Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/01449

 

“Дархан дуулга” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 279 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 4 дугаар сарын 30-ны өдрийн 41 дүгээр магадлалтай,

“Дархан дуулга” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Дархан дизайн” ХХК-д холбогдох,

Гэрээ цуцалж, 23.500.000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

9.940.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Д.Эрдэнэбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр, өмгөөлөгч Б.Содболд, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Дархан дуулга” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дархан дизайн ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд хийсэн 02 тоот гэрээ, мөн өдөр зохиогчийн хяналт хийх гэрээг тус тус байгуулсан. 02 тоот гэрээний 2.3-т заасны дагуу хариуцагч Дархан дизайн ХХК-ийн хийж гүйцэтгэх зураг төслийн нийт үнийг 15.000.000 байхаар тохиролцож, нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрт 9.000.000 төгрөгийг төлсөн. 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 14/26 тоот албан бичгээр барилгын зураг төсөлд оруулах оруулах барилгын хэмжээ болон бусад өөрчлөлтүүдийг тусгаж хариуцагчид албан ёсоор хүргүүлж гэрээний үүргээ биелүүлсэн боловч хариуцагч гэрээний 1.2-т заасан барилгын зураг төслийг боловсруулаагүй бөгөөд гэрээний 3.1-д заасан ...боловсруулсан зураг төслийн ажил нь техникийн төсөл, стандарт, барилгын норм ба дүрмийн шаардлагыг хангасан, чанарын өндөр түвшинд хийгдсэн байна гэсэн шаардлагыг биелүүлээгүй байна. Иймд гэрээг цуцалж, 9.000.000 төгрөг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж: зураг төсөл боловсруулах гэрээний 4.1-т зааснаар алдангид 4.500.000 төгрөг, зураг төслийг өгөөгүйгээс “Гандирс Орд” ХХК-аас зураг худалдан авсан үнийн хэсэг 10.000.000 төгрөгийг хохиролд тооцож нийт 23.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.            

Хариуцагч “Дархан дизайн” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 2014.04.05-ны өдөр Б.Цэдэнбалжир 9 давхар 72 айлын орон сууцны зураг хийлгэсэн. 2014.04.16-ны өдөр барилгын зураг төсөл хийж, төлбөрт 15,000,000 төгрөг авахаар гэрээ байгуулсан. Энэ гэрээг зургийн ажлын үе шат болгож болно гэж хуульд заасан байдаг учраас бид үе шат болгохоор тохирсон. 9,000,000 төгрөгийг урьдчилгаа болгож өгсөн, үүнээс 5.000.000 төгрөгөөр “Гандирс Орд” ХХК-с 6 давхар 60 айлын орон сууцны зураг төсөл худалдаж аваад Дархан дуулга ХХК-д өгсөн. Бид нар барилгын шинэ зураг төсөл хийдэггүй, барилгын зураг дээр гадна шугам сүлжээний холболтын зураг хийж, өөрчлөлт оруулж өгнө гэж тохиролцсон. 60 айлын 6 давхар орон сууцны зураг 80,000,000 төгрөгөөр зурагддаг. Барилгын зургийг 15.000.000 төгрөгөөр хийлгэнэ гэж байхгүй. Би суурийн зураг хийгээд экспертизээр оруулаад батлуулж өгсөн. Миний өгсөн зургаар 2015.04.01-ний өдөр барилгын ажлаа эхлүүлсэн. 2014.07.23-ны өдөр надад мэдэгдэхгүйгээр өөр компанитай дахин зургийн гэрээ байгуулсан байсан. Гэрээг цуцлаагүй, өөр компанитай гэрээ байгуулсан мөртлөө алданги нэхээд байгааг зөвшөөрөхгүй. Суурийг буруу хийсэн учраас Мэргэжлийн хяналтын газраас барилгын ажлыг нь зогсоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “Дархан дизайн” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Сантехникийн зургийг үйлдэж өгсөн тул үлдэгдэл төлбөрийн 15 хувь, цахилгааны зургийн төлбөрт үлдэгдэл төлбөрийн 5 хувь, зохиогчийн хяналтын үнэ нийт 1.500.000 төгрөг, гэрээний үлдэгдэл төлбөр 7.940.000 төгрөг, нийт 9.440.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зохиогчийн хяналтын үнэ 1.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Дархан дуулга” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн 02 тоот гэрээний 2.3-т гэрээний нөхцлийн талаар тусгасан. Гэрээний дагуу захиалагч 9 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Гэтэл гүйцэтгэгч зөрчил гаргасан учраас гэрээ үргэлжлэх боломжгүй болсон. Тиймээс үлдэгдэл 6 сая төгрөгийг төлөх боломжгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 279 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар Дархан Дизайн ХХК-иас 9,000,000 төгрөгийг гаргуулан Дархан Дуулга ХХК-д олгож, алданги 4,500,000 төгрөг, хохирол 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Дархан Дизайн ХХК-иас Дархан Дуулга ХХК-д холбогдуулан гаргасан 9,940,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан 232,950 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 55,910 төгрөг, Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 46,309 төгрөг, ХААН банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 174,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 38,950 төгрөг, ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тушаасан 141,990 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 234,669 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Дархан Дуулга ХХК-д, 14,950 төгрөг гаргуулан хариуцагч Дархан Дизайн ХХК-д олгож, нэхэмжлэлийн хангагдсан дүнгээс төлвөл зохих 158,950 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг хариуцагч Дархан Дизайн ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Дархан Дуулга ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дугаар сарын 30-ны өдрийн 41 дүгээр магадлалаар: Нэхэмжлэгч Дархан дуулга ХХК, түүний өмгөөлөгч, хариуцагч Дархан дизайн ХХК-иудын давж заалдсан гомдлуудыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 279 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230.450 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.950 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.06-ны өдрийн 279 дүгээр шийдвэр, Дархан-Уул  аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.04.30-ны өдрийн 41 дүгээр  магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар болон холбогдох бусад байгууллагаас зөвшөөрлийг авсан байх тул зураг төслийг хийгээгүй гэх үндэслэлгүй байна хэмээн гэрээтэй холбогдох талуудын хоорондын  маргааны зүйл, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа ...урьдчилгаанд төлсөн 9.000.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.” гэж нэхэмжлэлийн уг шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь анхан шатны шийдвэрийнхээ ИХ-ийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан хуулийн заалттай зөрчилдөж байгаагаар илэрч байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн дээрх дүгнэлтээс үзвэл гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тал нь нэхэмжлэгч “Дархан дуулга" ХХК буюу 2014.05.05-ны өдрийн “Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд хийсэн гэрээ” 02 дугаар гэрээний захиалагч тал болох нь тодорхой байна. Гэрээ цуцалсантай холбоотой учирсан хохирлыг нэхэмжлэх эрх нь гэрээний аль нэг тал хуульд заасан тус эрхээ хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь гэрээний нөгөө тал нь гэрээний үүргээ зөрчсөн байх, ийнхүү зөрчихдөө ноцтой зөрчсөн байхыг шаардаж байна. Хариуцагч “Дархан дизайн” ХХК буюу маргаан бүхий 02 тоот гэрээний гүйцэтгэгчийн хувьд гэрээний үүргээ ноцтой зөрчсөн болох нь тогтоогдоогүй шүүх энэ тухай дүгнэлт хийгээгүй атлаа нэхэмжлэгчийг “Ганьдрис Орд” ХХК-тай гэрээ байгуулан зураг хийлгүүлэн авснаар “Дархан дизайн” ХХК-ийн зураг “Дархан дуулга” ХХК-нд хэрэггүй болсон тул урьдчилгаанд төлсөн 9.000.000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн болохыг нотолж байна. Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ гэрээний үүргийг хэн, хэрхэн зөрчсөн тал дээр үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас хариуцагч “Дархан дизайн” ХХК-ийн хийсэн ажлыг үгүйсгэж, үнэгүйдүүлсэн, хэт нэг талыг барьсан, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Гэрээний үүргийн зөрчлийг тогтоохын тулд талуудын хооронд байгуулагдсан гэрээний заалтад анхаарлаа хандуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийх учиртай 02 тоот гэрээний 2.1 дүгээр заалтад захиалагч тал зураг хийхэд шаардагдах шаардлагатай баримт бичгүүд, геологийн дүгнэлт болон бусад холбогдох материалыг гүйцэтгэгч талд 2014.05.14-ний өдрийн дотор өгсөн байх тухай заасан байна. Үүнээс үзэхэд гүйцэтгэгч ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж захиалагчид хүлээлгэж өгөх үүрэг нь захиалагчийн үйлдэл, үйл ажиллагаатай шууд холбоотой байх бөгөөд захиалагч гэрээний 2.1-дэх хэсэгт заасан бичиг баримтыг хугацаа хожимдуулж гаргаж өгсөн, эсвэл огт гаргаж өгөөгүй гүйцэтгэгч ажил гүйцэтгэх боломжгүй болох шууд хамаарал бүхий нөхцөл үүсч байна. Мөн 02 тоот гэрээний 2.4-т гэрээнд заасан үнийг бүрэн төлж байж иж бүрдэл зургийг буюу гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үр дүнг 2 хувь үйлдэн хүлээлцэхээр тохиролцсон байх тул гэрээний үнэ төлөгдөөгүй тохиолдолд захиалагч буюу Дархан дуулга ХХК, гүйцэтгэгч буюу “Дархан дизайн” ХХК-аас иж бүрэн зураг төсөл, ажлын үр дүнг шаардах боломжгүй болох нь ойлгомжтой байна. Давж заалдах шатны шүүх ажлын үр дүн гараагүй гэх дүгнэлтийг няцааж байгаа бөгөөд зургийг хэд хэдэн удаа захиалагчийн хүсэлтээр өөрчилсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар мөн тогтоогдож байгаа болно. Уг ажлын үр дүнгийн дагуу нэхэмжлэгч “Дархан дуулга” ХХК барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авч, газар шороо, суурь зоорийн ажлыг эхлүүлсэн байдаг боловч, гүйцэтгэгчийн /зохиогчийн/ хяналт, шаардлагыг үл тоож суурийн технологи ажлын зургийг зөрчиж барилга нурах хэмжээнд хүрсэн, орон сууц худалдаж авсан оршин суугчид, цэцэрлэгийн хүүхдүүд хохирох асуудлыг үл тоож гэрээний үүргийн зөрчил эхэлсэн болохыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. Шүүх хэрэглэвэл зохих хуулийн заалт болох ИХ-ийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь заалтыг хэрэглээгүй тухай: Анхан болон давж заалдах шатны шүүх гэрээний үүргийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн нь ноцтой зөрчсөн болохыг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд бодитоор, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсний үндсэн дээр хуулийн тус заалтыг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн байсан. Гэтэл шүүх хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүйн улмаас 9.000.000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага 1 500 000 төгрөг нь хийсэн ажлын хөлс бөгөөд 02 тоот гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.'

Иймд шүүх гомдлыг минь хүлээн авч Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.06-ны өдрийн 279 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.04.30-ны өдрийн 41 дүгээр магадлалд өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийн 9 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч “Дархан дуулга” ХХК нь хариуцагч “Дархан дизайн” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 9.000.000 төгрөг, алданги 4.500.000 төгрөг, хохирол 10.000.000 төгрөг нийт 23.500.000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж улмаар зохиогчийн хяналтын ажлын төлбөр 1.500.000 төгрөг, ажлын хөлсний үлдэгдэл 7.940.000 төгрөг нийт 9.440.000 төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчийн хооронд 2014 оны 5 дугаар сарын 5-ний өдөр байгуулагдсан Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд хийсэн гэрээгээр “Дархан дизайн” ХХК нь 6 давхар 60 айлын орон сууцны холболт өөрчлөлтийн зураг төслийг 2014 оны 6 дугаар сарын 5-ний дотор хийж гүйцэтгэх, “Дархан дуулга” ХХК 15.000.000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцож, урьдчилгаа 9.000.000 төгрөг төлсөн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Зохигчид ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний гол нөхцлийг харилцан тохиролцсон талаар маргаагүй байна.

Харин хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлсэн эсэх, нэхэмжлэгч гэрээг цуцалсан нь  хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох ба хариуцагч зургийг 1 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр гэрээнд заасан.  

“Дархан дизайн” ХХК нь 5-с дээш давхрын барилгын зураг төсөл хийх тусгай зөвшөөрөлгүй байснаа үгүйсгээгүй бөгөөд нэхэмжлэлээс татгалзахдаа “...6 давхар 60 айлын орон сууцны зураг төслийг “Гандирс-орд” ХХК-с худалдан авч өгсөн, нэхэмжлэгч энэ зургийн дагуу барилга эхлүүлэх зөвшөөрөл авч, барилгын ажлаа эхлүүлсэн” гэсэн тайлбар гаргажээ.

Хариуцагч зургийг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгээгүй тул “Дархан дуулга” ХХК нь 2014 оны 8 дугаар сарын 20, 25-ний өдрүүдэд гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхийг “Дархан дизайн” ХХК-д бичгээр мэдэгджээ /хэргийн 1 дүгээр хавтас 6-21 дүгээр тал/.

Хариуцагч шүүхэд “...зургийг Ц.Энхтуул хүлээн авсан” талаар тайлбар гаргаж, “Гандирс орд” ХХК-ийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ний өдрийн 33 тоот албан бичгийг ирүүлсэн боловч уг баримт хуурамч болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ /хэргийн 3 дугаар хавтас 84-89 дүгээр тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч ажлын үр дүнг нэхэмжлэгчид хугацаанд нь хүлээлгэн өгснөө нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээр дурдсанаас үзвэл, хариуцагч Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, захиалагч  нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүн гараагүй, энэ тохиолдолд нэхэмжлэгч гэрээ цуцалсныг буруутгах үндэслэлгүй. 

Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах журмыг зохицуулсан Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.-т зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй ба захиалагч нь ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө хэдийд ч  гэрээг цуцлах эрхтэй талаар мөн зүйлийн  355.2.-т заасан.  

Аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д заасан тул нэхэмжлэгч урьдчилгаа төлбөрийг шаардах эрхтэй.  

Нэхэмжлэгч гэрээг цуцалсан, энэ тохиолдолд үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь нөгөө талдаа төлөхөөр гэрээгээр тохирсон  алдангийг  шаардах эрхгүй.  

Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч “Дархан дизайн” ХХК үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид 10.000.000 төгрөгийн хохирол учирсан гэх байдал тогтоогдоогүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлээс 9.000.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үндсэн нэхэмжлэлийн бусад шаардлага, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1., 227 дугаар зүйлийн 227.1., 232 дугаар зүйлийн 232.6-г зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 279 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 41 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Б.Эрдэнэбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 158.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ