Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 00067

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа

Улсын яллагч О.Нандинцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Гд холбогдох 932002300005  дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зүүн мод суманд 1986 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-7, ээж, дүү нарын хамт *тоотод оршин суух, гэмт хэрэг үйлдэх үедээ Дүнжингарав худалдааны төвд цайны газар үйлчлэгч ажилтай байсан. Урьд өмнө

-Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д зааснаар 15 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №400 дугаартай захирамжаар 2015 оны шинэ Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр 03 жил 09 сар 05 хоногийн хорих ялаас чөлөөлөгдөж хорих ангиас суллагдсан,

-Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 245 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байса, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Борчулууны Г/РД:*/

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө 08 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, 9-1а тоотод байрлах иргэн Т.Гын гэрээс буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр нууцаар эд зүйлс хулгайлж 1030000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ...Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн миний мэдүүлэг үнэн зөв учраас би мэдүүлэг өгөхгүй. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 1932002300005 тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:

               Шүүгдэгч Б.Г гэрчээр мэдүүлэхдээ: ...2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 07 цагийн үед Дархан-Уул аймгийн төвөөс Улаанбаатар хот орохоор өөрийнхөө эзэмшлийн тоёото филдер маркийн 15-66 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтай явж байгаад Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 08 цаг өнгөрч байхад  орж ирсэн юм. Тухайн үед миний нойр хүрээд байхаар нь машинаа замын зүүн тал руу гаргаад Баянгол сумын бараг  хамгийн хойд захын айлын хажууд зогсоод машиндаа 10 гаруй минут орчим хэвтсэн юм. Тэгээд машинаас гарч ирээд мамхи татаад зогсож байтал замын нөгөө талд нэг айл байхаар нь шингэн юм уух санаатай тэр айлын хаалгыг нь тогшоод хаалгаа онгойлгохгүй дотор нь хүн байхгүй юм шиг санагдахаар нь цонхон дээр нь очоод хартал цонх нь завсартай харагдсан юм тэгээд би түлхсэн чинь цонх нь онгойсон юм. Тэгээд би цонхоор нь тэр айл руу ороход тэр айлд ямар ч хүн байгаагүй ба тэгэхээр нь гал тогооны өрөөнөөс 2 ширхэг мөнгөн аяга, том өрөөний тавиур дээр нь байсан ууттай эмэгтэй зүүлт ээмэг бөгжүүд, мөн тэр ууттай ээмэг бөгжний дэргэд сул байсан монетон ээмэг зэргийг аваад тэр айлын гэрт байсан цаасан шар алаг торонд хийгээд гэрээс нь гарч яваад гэрээс нь гарч яваад гэрийн эзэн гэх залууд баригдаад  цагдаа дээр ирсэн юм. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 43 дугаар хуудас/

              

Хохирогч Т.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2019 оны 11 дүгээр арын 29-ний өдрийн 09 цаг 02 минутын үед би сургууль дээр хичээл ороод байж байтал Цэцэгмаа багш миний гар утас руу залгаад танай гэрийн чинь цонхоор хүн орчихсон гэж байна гэж Алтай эгч над руу утсаар ярьж байна чи гэртээ очсон дээр байх аа гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би шууд Хичээл дээрээсээ гараадажлын гаднаас машинаа асаагаад гэрийн зүг явж байхад манай гэрийн ойролцоо шар алаг цаасан тортой зүйл барьсан цайвар ногоон өнгийн куртиктэй шаргал өнгийн ноосон малгайтай 30 орчим насны залуу зөрж өнгөрсөн юм. Тухайн үед би тэр залууг хараад гартаа манай гэрт байсан бэлэгний ууттай ямар адилхан тор бариа вэ гэж хараад өнгөрсөн юм. Тэгээд цааш явахад Алтай эгч хашааныхаа үүдэнд зогсож байсан ба намайг хараад танай ах дүү нар байшингийн чинь цонхоор ордог юм байхдаа гэхэд нь үгүй ямар хүн орсон юм бэ гэхэд Алтай эгч надад тэр явж байна гээд нөгөө шар алаг цаасан тортой зүйл барьсан залууг зааж өгсөн юм. Тэгэхээр нь би иргээд нөгөө залуу дээр явж очоод машинаасаа буулгүй цонхоор “ юу хийж явж байгаа юм” гэхэд нөгөө залуу миний өөдөөс” энэ зуураа” гэж хариулсан юм тэгэхээр нь би тэр залуугаас “наад торон дотор чинь юу байгаа юм бэ” гэхэд тэр залуу миний өөдөөс “ юу ч биш ээ” гэсэн тэгэхээр нь би тэр залууд “Алив наад тортой зүйлээ аваад ир дээ” гээд гараа сунгахад тэр залуу тортой зүйлээ надад өгсөн юм. Тэгээд би тэр тортой зүйлийг аваад үзэхэд манай гэрийн 2 ширхэг мөнгөн аяга байсан юм. Тэгэхээр нь нөгөө залууд ”Чи одоо гэгээн цагаан өдрөөр хулгай хийгээд явж байдаг юм уу” гэж хэлсэн юм. Тэгэхэд тэр залуу миний өөдөөс “өө хөшөөн би бүр ядраад явж байна аа цагдаа сэргийлэх болоод яахав  адилхан эр улсууд ингээд салчихъя тэгэх үү” гэж хэлээд халааснаасаа бусад эд зүйлийг гаргаж ирээд мөнгөн аяга байсан тор руу хийгээд намайг доошоо хараад эргэхэд миний хажуугаас шууд зугтааса юм. Тэгээд хартал тэр залуугийн зугтааж байгаа газрын зүгт Түмээ ах явж байхаар нь би Түмээ ах руу хөөе ахаа наад хүнээ бариад аваарай гэж орилсон юм. Тэгтэл Түмээ ах энэ яасан юм бэ гээд тэр залуугийн араас гүйсэн би хойноос нь наадах чинь манай гэрээс юм хусчихлаа гэж хэлсэн тэгээд би машинтайгаа араас нь явж байтал нөгөө залуу Нэргүй эгчийн хашаа руу даваад орсон тэгтэл араас нь Түмээ ах даваад орсон тэгэхээр нь би машинтайгаа гудамж тойроод Нэргүй эгчийн урд талын хаалга дээр ирээд зогсоход Түмээ ах тэр залууг Баянгол сумын цагдаагийн хэсэг дээр аьч ирсэн юм. Тухайн үед тэр залуугийн хаяад зугтаасан шар алаг тортой зүйлийг би тэр залууд өөрт нь өгөөд цагдаагийн хэсэг дээр оруулж ирсэн юм. ...Тухайн үед цагдаагийн байгууллага хулгайд алдсан эд зүйлийг хураан авч надад нэг бүрчлэн хүлээлгэн өгсөн монетон ээмэг олдохгүй байна гэсэн тэрийг нь хулгай хийсэн залуу дараа нь гаргаж өгсөн одоо гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй бүх зүйлээ хүлээж авсан гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг./Хх-ийн 34-35, 36 дугаар хуудас/

 

               Гэрч П.Ац мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө 06 цагийн үед орноосоо босоод галаа түлчихээд өглөө 08 цаг нилээд өнгөрсний  дараа гэрээсээ зуухны үнсийг асгахаар гарахад манай хашааны гадаа хар өнгийн 15-66УБӨ улсын дугаартай суудлын жижиг тэрэг зогсож байсан ба тэр машины хажууд нөгөөн өнгийн куртиктэй шар өнгийн ноосон малгайтай шардуу царайтай дунд зэргийн нуруутай 30 гаруй насны залуу зогсож  байсан ба машиныхаа араар наашаа цаашаа алхаад  байсан юм. ...Тэгээд тэр хооронд өөр зүйл хийгээд гэртээ ороод куртикээ өмсчихөөд гараад иртэл нөгөө залуу замын баруун талд байх Г гэдэг айлын цонхоор эргэж харан эргэж харан орж байсан юм.  ...тэр хооронд би Г багшийн гэр рүү хараад байж байсан ба тэр залуу тэдний гэрт ороод нилээд буюу 10-15 минут болсон байх тэгээд нөгөө орсон цонхоороо эргэж гарч ирээд Г багшийн байшинг нар буруу тойроод байшингийнх нь араар хашаа давж гарч ирээд төв замынхаа зүүн талд гарч  ирээд зам дагаад урд зүг рүү алахсан юм.Тэгээд би араас нь хараад зогсож байтал төвөөс Г багш машинтайгаа ирсэн ба ирэхээр нь би танай хамаатнууд  чинь гэрт чинь цонхоор чинь ордог юм уу гэж асуухад Г багш миний өөдөөс үгүй аль хүн орсон юм бэ гэхэд би тэр залуу орлоо гэж хэлээд зааж өгөхөд Г багш тэр залуугийн араас машинтайгаа явсан юм. ...гэх мэдүүлэг./Хх-ийн 37-38 дугаар хуудас/

               Гэрч Ч.Тж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө 09 цагийн орчим байх хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгчихөөд иргээд гэрийнхээ ойролцоо гэр рүүгээ орох гээд явж байтал өөдөөс Г багш машиныхаа дэргэд зогсож байсан ба нэг залуу тэдний машины хажуу талаас минийзүг рүү зугтаасан тэгтэл Г Түмээ ахаа наад хүнээ бариад аваарай гэж орилсон юм. Тэгтэл тэр залуу миний хажуугаар гарч гүйгээд Цэцэгсайхан ахын гудамж руу орсон юм.Тэгээд би тэр залуугийн араас гүйхдээ би Г багш руу яасан бэ гэж асуухад наад нөхөр чинь манайхаас юм хусчихлаа гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би тэр залуугийн араас хөөцөлдөж гүйгээд Нэргүй гэдэг хүний хашаа руу даваад орчихоор нь араас би мөн хашааг даваад ортол тэр залуу харагдахгүй байсан ба хааччихав гээд хайгаад хартал хашаа давсан хэсгийнхээ хашааны буланд нуугдаад суучихсан байж байснаа намайг хараад инээгээд байсан юм. Тэгээд би тэр залууг очоод бариад авсан юм. Тэр залууг би бариад авахад тэр залуу миний өөдөөс адилхан эр хүмүүс байж ойлголцчихооч дээ авсан юм аа би буцаагаад өгчихсөн ш дээ намайг тавьчих гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би тэр залуугийн өөдөөс тийм байхгүй очих газраа очно оо гэж хэлээд хувцаснаас нь чирээд Нэргүй эгчийн хашаанаас гаргаад ирэхэд Г машинтайгаа үүдэнд зогсож байгаад бид хоёр тэр залууг Гын машинд хийгээд цагдаагийн хэсэг дээр авч ирсэн юм. ...Тэр залуу цайвар ногоон өнгийн куртиктэй шар өнгийн ноосон малгайтай гар дуу царайтай дунд зэргийн нуртуутай 30 гаруй насны хүн байсан юм. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 39 дүгээр хуудас/

            Шүүгдэгч Б.Г яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2019 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө 07 цагийн үед байх аа би Дарханаас Улаанбаатар хот руу явж байсан тэгээд нойр хүрээд байхаар нь машинаа айлын хашааны гадаа байрлуулаад хэсэг унтаж байгаад боссон ам цангаад байхаар нь тэр хашааны хаалыг тогшсон чинь айлын нохой хуцаад байсан хаалгыг нь нилээн тогшоод хүн гарч ирэхгүй байхаар нь цонхоор нь очоод хартал гэрт нь хүн байгаагүй, тэгэхээр нь байшингийн цонхны салхивчийг түлхэж онгойлгоод дотгош орсон, ингээд ширээн дээр байсан хоёр ширхэг мөнгөн аяга ширээний хажуу талын тавиур дээр шаргал өнгөтэй ээмэг бөгжийг аваад орсон цонхоороо буцаад гарсан хашаа даваад гарч явтал машинтай гэрийн эзэн нь бололтой хүн ирээд хөөе нааш ир гэхээр нь би яваад очсонтэгсэн наад ууттай юм чинь манай гэрийнх байна сая энэ хажуу талын хүн тэгж хэллээ гэхээр нь эд зүйлсийг нь өгсөн чинь машинд суучих гэж хэлсэн тэгэхээр нь би суугаагүй юм. Тэгсэн өөдөөс нэг залуу ирсэн нөгөө машинтай хүн наад залуугаа бариад ав гэсэн ингээд цагдаа дээр очсон. ...гэх мэдүүлэг./Хх-ийн 55 дугаар хуудас/

               Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/Хх-ийн 12 дугаар хуудас/

               2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-ийн 13-18 дугаар хуудас/

               2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/ Хх-ийн 28-31 дүгээр хуудас/

               Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл/Хх-ийн 32 дугаар хуудас/

               Сэлэнгэ аймгийн Мандал сумын эд зүйлийн үнэлгээний комиссын шинжээчийн №4-7 дугаартай дүгнэлт/Хх-ийн 46 дугаар хуудас/

               Шүүгдэгч Б.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 60 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Гын хэргийг хялбаршуулсэн журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 163 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн  судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг. Б.Гыг гэм буруутайд тооцох талаар:

 

               Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө 08 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 9-1а тоотод байрлах иргэн Т.Гын байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлж 1030000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Хохирогч Т.Гын мөрдөн байцаалтад өгсөн: ...Тэгээд хартал тэр залуугийн зугтааж байгаа газрын зүгт Түмээ ах явж байхаар нь би Түмээ ах руу хөөе ахаа наад хүнээ бариад аваарай гэж орилсон юм. Тэгтэл Түмээ ах энэ яасан юм бэ гээд тэр залуугийн араас гүйсэн би хойноос нь наадах чинь манай гэрээс юм хусчихлаа гэж хэлсэн тэгээд би машинтайгаа араас нь явж байтал нөгөө залуу Нэргүй эгчийн хашаа руу даваад орсон тэгтэл араас нь Түмээ ах даваад орсон тэгэхээр нь би машинтайгаа гудамж тойроод Нэргүй эгчийн урд талын хаалга дээр ирээд зогсоход Түмээ ах тэр залууг Баянгол сумын цагдаагийн хэсэг дээр аьч ирсэн юм. Тухайн үед тэр залуугийн хаяад зугтаасан шар алаг тортой зүйлийг би тэр залууд өөрт нь өгөөд цагдаагийн хэсэг дээр оруулж ирсэн юм. ...Тухайн үед цагдаагийн байгууллага хулгайд алдсан эд зүйлийг хураан авч надад нэг бүрчлэн хүлээлгэн өгсөн монетон ээмэг олдохгүй байна гэсэн тэрийг нь хулгай хийсэн залуу дараа нь гаргаж өгсөн. ...гэх мэдүүлэг /Хх-ийн 34-35, 36 дугаар хуудас/, гэрч П.Ац мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тэгээд тэр хооронд өөр зүйл хийгээд гэртээ ороод куртикээ өмсчихөөд гараад иртэл нөгөө залуу замын баруун талд байх Г гэдэг айлын цонхоор эргэж харан эргэж харан орж байсан юм.  ...тэр хооронд би Г багшийн гэр рүү хараад байж байсан ба тэр залуу тэдний гэрт ороод нилээд буюу 10-15 минут болсон байх тэгээд нөгөө орсон цонхоороо эргэж гарч ирээд Г багшийн байшинг нар буруу тойроод байшингийнх нь араар хашаа давж гарч ирээд төв замынхаа зүүн талд гарч  ирээд зам дагаад урд зүг рүү алахсан юм. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 37-38 дугаар хуудас/ гэрч Ч.Тж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тэгээд би тэр залууг очоод бариад авсан юм. Тэр залууг би бариад авахад тэр залуу миний өөдөөс адилхан эр хүмүүс байж ойлголцчихооч дээ авсан юм аа би буцаагаад өгчихсөн ш дээ намайг тавьчих гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би тэр залуугийн өөдөөс тийм байхгүй очих газраа очно оо гэж хэлээд хувцаснаас нь чирээд Нэргүй эгчийн хашаанаас гаргаад ирэхэд Г машинтайгаа үүдэнд зогсож байгаад бид хоёр тэр залууг Гын машинд хийгээд цагдаагийн хэсэг дээр авч ирсэн юм. ...Тэр залуу цайвар ногоон өнгийн куртиктэй шар өнгийн ноосон малгайтай гар дуу царайтай дунд зэргийн нуртуутай 30 гаруй насны хүн байсан юм. ...гэх мэдүүлэг./Хх-ийн 39 дүгээр хуудас/ шүүгдэгч Б.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...ингээд ширээн дээр байсан хоёр ширхэг мөнгөн аяга ширээний хажуу талын тавиур дээр шаргал өнгөтэй ээмэг бөгжийг аваад орсон цонхоороо буцаад гарсан хашаа даваад гарч явтал машинтай гэрийн эзэн нь бололтой хүн ирээд хөөе нааш ир гэхээр нь би яваад очсонтэгсэн наад ууттай юм чинь манай гэрийнх байна сая энэ хажуу талын хүн тэгж хэллээ гэхээр нь эд зүйлсийг нь өгсөн чинь машинд суучих гэж хэлсэн тэгэхээр нь би суугаагүй юм. ...гэх мэдүүлэг /Хх-ийн 55 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

Шүүгдэгч Б.Гын үйлдсэн гэмт хэрэг нь амар хялбар аргаар ашиг орлого олох санаа зорилготой, ашиг орлого олохыг хүсэж зориуд санаатай идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно. Тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо ямар зүйлд, хэрхэн зарцуулснаас үл шалтгаалан өөрийн шударгаар олсон орлогоор худалдан авах, хийж гүйцэтгэх боломжгүй аливаа үйлдлийг гүйцэтгэхийн тулд хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн байгаа нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд санаатайгаар хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй үйлдэл ба Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон  гэж шүүх үзлээ.

               Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

 

  Иймд шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

            Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

   Хохирогч Т.Г нь гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлийг буцаан авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Гурав.Шүүгдэгч Б.Гд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Энэ гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч Б.Гд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагч өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч прокурортой ял тохиролцож, хэргийг шүүгдэгчийн хүсэлтээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа, шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хурэг хянан шийддэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагварыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ялыг оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Б.Гын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 03 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Борчулууны Гыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэгхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Гыг 01/нэг/ жил, 05/тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Гд оногдуулсан 01 жил 05 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Гын 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 00 минутаас 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг 00 минут хүртэл цагдан хоригдсон 03/гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тоолсугай.

            5. Ялтан Б.Гд өмнө авсан цагдан хорих таслан сэрийглэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төглдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6. Ялтан Б.Г нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.Г гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Гд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ