Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 00079

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга:С.Төртулах

Улсын яллагч:Н.Улсболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч:Ж.Энхжаргал

Шүүгдэгч:Ц.БЭнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.БЭэд холбогдох эрүүгийн 2032000000072 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Увс аймгийн Цагаанхайрхан суманд 1987 оны 12 дугаар сарын 21-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, аав, ээж, дүүгийн нарын хамт, *тоотод оршин суух, гэмт хэрэг үйлдэх үедээ Идэр-Мандал ХХК-д жолооч ажилтай байсан, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Булгадар овогт Цэрэн-Очирын БЭэ/*/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар 

 

Шүүгдэгч Ц.БЭнь 2020 оны 05 сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Нарангийн даваа” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1.95 метрийн урттай 33 ширхэг нойтон нарс төрлийн мод бэлтгэж Г.Гпийн эзэмшлийн 00-31СБА улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль экологид 8562302 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч Ц.БЭшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2020  оны 05 дугаар сарын 07-ны өдөр найз Гпийнд очоод Зил-131 машиныг нь гуйж аваад эгчийн хүүхэд Ууганзаяаг дагуулаад Нарангийн даваа гэх газарт очоод 4 ширхэг нойтон ургаа нарс мод байсныг би хөрөөдөж унагаад хэмжиж тайрсны дараа Ууганзаяаг гуйж цуг ачаад буцаад явж байхад харуй бүрий болж байсан учраас жаахан байж байгаад харанхуй болохоор явъя гэж бодоод  нэг бүдэг зам байхаар нь ороод зогсож байгаад 20-30 минут болсны дараа машинтай цагдаа ирэхээр нь айгаад зугатаагаад маргааш нь буюу 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр цагдаа дээр ирж мэдүүлэг өгсөн. ...гэх мэдүүлэг.

 

Эрүүгийн 2032000000072 тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:

 

            Иргэний нэхэмжлэгч Д.Энхтайван мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Надад уг хэрэгтэй холбоотой мэдэх зүйл алга Ц.БЭгэх нөхөр хууль бусаар мод бэлтгэсэн гэж сонссон. Уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд 8562302 төгрөгийн хохирол учруулсан байсан. Уг хохиролыг Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 49.4.1-д зааснаар 3 дахин нэмэгдүүлж тооцоход 25686906 төгрөг болсон байна үүнийг нэхэмжилнэ. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 58 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Г.Гп мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 онд байх манай найз Бб Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авах гээд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Ж.Гб гэх хүн Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл зарна гэсэн зар тавьсан тул очиж үзээд 00-31 СБА улсын дугаартай бор ногоон өнгийн Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг Ббд 14 сая төгрөгөөр худалдаж авсан би тухайн үед нь цуг явсан юм. Ингээд Зүүнхараад ирээд Бб өөрөө модонд явж чадахгүй болчихоор би уг тээврийн хэрэгслийг нь унаж модонд явж байгаад 2019 оны 10 билүү 11 сард Ббас уг тээврийн хэрэгслийг 8 сая төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед Зил-131 маркийн 00-31 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авахад бичиг баримтыг нь Хас банкны нэр дээр байсан тэгээд бичиг баримтыг нь авахгүй гэвэл 1 сая төгрөг хасаад ав гэсэн Бб тухайн үед та дараа нь бичиг баримтыг нь шилжүүлчихээрэй гээд 14 сая төгрөгийг нь бэлэн өгөөд явсан тэгсэн дараа нь бичиг баримт дээрх өмчлөгчийн нэрийг шилжүүлье гэсэн чинь тэр Ж.Гб гэх ах би өөрийнхөө Зил-131 маркийн тээврийн хэрэлсэлд шинээр гэрчилгээ аваад бүртгүүлсэн шүү наад бичиг баримт чинь хүчингүй шүү гэж хэлсэн. Хэдийгээр бичиг баримт нь хүчингүй болсон ч гэсэн уг тээврийн хэрэгслийг Ж.Гбаас Бб 14 сая төгрөгөөр, Ббас би 8 сая төгрөгөөр худалдаж авсан. Тиймээс миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж үзэх нь зөв байхаа. ...2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 11-12 цагийн үед байхаа манай урд талын хашааны найз Баагий хочтой БЭманай гэрт орж ирээд машинаа өгч байгаач хөгшөөн Ялбаг орж юм аваад ирье гэж хэлсэн тэгэхээр нь би зөвшөөрсөн тэгсэн шууд хашаанаас унаад гарсан үүнээс хойш холбоо бариагүй 2020 оны 05 дугаар сарын 07-ны орой би гэртээ байж байтал 22 цаг 23 минутанд Г.МОминий утасруу залгаад “хөөе чи юу хийгээд яваад байгаа юм бэ” гэхээр нь би гайхаад яасан юм бэ гэтэл “машин тэрэг чинь хаана байгаа юм ууланд мод чулуу хийж байгаад баригдсан юм биш үү” гэж хэлсэн тэгэхээр нь би БЭгэх манай найз өдөр Ялбаг явна гээд аваад явсан ш дээ гэсэн чинь би очъё хойшоо очиж машиныг чинь авъя гэж хэлсэн ингээд бид хоёр уулзаад Нарангийн даваанаас очиж машинаа авахад дээр мод ачсан байсныг цагдаа нар саатуулж журмын хашаанд хийсэн...гэх мэдүүлэг /Хх-ийн 61, 64 дүгээр хуудас/

            Гэрч Г.МОмөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би гэрийнхээ гадаа байж байтал миний утас  руу эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.БЭзалгаад танай логотой машин саатуулагдсан байна танайх модонд явуулаад байгаа юм уу гэж асуусан тэгэхээр нь би үгүй ээ манайх модонд явуулаагүй гэж хэлсэн чинь Зил-131 маркийн 00-31 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэж хэлсэн тэгэхээр нь би манай аж ахуй нэгж дээр мод тээврийн жолоочоор ажиллаж байсан Г.Гпийн машин байна гэж хэлээд гар утасны дугаар, гэрийн хаягийг өгчихөөд Г.Гп лүү залгаад хаана байна гэж асуутал гэртээ байна гэхээр нь чиний машин хаана байгаа юм бэ гэтэл Г.Гп хэлэхдээ манай найз Баагий хочтой БЭаваад явсан гэж хэлсэн ингээд би Г.Гптэй цуг Нарангийн даваа руу очиж Зил-131 маркийн 00-31 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь авч ирж журмын хашаанд хийсэн. ...гэх мэдүүлэг /Хх-ийн 63 дугаар хуудас/

Гэрч П.Эб мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2020 оны 05 дугаар сарын 07-ны 12 цаг 20 минутын үед Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нэг ах 150000 төгрөгөөр 107 литр шатахуун авсан. Дээрх цаг минут, авсан шатахуун болон хүмүүсийг сайн санаж байна. Тухайн 3 жолоочийг хараад танина.  ...гэх мэдүүлэг /Хх-ийн 66 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.Ууганзаяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 12 цагийн үед байхаа ээжийн дүү Ц.БЭах орж ирээд хоёулаа Ялбаг руу юманд явчихаад ирье гэсэн тэгэхээр нь би зөвшөөрөөд Зил-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан найзынх нь машин гэж байсан. Ингээд Зүүнхараагаас хөдлөөд Нарангийн даваа даваад нэг газраас мод бэлтгэсэн Ц.БЭах намайг машиндаа байж бай гэж хэлээд хөрөөгөө бариад буусан тэгээд буугаад ир гэж дуудсан тэгээд бид 2 тайрсан модыг нь машины тэвшин дээр ачсан. Тэгээд бид буцаад Зүүнхараа руу буцаж байгаад Нарангийн даваан дээр замаас гараад зогссон тэгээд байж байтал цагдаа нар ирсэн тэгсэн Ц.БЭах зугтаарай гэж хэлсэн бид 2 ой модруу зугтсан тэгээд Зүүнхараа луу алахаад түрүүн 11 цаг болж байхад Зүүнхараад ирсэн ...гэх мэдүүлэг/Хх-ийн 69 дүгээр хуудас/

Гэрч Ц.Бб мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Зил-131 маркийн 00-31СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 онд байхаа нарийн санахгүй байна Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ж.Гб /утас-99497777 дугаартай/ ахаас 14 сая төгрөгөөр худалдаж аваад Зүүнхараад 2 жил шахуу унаж байгаад 2019 оны 10 сард Г.Гпт 8 сая төгрөгөөр зарсан. ...гэх мэдүүлэг /Хх-ийн 90 дугаар хуудас/

Гэрч Ж.Гб мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Зил-131 маркийн 00-31 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг анх ОХУ-с Монгол улсад оруулж ирээд 1 жил гаруй хугацаанд Монголд явсан байсан тухайн үед 10 гаруй сая төгрөгөөр худалдаж авсан санагдаж байна ингээд 2017 онд тус тээврийн хэрэгслийг зарахаар болсон тэгсэн Зүүнхараагаас 2 залуу ирээд үзээд надаас 14 сая төгрөгөөр худалдаж авсан ингээд би тухайн үед тээврийн хэрэгслийг бичиг баримт нь өөр машин дээр гарах ёстой та нар өөрсдөө бичиг баримтаа хөөцөлдөөд аваарай гэж хэлсэн за гээд тухайн тээврийн хэрэгслийг аваад явсан, 2018 оны 05 сард байхаа би өөрт байсан Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ авсан 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр манай дүү П.Хишигбаяр Хас банкнаас зээл авахдаа миний Зил-131 маркийн 00-31 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж зээл авсан. Уг зээл одоо төлөгдөж байгаа. Уг тээврийн хэрэгслийг зарсан гэх гэрээ хэлцэл байхгүй Зүүнхараагийн нэг залуу худалдаж авсан өр төлбөрийн асуудал байхгүй. ...гэх мэдүүлэг /Хх-ийн 91 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 5 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэгт/Хх-ийн 8-13 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн14-16 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-ийн 17-21 дүгээр хуудас/,

Мод модон материалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 26-31 дүгээр хуудас/

Монгол Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 18-04-322 дугаартай хохирлын үнэлгээ тогтоосон акт...

Тогтоох хэсэгт:

“Монгол Улсын байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсгийн 49.4.1 дэх зээлт/Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.13-д заасан улсын байцаагчийн нийтэлг бүрэн эрхийнхээ хүрээнд эрх бүхий байгууллагын зүгээс гаргасан хохирлын дагуу

1.Ойн сангаас хууль бусаар бэлтгэсэн 6.68м3 нойтон нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 8562302/найман сая таван зуун жаран хоёр мянга гурван зуун хоёр/ төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалт ойн санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 8562302 х 3 = 25.686.906/хорин таван сая зургаан зуун наян зургаан мянга есөн зуун зургаан/төгрөг.

Иргэн Ц.БЭнь Байгаль экологи түүний нөөцөд нийт 25.686.906/ хорин таван сая зургаан зуун наян зургаан мянга есөн зуун зургаан/төгрөгийн төлбөрийн хохирол учруулсан тул Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Төрийн сан банкны 100130800955 дансанд тушаалгаж нөхөн төлүүлэх зүйтэй. ...гэх акт/Хх-ийн 104 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ц.БЭмөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө болсон асуудлыг үнэн зөвөөр мэдүүлсэн өөр нэмж ярих зүйл байхгүй. ...Би модыг нарангийн даваа даваад нэг амнаас бэлтгэсэн тэр газраа очвол загаад өгч болно. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 114 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.БЭий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас/Хх-ийн 141 дүгээр хуудас/

Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №1046 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/Хх-ийн 144-148 дугаар хуудас/

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №206 дугаартай тогтоол. ... зэрэг  нотлох баримтыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

   Нэг. Шүүгдэгч Ц.БЭийг гэм буруутайд тооцох талаар:

 

            Шүүгдэгч Ц.БЭнь 2020 оны 05 дугаар сарын 07-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Нарангийн даваа гэх газраас зөвшөөрөлгүйгээр 6.68м3 нойтон нарс мод бэлтгэж тээвэрлэж ойн санд 8562302 төгрөгийн хохирол буюу Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн  49 дүгээр зүйлийн 49.4.1-д зааснаар хохирлыг 3 дахин нэмэгдүүлэн тооцож 25.686906 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.БЭгэрчээр мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 67-68 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Ууганзаяагийн мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 68-69 дүгээр хуудас/, Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 5 дугаар хуудас/,Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэгт/Хх-ийн 8-13 дугаар хуудас/,Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн14-16 дугаар хуудас/,Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-ийн 17-21 дүгээр хуудас/,Мод модон материалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 26-31 дүгээр хуудас/,Хараагийн бүсийн сум дундын ойн ангийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №2020/05 дугаартай шинжээчийн дүгнэлт/Хх-ийн 94-95 дугаар хуудас/, МУ-ын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №18-04-331/08 дүгнэлт/Хх-ийн 104 дүгээр хуудас/, Иргэний нэхэмжлэгч Д.Энхтайваны мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 58 дугаар хуудас/зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.БЭнь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үзэв.

 

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.БЭэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон, хуульд нийцсэн байна.

 

            Шүүгдэгч Ц.БЭболон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн болон хэргийн зүйчлэлийн талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд маргаж мэтгэлцээгүй, шүүгдэгч нь холбогдсон хэргээ хүлээн мэдүүлж байх тул шүүгдэгч Ц.БЭэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

 

            Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Ц.БЭээс ойн санд учруулсан хохирол 8562302 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн  49 дүгээр зүйлийн 49.4.1-д зааснаар хохирлыг 3 дахин нэмэгдүүлэн тооцож 25.686.906 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь дансанд олгуулах, гэмт хэрэг үйлдэх ашигласан иргэн Г.Гпийн эзэмшлийн 00-31 СБА улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг Мандал сумын үнэлгээ тогтоох комиссоос 8000000 төгрөгөөр үнэлсэн хэмжээгээр шүүгдэгч Ц.БЭээс гаргуулж, мөн гэмт хэрэг үйлдэх ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгож гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг арилгуулахад заруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Гурав.Шүүгдэгч Ц.БЭэд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ц.БЭнь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материалыг тээвэрлэж ойн санд 8562302 төгрөгийн буюу экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 25.686.906 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Ц.БЭнь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг үйлдсэн ба энэ хэрэгт мөн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх шүүгдэгч Ц.БЭэд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Ц.БЭэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулах, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн шүүх хуралдаанаар Ц.БЭэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохоор байна. Миний үйлчлүүлэгч Ц.БЭСонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №1046 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар ял шийтгүүлж байсан гэх боловч Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан, мөн МУ-ын Дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын №206 дугаартай тогтоолоор Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Түүнээс хойш энэ хэрэгтээ холбогдуулж Ц.БЭийг Сонгино хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс болон, прокуророос дуудаж уулзаж шүүх хуралд оролцуулаагүй, тухайн үед авч байсан өмгөөлөгч нь хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгож хаасан гэж Ц.БЭэд мэдэгдсэн байдаг. Тиймээс Ц.БЭнь урьд өмнө ял шийтгүүлж байсан эсэхийг тодруулсны эцэст гэм буруугийн шүүх хуралдааныг хийлгэх саналтай байна гэх.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалийн шүүх хуралдааныг эхлэхээс өмнө шинээр гаргаж өгөх хүсэлт нотлох баримт гаргах шатанд гаргасан дээрх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч Ц.БЭнь Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр №1046 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 03 сарын хугацаагаар тэнсэн ба ял шийтгэлийн тэмдэглэлийг Цагдаагийн ерөнхий газрын дүн шинжилгээ мэдээлэл судалгааны төвд хүргүүлж мэдээллийн санд ял шийтгэлтэй гэж бүртгэгдсэн байна.

Тухайн хэрэгт оролцсон прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эсэргүүцэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичснээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан магадлал гарсан байна.Нийслэлийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон талаар мэдэгдэлийг ЦЕГ-ын дүн шинжилгээ мэдээлэл судалгааны төвд хүргүүлээгүйгээс өнөөдөр шүүгдэгч Ц.БЭнь урьд өмнө ял шийтгэлтэй гэж лавлагаагаар гарсан.

Тиймээс прокурор хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг хангаагүй, нэг талыг барьсан нотлох баримтыг бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд  сум дундын прокурорын газраас шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагааг хуулийн дагуу гаргуулж хэрэгт хавсаргасан байна гэж шүүх дүгнлээ.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг үл зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж хяналтын шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан болох нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинээр гаргаж өгсөн МУ-ын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №206 дугаартай тогтоолын хуулбараар тогтоогдож байна. Тиймээс шүүгдэгчийг урьд өмнө ял шийтгүүлж байсан гэж үзэх боломжгүй байна.

Шүүгдэгч нь өөрийн холбогдсон хэрэгтээ нэг удаа ял шийтгүүлж эрүүгийн хариуцлага хүлээх шударга ёсны зарчимтай ба урьд өмнө энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж ял шийтгүүлж байснаар хэргийн зүйчлэл өөрчлөгдөх, шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох, хэргийн зүйчлэл хүндрэх нөхцөл байдал үүсэхгүй юм.

 

Иймд шүүгдэгч Ц.БЭэд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгаж тогтоосон, гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж болохгүй нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.БЭнь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн боловч шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн болон эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтийг хэлж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.БЭнь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар тооцож хураасан 6.68м3 нойтон нарс модыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож улсын орлого болгох, шүүгдэгч Ц.БЭий өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн 149а тоотод байрлах Г-1307003587 дугаар гэрчилгээтэй газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгохыг, иргэн Г.Гпийн өмчлөлийн 00-31 СБА улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг тээврийн хэрэгслийг өмчлөгчид нь буцаан олгож, хэрэгт хавсаргаж ирүүлсэн хэргийн газрын бичлэг бүхий 1 ширхэг cd-ийг хэрэг хадгалж дуусах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж хадгалахыг тус тус дурдаад.

 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Булгадар овогт Цэрэн-Очирын БЭийг  зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, мод материалыг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч  Ц.БЭээс ойн санд учруулсан хохирол 25.686.906 /Хорин таван сая зургаан наян зургаан мянга есөн зуун зургаантөгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь дансанд олгуулсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.БЭийг 800/найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээнй буюу 800000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.БЭэд оногдуулсан 800000 төгрөгөөр торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.БЭэд оногдуулсан 800000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Ц.БЭэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт ялтан Ц.БЭнь цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийддэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан 00-31СБА улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгслийг  шинжээчийн дүгнэлтээр 8000000 төгрөгөөр үнэлж, битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгсэлийн өмчлөгч

-Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн 67 тоотод оршин суух, Боржигон овогт Гбын Гпт буцаан олгож, түүний үнэ болох  8000000/найман сая/төгрөгийг ялтан Ц.БЭээс гаргуулах, гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн ногоон өнгийн цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгож ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлөх төлбөрт тус тус оруулан тооцох, прокурорын тогтоолоор эд мөрийн баримтаар хураагдаж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын журмын хашаанд битүүмжлэгдсэн 33 ширхэг, 6.68м3 нойтон нарс модыг битүүмжлэлээс чөлөөлж,  улсын орлого болгож үнийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь дансанд тус тус оруулсугай.

10.Хэрэгт хавсаргаж ирүүлсэн хэргийн газрын үзлгийн бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалж дуусах хүртэл хугацаанд хавтаст хэрэгт хавсаргаж хадгалсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

13.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.БЭэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ЭРДЭНЭМӨНХ