Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/01345

 

 Д иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00010 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 930 дугаар магадлалтай,

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Н” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 797.927.123 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Болор-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Батжаргал,  нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Д” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2014 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Н ХХК-тай харилцан тохиролцож Төв аймгийн Заамар сумын Төмстэй бригадын нутагт орших Нарийн гол уурхайн 7700А дугаартай лиценз бүхий талбайд хайгуул, олборлолтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр хамтран ажиллахаар тохиролцсон. Дээрх тохиролцоогоор 130.000.000 төгрөгийг бусдаас зээлж, С.Мижиддоржид бэлнээр хүлээлгэн өгсөн. Мөн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 001/14 дугаартай Ү-007700А тусгай зөвшөөрлийн талбайд металлын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулахад хамтран ажиллах гэрээ байгуулж, 270.000.000 төгрөгийг С.Мижиддоржийн хувийн дансанд шилжүүлсэн. Манай компани хамтран ажиллах гэрээний дагуу 2014 оны 8 дугаар сараас 2014 оны 11 сар хүртэл Нарийн гол уурхайд 8 газар дээр цооног өрөмдөж, хайгуулын ажлыг явуулсан бөгөөд ийнхүү ажиллахдаа нийт 315.405.523 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж ажиллаж байсан юм. Гэтэл 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Н ХХК-ийн хувьцаа эзэмшигчид гэх Ж.Баасанханд, С.Туяа нараас маргаан гаргасан. Улмаар С.Мижиддоржтой уулзахад манай компанийн хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан гарсан юм гээд урьдчилгаа болгон авсан төлбөр, хайгуулын ажлыг хийж гүйцэтгэхэд зарцуулсан хөрөнгийг Н ХХК болон өөрөөсөө буцаан өгөхөөр болсон боловч өнөөдрийг хүртэл урьдчилгаа болон хайгуулын зардлыг өгөөгүй. Манай компаниас уурхайд 111.750.000 төгрөгийг техник хэрэгсэл ажиллуулахад 86.177.123 төгрөгийг цалин, шатах тослох материал, хоол хүнс, сэлбэгийн материал, бичиг хэргийн зардалд гаргасан.

Иймд хамтран ажиллах гэрээний урьдчилгаанд төлсөн 400.000.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан хэлцэл №4-ийн 3 дугаар хэсэгт заасны дагуу алданги 200.000.000 төгрөг, Нарийн голын уурхайд зарцуулсан техник хэрэгсэл ажиллуулахад гарсан зардалд 111.750.000 төгрөг, цалин, шатах тослох материал, хоол хүнс, сэлбэгийн материал, бичиг хэргийн зардалд оруулсан 86.177.123 төгрөг, нийт 797.927.123 төгрөгийг Н ХХК-иас гаргуулж өгнө үү. С.Мижмддоржид холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.                                                  

Хариуцагч “Н” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн гол үндэслэл болж байгаа гэрээний 1.9-т .. Б тал А талд ирээдүйд олох ашгийн урьдчилгаа 400.000.000 төгрөгийг олгох ... гэж заасан болохоор энэхүү гэрээний үнийн дор хаяж 400.000.000 төгрөгөөс дээш үнэтэй гэж харагдаж байна. Нэхэмжлэлдээ дурдсанаар бол Н ХХК-ийн гэрчилгээ, лицензийг эх хувиар нь авсан атлаа тэр гэрчилгээнд 11.560.000 төгрөгийн хөрөнгөтэй, 3 гишүүнтэй буюу хувьцаа эзэмшигчтэй гэдэг нь илт харагдаж байгаа. Энэ гэрээнийхээ дагуу компанид нэг ч төгрөг шилжүүлээгүй, өгөөгүй харин С.Мижиддоржид бэлнээр болон түүний хувийн дансанд шилжүүлсэн гэдгээ нэхэмжлэлдээ дурдсан байгаа төдийгүй түүнд хавсаргасан баримтаас тодорхой харагдаж байна. Компанитай байгуулсан ямар ч гэрээ, хэлцэлгүйгээр Улсын баяр наадмын өдөр Н ХХК биш түүний захиралд С.Мижиддорж гэдэг хүнд бэлнээр 130.000.000 төгрөг өгчхөөд өнөөдөр түүнийгээ компаниас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн гээд байгаа 270.000.000 төгрөг нь ч компанид биш, Мижиддоржийн Хаан банк дахь дансанд зээл гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн мөнгө байгаа нь компанийн хариуцах ёстой асуудал биш. Нэхэмжлэгчийн дурдаж байгаачлан 2015 оны 01 сарын 30-ны өдөр Н ХХК-ийн хувьцаа эзэмшигчид гэх Ж.Баасанханд, С.Туяа нараас С.Мижиддорж компанийн дүрэмд заасан гүйцэтгэх захирал нь их хэмжээний буюу 100 сая төгрөгөөс дээш хэлцлийг бие даан хийх эрхгүй бөгөөд заавал бусад хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг авах ёстой... гэсэн бичгийг хүлээж авсан атлаа 2015 оны 03 дугаар сарын 27, 4 сарын 21-ний дахин их хэмжээний хэлцэлд үндэслэсэн хэлцэл хийчхээд өнөөдөр түүнийгээ үндэслэн хайгуулын ажлын зардал болон 200.000.000 төгрөгийн алдангийг компаниас шаардаж байгаа нь ч хууль бус гэж үзэж байна. Нэгэнт хууль зөрчиж хийсэн гэрээнээс үүдсэн хэлцэл мөн хүчин төгөлдөр бус хэлцэл болох ёстой. Хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн бусдаас элдэв зүйл шаардах эрх нэхэмжлэгч буюу Д ХХК-д байхгүй юм.

Иймд Д ХХК-ийн Н ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00010 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Н ХХК-иас 581.507.922 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 216.419.201 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч С.Мижиддоржид холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.147.585 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3.065.489 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 930 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.065.489 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4-р сарын 16-ны өдрийн 930 дугаар магадлалыг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хэлцэл нь үйл явдлыг тодорхойлсон баримт байх бөгөөд энэхүү баримтыг хариуцагч талаас үгүйсгэсэн аливаа тайлбар өгөөгүй, энэхүү хэлцлийг хүлээн зөвшөөрдөг юм. Тиймээс нэхэмжлэгч тал тухайн баримтын эх хувийг эрүүгийн хэргийн материалд өгсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг дагуу Прокурорын байгууллагад хүсэлт гаргаж, хуулбар үнэн гэсэн тэмдэглээ даруулж нотлох баримтаар өгсөн болно. Түүнчлэн магадлалд заасан 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хэлцэл нь энэхүү маргааныг Цагдаагийн байгууллагаас шалгах явцад эрүүгийн хэрэгт эх хувиараа авагдаж, дугаарлагдан эрүүгийн хэргийг шийдвэрлэх нотлох баримт болсон тул нэхэмжлэгч тал шүүхэд эх хувиар нь эсхүл нотариатаар батлуулан өгөх боломжгүй байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4-р сарын 16-ны өдрийн 930 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00010 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.      

Нэхэмжлэгч “Д” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Мижиддоржид холбогдох шаардлагаас татгалзаж, хариуцагч “Н” ХХК-с урьдчилгаа төлбөрт төлсөн 400.000.000 төгрөг, алданги 200.000.000 төгрөг, хохирол 197.927.123 төгрөг нийт 797.927.123 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлд хамтран ажиллах гэрээ болон уг гэрээг цуцалсан хэлцлийг дурджээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...мөнгийг компанид шилжүүлээгүй, гүйцэтгэх захирал С.Мижиддорж их хэмжээний хэлцэл хийхдээ бусад хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг аваагүй, хэлцэл хүчин төгөлдөр бус...” гэсэн тайлбар гаргаж маргажээ.   

“Д” ХХК нь “Н” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын 7700А тоот тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа явуулахаар харилцан тохиролцож, улмаар 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хамтран ажиллах гэрээг бичгээр  байгуулсан ба ирээдүйд олох ашгийн урьдчилгаа болгож 400.000.000 төгрөг өгөхөөр тохирсны дагуу 2014 оны 7 дугаар сарын 11-нд 130.000.000 төгрөгийг бэлнээр, 9 дүгээр сарын 29-ний өдөр 270.000.000 төгрөгийг тус компаний гүйцэтгэх захирал С.Мижиддоржид шилжүүлэн өгчээ.

Талууд хамтын үйл ажиллагаагаа 2014 оны 8 дугаар сард эхэлсэн боловч  “Н” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргаанаас хамтран ажиллах боломжгүй болж 2015 оны 3 дугаар сарын 27-ний өдөр гэрээг цуцалж,  400.000.000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 30-ний дотор төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд хоног тутам 0.1 хувийн алданги тооцох, хайгуулын ажлын зардлыг ажлын тайланг үндэслэн бодит зардлаар тооцохоор харилцан тохирч хэлцэл байгуулсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Дээр дурдсанаас үзвэл зохигчид хамтран ажиллах гэрээг цуцалж дуусгавар болгосон, энэ тохиолдолд нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар шаардлага гаргах эрхтэй.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс З.Пүрэвдоржийн гаргасан гомдлыг эрүүгийн журмаар шалгаж улмаар тус дүүргийн прокурорын 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 284 дүгээр тогтоолоор С.Мижиддоржид холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Д” ХХК болон “Н” ХХК-ийн хооронд 2015 оны 3 дугаар сарын 27, 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 03, 04 дугаар бүхий “Хэлцэл” гэх 2 хуудас баримтыг хавсаргасан байх ба уг баримтад Чингэлтэй дүүргийн прокурорын газрын “хуулбар үнэн” тэмдэг дарагдсан байна /хэргийн 1 дүгээр хавтас 30-31 дүгээр тал/.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо давж заалдах шатны шүүх “...талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг цуцалсан гэх 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хэлцэл нь бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн шаардлагыг хангаагүй” гэж үзжээ.  

Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-т заасан.           

Дээрх баримт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2., 44.4.-т заасан шаардлагыг хангасан байх тул давж заалдах шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэл муутай болжээ.

Нөгөө талаар хариуцагч уг баримтыг үгүйсгээгүй, нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7. дэх зохицуулалтыг магадлалын үндэслэл болгосон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5.-т “гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцална. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан, урьдчилгаа төлбөрөөс 50.000.000 төгрөг буцаан авснаа нэхэмжлэгч үгүйсгээгүй байх тул  хариуцагч үлдэх 350.000.000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хариуцагч төлөгдөөгүй үнийн дүнгээс хоногт 0.1 хувиар алданги тооцохоор тохирч бичгээр гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2-т заасан шаардлагад нийцсэн, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас тооцох нь зүйтэй.  

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.6., 227 дугаар зүйлийн 227.1.-т зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй ба нэхэмжлэгч техник хэрэгсэл ажиллуулахад 111.750.000 төгрөг, цалин, шатахуун, сэлбэг хэрэгслийн зардал 86.177.123 төгрөг нийт 197.927.123 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлээс 581.507.922 төгрөгийн шаардлагыг хангахдаа үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрт тодорхой тусгасан ба хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 930 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Сүхбаатар дүүргийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2018/06197 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.         

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ