Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2017/00180

 

 

 

 

 

 

    2017 оны 01 сарын 12 өдөр           Дугаар101/ШШ2017/00180       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 48 дугаар байр, 4 тоотод байрлах, “Хаккредит ББСБ” ХХК /РД:2794292/-ийн   нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Туулын 16 дугаар гудамж, 2б тоотод оршин суух, Салдан долоо овогт Авирын Баттогтох /РД:ХЙ57072071/-д холбогдох

6,950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах, хариуцагч А.Баттогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл нар оролцов.         

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Хаккредит ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...А.Баттогтох нь 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр манай “Хаккредит ББСБ” ХХК-тай 001/18 тоот зээлийн гэрээг байгуулж 3 сарын хугацаатайгаар сарын 3 хувийн хүүтэй, 5,000,000 төгрөгийг зээлж авсан. Мөн өдөр талууд 001/18 тоот ипотекийн гэрээг байгуулж, хариуцагчийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороонд байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбай бүхий газрыг барьцаалсан. Гэвч хариуцагч А.Баттогтох нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй ба үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, хүү 1,950,000 төгрөг, нийт 6,950,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч А.Баттогтохоос үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, хүү 1,950,000 төгрөг, нийт 6,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага болох 6,950,000 төгрөгийг талуудын хооронд байгуулсан ипотекийн гэрээний дагуу барьцааны зүйлээр хангуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хариуцагч 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 18 тоот зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр 3 сарын хугацаатай 5,000,000 төгрөг зээлсэн. Хариуцагч нь үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 1,950,000 төгрөг, нийт 6,950,000 төгрөг төлж барагдуулаагүй тул гаргуулж өгнө үү, мөн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж хүсэж байна. Хариуцагч зээлийн хүүд 1,350,000 төгрөг төлсөн баримт байна. Нийт 22 сарын хүүд 3,300,000 төгрөг болж байгаагаас төлсөн 1,350,000 төгрөгийг хасч хүүд 1,950,000 төгрөг нэхэмжилсэн. Илүү нэхэмжилсэн байх тул хүүд нэхэмжилсэн дүнгийн 600,000 төгрөгнөөс татгалзаад 1,350,000 төгрөгийг хүүд, зээлд 5,000,000 төгрөг, нийт  6,350,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

Хариуцагч А.Баттогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие А.Баттогтох нь 2015 оны 5 дугаар сард “Хаккредит ББСБ” ХХК-иас 5,000,000 төгрөг, 3 сарын хугацаатай зээлж авсан нь үнэн бөгөөд энэ нь 2015 оны 5 дугаар сард иргэн Халзанбандийн Гоодойн зусланд шинээр 3 автомашины гарааш барьж өгсөн. Дараа жил нь буюу 2015 оны 5 дугаар сард мөн өөрийнх нь 2 давхар сууцны барилгын гадна дотор талын засварын ажлыг бүрэн хийж өгсний хөлсөнд авсан болно. Үүнээс 2,000,000 төгрөгийг гарааш барьж өгсний хөлсөнд, үлдсэн 3,000,000 төгрөгийг өөрийнх нь байшинг засварласны хөлсөнд авсан болно. Энэ хүн надаар 2 удаагийн ажил хийлгэхдээ өөрийгөө л бодож байснаас хүнийг боддоггүй байсан учраас шүүхээр нэхэмжилж байгаа мөнгийг өгч чадахгүй.

Би Халзанбанди гэх хувь хүнд өөрт нь 2 жил дарааллан ажил хийж өгсөн. Тэгээд намайг ББСБ-аас зээл авсан гээд байсан учраас 1,350,000 төгрөгийг төлсөн. Би өөрөө ямар ч ашиг байхгүйгээр ажиллаж байсан. Би өөрөөс нь 5,000,000 төгрөг зээлсэн, тэгээд давхар барилгын ажил хийж өгсөн. Би хийсэн ажлын хөлсөнд 5,000,000 төгрөг авсан. Би уг нь учир зүгээ олно гэж бодсон боловч олсонгүй. 2014 оны 5 дугаар сард 3 гарааш барьж өгсөн. Үүнд 2,000,000 төгрөгийг тооцно, дараа жил нь дахиад 2 давхар байшингийн гадна, дотрыг янзалж өгсөн. Үүнд 3,000,000 төгрөгийг тооцно. Хүүд нэхэмжилж буй 1,350,000 төгрөгийг би төлөхгүй ...” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, бусад бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Хаккредит ББСБ” ХХК хариуцагч А.Баттогтоход холбогдуулан “зээл 5,000,000 төгрөг, хүү 1,950,000 төгрөг, нийт 6,950,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч ...хүүд нэхэмжилсэн 1,950,000 төгрөгийн 600,000 төгрөгөөс татгалзаж, зээлд 5,000,000 төгрөг, хүүд 1,350,000 төгрөг, нийт 6,350,000 төгрөг гаргуулна... гэж байна.

Хариуцагч тал “зуслангийн байшинд нь засвар хийсэн, 3 гарааш барьсан хөлсөнд 5,000,000 төгрөгийг тооцно” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

“Хаккредит ББСБ” ХХК 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр А.Баттогтоход 5,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр тохиролцож хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан кассын зарлагын ордер, А.Баттогтохын тус банк бус санхүүгийн байгууллагад бичгээр гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулахаар хуульчилсан ба хуульд бичгээр байгуулахаар заасан гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох учиртай. Нэхэмжлэгч тал зээлийн болон ипотекийн гэрээг хэрэгт өгсөн байх боловч зээлдэгч А.Баттогтох гарын үсэг зураагүй байна. Иймд “Хаккредит ББСБ” ХХК хариуцагч А.Баттогтохоос хүү шаардах эрхгүй байна. Мөн “Хаккредит ББСБ” ХХК зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болох нь бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар шаардах эрхгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Зээлдүүлэгч тал болох “Хаккредит ББСБ” ХХК зээлдэгч А.Баттогтоход 5,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд А.Баттогтох зээлийг буцаан төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул “Хаккредит ББСБ” ХХК олгосон зээлээ буцаан шаардах эрхтэй байна.

Зээлдэгч А.Баттогтох зээлдүүлэгч “Хаккредит ББСБ” ХХК-д 2015.09.11-нд 450,000 төгрөг, 2015.09.17-нд 150,000 төгрөг 2015.09.27-нд 150,000 төгрөг, 2015.10.15-нд 150,000 төгрөг, 2015.12.04-нд 150,000 төгрөг, 2016.01.27-нд 300,000 төгрөг, нийт 1,350,000 төгрөг төлсөн болох нь “Хаккредит ББСБ” ХХК-ийн санхүүгийн тэмдэг бүхий кассын орлогын ордер, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч тал хариуцагч А.Баттогтохын өмчлөх эрхтэй газрыг барьцаалсан гэх боловч ипотекийн гэрээнд А.Баттогтох гарын үсэг зураагүй, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул хүчин төгөлдөр бус гэж дүгнэн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч А.Баттогтох татгалзлаа өөрөө баримтаар нотлох үүрэгтэй ба ...Ж.Халзанбандийн зусланд 3 гарааш барьсан хөлсөнд 2,000,000 төгрөгийг, байшинд нь засвар хийсэний хөлсөнд 3,000,000 төгрөгийг тооцож зээлсэн 5 сая төгрөгийг төлөхгүй... гэх боловч үүнтэй холбоотой баримтаа ирүүлээгүй, зээлж авсан  5,000,000 төгрөгийг ажил хийсэн хөлсөнд тооцохоор тохиролцсон болох нь тогтоогдохгүй байх тул зээлийг төлөхгүй гэсэн татгалзлыг үндэслэлгүй гэж үзэв.

Хариуцагч А.Баттогтох нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэл болсон гарааш барьсан, засвар хийсэн хөлсөө жичдээ нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болно.

Иймд зээлдэгч А.Баттогтохыг зээлдүүлэгч “Хаккредит ББСБ” ХХК-иас зээлсэн 5,000,000 төгрөгөөс 1,350,000 төгрөгийг төлсөн гэж дүгнэн үлдэх 3,650,000 төгрөгийг хариуцагч А.Баттогтохоос гаргуулж нэхэмжлэгч “Хаккредит ББСБ” ХХК-д олгож нэхэмжлэлээс 2,700,000 төгрөгт холбогдох хэсэг болон үүргийг ипотекийн гэрээний дагуу барьцааны зүйлээр хангуулах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Баттогтохоос 3,650,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хаккредит ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,700,000 төгрөгт холбогдох хэсэг болон үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Баттогтохоос улсын тэмдэгтийн хураамжид 73,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хаккредит ББСБ” ХХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.БАТЦЭЦЭГ