| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2017/00238/И |
| Дугаар | 101/ШШ2017/00297 |
| Огноо | 2017-01-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2017/00297
2017 оны 01 сарын 23 өдөр Дугаар 101/ШШ2017/00297 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 3а хэсэг, 66 тоотод оршин суух, Таргад овогт Даваагийн Дариа /РД:ОЗ66090706/-гийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Дариа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Дариа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Даваа овогтой Дариа миний бие 1966 оны 09 сарын 07-нд төрсөн ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Үндсэн захиргаа Увс аймгийн Завхан суманд ажиллаж амьдарч байсан. Би Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдлийн 3 дугаар бригадад 1979 оны 6 сараас илгээлт авч өвөө, эмээ нартаа тус дэм болох хэдэн дүү нараа сургууль соёлд явах боломжоор нь хангах, туслах зорилгоор малчин болсон. Би ер нь мал маллах дуртай, малд хайртай, амралтаараа байнга өвөө эмээ дээр мал аж ахуй дээр гарч ажиллаж байсан бас туршлагатай болсон.
1979 оны 6 сараас тус сумын 3 дугаар бригадад туслах малчнаар эхлэж ажиллаад явцын дунд толгой дааж, суурь эх хонь, ямааг 1992 он хүртэл тасралтгүй маллаж байгаад нэгдэл тарж, мал хувьчлагдсан юм. Ингээд Сандалай нэгдлийн суурин дээр “Сандалай” ХК байгуулагдаж, түрээсийн малыг нь үргэлжлүүлэн 1993 оноос 1994 оны 11 сар хүртэл тасралтгүй маллаж байгаад өөрийн хүсэлт, шилжих шалтгаанаар бүх малыг нь тоо ёсоор бүрэн дүүрэн хүлээлгэн өгсөн.
Ингээд миний 1979 оны 6 сараас 1994 оны 11 сар хүртэл хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч зарим дэвтрийн хуудас байхгүй, зарим дэвтрийн зарим оны, зарим сарын хөдөлмөрийн хөлс засвартай зэрэг шалтгаан байгаа учир тэтгэвэр тогтоолгох боломжгүй шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэж зөвлөсний дагуу миний 1979 оны 6 сараас 1994 оны 11 сар хүртэл тасралтгүй ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү ...” гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Дариа “ажиллаж байсан байдлаа тогтоолгох” хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон тул шүүхээр тогтоолгох шаардлагатай байна гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгчийн ажилд орсон тушаал олдохгүй, уг баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч засвартай болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул түүний ажиллаж байсан байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2, 135 дугаар зүйлийн 135.2.6, 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар шүүх хянан шийдвэрлэх ёстой байна.
Д.Дариа Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд 1979 оны 6 сараас 1992 оныг дуустал 13 жил 7 сар малчинаар, Увс аймгийн Завхан сумын “Сандалай” ХК-д 1993 оноос 1994 оны 11 сар хүртэл 1 жил 10 сар малчнаар, нийт 15 жил 5 сар малчинаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдлээс Д.Дариад олгосон 168 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдлээс 1991 оны 1 сарын 1-ний өдөр Д.Дариад олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Завхан сумын Сандалай ХК-иас Д.Дариад олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Архивын тасгаас гаргасан ... Д.Дариагийн 1979 оны 6 сараас 1994 оны 10 сарыг дуусталх хугацаанд авч байсан цалинг тодорхойлсон... тодорхойлолт, шимтгэл төлөлтийн лавлагаа, “Сандалай” ХК-ийн захирлын 1993 оны 11 сарын 1-ний 36 дугаартай тушаал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлүүдэд заасан заалтыг баримтлан гэрчээр асуугдсан Б.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Гэрч Б.Пүрэвсүрэн “...Би 1970 онд 8 дугаар ангиа төгсөөд Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд явуулын багшаар анх ажилд ороод ажиллаж байгаад 1979 оны намар тус нэгдэлдээ тооцооны туслах нягтлан бодогчоор ажилласан. Намайг ажиллах хугацаанд Д.Дариа тус нэгдлийн 3 дугаар бригадад бог мал маллаж байсан. Тэрнээс хойш 1991 онд нэгдэл хувьчлагдаж, тэр нэгдлийн суурь хөрөнгөн дээр зах зээл гарч ирээд Сандалай компани байгуулагдсан. Тэгэхэд Д.Дариа малчнаараа үргэлжлүүлээд ажиллаж байсан...” гэх мэдүүлэг нь Б.Пүрэвсүрэнд Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдлээс 1978 оны 3 дугаар сарын 21-ний өдөр олгож байсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Үйлдвэрчний эвлэлийн батлахын хуулбар зэргээр тус тус нотлогдож байх тул гэрчийн мэдүүлгийг ач холбогдолтойд үнэлсэн болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Д.Дариаг Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд 1979 оны 6 сараас 1992 оныг дуустал 13 жил 7 сар малчинаар, Увс аймгийн Завхан сумын “Сандалай” ХК-д 1993 оноос 1994 оны 11 сар хүртэл 1 жил 10 сар малчнаар, нийт 15 жил 5 сар малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Таргад овогт Даваагийн Дариаг Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд 1979 оны 6 сараас 1992 оныг дуустал 13 жил 7 сар малчинаар, Увс аймгийн Завхан сумын “Сандалай” ХК-д 1993 оноос 1994 оны 11 сар хүртэл 1 жил 10 сар малчнаар, нийт 15 жил 5 сар малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ