүлэг/Хх-ийн 23-24 дүгээр хуудас/,шүүгдэгч П.Г гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 18-19, 41-42 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №118 дугаартай дүгнэлт/Хх-ийн 31-32 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч П.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

           

   Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч П.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

 

            Хохирогч П.Хч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь  зүйтэй байна.

 

Гурав.Шүүгдэгч П.Гад оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч П.Г нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Иймд шүүгдэгч П.Гад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч П.Г нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг хуульд зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч П.Гад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн хүсэлтээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа ба мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч П.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн жижиг модон сандалыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогч П.Хч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Пүрвээгийн Гыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Хохирогч П.Хч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Гыг 10.000/арванмянга/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан П.Гад оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг 02/хоёр/жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ялтан П.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан П.Гад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7.Ялтан П.Г нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн жижиг модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

   9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 11.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд П.Гад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ