Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 00097

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Я.Амарзаяа

Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Я.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.А-д холбогдох 2032001050098 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Увс аймгийн Улаангом суманд 1981 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Булгадар овогт Норслойн А. /РД:*/

 

           Шүүгдэгч Н.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн оройн 18 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Найрамдлын № 12 тоотод байрлах өөрийн гэртээ хамтран амьдрагч  Т.Угтай маргалдан нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Аын өгсөн …. ... 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр архи уугаад эхнэртэйгээ маргалдаад түлхүүртэй гараараа зүүн нүднийх нь орчимд цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Т.Угын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагийн үед миний нөхөр айлд мод хөрөөдөж өгнө гээд гэрээсээ гарсан. Үдээс хойш 14 цагийн үед бага зэргийн архи уучихсан согтуу байдалтай ирэхээр нь би ажилгүй байж архи уулаа гэж загнаж бид хоёр хоорондоо маргалдаж байтал А намайг түлхээд миний мөр лүү цохихоор нь айлгах санаатай цагдаа дуудлаа гэж хэлээд гар утсаа авч ярьж байгаа дүр үзүүлтэл А гараад явсан. Орой 18 цагийн үед А эргэж гэртээ ирээд чи намайг цагдаа дуудаж бариулах гэдэг хэн бэ гээд ууралж маргалдсан. Тэгтэл А над руу хүүхдийн жижиг хуванцар сандал авч шидсэн. Тухайн үед намайг оноогүй. Гэрийн цонх хагарсан. Би цонхны хажууд зогсож байсан юм. Тэгээд би чи гэрийнхээ юмыг эвдлээ гээд өөдөөс нь очтол А миний зүүн нүдний доод хэсэг шанаа орчим машины түлхүүр атгасан гараараа нэг удаа цохисон. Тэгтэл миний нүүрнээс цус гарсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 21-22 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн № 105 ...... Дүгнэлт:

1.Т.Угын биед зүүн хөмсөгний гадна дээд хэсэг, зүүн нүдний доод зовхи гадна хэсэгт шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгний гадна дээд хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 13-14 дүгээр хуудас/

 Н.А нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 36 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 39 дүгээр хуудас/

Н.Аын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 40 дүгээр хуудас/

Хохирогч Т.Угын Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан Н.Аод ямар нэгэн гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 52 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Н.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн оройн 18 цагийн орчимд * тоотод байрлах өөрийн гэртээ хамтран амьдрагч  Т.Угтай маргалдан нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Н.Аын хохирогч Т.Угын нүүрэн тус газарт гараараа цохиж зодсон  үйлдэл нь чи намайг цагдаа дуудаж бариулах гэдэг хэн бэ гэсэн  хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Н.Аын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж сард 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Т.Уг нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Булгадар овогт Норслойн Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Аыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.А нь 450000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Аод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.