Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 00098

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Н.Улсболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Х.Гд холбогдох 2032000000091 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1982 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 1, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 49-564 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан

-2000 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн № 391 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ялаар

- 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн № 46 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Хүрэлбаатарын Г. /РД:ЧВ82080879/

 

Шүүгдэгч Х.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Хорихын байранд байсан иргэн Д.Далай жаргалын эзэмшлийн Самсунг А-50 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 839000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Гын өгсөн ......... 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Д.Дж, Нб нарын хамт Джын хорихын байранд байдаг гэрт 2 шил архи хувааж уусан. Нб гэр лүүгээ явсан. Би Джын гэрт байж байгаад гарахдаа ширээн дээр байсан Джын гар утсыг авч гарсан. Тэгээд ломбарданд тавих гэсэн чинь авахгүй байсан. Ломбарднаас гарч ирсэн чинь нэг залуу үүдэнд тааралдаад утас зарах гэж байгаа юм уу гэхээр нь 400000 төгрөгөөр зарсан. Тэгээд хүнсний зах орж нэг шил архи авсан. Үлдсэн мөнгөөр нь гурван эмээд хүнсний зүйл авч өгсөн. Тэгээд 3 хоногийн дараа Джтай таарахад та утас аваад явсан байна гэхээр нь тийм ээ согтоод авсан байна гэж хэлсэн. 2020 оны 05 дугаар сард Дж намайг зодсоныхоо дараа намайг цагдаад утас хулгайлсан гээд өгчихсөн байсан. Дж тэгээд ахаа та гомдол саналгүй гээд хэлээд өгчих гээд гуйхаар нь би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гээд хэлсэн. Тэгэхдээ уул нь Дж надаас утасныхаа хохирлыг нэхэмжлэхгүй гэж тохирсон боловч одоо болохоор шүүхэд гар утасныхаа үнийг нэхэмжилнэ гэсэн байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Д.Джын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .......  Бид хоёр хорихын байранд байдаг манай гэрт ирж унтаж байтал миний дүү Э.Гэрэлмаа ирж хоол ид гэж дуудахаар нь Гыг сэрээгээд хамт явъя гээд гар утсаа цэнэглэж орхиод бид хоёр хамт гарахад Г явлаа гээд яваад өгсөн. Би дүү Гэрэлмаагийнд очиж хоол идээд буцаад өдөр 12 цагийн үед гэртээ ирэээд гар утсаа үзэхэд байхгүй байсан. Тэгээд би өөрийн 99988291 дугаар луу залгатал Г авахаар нь би утсаа авъя авчирч өг гэхэд Г би зах дээр явж байна одоо очлоо гээд тасалсан. Би хүлээгээд ирэхгүй болохоор нь дахиад залгатал миний утас холбогдохгүй байсан...... Манай гэрийн хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл үүсээгүй байсан. Х.Г бид хоёр дүү Гэрээлмаагийн гэр лүү явахаар цуг гарахад Х.Г миний цэнэглэж байсан гар утсыг аваад гарсан байсан гэх мэдүүлэг /Хх-н 11, 13 дугаар хуудас/

Гэрч Л.СЭийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ........ Х.Г гэх залуу 2020 оны 01 дүгээр сард байхаа би хоног хугацааг нь нарийн сайн санахгүй байна. Манай захад ганцаараа согтуу байдалтай орж ирээд өндөр настай хүн байна уу би мах авч өгч баярлуулах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэнд явж байсан нэг настай эгчийг дуудаад энэ хүн таныг баярлуулах гэсэн юм гэнэ гэж хэлсэн. Тэгээд 120000 төгрөгөнд хонины мах надаас худалдаж аваад тэр эгчид өгсөн. Тэгээд гараад явсан. Манай зах дээр ирэхээсээ өмнө Тэнгэр худалдааны төвд бас нэг хүнд хүнсний зүйл авч өгсөн гэж ярьж байсан гэх мэдүүлэг /Хх-н 14 дүгээр хуудас/

Алдагдсан Самсунг А-50 загварын 1 ширхэг гар утсыг 860000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /Хх-н 18 дугаар хуудас/

Самсунг А-50 загварын гар утсыг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Мобикомын Мандал салбараас 12 сарын хугацаагаар 839000 төгрөгөөр худалдан авсан гэрээ /Хх-н 19 дүгээр хуудас/

Х.Гын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 26 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Х.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Хорихын байранд байсан иргэн Д.Джын эзэмшлийн Самсунг А-50 загварын гар утсыг хулгайлан авч 839000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Гыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Х.Г нь бусдын хөрөнгийг хулгайлахдаа нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр үйлдсэн байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж тус тус заажээ.

Хохирогч Д.Джын Самсунг А-50 загварын гар утсыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Засаг даргын тамгын газрын эд хөрөнгийн үнэлгээний комиссоос 860000 төгрөгөөр үнэлсэн боловч хохирогч Д.Дж нь уг гар утсыг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Мобиком корпораци ХХК-ний Мандал салбараас шинээр нь 839000 төгрөгөөр худалдан авсан гэрээний баримт хавтаст хэргийн 19 дүгээр талд авагдсан байх тул гар утасны үнэ 839000 төгрөгийг шүүгдэгч Х.Гаас гаргуулж хохирогч Д.Джд олгох нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Х.Гын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч гэмт хэргийн улмаас учруулсан хохилоо нөхөн төлөөгүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэх боломжгүй тул хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Гд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх, Х.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Хүрэлбаатарын Гыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Гыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Х.Гд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Х.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Гаас 839000 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Баруун өлөнтийн № 35 тоотод оршин суух, хохирогч Боржигон овогт Дамдинжамцын Джд /РД:МР87102418/ олгосугай.  

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Гд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.