Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 01/ШШ2017/00263

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 19 өдөр           Дугаар 101/ШШ2017/00263         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх 36 дугаар гудамж, 1866 тоотод оршин суух, Боржигин овогт Сандагсүрэнгийн Тамирын нэхэмжлэлтэй,

Л.Алтансувд, Ч.Барс нарыг эрэн сурвалжуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Өлзийгэрэл оролцов.

                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Тамир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:  “...С.Тамир миний бие 2016 оны 02 сарын 20-ны өдөр Л.Алтансувд, Барс нарт 2,135,000 төгрөгийг 8 хүүтэй, 8 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийн хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Хариуцагч Л.Алтансувд, н.Барс нар одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин  суух, хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч Л.Алтансувд, Барс нарыг эрэн сурвалжилж өгнө үү. С.Тамир миний бие 2016 оны 02 сарын 20-ны өдөр Чимэдбалдир овогтой Барс, Лханаасүрэн овогтой Алтансувд /РД:ДЖ83070807/ эхнэр, нөхөр хоёрт 2,135,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлүүлсэн юм. Гэр бүлийн энэ хоёр тухайн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их наран 19 гудамж, 3 тоотод оршин суудаг гэж байсан. Иймд 2017 оны 01 сарын 19-нд зарлагдсан 10 цагийн шүүх хуралдааныг нэхэмжлэгч намайг оролцуулахгүйгээр шийдэж өгнө үү... ” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Тамир иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Барс, Л.Алтансувд нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг Ч.Барс, Л.Алтансувд нарт холбогдуулж нэхэмжлэл гаргатал Ч.Барс, Л.Алтансувд нар хаягтаа байхгүй байна гэж тайлбарлаж байна.   

Хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШЗ2016/06576 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж болон зээлийн гэрээний хуулбар авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар “...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ...” гэж заажээ.

Иймд С.Тамирын хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Барс, Л.Алтансувд нарыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.

Боржигон овогт Лханаасүрэнгийн Алтансувд /РД:ДЖ83070807/ нь 95820812, Чимэдбалдир овогтой Барс 99902107 дугаарын утас ашиглаж байсан болохыг дурдаж байна.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Лханаасүрэнгийн Алтансувд /РД:ДЖ83070807/, Чимэдбалдир овогтой Барс нарыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Л.Алтансувд, Ч.Барс нарыг  эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.       

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Л.Алтансувд, Ч.Барс нар хамгийн сүүлд Сонгинохайрхан дүүрэг 4-р хороо Их наран 19-р гудамж 3 тоотод оршин сууж байсныг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.БАТЦЭЦЭГ