| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 182/2016/01389/И |
| Дугаар | 746 |
| Огноо | 2017-03-15 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдасан /төрийн тусгай албан хаагч/, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 746
Н.Ууганбаярын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/00068 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Н.Ууганбаярын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Цагдаагийн ерөнхий газарт холбогдох
Цалин, хөлстэй тэнцэх олговорт 30 757 462 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Оюунням,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б:Онон,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Ууганбаяр нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаар тушаалаар Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн газрын даргаар томилогдон ажиллаж байгаад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 526 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдаж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 138 дугаар тогтоолоор урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга нь дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй байсан учраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 5253 дугаартай захирамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар албадан гүйцэтгүүлж, ажилгүй байсан хугацааны 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх 3 cap 12 хоногийн нөхөн олговор 3 996 224 төгрөгийг гаргуулж авсан ба харин ажилд томилох тухай шүүхийн шийдвэрийг хариуцагч өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй, ажилд томилсон эрхийн акт гаргахгүй байгаагаас ажилдаа орж чадахгүй хохирсоор байна. Хариуцагч Цагдаагийн ерөнхий газар нь ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй учраас шүүхийн шийдвэр гарсан 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хойшх энэ нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаа буюу 2016 оны 11 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх нийт 22 cap, 2 хоногийн цалинтай тэнцэх нөхөх олговор 1 өдрийн цалин 57 110 төгрөг, 1 сарын цалин 1 256 511 төгрөг нийт 27 643 242 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу гаргуулах хүсэлтэй байна. Мөн хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж шүүхэд хандаж, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах шаардлага гарсан. Хэрвээ ажил олгогч хууль бус шийдвэр гаргаагүй бол шүүхэд хандах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах шаардлагагүй байсан. Ажил олгогчийн буруутай үйл ажиллагааны улмаас хууль зүйн туслалцаа авах шаардлага гарсан учраас хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд 3 000 000 төгрөг төлсөн. Миний үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ажил олгогчоос зөрчөөгүй бол хууль зүйн туслалцаа авах шаардлага гарахгүй бөгөөд хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд 3 000 000 төгрөгийн зардал гарахгүй байсан. Ийнхүү шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх зарчим алдагдаж хэтэрхий их улс төржиж одоо хүртэл ажил албандаа орж чадахгүй байгаадаа гомдож, маш их хохирч байгаа учраас Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуульд заасны дагуу хариуцагчаас өөрт учирсан хохирлоо шаардан гаргуулах эрхтэй гэж үзэж байна.
Иймд хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 27 757 462 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны хөлс 3 000 000 төгрөг, нийт 30 757 462 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэрээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 526 дугаар тушаалын Н.Ууганбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Н.Ууганбаярыг урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 3 cap 12 хоногийн хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгуулахаар шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 138 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Цагдаагийн ерөнхий газраас Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т заасны дагуу 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх 3 cap 12 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор болох 3 996 224 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сард Н.Ууганбаярт олгосон. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу Н.Ууганбаярыг ажилд томилох асуудлыг судалж, Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс түүнийг эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа эсэх, эгүүлэн ажилд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар лавлагаа авахад Н.Ууганбаяр эрүүгийн 201501000144 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн талаар хариу ирүүлсэн байна. Н.Ууганбаярын шалгагдаж буй эрүүгийн хэрэг нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 526 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон хэрэг байх тул дээрх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд түүнийг эгүүлэн ажилд томилох асуудлыг судалж, шийдвэрлэх боломжтой болно.
Иймд Н.Ууганбаярын нэхэмжлэлд дурдсан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор олгох боломжгүй тул түүний шалгагдаж буй эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг түдгэлзүүлэх юм уу эсвэл хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас ажилгүй байгаа хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 27 643 242 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Ууганбаярт олгож нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Ууганбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311,740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас 296,166 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/00068 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлд зааснаар дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу Н.Ууганбаярт ажилгүй байсан хугацааны цалинг олгох үндэслэлтэй талаар дүгнэжээ. Хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэрийн "Тогтоох" хэсгийн 2-д заасны дагуу 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх 3 cap 12 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор болох 3 996 224 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сард Н.Ууганбаярт олгосон. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу Н.Ууганбаярыг ажилд томилох асуудлыг судалж, Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс түүнийг эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа эсэх, эгүүлэн ажилд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар лавлагаа авахад Н.Ууганбаяр эрүүгийн 201501000144 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн талаар хариу ирүүлсэн байна. Н.Ууганбаярын шалгагдаж буй эрүүгийн хэрэг нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 526 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон хэрэг байх тул дээрх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалинг олгох асуудлыг судлан шийдвэрлэх боломжтой юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
Хэргийн оролцогч, хариуцагч ЦЕГ-ын төлөөлөгч нь 2016 оны 11 сарын 28-ны өдөр хүсэлт гаргасан байхад шүүгчийн захирамжаар шийдвэрлээгүй. /хх-33-34/ Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг хүсэлтээ дахин гаргасан атал шүүх нэн даруй шийдвэрлээгүй, жич шийдвэрлэхээр 2016 оны 12 сарын 09-ны өдөр 06014 дугаар захирамж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт нийцээгүй байна. /хх-47-48/
Мөн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж захирамж гаргасан боловч биелэгдээгүй байхад хэргийг хэлэлцэж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг тус тус зөрчжээ.
Эдгээр хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны алдаа, зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй. Энэ талаар бичсэн хариуцагчийн гомдлыг хүлээн авсан болно.
Хэргийн 60 дугаар талд Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол авагджээ. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шүүхийн шийдвэрийн ажилд эгүүлэн тогтоосон заалтыг хэрхэн яаж албадан биелүүлсэн, тухайн үед нэхэмжлэгч шийдвэрийн энэ хэсгээс татгалзаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон эсэх, энэхүү тогтоолд нэхэмжлэгч гомдол гаргасан эсэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр бүрэн биелэгдээгүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг ямар үндэслэлээр дууссан гэж тогтоосон нь ойлгомжгүй, шүүх үүнийг тодруулж тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэснийг хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна.
Дээрх тогтоолыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг хангаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/00068 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч Цагдаагийн ерөнхий газар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Б.НАРМАНДАХ