| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2020/00095/Э |
| Дугаар | 00096 |
| Огноо | 2020-08-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 00096
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа
Улсын яллагч О.Нандинцэцэг
Хохирогч П.Мт
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Цэдэн
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бд холбогдох 2032000000097 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1976 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-8, нөхөр, 6 хүүхдийн * тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Төмөрбаатарын Б/рд:*/
Холбогдсон хэргийн талаар
Яллагдагч Т.Б нь 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Ноёдын 12 тоотод оршин суух, П.Мтийн баруун гаранд хутгаар хоёр удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ./яллах дүгнэлтэд бичснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: …2020 оны 06 дугаар сарын 23-ны орой Мттэй маргалдаж хэрэлдсэн зүйл байхгүй байсан. Тухайн үед бид хоёр архи уусан байсан. Тэгээд байшингийн цонх гаднаас нь Мт онгойлоод байхаар нь би цонх хаа гэхэд дахиад онгойлоод байхаар нь би ширээн дээр байсан хутга аваад Мтийн гарын шуу руу хоёр удаа хатгасан. Тэгээд би гэртээ унтаж байхад гадаа хүмүүс дуугараад байхаар нь босоод харахад цагдаа ирсэн байсан. Тэгээд цагдаа нар намайг аваад явсан. ...гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Мт мэдүүлэхдээ: …2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Бын хүүхдүүдийн амьдардаг гэрийн буйрыг сэлгэж барьж өгөөд 2 шил 0.75л архи уусан. Тэгээд 1 дүгээр багийн Ноёдын 124 тоотод ирэхэд Бын том охин болох дүү нар нь байсан. Ингээд тэнд 2 шил архи дахин уугаад цуг байсан хүмүүс гараад явсан. Би Бд тамхи татъя салхивчаа онгойлъё гээд би гаднаас цонх онгойлтол цаашаа бол хаа гээд бид хоёр маргасан. Тэгээд би цонхоор гараа оруултал Б миний гар руу хоёр удаа хутгаар хатгасан. Би тэгээд ээжийнхээ гэр рүү явсан. ...гэх мэдүүлэг.
Эрүүгийн 2032000000097 тоот хавтаст хэргээс
Хохирогч П.Мт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2020 оны 06 дугаар сарын 23-ны өглөө босоод гэрээсээ гарч Мандал сумын Гандангийн задгай байдаг хамтран амьдрагч Т.Бын монгол гэрийг нь буулгаж буйрийг нь сэлгэж буцааж барьж өгсөн. Энэ үед Бын ойр дотны гэр барилцаж өгсөн 4 хүнтэй нийлж хоёр шилж 0.75гр Хараа архи уусан. Б бид хоёр хамтдаа 20 цагийн үед Мандал сумын 1 дүгээр баг, Ноёдын 124 тоотод байдаг өөрийн гэрт ирцгээсэн. Гэрт ирэхэд Бын том охин Энхжаргал байсан. Би эргэж гараад Баянхангайн нүүрэн талд байдаг Ноёд дэлгүүрийн цаад талд байдаг нэрийг нь мэдэхгүй дэлгүүрээс Хараа нэртэй 0.5гр, 0.75гр хоёр шил архи худалдан авч гэртээ ирж Б бид хоёр хувааж уусан. Би тамхи татмаар санагдаад байхаар нь гэрээс гарч цонхны салхивч гаднаас нь түлхэж онгойлготол Б миний баруун гарын шуу хэсэг рүү хурц зүйлээр хатгасан. Тэгээд би чи яаж байгаа юм гээд гараа оруултал дахиад хатгасан. Би гэр лүү ороод Бд чи намайг яасан гэж гар луу хутгалж байгаа юм гэтэл Б дуугарахгүй байсан. Миний гарнаас цус гараад тогтохгүй Б боож өгөхгүй байхаар нь чамд алуулж байснаас аав ээж дээрээ очлоо гэж хэлээд гараа цамцаараа дараад Мандал сумын Номтын 44 тоотод байдаг хойд эцэг Цагаанхүүгийнд очсон. Тэнд гараа боолгоод цус нь тогтохгүй байхаар нь ээж Даваасүрэн эмнэлэг цагдаа дуудсан. Удалгүй эмнэлэг ирж намайг авч явсан. ...Надад Бд ямар нэгэн санал гомдол байхгүй. Нэхэмжлэхгүй зүйл байхгүй. ... Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Б бид хоёр хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгааг харгалзан үзэж түргэн шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсье. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 14-15, 16 дугаар хуудас/
Шүүгдэгч Т.Б мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 06 дугаар сарын 22-ны өглөө Мт бид хоёр Төмөр замын хойно байрлах Ноёдын 124 тоот гэрээс нь гарч Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн задгайд байдаг манай гэрт очиж гэрээ буулгаж буйрыг нь сэлгэж барьсан. Энэ үед миний ээжийн дүү Алиманчимэг төрсөн дүү Батмөнх нар ирж гэр буулгаж зөөх ажилд тусласан. Бид нар Хараа нэртээ 0.75гр хэмжээтэй хоёр шил архи уугаад орой 20 цагийн үед Алиманчимэг Мт бид нар Батмөнхийн машинаар Мтийн гэр лүү явах замдаа Баянхангайд байдаг хүнсний дэлгүүрээр дайрч Мт орж архи аваад Мтийн гэр болох Ноёдын 124 тоотод очсон. Тэнд бид нар авсан архиа ууж байгаад арай дуусгалгүй Алиманчимэг, Батмөнх хоёр гэр рүүгээ явсан. Мт бид хоёр үлдсэн архиа ууж сууж байгаад яг ямар шалтгаанаас болж маргалдсанаа санахгүй байна. Нэг санахад хэрэлдчихсэн сууж байсан. Мт цонхны салхивч гаднаас нь онгойлгохоор гарсан. Тэгэхээр нь би цонх онгойлоод хэрэггүй гэтэл түлхэж онгойлоод гараа тээглүүлээд үгэнд орохгүй байхаар нь ширээн дээр байсан шар иштэй хутга авч хатгасан. Мт орж ирээд намайг чи зайл чи миний гарыг хутгалчихлаа гээд агсраад байсан. Тэгээд би унтаж байтал хүмүүс дуугараад байхаар нь сэртэл хоёр цагдаа ирчихсэн намайг аваад явсан. ...гэх мэдүүлэг./Хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.Б яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би Мтийн баруун гарын шуунд хутгаар хоёр удаа хатгасан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 31-32 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /Хх-ийн 3 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 5-7 дугаар хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 10-11 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №109 дугаартай дүгнэлт:
Дүгнэлт хэсэгт
1.П.Мтийн биед баруун гарын шуунд шарх, шархны эдгэрэлтээс үүссэн зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 21-22 дугаар хуудас/
Шүүгдэгч Т.Бын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-ийн 46 дугаар хуудас/
Шүүгдэгч Т.Бын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 54 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч Т.Быг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 06 дугаар сарын 24-ний орой 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Ноёдын 124 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч П.Мттэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаар түүний баруун гарын шуу хэсэгт хоёр удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Хохирогч П.Мтийн мэдүүлэг/Хх-ийн 14-15 дугаар хуудас/,шүүгдэгч Т.Б гэчрээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 17-18, 31-32 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №109 дугаартай дүгнэлт/Хх-ийн 21-22 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч П.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч П.Мт нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч Т.Бд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Т.Бд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Т.Б нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг хуульд зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагварыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Т.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны залдалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 21см урттай шаргал өнгийн эвэр мэт иштэй, 11см урттай ажлын хэсэг бүхий нэг ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Төмөрбаатарын Быг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд 500/таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Бд оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 06 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ялтан Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Т.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Ялтан Т.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.Мт нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 21см урттай шаргал өнгийн эвэр мэт иштэй, 11см урттай ажлын хэсэг бүхий 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ