Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2022/0219

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

               “М А Б” ХХК-ийн гомдолтой

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагчийн төлөөлөгч Г.М,

Гомдол гаргагч: “М А Б” ХХК,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Н,

         Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс,

Гомдлын шаардлага: “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 351730129 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 81 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн төлөөлөгч Г.М, хариуцагч Э.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар,                         

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,

Хэргийн индекс: 128/2020/0874/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “М А Б” ХХК нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Н, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст тус тус холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 351730129 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 81 дүгээр шийдвэрээр: “Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, 18.1.13, 43 дугаар зүйлийн 43.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны /-ийн 7 дугаар зүйлийн 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.3-д тус тус заасныг баримтлан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 351730129 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн төлөөлөгч Г.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. “М А Б” ХХК нь аялал жуулчлал, хүнд машин механизмын түрээс, автомашинаар ачаа тээвэрлэх, автомашины сэлбэгийн худалдаа, түр сургалт, цэцэрлэгжүүлэлт зэрэг чиглэлээр 2012 оноос хойш үйл ажиллагаа эрхэлж байна.

            3.2. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс манай байгууллагын 2012-2016 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 351730129 дүгээр шийтгэх хуудсаар 541,387,,686,30 төгрөгийн зөрчилд 64,902,644.60 төгрөгийг төлүүлэхээр ногдуулсан. Уг шийдвэрийг манай байгууллага эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Тус зөвлөл нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 65 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 351730129 дүгээр шийтгэлийн хуудсыг хэвээр баталсан бөгөөд мөн шийдвэрийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад мөн үндэслэлгүй гэж үзсэн. Манай байгууллагаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хянаж үзээд 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 168 дугаар шийдвэрээр дахин акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн.

            3.3. Хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд хандан гомдол гаргаж хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх анхан шатны журмаар 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дахин хянан хэлэлцээд 81 дүгээр шийдвэрээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

            3.4. Анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар манай байгууллагаас гаргасан нэхэмжлэлийг хянан хэлэлцэхдээ шүүх хуралдаанаар нөхөн гүйцээх бололцоогүй тул дахин хугацаа тогтоож акт гаргах үүрэг хүлээлгэсэн хугацаанаас хойш ердөө манай байгууллагаас тодорхой тооны нотлох баримтуудыг гаргуулснаас өөрөөр тодорхой ажиллагаа хийгээгүй атлаа шийдвэрээ эрс өөрчилж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн, бүрэн хянаагүй.

            3.5. Маргаан таслах зөвлөлийн тогтоолд “ “Д Т” ХХК гэх манай байгууллагатай огт харьцаж байгаагүй байгууллагын талаар заасан байхад энэ талаар тодруулах ямар ч ажиллагаа хийгээгүй нь урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа мөн бүрэн хийгдсэн эсэх нь эргэлзээтэй байхад хэргийг шийдвэрлэсэн.

            3.6. Мөн 2015, 2016 оны нийт 358,645,911.40 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчилд оногдуулсан 35,815,491.10 төгрөгийн нөхөн татвар нь “М А Б” ХХК-ийн хариуцах татвар биш буюу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш. “М А Б” ХХК нь “М” ХХК-тай “Битум тээвэрлэх, тээвэрлүүлэх тухай” гэрээний дагуу тээврийн хөлсөө мөнгөн дүнгээр шилжүүлж авсан бөгөөд гэрээний хавсралтад тусгагдсан “М” ХХК-ис авсан шатахуун нь ажлын хөлс бус тухайн компани битум тээвэрлүүлэхээр хийж өгсөн шатахуун юм. Энэ нь “М А Б” ХХК-ийн үйл ажиллагааны цар хүрээнээс тодорхой харагдсаар байхад бүрэн хянан шалгалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

            3.7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээр татварын байгууллагад өөрийн гаргасан шийдвэрийн үндэслэлээр хянах боломж олгож байхад хянахгүй байх зорилготойгоор улайран байгаа нь эргэлзээ төрүүлж байна.

            3.8. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 81 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хянаж, хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүсэлтэй байгааг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг зөв тайлбарлан хэрэглэж, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Шүүх гомдол гаргагч  “М А Б” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:

3.1. Гомдол гаргагч “М А Б” ХХК нь “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 351730129 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж гомдлын шаардлагаа тодорхойлжээ.

3.2. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Т, Э.Н нар нь “М А Б” ХХК-ийн 2012-2016 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэн татварын хяналт шалгалт хийж, тус компани нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй нийт 541,387,686.30 төгрөгийн зөрчил гаргасан гэж үзээд 351730129 дүгээр шийтгэлийн хуудсаар 51,993,653.90 төгрөгийн нөхөн татвар, 6,803,363.40 төгрөгийн торгууль, 6,105,627.30 төгрөгийн алданги, нийт 64,902,644.60 төгрөгийн төлбөр ногдуулсан, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 65 дугаар тогтоолоор шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.3. “М А Б” ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “М” ХХК-тай 15-03 дугаартай “Битум тээвэрлэх, тээвэрлүүлэх тухай гэрээ”-г байгуулсан бөгөөд уг гэрээний 2.2-т “Ачаа тээвэрлүүлсэн тээврийн хөлсийг энэхүү гэрээний 4.1-д заасны дагуу тээвэрлэгчид төлж барагдуулна” 4.1-д “... хөлсийг ачаа тээвэрлэн хүргэж, ачааг бүрэн буулгасныг нотлох гарын үсэг бүхий хариу падааныг үндэслэн тээврийн хөлсийг шатахуунаар төлж барагдуулах ба 1 литр шатахууны үнийг 1500 төгрөгөөр тооцно” гэжээ.

            3.4. Тус компани нь дээрх гэрээний 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №01 дугаартай хавсралт гэрээгээр “М” ХХК-д гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 18,436,500.00 төгрөгийн шатахуун авсныг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй болох нь уг тайлангуудаар тогтоогдож байна.

3.5.  “М А Б” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 6,115,342 тн битум тээвэрлэж, 558,665,000.00 төгрөгийн ажил гүйцэтгэж, дээрх гэрээний дагуу “М-О Г” ХХК-иас 249,126.84 литр буюу 373,690,252.50 төгрөгийн шатахуун, 110,000,000.00 төгрөгийн мөнгөн хөрөнгийг компанийн дансаар хүлээн авч, үлдэгдэл 74,974,747.50 төгрөгөөр тооцоо нийлж баталгаажуулсан байна. Мөн 15-03 дугаартай гэрээний 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №02 дугаартай хавсралт гэрээний дагуу тээврийн хөлсөнд 507,877,272.73 төгрөгийн орлого олсон боловч 168,158,861.40 төгрөгийн орлогыг тайлагнаж, зөрүү 339,718,411.40 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй байна.

            3.6. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах бөгөөд гомдол гаргагчийн хувьд дээрх байдлаар 2015 онд 18,436,500.00 төгрөгийн, 2016 онд 339,718,411.40 төгрөгийн, нийт 358,154,911.40 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчилд 35,815,491.10 төгрөгийн нөхөн татвар, 1,721,427.60 төгрөгийн торгууль, 2,695,755.60 төгрөгийн алданги, нийт 40,232,674.30 төгрөгийн төлбөр ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.11, 74.3-д тус тус заасантай нийцсэн байна.

            3.7. Гомдол гаргагч нь 2016 онд “Д Т Ү” ХК-иас Хас банкин дахь харилцах дансаар орж ирсэн 6,300,000.00 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй бөгөөд ийнхүү зөрчил гаргасантай холбогдуулан шийтгэл ногдуулсныг гомдол гаргагч зөвшөөрч байна. 

            3.8. Дээрхээс үзвэл “М А Б” ХХК нь 2015 онд 18,436,500.00 төгрөг, 2016 онд 163,005,554.90 төгрөг /2016 онд 507,877,272.73 төгрөгийн ачаа тээврийн үйлчилгээний орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүйгээс нотлогдох зардлыг буюу албан татвараас хасагдах зардлыг хасаж үлдэх орлогыг тайлагнаагүй гэж үзсэн/, нийт 181,442,054.90 төгрөгийн татвар ногдуулах орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгаж, албан татвар ногдуулах төсөвт төлөөгүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно”, 8.1.1-д “Үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж тус тус заасныг зөрчсөн байх  тул шийтгэл ногдуулсныг буруутгах боломжгүй байна.

            3.9. Гомдол гаргагч нь 2015 онд 625,000.00 төгрөг, 2016 онд 1,165,720.00 төгрөг, нийт 1,790,720.00 төгрөгийн тайлангаар ногдуулсан хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд 347,112.00 төгрөгийн торгууль, 653,612.80 төгрөгийн алданги ногдуулсан хариуцагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн.

                        3.10. Гомдол гаргагчийн хувьд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан тус компанийн “М” ХХК-тай “Битум тээвэрлэх, тээвэрлүүлэх тухай гэрээ”, тооцоо нийлсэн акт, орлого, дансны хуулга, 2015, 2016 онуудын татварын тайлангууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд, гомдол гаргагчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “...нэмэлт гэрээгээр хийгдсэн ажил байгаа, 15-03 дугаартай гэрээний 01 тоот хавсралтаар гүйцэтгэсэн ажлын хөлсийг аж ахуйн нэгжийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй орхигдуулсан байна, ... “М” ХХК-иас ажлын хөлсөнд 373,690,252.20 төгрөгийн шатахуун авсан, үлдэгдлийг бэлэн мөнгөөр харилцах  дансаар шилжүүлсэн авсан” гэх мэдүүлэг, “... 35-03 дугаар гэрээний дагуу хөлсийг шатахуунаар буюу бартераар авч барагдуулах талаар тохиролцсон ба авсан шатахууныг өөрийн үйл ажиллагаанд ашиглаж байсан, ашиг олоогүй байхад татварын улсын байцаагч шийтгэл ногдуулсан” гэх зэрэг тайлбараар нотлогдож байх тул татвар төлөгч нь татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

                        3.11. Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 65 дугаар тогтоолд “... “Д Т” ХХК-иас 2,409,090.91 төгрөгийн орлогыг албан татварын тайланд дутуу тусгаж, татвар ногдуулаагүй” гэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 273 дугаар магадлалд “... үүнтэй холбоотойгоор тодруулах ажиллагаа хийх шаардлагатай” гэсэн байх бөгөөд анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/8321, 1/8922 дугаар албан бичгүүдээр гомдол гаргагч болон хариуцагчаас холбогдох баримтыг ирүүлэхээр шаардахад гомдол гаргагчаас маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг нэмж гаргаж өгөөгүй, тайлбар ирүүлээгүй, хариуцагчаас “... “Д Т” ХХК-тай холбоотой ямар нэгэн зөрчил байхгүй. Тус компаниас олсон 2,400,000 төгрөгтөө үйлчилгээ үзүүлсэн гэдгийг нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгасан байсан учраас шийтгэлийн хуудсанд хариуцлага тооцсон зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, маргаан бүхий 351730129 дүгээр шийтгэлийн хуудсанд тус компаниас олсон 2,409,090.91 төгрөгийн орлогыг албан татварын тайланд дутуу тусгаж, татвар ногдуулаагүй зөрчлийг дурдаагүй, уг асуудлаар шийтгэл ногдуулаагүй гэж үзэхээр байна. Иймд гомдол гаргагчийн “Маргаан таслах зөвлөлийн тогтоолд “ “Д Т” ХХК гэх манай байгууллагатай огт харьцаж байгаагүй байгууллагын талаар заасан байхад энэ талаар тодруулах ямар ч ажиллагаа хийгээгүй нь урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа мөн бүрэн хийгдсэн эсэх нь эргэлзээтэй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

            3.12. Мөн 15-03 дугаартай гэрээний 2.2, 4.1-д ачаа тээвэрлүүлсэн тээврийн хөлсийг ачаа тээвэрлэн хүргэж, ачааг бүрэн буулгасныг нотлох гарын үсэг бүхий хариу падааныг үндэслэн шатахуунаар төлж барагдуулах ба 1 литр шатахууны үнийг 1500 төгрөгөөр тооцохоор тодорхой зааж, уг гэрээний дагуу тодорхой үнийн дүнд шатахуун, мөнгөн хөрөнгийг компанийн дансаар хүлээн авч, үлдэгдэл тээврийн хөлсний тооцоог нийлж баталгаажуулсан, энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогод хамаарах тул “... 2015, 2016 оны нийт 358,645,911.40 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчилд 35,815,491.10 төгрөгийн нөхөн татвар нь “М А Б” ХХК-ийн хариуцах татвар биш буюу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш. Тус компани нь “М” ХХК-тай “Битум тээвэрлэх, тээвэрлүүлэх тухай” гэрээний дагуу тээврийн хөлсөө мөнгөн дүнгээр шилжүүлж авсан бөгөөд гэрээний хавсралтад тусгагдсан “М” ХХК-ис авсан шатахуун нь ажлын хөлс бус тухайн компани битум тээвэрлүүлэхээр хийж өгсөн шатахуун” гэх гомдол үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, гэрээний дагуу шатахуун авч байгаа нь гэрээний дагуу үйлчилгээ үзүүлсэнтэй холбоотой орлого гэж үзэх тул хуульд зааснаар татвараа тайлагнаж, мэдүүлэх үүрэгтэй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шаардлагагүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбарын хүрээнд хянаж үзээд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэж шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 81 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгч Г.Мын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

         ШҮҮГЧ                                             С.МӨНХЖАРГАЛ

         ШҮҮГЧ                                          Н.ХОНИНХҮҮ

         ШҮҮГЧ                                              Н.ДОЛГОРСҮРЭН