Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 680

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга  Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Д.Үүлэн,

шүүгдэгч Н.Бтүүний өмгөөлөгч А.Цэндзаяа,

хохирогч Б.Хаш-Эрдэнэ түүний өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805021680769 тоот хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны  өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ... оны  ... дугаар сарын ...-ны өдөр ... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэн, япон хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр охины хамт ... дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоотод оршин суух,

Урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 547 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүрэг болгосон,  Н.Б. /РД:.../

Шүүгдэгч Н.Б нь Япон Улсын Хоккайда мужийн Лайф дрийм ХК-д автокад оператор чиглэлээр 3 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллахад зуучилна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.Хаш-Эрдэнийг төөрөгдөлд оруулж, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан өөрийн  эзэмшлийн 456086133 дугаарын дансанд 4.000.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Төрийн банкаар  дамжуулан Сэнгэрэг ингуа ХХК-ийн 240016166201 дугаарын дансанд 6.000.000 төгрөг тус тус шилжүүлэн авч залилж, нийт 10.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Н.Б мэдүүлэхдээ: “Миний хувьд яллах дүгнэлттэй зарим нэг нь зөрүүтэй байна. Анханаас залилах бодол байгаагүй хувь хүн нь ч бас мэдэж байгаа. Би Японы компанитай хамтран ажиллах гэрээтэй байсан. Тухайн компани мэргэжилтэн авъя гэсэн хүсэлтийн дагуу шалгалт авах байсан. Тэгээд бүтэлгүйтсэн. Тухайн явдлаас хойш эрүүл мэндийн шалтгаантай байсан. Бид хоёр ойлголцож чадаагүй. Би ийм байдалд хүрнэ гэж бодоогүй явсаар байгаад ийм зүйл болчихлоо. Би Хаш-Эрдэнээс уучлалт хүсч байна. Хаш-Эрдэнэ бас үүргээ биелүүлээгүй талууд бас байгаа” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хаш-Эрдэнэ  мэдүүлэхдээ: “Тухайн үед би өөрийн төлбөрөөр сургалтанд суусан. Надаас шалгалт аваагүй. Би шалгалт өгөөгүй. Намайг Япон улс руу явуулна гэсэн. Чи сургалтандаа сууж бай олон хүн авч явна гэсэн хүсэлт тавьсан байгаа. Чи ганцаараа мөнгөө бэлдсэн байна, компаний дансанд мөнгөө байршуулчих, хэрвээ болохоо байх юм бол буцаагаад мөнгийг чинь өгнө гэсэн. Тэрнээс хойш 2-3 сарын дараа хүмүүс яасан бэ гэхэд ирээгүй байсан. Би 6 сарын дараа гадаад паспортоо авсан тэр хугацаанд элчин рүү миний паспортыг ерөөсөө явуулаагүй байсан. Япон улс руу ажилд гэрээгээр ажилд зуулчилна гэж урьдчилгаа 4.000.000 төгрөгийг надаас авсан. Тэрнээс хойш намайг сургалтандаа сууж бай гэсэн. Би сургалтад суугаад сертификат авсан. Би Японоос хүнээ авч ирэх гээд байна гэж надаас 6.000.000 төгрөг авсан. Тэрнээс хойш утсаа авахгүй, нөгөө хүн нь ирэхгүй байна гээд алга болсон. Сая үлдэгдэл мөнгөө өгсөн тул хохиролгүй” гэв.

Шүүгдэгч Н.Бнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Б.Хаш-Эрдэнийн “... Эхний урьдчилгаа гэх төлбөрийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүрэг 13 дугаар хороололд байрлах салбараас шилжүүлсэн. 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар хороо 3 дугаар хороолол Ард аюушийн өргөн чөлөө 13/5 гэх хаягтай Төрийн банкнаас Японд зуучлах ажлын үлдэгдлийн төлбөр гэх 6.000.000 төгрөгийг Сэнгэрэг Ингау гэх компаний данс руу шилжүүлсэн. Бид хоёр гэрээ хийсэн. Урьдчилгаа мөнгө гэж 4.000.000 төгрөг төлөөд виз гарсны дараа үлдэгдэл мөнгө болох 6.000.000 төгрөгийг өгөхөөр тохирч гэрээ хийсэн. Гэтэл 2017 оны 09 дүгээр сард Та мөнгөө компаний  дансанд байршуулчих тэгвэл визний асуудал ерөнхийдөө болчихно, Япон талаас ирэх хүнд баталгаажуулж үзүүлэх хэрэгтэй байна гэж хэлж үлдэгдэл болох 6.000.000 төгрөгийг авсан боловч 2 жил гаруй хугацаанд ямар ч асуудал шийдэгдээгүй. Би мөнгөө буцаан авах талаар хэлсэн боловч одоог хүртэл миний мөнгийг буцаан өгөхгүй худал яриад яваад байгаа юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22 дугаар хуудас/,

“Би Япон улсын руу явж ажиллахаар 2017 оны 04 дүгээр сарын үеэр шийдэж хөөцөлдөж эхэлсэн. Тухайн үед манай ээж Оюунчимэг нь найз нараасаа дамжуулаад Н.Бгэх хүний гар утасны дугаарыг олсон. Тэгээд Н.Баяржаргалтай ээж Отгончимэг бид хоёр уулзахад шалгалт аваад 3 жилийн хугацаатай Япон улсад Лайф дрийм гэх компанид автокад оператороор ажиллуулна гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-25 дугаар хуудас/,

“... Би 2018 оноос хааяа хааяа facebook-р холбогддог байсан. Энэ хугацаанд 1.500.000 төгрөгийг авсан байгаа. Facebook-р хааяа холбогддог байсан бөгөөд өөрөө алга болчихдог. Тэгээд намайг юм бичээд байхаар гэнэт удахгүй, найдвартай визэнд оруулаад өгье гэж хэлээд 2 жил гаруй болчихлоо. Надад нийт 10.000.000 төгрөгийн хохирол учирснаас 1.500.000 төгрөг өгсөн байгаа. Одоо 8.500.000 төгрөгийн хохиролтой байна. Би үлдсэн мөнгөө авмаар байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 27-28 дугаар хуудас/,

“... 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сэнгэрэг Ингау ХХК-ний данс болох Төрийн банкны 240016166201 дугаарын данс руу 6.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш Н.Бнь над руу залгахгүй байхаар нь би өөрөө залгаж асуухад Япон талаас хүний тоо бага хангалтгүй учраас та нарын виз гарахгүй байна. Мөн би одоо визэнд чинь материалыг чинь орууллаа гэх мэтчилэн шалтаг тоочдог байсан. Сүүлд Баяржаргалтай холбогдоход виз гарах чинь худлаа болсон мөнгийг чинь удахгүй буцаан өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39 дүгээр хуудас/,

Гэрч Б.Отгончимэгийн “ ... Манайх Япон компанитай хамтарч ажилладаг яг мэргэжлийнх нь чиглэлээр Япон улсад  ажиллуулдаг мөн 10.000.000 төгрөгөөр гаргана урьдчилгаа 4.000.000 төгрөгийг авна, үлдэгдэл 6.000.000 төгрөгийг Японы компани  талаас ирж  уулзахаар авдаг гэж хэлж байсан. Ингээд уг өдрөө ресторанд ороод манай хүүгээс шалгалт аваад чи хэлний мэдлэг болон барилгын чиглэлийн программд суух шаардлагатай байна, заавал суугаарай гэж хэлсэн. Ингээд манай хүү Япон хэлний бэлтгэл болон барилгын чиглэлээр сургалтанд суусан. Мөн Баяржаргал нь хэлэхдээ виз гараагүй тохиолдолд мөнгийг 100 хувь буцаан олгоно гэж хэлж байсан.

... Ингээд би 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр  Өргөө кино театрын хажуу талд байрлах Төрийн банкнаас Сэнгэрэг ингау ХХК-ний данс руу 6.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд хүүгээ юу болж байна, яаж байна гэж асуухаар нь удахгүй явуулна гэж байна л гэдэг байсан. Ер нь удаад байхаар нь больё, мөнгөө авъя гэхэд өгнөө гэж хэлээд утсаа ч авахгүй ор сураггүй алга болсон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 40-41 дүгээр хуудас/,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,  Сэнгэрэг Ингау ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 65-67 дугаар хуудас/,

Төрийн банкны журналын 645800178669 дугаартай орлогын мэдүүлэг /хэргийн 96 дугаар хуудас/,

Худалдаа хөгжлийн банкны  журналын 1704256324248242 дугаартай орлогын ордер. /хэргийн 97 дугаар хуудас,

Сэнгэрэг ингау ХХК-ний захирал Н.Бболон Б.Хаш-Эрдэнэ нарын хооронд байгуулсан Зуучлалын гэрээ /хэргийн 98-103 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч Н.Б нь Япон Улсын Хоккайда мужийн Лайф дрийм ХК-д автокад оператор чиглэлээр 3 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллахад зуучилна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.Хаш-Эрдэнийг төөрөгдөлд оруулж, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан өөрийн  эзэмшлийн 456086133 дугаарын дансанд 4.000.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Төрийн банкаар  дамжуулан Сэнгэрэг ингуа ХХК-ийн 240016166201 дугаарын дансанд 6.000.000 төгрөг тус тус шилжүүлэн авч залилж, нийт 10.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрхи баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.      

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “энэ хэрэг нь эрүүгийн хэрэг биш гэрээний маргаан бөгөөд Хаш-Эрдэнэ гэрээний үүргээ биелүүлээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Н.Бнь гадаад улсруу ажиллах хүч гаргах ямар ч зөвшөөрөлгүй, мөн япон улсын компанитай гэрээ байгуулсан гэх боловч энэ талаар ямар ч нотлох баримт хэрэгт цуглуулж, бэхжүүлээгүй, түүний гэмт үйлдлийг үйгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул өмгөөлөгчийн гаргасан санал нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.Хаш-Эрдэнэ нь шүүх хуралдаанд “10.000.000 төгрөгөө авсан” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдвал зохино.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баяржаргалын энэ хэрэгт 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 07-ны өнөөдрийг хүртэл баривчлагдсан 1 хоногийг түүний ял эдлэх оруулан тооцов.

Шүүхээс шүүгдэгч Н.Б-ггэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол болох 10.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

    Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-г2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Н.Баяржаргалын энэ хэрэгт баривчлагдсан 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, 2.000.0000 төгрөгийн торгуулийн ялаас 15.000 төгрөгийг хасч эдлэх ялыг 1.985.000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Бнь торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Бторгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н.Бнь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Б-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ