Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2017/00217

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 16 өдөр          Дугаар 101/ШШ2017/00217         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

  

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Баатархайрханы 15 дугаар гудамж, 744 тоотод оршин суух, Борголжин овогт Гантулгын Амаржаргал /РД:УК94070823/-ын нэхэмжлэлтэй,     

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуут 10 дугаар гудамж, 220 тоотод оршин суух, Боржигон овогт Зоригтсайханы Оргилболд /РД:ЗЙ92051411/-д холбогдох, 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Амаржаргал, хариуцагч З.Оргилболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл нар оролцов.

   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Амаржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Г.Амаржаргал миний бие 2013 онд З.Оргилболдтой танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 оны 09 сарын 16-нд хүү О.Данзанравжаа төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул 2016 оны 01 сард салж, тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжид амьдарч өсөж торниж байгаа. Бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул З.Оргилболдоос хүү Данзанравжаад тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн сар бүр улсаас хүүхдэд олгодог 20,000 төгрөгийн тэтгэлэгийг Оргилболд хүүгээ төрсөн цагаас хойш өөрийн нэр дээр данс нээлгэн авч хэрэглэж байгаа тул уг тэтгэлэгийг хүү Данзанравжаад олгож өгнө үү.

Нэхэмжлэлээ дэмжиж байна. Оргилболд хүүхдийн нэр дээр данс нээлгээд хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн учраас намайг уг дансны хамтран эзэмшигчээр бүртгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү ...” гэв.

 

Хариуцагч З.Оргилболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...З.Оргилболд миний бие 2013 онд Г.Амаржаргалтай үерхэж 2014 оны 09 сарын 16 өдөр Данзанравжаа гэдэг хүүтэй болсон. Би хүүхдийн тэтгэмж төлнө. Гэхдээ одоогоор би оюутан сургуулиа төгсөөгүй байгаа тул орлогын эх үүсвэргүй байна. Ер нь эцэг хүн үүргээ ухамсарлаж тэтгэмж өгөх л юм чинь ажил төрөлтэй болсон хойно тогтоолговол миний хүүд арай илүү хэдэн төгрөг оногдох байх. Тэгээд ч хүүхдэдээ л өгч байгаа юм чинь хүүгийнхээ нэр дээр хадгаламжийн данс нээлгэж тогтсон тэтгэмжийг хийж насанд хүрсэн хойно нь өгнө.

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн дансны хамтран эзэмшигчээр Г.Амаржаргалыг бүртгүүлэх гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна ...” гэв.

           

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

 

                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Амаржаргал хариуцагч З.Оргилболдод холбогдуулан “хүүхдийн тэтгэлэг гаргуулах, төрөөс олгож буй 20,000 төгрөгийн тэтгэлэгийг олгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тэтгэлэг тогтоолгох шаардлагын үндэслэлээ ...хүүхдээ өөрийн асрамжиндаа үлдээж байгаа тул тэтгэлэг гаргуулна, асрамжийн асуудлаа шүүхээр шийдвэрлүүлнэ..., 20,000 төгрөгийн тэтгэлэгийг олгуулах гэсэн шаардлагаа ...хүү О.Данзанравжаагийн эзэмшлийн Хаан банкин дах дансны хамтран эзэмшигчээр Г.Амаржаргалыг бүртгүүлэхийг З.Оргилболдод даалгах... гэж тус тус тайлбарлаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.                           

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

 

Хариуцагч З.Оргилболд, нэхэмжлэгч Г.Амаржаргал нарын дундаас 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүү Оргилболдын Данзанравжаа төрсөн болох нь 1110006062 дугаарт бүртгэгдсэн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.    

 

Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

Хариуцагч З.Оргилболд 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн өөрийн хүү Данзанравжаад тэтгэлэг төлнө гэсэн тул хуульд заасан хувь хэмжээгээр О.Данзанравжааг сар бүр эцгээр нь тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй. 

 

“Хүү О.Данзанравжаагийн эзэмшлийн Хаан банкин дах дансны хамтран эзэмшигчээр Г.Амаржаргалыг бүртгүүлэхийг З.Оргилболдод даалгах” тухай шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “Тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг.. шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр” нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасны дагуу З.Оргилболдоос улсын тэмдэгтийн хураамжид тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тооцож 31,248 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Үндэсний статистикийн хорооны даргын 2015 оны 1 сарын 29-ний өдрийн А/9 тоот тушаалаар 2015 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг Улаанбаатар хотод 185400 төгрөгөөр тогтоосон байх тул хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн хэмжээг уг дүнгээс тооцов.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 9  дүгээр сарын 16-нд төрсөн хүү О.Данзанравжааг /РД:УК14291634/ эх Г.Амаржаргалын асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Боржигон овогт Оргилболдын Данзанравжааг 11 нас хүртэл тухайн бус нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг З.Оргилболдоор тэжээн тэтгүүлсүгэй.

3. 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү О.Данзанравжаа /РД:УК14291634/-гийн эзэмшлийн Хаан банкин дах дансны хамтран эзэмшигчээр Г.Амаржаргалыг бүртгүүлэхийг З.Оргилболдод даалгах” тухай шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Оргилболдоос улсын тэмдэгтийн хураамжид 101,248 төгрөг гаргуулан үүнээс 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, үлдэх 31,248 төгрөгийг улсын орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.БАТЦЭЦЭГ