| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2016/09125/И |
| Дугаар | 101/ШШ2017/00298 |
| Огноо | 2017-01-23 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2017/00298
2017 оны 01 сарын 23 өдөр Дугаар 101/ШШ2017/00298 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 6 дугаар хороолол, 2 дугаар байр, 37 тоотод оршин суух, Харнууд овогт Амаржаргалын Туул /РД:ТЗ87122768/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 50 дугаар байр, 85 тоотод оршин суух, Боржигин овогт Батсүхийн Саруул /РД:УЕ87012310/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Туул, хариуцагч Б.Саруул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Туул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Туул миний бие нь 2005 онд Б.Саруултай танилцаж, улмаар 2006 оны 01 сарын 12-ны өдөр гэрлэлтийн Б341 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран хугацаанд 2007 оны 10 сарын 18-нд охин С.Анударь төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2010 оноос хойш салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин маань эх А.Туулын асрамжид амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болж, цаашид хамран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. охин С.Анударийг миний асрамжид үлдээж, эцэг Б.Саруулаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү...” гэв.
Хариуцагч Б.Саруул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Батсүх овогтой Саруул миний бие нь 2005 онд А.Туултай танилцаж, 2006 оны 1 сарын 12-нд гэр бүл болсон. 2007 онд охин С.Анударь төрсөн. Бид цаашид хамтран амьдрахад таарч тохирохгүй болж, 2010 оноос хойш тусдаа амьдрах болсон. Охин С.Анударийг эх А.Туулын асрамжид үлдээж охин С.Анударьд миний бие тэтгэмж олгохыг зөвшөөрч байна. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна ...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Туул хариуцагч Б.Саруулд холбогдуулан “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид 2006 оны 01 сарын 12-ны өдөр гэр бүл болж улмаар 2007 оны 07 дугаар сарын 24-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдөр охин Саруулын Анударь төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн тайлбараар тогтоогдож байна.
Гэрлэгчид 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч гэрлэгчид эвлэрээгүй, хэн аль нь эвлэрэх боломжгүй гэж тайлбарлан гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлав.
Гэрлэгчид охин С.Анударийн асрамжийн тал дээр маргахгүй, хариуцагч охиноо эх А.Туулын асрамжид үлдээхийг зөвшөөрч байх тул шүүх охин С.Анударийг эх А.Туулын асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэний журамт үүрэг бөгөөд охин С.Анударийг эх А.Туулын асрамжинд үлдээхийг хариуцагч зөвшөөрсөн бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар “эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” үүрэгтэй тул хариуцагч Б.Саруулаас хүүхдийн тэтгэлэгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр гаргуулах нь зүйтэй.
Гэрлэгчид эд хөрөнгийн маргаан үүсгээгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “Тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг.. шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр” нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасны дагуу Б.Саруулаас улсын тэмдэгтийн хураамжид тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тооцож 31,248 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Үндэсний статистикийн хорооны даргын 2015 оны 1 сарын 29-ний өдрийн А/9 тоот тушаалаар 2015 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг Улаанбаатар хотод 185400 төгрөгөөр тогтоосон байх тул хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн хэмжээг уг дүнгээс тооцов.
Охин С.Анударийг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь Б.Саруулын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг хүүхдээ хүмүүжүүлэх асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд эх А.Туул саад болох учиргүй юм.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигин овогт Батсүхийн Саруул /РД:УЕ87012310/, Харнууд овогт Амаржаргалын Туул /РД:ТЗ87122768/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 10 дугаар сарын 18-нд төрсөн охин С.Анударь /РД:ТА07301828/-ийг эх А.Туулын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2007 оны 10 дугаар сарын 18-нд төрсөн охин Анударийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Саруулаар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Саруулаас улсын тэмдэгтийн хураамжид 101,448 төгрөгийг гаргуулан, үүнээс 70,200 төгрөгийг нэхэмжлэгч А.Туулд олгож, үлдэх 31,248 төгрөгийг улсын орлогод оруулсугай.
6. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Батчимэгт даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ