| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2016/06501/И |
| Дугаар | 101/ШШ2017/00193 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2017/00193
2017 оны 01 сарын 12 өдөр Дугаар 101/ШШ2017/00193 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, Токиогийн 3-12 тоотод байрлах “Секьюрити Солюшн Сервис Консалтинг” ХХК /РД:5558174/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны гудамж 17 хаягт байрлах, Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнд холбогдох,
1,551,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Халтар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мягмарсүрэн, гэрч Т.Одхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Секьюрити Солюшн Сервис Консалтинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Халтар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн нябо Энхтуяа гэдэг хүн 2014 оны 1 сард манай борлуулалтын менежерээр ажиллаж байсан Тайвантуяатай утсаар ярьж тус төвийн албан хэрэгцээний хэвлэгч, хувилагчийн картриж хорыг байнга худалдаж авъя гэдэг хүсэлт тавьж аман гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу бид 3 удаа картриж хор нийлүүлж тухай бүрд нь төлбөр тооцоо хийгдэж байсан. Гэтэл 2014 оны 9 дүгээр сарын 1-нд утсаар өгсөн захиалгын дагуу нийлүүлэгдсэн 15 нэр төрлийн картриж хорны үнэ 1,851,700 төгрөг төлөгдөхгүй байсан учир бид 2014 оны 11 сарын 10-нд төлбөрөө төлөх талаар сануулж албан бичиг өгсөн. Үүний дагуу 2014 оны 11 сарын 20-нд 300,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш үлдэгдэл 1,551,700 төгрөгийн төлбөрийг төлж өгөхийг хүсэж утсаар удаа дараа ярьж, биеэр хэд хэдэн удаа очиж шаардахад эхний үед төсвийн санхүүжилт орж ирэхгүй байна, санхүүжилт орж ирмэгц төлнө гэж байгаад 2015 оны дунд үеэс эхлэн удирдлага болон нябо нь солигдсоноор бид мэдэхгүй, шалгаж үзээд боломж олдвол төлнө гэдэг хариулт өгдөг болсон. Бид 2016 оны 3 сар хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардаж хуулийн зөвлөх болон төсвийн шинэ дарга Б.Цогтбаатар нартай уулзсан боловч бид мэдэхгүй гэдэг байснаа сүүлдээ шүүхээрээ явж мөнгө олж ав гэдэг доромжилсон хариу өгөх болсон. Энэ байгууллага манай нийлүүлсэн 1,851,700 төгрөгийн картриж хорыг худалдан авч албан ажилдаа хэрэглэчихээд одоо шинээр томилогдсон удирдлага нь мэдэгдэхгүй хэмээн залилан мэхлэх оролдлого гаргаж үлдэгдэл төлбөрийг төлөлгүй 1 жил 11 сар гаруй хугацаа өнгөрлөө. Иймд манай нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр болох 1,551,700 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Иргэний хуульд зааснаар амаар гэрээ байгуулсаныг гэрээ байгуулсанд тооцдог. Бид хорыг хүлээлгэж өгсөн. Заавал 1-р гарын үсгийн зөвшөөрөлтэй бараа бүтээгдэхүүн авах хуулийн зохицуулалт байхгүй. Нягтлан бодогч, нярав нар байгууллагын хэрэгцээг үндэслээд бараа авах эрхтэй байдаг. Тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байгаад ажлаасаа гарсан гэрч Одхүү бараа авсан, ашигласан талаар мэдүүлж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү ...” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мягмарсүрэн шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“СССК” ХХК-ийн зүгээс манай байгууллагад хандаж 2015 оны 5 дугаар сард хувилагчийн картриж хорны мөнгө нэхэмжилсэн албан бичиг ирүүлсэн. Тухайн үед тус компаниас уг хорыг аман хэлэлцээр хийж авсан гэх Эдийн засагч П.Энхтуяа, ахлах нягтлан бодогч Т.Одхүү нар албан үүргээ гүйцэтгэж байсан болно. СССК-с ирүүлсэн албан бичгийн дагуу захирал Б.Цогтбаатар нь хүний нөөцийн менежер Ж.Мягмарсүрэн надад асуудлыг тодруулж шийдвэрлэ гэсэн үүрэг өгсний дагуу ахлах нягтлан бодогч Т.Одхүү, эдийн засагч П.Энхтуяа нараас хэзээ, хэдэн ширхэг хор, ямар үнээр, яагаад авах болсон талаар тодруулсан боловч албан хэрэгцээнд авсан тэгж байгаад санхүүжилт орохоор төлнө гэхээс өөр олигтой тайлбар өгдөггүй байсан бөгөөд захиралд байгууллагын санхүүгийн талаархи бодитой мэдээллийг үнэн зөв гаргаж өгөлгүй байсаар 2015 оны 6 сараас ажлаа хаяж явах болсон. 2015 оны 7 дугаар сард ахлах нягтлан бодогч шинээр томилогдсон бөгөөд Т.Одхүү нь төсвийн байгууллагын ахлах нягтлан бодогчийн хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуульд заасан нягтлан бодогчийн эрх үүрэг, нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн стандартыг зөрчиж байсан зөрчлүүдийг илрүүлсэн. Үүнд: 1. Нэхэмжпэлийн шаардлагад дурьдсан хувилагчийн картриж хор нь тус хүрээлэнгийн 2014 оны бараа материалын орлого зарлагын гүйлгээ хийгдээгүй. 2. 2014 онд хийлгэсэн аудитын тайланд өр төлбөргүй гэсэн дүгнэлт гаргуулж санхүүгийн тайланг баталгаажуулсан. 3. 2014 оны жилийн эцсийн тайлангаар өр төлбөргүй тайланг төсвийн ерөнхийлөн захирагч болох Шинжлэх ухаан технологийн санд тушаасан. Нягтлан бодогч Т.Одхүүгийн дээрх үйлдлүүд нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн зарчим хэрэгжүүлэх гэсэн заалт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан нягтлан бодох бүртгэл хөтлөлт, нягтлан бодогчийн эрх үүрэг, нягтлан бодогчийн үйл ажиллагаанд хориглох зүйлсийг хэрэгжүүлж ажиллаагүй зөрчсөн гэж үзэж байна. Иймд: 1. Т.Одхүү, П.Энхтуяа нарын СССК ХХК-с авсан картриж хорнуудыг албан ёсоор гарын үсэг зурж баталгаажуулан анхан шатны бүртгэл хийн байгууллагын бараа материалын бүртгэлд тусгаагүй, 2014 онд өр төлбөргүй гэсэн тайлан гаргасан зэрэг нь тухайн хорыг албан хэрэгцээнд ашигласан гэх эргэлзээ төрүүлж байгаа. 2. Манай байгууллага БСШУЯ-ны Шинжлэх ухаан технологийн сангаас санхүүжилт авдаг бөгөөд ШУТС -аас өнгөрсөн онуудын өр төлбөрийг төсвөөс нөхөн төлөхгүй гэсэн чиглэл өгсөн. 3. Т.Одхүү 2014 оны санхүүгийн аудитлагдсан тайланг өр төлбөргүй гэж баталгаажуулан ШУТС-нд хүргүүлсэн байгаа нь манай байгууллага нэмж санхүүжилт хүсэх эрхгүй болсон.
Иргэний хуульд заасан тамга тэмдэгтэй гэрээ хэлцэл хийгээгүй, энэ талаарх баримтыг нэхэмжлэгч тал хэрэгт өгөөгүй. Тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогч нар албан ёсоор итгэмжлэл авалгүйгээр бараа материал авсан гэж яригддаг юм. Төсвийн байгууллага бараа бүтээгдэхүүн авсан бол бүртгэх ёстой. Мөн санхүүгийн тайланд өртэй гэж тусгаагүй байгаа учраас авсан эсэхэд эргэлзээ төрдөг. Мөн төрийн өмчийн цахим бүртгэлд бүртгээгүй байсан ...” гэв.
Гэрч Т.Одхүү шүүх хуралдаанд: “... Намайг тус төвийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх үед судалгаа хийсний дагуу байгууллагад хэрэгцээтай хэвлэгч, хувилагчийн картрижтай хорнуудыг нярав Мөнхзул 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр “Секьюрити Солюшн Сервис Консалтинг” ХХК-иас авсан нь үнэн. Тухайн үед төслүүдээс мөнгө орж ирдэг учраас шилжүүлнэ гэж тооцож байсан. Эхлээд 300,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 1,551,700 төгрөгийг 2014 оны 12 сарын 25-ны орчим Төрийн сангаар шилжүүлэх гүйлгээ хийлгэсэн. Гэтэл төрийн сан уг гүйлгээг манай данснаас гаргаагүй байсан. Төрийн сан өөрсдөө буруутай болох гээд байсан учир дараа онд гүйлгээ хий гэсэн. Ингээд би уг гүйлгээг хийгээгүй байж байгаад ажлаасаа гарсан. Төлөх боломжтой гүйлгээ байсан учир санхүүгийн тайланд өртэй гэж тусгаагүй. Бараа материал авахад нярав Мөнхзул судалгааг хийгээд авсан. Тэгээд надад нэхэмжлэхээ өгсөн. Уг бараа материалыг байгууллагын хэрэгцээнд ашигласан, нэхэмжлэх нь байсан, бараа материалын тайлан нь бас байгаа. Шаардах хуудас тухайн үед бичсэн. Үндсэн хөрөнгө биш учраас цахим бүртгэлд бүртгэдэггүй ...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Секьюрити Солюшн Сервис Консалтинг” ХХК хариуцагч Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнд холбогдуулан “худалдсан барааны үнийн үлдэгдэл 1,551,700 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч тал “бичгээр гэрээ байгуулаагүй, эрх бүхий этгээд зөвшөөрөл өгөөгүй, тайлан балансад тусгаагүй” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “Секьюрити Солюшн Сервис Консалтинг” ХХК 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хэвлэгч, хувилагч машины картрижтай 15 нэр төрлийн нийт 1,851,700 төгрөгийн үнэтэй хорыг Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнд худалдсан болох нь нэхэмжлэгч талын тайлбар, хэрэгт авагдсан зарлагын баримт, төлбөр нэхэмжлэх тухай албан бичгүүд, гэрч Т.Одхүүгийн мэдүүлэг зэргээр тогтоогдож тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Хариуцагч 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг төлсөн нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Т.Одхүүгийн мэдүүлгээр тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй.
Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн худалдан авсан хэвлэгч, хувилагчийн картрижтай 15 нэр төрлийн барааны үлдэгдэл 1,551,700 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх ба хариуцагч Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг болох худалдан авсан барааны хэлэлцэн тохирсон үнийг төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлаа өөрөө баримтаар нотлох үүрэгтэй ба 1,851,700 төгрөгийн бараа материал аваагүй гэдгээ нотолж чадахгүй байна.
Хариуцагч тал ...бичгээр гэрээ байгуулаагүй, эрх бүхий этгээд зөвшөөрөл өгөөгүй, тайлан балансад тусгаагүй... гэж нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ тайлбарлаж байх боловч хуульд худалдах, худалдан авах гэрээг амаар хийж болохоор заасан, бараа материалыг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр тухайн байгууллагын нярав хүлээн авсан болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Түүнчлэн байгууллагын санхүүгийн тайланд өглөгтэй гэж тусгаагүйд нэхэмжлэгч байгууллагыг буруутгах үндэслэлгүй ба гэрээний үүргийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм. Иймд хариуцагч талын татгалзлыг үндэслэлгүй гэж үзэв.
Иймд хариуцагч Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгээс 1,551,700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Секьюрити Солюшн Сервис Консалтинг” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгээс 1,551,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Секьюрити Солюшн Сервис Консалтинг” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 39,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Секьюрити Солюшн Сервис Консалтинг” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ