Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
Хэргийн индекс | 168/2020/0223/Э |
Дугаар | 2020/ЦШТ/244 |
Огноо | 2020-08-04 |
Зүйл хэсэг | 17.12.1., |
Улсын яллагч | Б.Төрболд |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 2020/ЦШТ/244
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Б.Төрболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох
Шүүгдэгч Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ... гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т. /РД: .../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн орчим Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг “Чулуут” гэх газарт бэлчээрт байсан иргэн Н өмчлөлийн үхэрнээс хүрэн улаан сарман зүсмийн шүдлэн насны эр үхэр хулгайлж 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй...” гэх мэдүүлэг
Шүүгдэгч Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн орчимд гэрээсээ гараад үхэр хулгай хийж мөнгө олох зорилгоор бор зүсмийн морио унаад урагшаа 5 км орчим явж байхад “Чулуут” гэх газарт Н гэх хүний өмчлөлийн 10 гаруй тооны үхэр тааралдсан юм. Улмаар уг үхэрнүүдээс хүрэн улаан зүсмийн шүдлэн насны эр үхрийг мориороо хөөж салгаад гэр рүүгээ аваад явсан. Гэрийн гадаа очоод шууд нядалсан. Харин сэвс, арьс, шир зэргийг нь гэрээс зүүн тийшээ мориндоо ачиж яваад хаясан. Махыг нь тэр оройгоо замын унаад 300.000 төгрөгөөр зарсан. Мөнгийг нь үрээд дууссан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/
Хохирогч Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Чойбалсан сумын 3 дугаар баг Чулуут гэх газарт өөрийн дүү Ж хамт бод, бог нийлсэн 700 орчим тооны мал маллаж амьдардаг. 2019 оны 10 дугаар сард намайг аймагт явж байхад ... Ж над руу утсаар залгаад таны хүрэн зүсмийн 3 настай шүдлэн эр үхэр алга байна, би айл саахалтын хавиар хайлаа огт сураг ажиг гарахгүй байна гэж хэлсэн. ... Манайхаас урагш Бөөн дэрс гэх газарт байдаг Т гэх залууг сэжиглэж байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 15-16 дугаар тал/
Гэрч М-ний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын сүүлээр Баянтүмэн сумын нутагт байх Хавиргын хилийн боомт руу ачаа ачихаар ганцаараа явсан юм. Тухайн үед будаа, чихэр зэрэг зүйл ачаад буцаад Дорнод аймгийн төв рүү явж байхад буюу Чойбалсан сумын 3 дугаар багийн нутагт миний унаж явсан ногоон өнгийн Истана маркийн ... УНГ улсын дугаартай тээврийн зүүн гар талын дугуй хагараад запас дугуй тавьж байхад нэг морьтой залуу ирээд үхрийн мах авах уу гэсэн. Улмаар тухайн үед мах авахгүй гэж хэлэхэд эхнэр төрөх гээд мөнгө хэрэгтэй байна гээд байсан. Надад тухайн үед 300.000 төгрөг бэлнээр байсан. ... Тухайн залуугаас хэний үхрийн мах юм бэ гэхэд миний үхрийн мах гэсэн. ... ойролцоогоор 160 кг үхрийн мах байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/
Шүүгдэгч Т-ийн хувийн байдлыг тогтоосон: Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого, Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 30-33, 34, 36, 38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Т нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг “Чулуут” гэх газарт бэлчээрт байсан иргэн Н-ын өмчлөлийн үхэрнээс хүрэн улаан сарман зүсмийн шүдлэн насны нэг тооны эр үхэр хулгайлж 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Н, гэрч М нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого, Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлаагааны хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Т-ыг “бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс өөрийн өмчлөлийн малаа хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч Т нь бусдын өмчлөлд байгаа малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч, өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч Н нь шүүгдэгчээс “өөрт учирсан хохирлоо бүрэн хүлээн авсан тул шүүгдэгч Т гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж /шүүхийн мэдэгдэх хуудсан/-д мэдэгдсэн байх тул шүүгдэгч Т-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Т-ыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн орчимд үйлдсэн байх бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар шүүгдэгч Т-ын үйлдэлд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөлт ороогүй буюу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулиийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т-ын оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг 14 см, бариул хэсэг 12 см модон иштэй нийт 26 см урттай хутга 1 /нэг/ ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох адууны үнэ 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Т-аас гаргуулан улсын орлого болгох, бичгийн баримтаар хураагдсан ирсэн шүүгдэгчийн ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т-ыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т-т оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Т-т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг 14 см, бариул хэсэг 12 см модон иштэй нийт 26 см урттай хутга 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга болох 1 тооны адууны үнэ 1.000.000 /нэг сая/ төгрөгийг шүүгдэгч Т-аас гаргуулж улсын орлого болгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА