| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2020/0254/Э |
| Дугаар | 2020/ЦШТ/255 |
| Огноо | 2020-08-12 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2020/ЦШТ/255
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Б.Төрболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох
Шүүгдэгч А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеий байцаалт: Монгол Улсын иргэн, 1971 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ... оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан, А. /РД: .../
Шүүгдэгч А нь 2020 оны 05 дугаар арын 03-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Бага холбоо” гэх газарт бэлчээрт байсан иргэн Ч эзэмшлийн 14 хургатай хонь, 3 ямааг хулгайлж 2.040.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Хохирогч Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний эзэмшлийн мал Дорнод аймгийн Булган сумын 6 дугаар баг “Чулуут” гэх газарт байдаг юм. 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр манай малчин над руу залгаж манай хониноос тасарч алга болсон хонинууд Улаанаа гэх хочтой А хоньтой цуг байж байна гэж надад хэлсэн. Манай малчин А“манай тасарсан хонь танай хоньтой нийлсэн байна хонинуудаа авъя” гэхэд “танай хонь манай хонин дунд байхгүй юу яриад байгаа юм” гэсэн гэж хэлсэн. Миний хонины эм нь зөв талын чих нь үзүүртээ 2 нүхтэй, буруу талын чих нь урдаас 2 ухам байгаа. Гомдол, санал байхгүй гэхдээ хийсэн үйлдэлд нь бол хариуцлага хүлээлгэх нь зүй ёсны хэрэг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/
Гэрч Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Булган сумын 4-р баг “Бага холбоо” гэх газар өөрийн хувийн хонь болон хуц, ухна малладаг юм. 2019 оны 11 сард манай засаг дарга байсан Ч даргын хониноос 190 хонь төллүүлж 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл харахаар тохирч би хоньтойгоо хардаг байсан юм. Улмаар 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хонио тоолоход Ч даргын 14 хургатай хонь, 3 ямаа дутсан... би Ш гэх хүнтэй хамт мотоциклоор алдсан хонио хайж явахад манай гэрээс урагш 3 км зайд байдаг А гэх айлын гадаа очиход хонь нь хашаатай байсан. Тэгээд хонин дотроос нь алдсан хонио хайхад миний алдсан хургатай хонинууд зүсээрээ байсан. Миний алдсан хонинуудын чихэнд А шинээр өөрийнхөө хонины имийг хийчихсэн байсан. Миний харсанаар зөв чихийг нь тайранхай, буруу чихийг нь араас нь догол им хийсэн байсан... Би эхнэртэйгээ хамт мотоциклтой очиж алдсан хонио тоо ёсоор нь авахад манай алдсан 14 хургатай хонь, хургыг бүгдийг нь имнэчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/
Гэрч М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрээс урагш 2 км зайд байдаг А гэх хүний хонинд алдсан хонь маань байна гэж манай нөхөр надад хэлсэн... Тэгээд би нөхөртэйгээ хамт очоод тоо ёсоор нь буюу 14 хонь, 14 хурга, 3 ямаа авсан. Тэгээд бид хоёр морьтой хөөж яваад хониндоо нийлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/
Шүүгдэгч А мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шиг санагдаж байна, тэнгэр их муухай байсан. Би өөрийн хонио эргүүлэх гээд явж байхад манай хонинуудын ойролцоо “Бага холбоо” гэх газар 14 хонь хургатайгаа, 3 ямаа тасарсан явж байсан. Тэгэхээр нь би өөрийн хоньтойгоо нийлүүлээд гэртээ тууж авчраад хашсан. Тэгээд ойролцоогоор 5 хоногийн дараа авч ирсэн хонь ямаагаа зөв талынх нь чихийг таслаад буруу талынх нь чихийг онь болгож имнэсэн... Өөрийнхөө ухаа халзан зүстэй 8 настай, ширээтэй зүрхэн тамгатай мориороо тууж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр тал/
- Урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 20, 39-42 дугаар тал/
- Мал, эд зүйлийн үнэлгээ
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд зүйл битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-32, 33-35 дугаар тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч А нь 2020 оны 05 дугаар арын 03-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Бага холбоо” гэх газарт бэлчээрт байсан хоирогч Ч эзэмшлийн 14 хургатай хонь, 3 ямааг хулгайлж 2.040.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ч, гэрч Н, М нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, мал, эд зүйлийн үнэлгээ, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд зүйл битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Төрболдоос шүүгдэгч А Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч А “бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар малтай болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс өөрийн өмчлөлийн малаа хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч А нь бусдын өмчлөлд байгаа малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч, өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч Ч нь шүүгдэгчээс “өөрт учирсан хохирлоо бүрэн хүлээн авсан тул шүүгдэгч А-д гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Гэхдээ хийсэн хэрэгтээ хариуцлага хүлээх нь зүй ёсны хэрэг” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч А-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч А-ийг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А-ийг Эрүүгийн хуулиийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Шүүгдэгч А-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох ухаа халзан зүсмийн ширээтэй зүрхэн тамгатай 1 тооны адууг битүүмжилсэн прокурорын 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, уг адууны эзэмшигч А-д буцаан олгож, шүүгдэгчийн ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхийг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А-ид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох ухаа халзан зүсмийн ширээтэй зүрхэн тамгатай 1 тооны адууг битүүмжилсэн прокурорын 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, уг адууны эзэмшигч А-ид буцаан олгож, шүүгдэгчийн ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга болох 1 тооны адууны үнэ 1.000.000 /нэг сая/ төгрөгийг шүүгдэгч А-оос гаргуулж улсын орлого болгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА