Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2017/00197

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 13 өдөр          Дугаар 101/ШШ2017/00197              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

    

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 4 дүгээр хэсэг, 42 дугаар гудамж, 1542 тоотод оршин суух, Монгол овогт Нармандахын Нандинцэцэг /РД:МО82062201/-ийн нэхэмжлэлтэй,     

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 4 дүгээр хэсэг, 42 дугаар гудамж, 1542 тоотод оршин суух, Алаг адуун овогт Гүндсамбуугийн Доржсүрэн /РД:ИЭ84041114/-д холбогдох, 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ноогдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Нандинцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, хариуцагч Г.Доржсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Нандинцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Нандинцэцэг миний бие нөхөр Г.Доржсүрэнтэй 2007 онд танилцаж 2008 онд гэр бүлээ захиргааны журмаар батлуулсан бөгөөд том охин Д.Энхболор 2004 онд, дунд охин Д.Энхнаран 2008 онд, бага охин Д.Ган-Эрдэнэ 2012 тус тус мэндэлсэн. Бид бусдын адил аз жаргал, баяр гуниг гээд л хүний амьдралд тохиолддог бүх зүйлийг хамт туулж ирсэн бөгөөд сүүлийн 2 жилийн өмнөөс нөхөр Доржсүрэнгийн зан ааш нь эрс өөрчлөгдөж үр хүүхэд болоод надад хандах халамж нь эрс багасч ажилтай гэх нэрийдлээр гадуур хонох нь ихэссэн. Г.Доржсүрэн нь Аринзаяа гэх хүүхэнтэй 2 жилийн турш явалдаж байсныг олж мэдсэн. Сүүлдээ гэр оронд үр хүүхдийнхээ дэргэд Ариунзаяа гэх хүүхнийг авч ирж хонож өнжиж намайг доромжилж гар хүрч яв, зайл гэх мэтээр хөөж туудаг болсон. 2016 оны 1 сараас 3 охины хамт намайг гэрээс явуулсан. Үүнээс хойш миний бие 3 хүүхдийнхээ хамт түрээсийн байраар амьдарч зарим үед хоолгүй ч хонох үеүүд тохиолдсоор өнөөдрийг хүрээд байна. Энэ хугацаанд Г.Доржсүрэн нь эцэг хүний хувиар үр хүүхдүүдээ нэг ч удаа харж хандалгүй, хоолны мөнгө ч өгөлгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд миний бие үр хүүхдүүдээ өсгөхийн тулд олдсон бүхий л ажлыг хийж Сүхбаатар дүүрэгт түрээс байранд амьдарч байгаа болно. Улмаар 2016 оны 02 сарын 12-ны өглөө түрээслэж байсан байранд согтуу орж ирж ямарч шалтгаангүйгээр 3 охины дэргэд хоолойг минь боож чамайг алчихсан байхад яах юм гэж намайг зодсон бөгөөд миний бие түүнийг явсны дараа цагдаад дуудлага өгсний дагуу цагдаагийн газар очиж надад дахиж гар хүрэхгүй гэж амлалт цагдаад өгөөд явсан. Ариунзаяа гэх хүүхэн нь чи Г.Доржсүрэнгээс салахгүй бол охидууд чинь муу юм тохиолдоно шүү гэх зэргээр дарамталаад байхаар миний бие арга ядаж Ариунзаяагийн ажилдаг газрын удирдлагатай уулзсаны төлөө Г.Доржсүрэн нь намайг дарамталж чамайг ална, амиа хорлосон байдалтай болгоод алчихад хэн ч мэдэхгүй шүү би ийм ажлыг хангалтай хийнэ гэх зэргээр дарамтлаж намайг сэтгэл санааны хүнд байдалд оруулж байна. Г.Доржсүрэнгийн хүчирхийлэл дарамтаас маш их айж байгаа тул гэр бүлийг хурдан цуцлаж өгөхийг хүсэж байна.

Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, охин Д.Энхболор, Д.Энхнаран, Д.Ган-Эрдэнэ нарыг эх Н.Нандинцэцэг миний асрамжид үлдээж, эцэг Г.Доржсүрэнгээс хүүхэд тус бүрт тэтгэлэг тогтоож, гэр бүлийн гишүүн бүрт ногдох эд хөрөнгийг шүүхийн журмаар хувааж өгнө үү.

Г.Доржсүрэн нь 2016 оны 01 дүгээр сард Н.Нандинцэцэг намайг охин Д.Энхболор, Д.Энхнаран, Д.Ган-Эрдэнэ нарын хамт гэрээс хөөж би 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 28-30 тоотод байрлах, 1 өрөө байрыг сарын 250,000 төгрөгөөр түрээслэн амьдрах болсон. Түрээсийн байрны 2016 оны 2, 3, 4, 5 дугаар саруудын төлбөр 1,000,000 төгрөг, тус байрны тог, дулаан, усны мөнгө 2016 оны 1 сарынх 68,147 төгрөг, 2 сарынх 67,047 төгрөг, 3 сарынх 96,065 төгрөг, 4 сарынх 99,788 төгрөг, 5 сарынх 144,208 төгрөг, нийт 475,255 төгрөг болсон. Нөхөр Г.Доржсүрэн нь эхнэр, хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байтал орон гэрээс нь хөөн гаргаснаас болж ийм их зардал гарч амьдарч байгаа ба үүнийг хариуцах ёстой гэж үзэж байна. Иймд Г.Доржсүрэнгээс Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 28-30 тоотод байрлах, 1 өрөө байрны түрээсийн төлбөр 1,000,000 төгрөг, байрны тог, дулаан, усны мөнгө 475,255 төгрөг, нийт 1,475,255 төгрөгийг нэхэмжилж байна.

Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ асрамжиндаа авах, тэтгэлэг тогтоолгох шаардлагаа дэмжиж байна. 5 ханатай гэр, тавилгын хамт, приус 20 маркын автомашиныг би, 3 хүүхдийн хамт авна.

Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 4 дүгээр хэсэг, 42 дугаар гудамж, 1542 тоот газар, 1528 тоотод байрлах газар, хөрөө рам, блокны машин, зуурмагийн машин зэргийг нэхэмжлэхээс татгалзаж байна. Хөрөө рам, блокны машин, зуурмагийн машин зэргийг хариуцагч Г.Доржсүрэнд үлдээе. Доржсүрэнгийн нэр дээрх зээлийг би хувааж төлөхөөс татгалзаж байна. Уг зээлийг надад зарцуулаагүй. Би ч мөн адил цалингийн зээлтэй. Эвлэрэх боломжгүй ...” гэв.

Хариуцагч Г.Доржсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Г.Доржсүрэн миний бие Н.Нандинцэцэгтэй 2007 онд танилцаж 2009 оны 05 сард захиргааны журмаар гэр бүл батлуулсан. Охин Энхболорын хувьд Н.Нандинцэцэгтэй гэр бүлээ батлуулсан байсан учир өөрийн нэрээр овоглосон. Бидний дундаас Д.Энхнаран 2009 оны 07 дугаар сарын 15-нд, 2012 оны 08 дугаар сарын 12-нд бага охин Д.Ган-Эрдэнэ нар тус тус мэндсэлсэн. Гэр бүлээ батлуулсан цагаас хойш хамтын хөдөлмөрөөр 5 ханатай гэр, /гал тогооны шүүгээ, хувцасны шкаф, зурагтын суурь зэрэг тавилгын хамт/, хөргөгч, угаалгын машин, тоос сорогч, будаа агшаагч, Бенз 230 УБА 58-88 улсын дугаартай авто машин зэрэг нь дундын эд хөрөнгө болно. Нэхэмжлэгч Н.Нандинцэцэг нь 2009 онд авсан 4 сая төгрөгийн цалингийн зээлээр өөрийн ээжийн тархины хагалгааны төлбөрт 2,2 сая төгрөг, эмчилгээний зардалд бусад төгрөгийг зарцуулсан. Дээрх дундын эд хөрөнгө болох хөргөгч, угаалгын машин, тоос сорогч, будаа агшаагч зэргийг 4 сая төгрөгийн цалингийн зээл авч өөрөө авсан гэдэг нь худлаа. Миний бие 2009 онд дээрх эд хөрөнгийг Хас банкны лизингээр худалдаж авсан болно. Одоо Н.Нандинцэцэг  угаалгын машин, тоос сорогч, будаа агшаагчийг өөрөө хэрэглэж байгаа. Хөргөгчийг нь 5 ханатай гэрийн хамт хэн ч хэрэглээгүй байгаа. Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, хужирбулангийн 4-42-1542 тоот газрыг нэхэмжлэгч Н.Нандинцэцэгтэй гэр бүл батлуулахаас өмнө Л.Алтантуяагийн хамт 2005 онд газрын байршилын кадастрын зургийг хийлгэж 2006 онд газар хамтран өмчлүүлэх шийдвэрийг гаргуулж авсан. Уг газар нь Н.Нандинцэцэг бидний дундын эд хөрөнгөд хамааралгүй болно. Баянзүрх дүүрэг 28 дугаар хороо хужирбулангийн 4-42-1528 тоотод байх газарт дутуу баригдсан граж, 6x8 хэмжэээтэй байшин, жижиг хөрөө рам, шавар зуурагч зэрэг эд хөрөнгүүд нь миний ээж Д.Мишигдоржийн үндсэн хөрөнгө өмч юм. 2005 оноос хойш миний эцэг эх дээрх эд хөрөнгийг өөрсдийн хүч хөдөлмөрөөр бий болгон суурьшин амьдарч байгаа. Эдгээр нь Н.Нандинцэцэг бидний дундын эд хөрөнгөд ямар ч хамааралгүй болно. 2016 оны 1 сард хүүхдийн хичээл сургууль болон Н.Нандинцэцэгийн ажилд нь ойртох зорилгоор бид бүгд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 28 байр, 30 тоотод түрээсэлж орсон. 2016 оны 2 дугаар сарын 8-ныг хүртэл түрээсэлж байгаа байранд хамт амьдарсан. Үүнээс хойш тусдаа амьдарч байгаа болно. Бид гэр бүл болсноос хойш миний ээж, Н.Нандинцэцэг нар хоорондоо таарамжгүй байдлаас болж би болон миний ээж, Н.Нандинцэцэг бидний дунд байнгын гэр бүлийн хэрүүл маргаан гардаг байсан. Энэ байдал нь удаан үргэлжлэн гэр бүл талцах хэрүүл маргаан тасардаггүй байсан тул миний бие гэр бүл салах шийдвэрт хүрсэн. Улмаар 2014 онд Ариунзаяатай танилцаж одоог хүртэл 2 жилийн хугацаанд уулзаж явсаар өдийг хүрч Н.Нандинцэцэгээс салах шийдвэр гаргасан. 2016 оны 1 сарын 29-нд миний бие 20 сая төгрөгийн цалингийн зээлийг авч 9,6 сая төгрөгөөр приус 20 маркийн машиныг худалдан авч Н.Нандинцэцэгт өгсөн. 3 охины дансанд хий гэж 2 сая төгрөг өгсөн, мөн Н.Нандинцэцэгийн сургалтын төлбөрт 750.000 төгрөг, хувийн хэрэгцээнд нь 1 сая төгрөг, ахуйн хэрэгцээнд /хүүхдүүдэд хувцас, хүнс, цагаан сарын бэлтгэл/ 2.5 сая төгрөг, Н.Нандинцэцэгийн ээжид 500.000 төгрөг, өөрийн ээжид 700.000 төгрөг, өр дарах болон бусад зүйлд 2 сая төгрөгийг тус тус зарцуулсан. Уг зээлийн эргэн төлөлтийн хугацаа 3 жил ба зээлийн нийт төлбөр 27.500.000 төгрөг бөгөөд cap бүрийн эргэн төлөлтийг би өөрийн цалингаас төлж байгаа.

Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээх, тэтгэлэг гаргуулах шаардлагыг зөвшөөрч байна. Бид эвлэрэх боломжгүй. Өөрсдийн амьдарч байсан 5 ханатай гэр, тавилгын хамт, приус 20 автомашиныг нэхэмжлэгч Н.Нандинцэцэгт өгнө. Байрны түрээс болон дулаан цахилгааны мөнгө болох 1.475.255 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

Миний нэр дээр авсан зээлийг приус машин авч, бусдыг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан учир Нандинцэцэгтэй хувааж төлөх хүсэлтэй байна. Нандинцэцэгийн нэр дээрх цалингийн зээлийг хувааж төлөхөд татгалзах зүйлгүй ...” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Нандинцэцэг хариуцагч Г.Доржсүрэнд холбогдуулан “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ноогдох хэсгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1,475,255 төгрөгөөр нэмэгдүүлжээ.

  

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргаж байна.                           

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. 

 

Гэрлэгчид 2008 оны 08 сарын 25-ны өдөр гэр бүл болж улмаар 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдөр охин Д.Энхнаран, 2012 оны 08 дугаар сарын 11-ний өдөр охин Д.Ган-Эрдэнэ нар төрсөн, 2004 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Энхболорыг үрчлэн авч Г.Доржсүрэнгээр овоглосон болох нь гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбарууд, гэрлэгчдийн тайлбараар тогтоогдож байна.    

Гэрлэгчид 2016 оны 2 дугаар хойш тусдаа амьдарч байгаа ба хэн аль нь эвлэрэх боломжгүй гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагч Г.Доржсүрэн нэхэмжлэгч Н.Нандинцэцэгийн хоолойг боож танхайрсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан захиргааны зөрчлийг шийдвэрлэсэн тухай бүртгэл зэргээр тогтоогдож байна.

Дээр дурдсанаас дүгнэвэл хариуцагч Г.Доржсүрэнгийн хүчирхийлэлээс болж нэхэмжлэгч Н.Нандинцэцэгийн эрүүл мэндэд хор уршиг учирч болзошгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Дээрх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж дүгнэн гэрлэлтийг цуцлав.

    

Гэрлэгчид охин Д.Энхболор, Д.Энхнаран, Д.Ган-Эрдэнэ нарын асрамжийн тал дээр маргахгүй, хариуцагч хүүхдүүдээ эх Н.Нандинцэцэгийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байх тул шүүх охин Д.Энхболор, Д.Энхнаран, Д.Ган-Эрдэнэ нарыг эх Н.Нандинцэцэгийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэний журамт үүрэг бөгөөд охин Д.Энхболор, Д.Энхнаран, Д.Ган-Эрдэнэ нарыг эх Н.Нандинцэцэгийн асрамжинд үлдээхийг хариуцагч зөвшөөрсөн бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар “эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” үүрэгтэй тул хариуцагч Г.Доржсүрэнгээс хүүхдийн тэтгэлэгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр гаргуулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 28-р хороо, Хужирбулангийн 4-р хэсэг 42-1542 тоот газар дээр байгаа блокны машин 1 ширхэг, зуурагч 1 ширхэг, хөрөө рам 1 ширхэг, Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 4 дүгээр хэсэг, 42 дугаар гудамж, 1542 тоот, 1528 тоотод байрлах газрыг тус тус нэхэмжлэхээс татгалзаж байна.

 

42-93 УБХ улсын дугаартай приус-20 маркийн автомашин, Баянзүрх дүүргийн 28-р хороо, Хужирбулангийн 4-р хэсэг 42-1542 тоотод байрлах 5 ханатай гэр, хөргөгч 1 ширхэг, 39 инчийн лед телевизор 1 ширхэг, тоос сорогч 1 ширхэг, будаа агшаагч 1 ширхэг, нөүтбүүк 1 ширхэг, керамик плитка 1 ширхэг, мексир 1 ширхэг, мечта плитка 1 ширхэг, гал тогооны стенк 1 ширхэг, хувцасны шкаф 1 ширхэг, зурагтын тавиурын ком 1 ширхэг, 58-88 УБХ улсын дугаартай бенз-230 маркийн автомашин зэрэг хөрөнгө гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч болох нь зохичгдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Г.Доржсүрэнгийн нэр дээр байгаа 42-93 УБХ улсын дугаартай приус-20 маркийн автомашин, Баянзүрх дүүргийн 28-р хороо, Хужирбулангийн 4-р хэсэг 42-1542 тоотод байрлах 5 ханатай гэр, хөргөгч 1 ширхэг, 39 инчийн лед телевизор 1 ширхэг, тоос сорогч 1 ширхэг, будаа агшаагч 1 ширхэг, нөүтбүүк 1 ширхэг, керамик плитка 1 ширхэг, мексир 1 ширхэг, мечта плитка 1 ширхэг, гал тогооны стенк 1 ширхэг, хувцасны шкаф 1 ширхэг, зурагтын тавиурын ком 1 ширхэг зэргийг нэхэмжлэгч Н.Нандинцэцэг, охин Д.Энхболор, Д.Энхнаран, Д.Ган-Эрдэнэ нарын өмчлөлд, Н.Нандинцэцэгийн нэр дээр байгаа 58-88 УБХ улсын дугаартай бенз-230 маркийн автомашиныг хариуцагч Г.Доржсүрэнгийн өмчлөлд тус тус үлдээхээр зохигчид тохиролцож байх тул саналаар нь шийдвэрлэв.

 

Гэрлэгчид хамтран амьдрах хугацаанд Г.Доржсүрэнгийн нэр дээр 20 сая төгрөг, Н.Нандинцэцэгийн нэр дээр 4 сая төгрөг тус тус зээлж, гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба хэргийг шийдвэрлэх үед буюу 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар Г.Доржсүрэн Хаан банкинд 14,526,721 төгрөгийн, Н.Нандинцэцэг Голомт банкинд 352,680 төгрөгийн зээлтэй болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд гэр бүлийн бусдад төлөх төлбөр нийт 14,879,401 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагч нарт хувааж хувиарлах нь зүйтэй.

Г.Доржсүрэнгийн зээл 14,526,721 төгрөгийн тал хувь болох 7,263,360 төгрөгийг Н.Нандинцэцэг, Н.Нандинцэцэгийн зээл 352,680 төгрөгийн тал хувь болох 176,340 төгрөгийг Г.Доржсүрэн хариуцах үндэслэлтэй. Мөн хамтран амьдрах хугацаанд хөлсөлсөн байрны ашиглалтын төлбөр 475,255 төгрөгийг Г.Доржсүрэн нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч байх тул Г.Доржсүрэнгээс гаргуулах нь зүйтэй.

Хариуцагчаас 651,595 төгрөг, нэхэмжлэгчээс 7,263,360 төгрөг төлөх үүргүүдийг харилцан тооцож, нэхэмжлэгч Н.Нандинцэцэгээс 6,611,765 төгрөг гаргуулж хариуцагч Г.Доржсүрэнд олгохоор шийдвэрлэв.

Харин орон сууц хөлслөх гэрээний төлбөр 1,000,000 төгрөгийг Н.Нандинцэцэг нэхэмжлэх эрх бүхий этгээд биш, өөрөөр хэлбэл хөлслүүлэгч биш байх тул орон сууцаа хөлсөлсөн этгээд Г.Доржсүрэн, Н.Нандинцэцэг нараас нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэн орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 1 сая төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “Тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг.. шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр” нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасны дагуу Г.Доржсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тооцож 86,144 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Үндэсний статистикийн хорооны даргын 2015 оны 1 сарын 29-ний өдрийн А/9 тоот тушаалаар 2015 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг Улаанбаатар хотод 185400 төгрөгөөр тогтоосон байх тул хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн хэмжээг уг дүнгээс тооцов.

Хариуцагчаас гэрлэлт цуцлуулах шаардлагын 70,200 төгрөг, тэтгэлэгт ногдох хураамж 86,144 төгрөг, 475,255 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 14,908 төгрөг, дундын өмчийн хөрөнгийн дүн 17,450,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 245,200 төгрөгийн тал хувь 122,600 төгрөг, нийт 293,852 төгрөгийг гаргуулж хуульд зааснаар хувиарлах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн ажлын хөлс 792,000 төгрөгийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу талуудад адил хэмжээгээр хувиарлан хариуцуулах нь зүйтэй байна.

Охин Д.Энхболор, Д.Энхнаран, Д.Ган-Эрдэнэ нарыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь Г.Доржсүрэнгийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг хүүхдүүдээ хүмүүжүүлэх асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд эх Н.Нандинцэцэг саад болох учиргүй юм. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээж болохыг дурдая. 

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Алаг адуун овогт Гүндсамбуугийн Доржсүрэн /РД:ИЭ84041114/, Монгол овогт Нармандахын Нандинцэцэг /РД:МО82062201/ нарын гэрлэлтийг цуцалсугай.   

 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2004 оны 9  дүгээр сарын 26-нд төрсөн охин Д.Энхболор /РД:МО04292608/, 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Д.Энхнаран /РД:УК09271529/, 2012 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Д.Ган-Эрдэнэ /РД:УК12281146/ нарыг эх Н.Нандинцэцэгийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан 2004 оны 9  дүгээр сарын 26-нд төрсөн охин Д.Энхболорыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/  хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Д.Энхнаран, 2012 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Д.Ган-Эрдэнэ нарыг 11 нас хүртэл тухайн бус нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Доржсүрэнгээр тэжээн тэтгүүлсүгэй.  

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дах хэсэгт заасныг баримтлан хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, Засгийн газраас тогтоосон хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 130 дугаар зүйлийн 130.2, 130.3-т зааснаар 42-93 УБХ улсын дугаартай приус-20 маркийн автомашин, Баянзүрх дүүргийн 28-р хороо, Хужирбулангийн 4-р хэсэг 42-1542 тоотод байрлах 5 ханатай гэр, хөргөгч 1 ширхэг, 39 инчийн лед телевизор 1 ширхэг, тоос сорогч 1 ширхэг, будаа агшаагч 1 ширхэг, нөүтбүүк 1 ширхэг, керамик плитка 1 ширхэг, мексир 1 ширхэг, мечта плитка 1 ширхэг, гал тогооны стенк 1 ширхэг, хувцасны шкаф 1 ширхэг, зурагтын тавиурын ком 1 ширхэг зэргийг нэхэмжлэгч Н.Нандинцэцэг, охин Д.Энхболор, Д.Энхнаран, Д.Ган-Эрдэнэ нарын өмчлөлд, 58-88 УБХ улсын дугаартай бенз-230 маркийн автомашиныг хариуцагч Г.Доржсүрэнгийн өмчлөлд тус тус үлдээж, нэхэмжлэгч Н.Нандинцэцэгээс 6,611,765 төгрөг гаргуулж хариуцагч Г.Доржсүрэнд олгосугай. 

6. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Доржсүрэнгээс 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Нандинцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжийн зарим хэсгийг төлөхөөс чөлөөлснийг дурдаж, нэхэмжлэгчийн төлсөн 38,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Доржсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 293,852 төгрөгийг гаргуулан, үүнээс 14,908 төгрөгийг нэхэмжлэгч Н.Нандинцэцэгт олгож, үлдэх 278,944 төгрөгийг улсын орлогод оруулсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар Н.Нандинцэцэгээс 396,000 төгрөг, Г.Доржсүрэнгээс 396,000 төгрөг гаргуулж “Лэндс” ХХК-д олгосугай.

10. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Батчимэгт даалгасугай.        

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар Шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2016 оны 6 сарын 7-ны өдрийн 101/ШЗ2016/22297 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.БАТЦЭЦЭГ