Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2014/0043/З/ |
Дугаар | 285 |
Огноо | 2016-10-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 285
“Улаанбаатар радио” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагватуяа, Д.Мандхай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мухийт, гуравдагч этгээд “Наранбулаг сервис” ХХК-ийн төлөөлөгч Т.Наранбулаг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунцэцэг, өмгөөлөгч Ш.Энхтөр, гуравдагч этгээд “Бадрал” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Давхарбаяр нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 97 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 351 дүгээр магадлалтай “Улаанбаатар радио” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 97 дугаар шийдвэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын а/, б/, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3/, 81 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан “Улаанбаатар радио” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Хувьчлалын жагсаалтаас хасах тухай” 13/49 тогтоолын 2 дахь хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 11/65 дугаар тогтоолын дагуу “Улаанбаатар радио” ХХК-ийн эзэмшиж байгаа 1222 м.кв талбай бүхий барилгын хувьчлалын арга хэлбэрийг тогтоон тус компанид хувьчлах асуудлыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 351 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 97 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 81 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хувьчлалын жагсаалтаас хасах тухай 13/49 тогтоолын 2 дахь хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 11/65 дугаар тогтоолыг үндэслэн “Улаанбаатар радио” ХХК-ийн эзэмшиж байгаа 1222 м.кв талбай бүхий барилгын хувьчлалын арга хэлбэрийг тогтоон тус компанид хувьчлахыг нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” өөрчилсөн байна.
Нэхэмжлэгч “Улаанбаатар радио” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал У.Булган хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 351 дүгээр магадлалын зарим хэсэг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
1. Магадлалын хянавал хэсэгт “энэ хэргийн гуравдагч этгээдүүд түрээсээр эзэмшиж байсан, хувьчилсан тохиолдолд түрээсийн давуу эрхээр худалдан авах эрх үүсэх болзол хангагдсан байсан “Наранбулаг сервис” ХХК, “Бадрал” ХХК нарын эрхийг хангахгүйгээр сүүлд түрээсээр эзэмшиж байсан “Улаанбаатар радио” ХХК-д 1222 м.кв талбайг бүхэлд нь хувьчлахыг даалгах боломжгүй. Тиймээс маргаан бүхий объектын хувьчлалын арга, хэлбэрийг тогтоосон шийдвэр гарсан үед гуравдагч этгээдүүд эзэмшиж байсан талбайн хэсэгт түрээсийн давуу эрхээр оролцох боломжтой байна, ...харин “Улаанбаатар радио” ХХК эдгээртэй давхцаагүй талбайг хувьчлан авах эрхтэй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2007 оны 11/65 дугаар тогтоолд зөвхөн “Улаанбаатар радио” ХХК-ийн нэр үлдсэн гэх үндэслэлийн хувьд 11/65 дугаар тогтоол нь уг талбайг бүхэлд нь “Улаанбаатар радио” ХХК-д хувьчлах агуулгыг илэрхийлэхгүй ба энэхүү барилгын холбогдох талбайг өмнө нь түрээсээр эзэмшиж байсан, хувьчлах тохиолдолд түрээсийн давуу эрхээр худалдан авах эрхтэй “Наранбулаг сервис” ХХК, “Бадрал” ХХК-д ч хамааралтай болно” гэж дүгнэхдээ хэт нэг талыг барьж, тогтоолын агуулга болон хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэснээр хууль зөрчсөн шийдвэр гаргасан.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 11/65 дугаар тогтоол бол ямар нэг давуу эрхээр хувьчлах агуулгатай тогтоол огт биш. Өмчлөгчөөс хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэр юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс 11/65 дугаар тогтоол нь уг талбайг бүхэлд нь “Улаанбаатар радио” ХХК-д хувьчлах агуулгыг илэрхийлэхгүй ба энэхүү барилгын холбогдох талбайг өмнө нь түрээсээр эзэмшиж байсан, хувьчлах тохиолдолд түрээсийн давуу эрхээр худалдан авах эрхтэй “Наранбулаг сервис” ХХК, “Бадрал” ХХК-д ч хамааралтай болно гэж захиргааны актын агуулгаас хэтрүүлэн, дур мэдэн тайлбарласан үндэслэлгүй бөгөөд энэ тогтоолд гуравдагч этгээдүүд хамааралгүй болох нь илтэд ойлгомжтой байна.
Түүнчлэн хурлын тогтоолын агуулгыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоох ёстой, шүүх хөндлөнгөөс оролцох ёсгүй гэдгийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 29 дүгээр шийдвэр, 88 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 91 дүгээр тогтоолоор тогтоосон, түүнчлэн Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2008 оны 91 дүгээр тогтоолд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар орон нутгийн өмчийг захиран зарцуулах болон хувьчлах асуудлыг өөр өөр байдлаар зохицуулсан байгааг анхан шатны шүүх анхаарахгүй Иргэний хуулийн 105.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж 175 м.кв талбайтай байрыг “Наранбулаг сервис” ХХК-д давуу эрхээр худалдах шийдвэр гаргахыг даалгаж шийдсэн нь буруу болжээ гэсэн байхад давж заалдах шатны шүүх эсрэг дүгнэлт хийснээр Захиргааны хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасныг зөрчсөн.
Иймээс давж заалдах шатны шүүхээс энэ хэргийн гуравдагч этгээдүүд түрээсээр эзэмшиж байсан, хувьчилсан тохиолдолд түрээсийн давуу эрхээр худалдан авах эрх үүсэх болзол хангагдсан, маргаан бүхий объектын хувьчлалын арга, хэлбэрийг тогтоосон шийдвэр гарсан үед гуравдагч этгээдүүд эзэмшиж байсан талбайн хэсэгт түрээсийн давуу эрхээр оролцох боломжтой гэх мэтээр дүгнээд байгаа нь хууль бус юм.
Нийслэлийн өмчөөс 2008 онд хувьчлах аж ахуйн нэгж, барилга байгууламжийн жагсаалтыг баталсан 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/65 дугаар тогтоолын хавсралтын 17-д заасан жагсаалтаас Төрийн өмчийн хорооны 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 481 дүгээр тогтоол, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/56 дугаар тогтоолоор “Наранбулаг сервис” ХХК-ийг албан ёсоор хассан.
Энэ талаар “Наранбулаг сервис” ХХК нь 2012 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байжээ. Ингэхдээ Төрийн өмчийн хорооны 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 481 дүгээр тогтоол, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/56 дугаар тогтоол, нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2008 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 83 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг.
Улмаар тус нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзсанаар 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 465 дугаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамж гарсан. Тус захирамжаар эдгээр асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсан байна.
Эндээс үзвэл “Наранбулаг сервис” ХХК-ийг хувьчлалын жагсаалтаас хассан Төрийн өмчийн хорооны 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 481 дүгээр тогтоол, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/56 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд эдгээр актын үйлчлэлийг “Наранбулаг сервис” ХХК сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Харин “Бадрал” ХХК-ийн хувьд энэ тогтоолд огт нэр дурдагдаж байгаагүй бөгөөд энэ нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх анхаарч үзэх ёстой байсан. Учир нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 11/65 дугаар тогтоолоос хасагдаж, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн, мөн хувьчлалтай холбоотой шийдвэрт огт нэр дурдагдаж байгаагүй этгээдүүдийг шууд хамааруулж үзсэн шүүхээс тогтоогдсон үйл баримтуудыг илт алдаатай дүгнэж байгаа хэрэг мөн. Харин “Улаанбаатар радио” ХХК-ийн хувьд тухайн үед нийслэл ажил үүргээ гүйцэтгүүлдэг өөрийн харьяа агентлагтаа объектоо эрх хэмжээнийхээ дагуу өгсөн.
Гэтэл давж заалдах шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77, 78, 81 дүгээр зүйлд заасан захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамааруулсан асуудалд хөндлөнгөөс оролцож хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Гуравдагч этгээд “Наранбулаг сервис” ХХК-ийн хувьд 2008 онд түрээсийн давуу эрхээр хувьчлах шийдвэр гаргахыг даалгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаад Улсын Дээд шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдсэн байна. Мөн “Наранбулаг сервис” ХХК болон “Бадрал” ХХК нар 2009 онд 154,9 м.кв, 175 м.кв байрыг хувьчлахыг даалгах нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргаж байсан. Үүний дагуу Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 29 дүгээр шийдвэр, 88 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 91 дүгээр тогтоол гарч нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаагүй. Энэ тохиолдолд “Наранбулаг сервис” болон “Бадрал” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол гэдэгт юуг ойлгох вэ гэдэг нь ойлгомжгүй байгаа. Шүүх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн эрэмбэлж байгаа үндэслэл огт тусгагдаагүй.
Ер нь гуравдагч этгээд болох “Наранбулаг сервис” ХХК, “Бадрал” ХХК нартай нийслэлээс түрээсийн гэрээ байгуулж байсан явдал нь нийслэлийн захиргаа түрээсэлсэн талбайгаа хувьчилж өгөх ёстой гэсэн үг биш юм. Учир нь түрээсийн гэрээгээр хувьчлах үүрэг огт хүлээж байгаагүй. Тухайн үед хөрөнгө оруулж байсан гэдэг боловч энэ нь хувьчлан авах эрх үүсгэхгүй, харин хохирлоо нэхэмжлэх эрхтэй байж болох юм.
2. Магадлалын хянавал хэсэгт “энэ хэргийн нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүд аль, аль нь өөрсдийн түрээсээр эзэмшиж байсан талбайд өмчлөгчийн зөвшөөрөлтэйгөөр хөрөнгө оруулалт хийсэн тухай гэрчилгээтэй бөгөөд захиргааны хэргийн Хяналтын шатны шүүхийн тогтоолоор маргаан бүхий дээрх объектыг хувьчилсан тогтоолыг хүчингүй болсон тул тэдгээрийн үндсэн дээр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нь хүчин төгөлдөр бус хэмээн дүгнэлт өгч шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүх хувьчлалын төлбөрийг бүрэн төлжээ, худалдах, худалдан авах гэрээний 74.000.000 төгрөг бүрэн төлөгдсөн гэх мэт дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.2-т заасантай нийцэхгүй байна” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт алдаатай байна.
Бодит байдал дээр нэхэмжлэгч “Улаанбаатар радио” ХХК нь “Ж” блокийг менежментийн гэрээгээр эзэмшиж байгаад улмаар зохих хууль тогтоомж, шийдвэрүүдийн дагуу хувьчлан авч 2008 оны 7 дугаар сараас 2013 оны 4 дүгээр сар хүртэл өмчилсөөр ирснийг шүүх үндэслэл болгох ёстой. Улмаар хувьчлалаар авахдаа тус компаниас төлсөн 127,890,000 төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн, тэр хэвээрээ байгаа. Энэ мөнгө тэр үеийн ханшаар тухайн объектын хувьд хангалттай үнэлгээ байсан. Ер нь хувьчлал хүчингүй болсон нь “Улаанбаатар радио” ХХК-иас шалтгаалаагүй, мөн захиргааны байгууллагын санаачилга байгаагүй гэдгийг чухалчлан үзэх ёстой.
Харин захиргааны хэргийн шүүх хариуцагч хувьчлах процессын явцад алдаа гаргасан гэж үзсэн. Гэтэл хариуцагч хувьчлах тухай акт хүчингүй болсон ч тухайн объектын эзэмшил, ашиглалтын асуудлыг шийдвэрлээгүйгээр үл барам хувьчлалын асуудлыг дахин зохих ёсоор хуульд заасны дагуу шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй болно. Үүнийг захиргааны байгууллага шийдэх ёстой. Цаашилбал “Улаанбаатар радио” ХХК нь өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа барилгад зохих журмын дагуу хөрөнгө оруулалт, их засвар хийж 222,654,000 төгрөгийн хөрөнгө оруулсан, улмаар 251.14 м.кв өргөтгөл нэмж барьсан. Үүнд 111,993,737 төгрөгийн зардал гарсан.
Дээрхээс үзвэл “Улаанбаатар радио” ХХК нь энэ барилгад нийт 350,000,000 төгрөгийн хөрөнгө зарсан бөгөөд эдгээр нь захиргааны байгууллагын зөвшөөрөлд үндэслэсэн, манай компанийн өмчийн асуудалтай холбоотой гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүйн улмаас буруу шийдвэр гаргасан. Энэ талаар Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 2015 оны 1119 дүгээр тогтоол гарсан бөгөөд энд захиргааны актууд хүчингүй болсон хэдий ч уг объектыг “Улаанбаатар радио” ХХК хууль ёсоор 10-аас дээш жил эзэмшиж байгааг, дурдсан хөрөнгийг “Улаанбаатар радио” ХХК тухайн объектод зарцуулсныг, 251.14 м.кв өргөтгөл нэмж барьсныг, гуравдагч этгээдүүдтэй нийслэлээс байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус гэдгийг тус тус тогтоосон.
Ингэснээр Улсын дээд шүүхийн 2013 оны 204 дүгээр тогтоолд заасан маргаантай гэх нөхцөл байдал арилсан. Одоо асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон. Нөгөөтэйгүүр гуравдагч этгээдүүд 2008 онд хувьчлал явагдах үед тухайн объектод байгаагүй, “Улаанбаатар радио” ХХК нь тухайн үеийн ханшаар хувьчлалын мөнгийг бүрэн төлсөн, хойшид нийслэлийн захиргаанаас зөвшөөрсний дагуу их хэмжээний хөрөнгө оруулалтууд хийсэн нь удаа дараагийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.
Манай компани уг талбайг хууль ёсоор эзэмших, улмаар өмчлөх явцдаа хөрөнгө оруулснаар өмч их хэмжээгээр холилдсон. Гэтэл давж заалдах шатны шүүх “Улаанбаатар радио” ХХК нь хохирлоо нэхэмжлэх байдлаар асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзээд байгаа нь буруу бөгөөд харин ч эсрэгээрээ “Наранбулаг сервис” ХХК болон “Бадрал” ХХК нар захиргаанаас хохирлоо нэхэмжлээд “Улаанбаатар радио” ХХК нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 11/65 дугаар тогтоолын дагуу объектын хувьчлалын асуудалд дангаар оролцох ёстой.
Шүүх энэ асуудалд ач холбогдол өгөхгүй байгаа нь хэргийг бодитой шийдэхэд саад болж байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 2015 оны 1119 дүгээр тогтоолоор тогтоогдсон үйл баримтыг үнэлээгүйгээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.2-т заасныг зөв хэрэглээгүй, хууль хэрэглээний алдаа гаргасан. Давж заалдах шатны шүүхийн магадлалын анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсөн хэсэг хууль зүйн үндэслэлгүй байна гэдэг нь анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үлдэх ёстой гэдгийг харуулж байгаа.
Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх маргаантай асуудлыг бодитой шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 91.1-д дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.3-т зааснаар магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хянавал:
1. Нэхэмжлэгчийн “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/49 дүгээр тогтоолын 1 дэх заалтын хавсралтын “хоёр”-ын 4 дэх хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын талаар:
Төрийн өмчийн хорооны 2003 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 489 дүгээр тогтоолоор “Нийслэлийн өмчөөс 2003 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт”-ыг хавсралтын ёсоор зөвшөөрсөн, жагсаалтын 10-т зааснаар “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 7900 м.кв талбай бүхий барилга бүхэлдээ хувьчлагдахаар болсон, уг барилгыг хэсэгчлэн хувьчлах, хувьчлах арга хэлбэрийг тогтоох талаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тухай бүр нь шийдвэрлэсний үндсэн дээр “ж” блокийн 1222 м.кв талбайтай хэсгээс бусад нь 2003-2005 онуудад хувьчлагдсан байна.
Харин “хувьчлагдаагүй үлдсэн” 1222 м.кв талбай бүхий байрыг 2008 онд хувьчлахаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/65 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн боловч энэ тогтоолын “гурав” дахь заалтын 1 дэх хэсгийн дагуу “хувьчлах арга, хэлбэр, журам”-ыг мөн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаас тогтоогоогүй байхад түрээсийн давуу эрхээр нэхэмжлэгч “Улаанбаатар радио” ХХК-д хувьчлах талаар гаргасан нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2008 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 59 дүгээр тогтоол; мөн уг байрыг 2013 онд хувьчлах жагсаалтад дахин оруулж, нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлах тухай нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6/24 дүгээр тогтоолын хавсралтын 2 дахь заалтын 1, 2, 3 дахь хэсэг тус тус 3 шатны шүүхээр хянагдаж, хүчингүй болжээ.
Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдэд “хувьчлалын арга, хэлбэр, журам”-ыг хуулиар эрх олгогдсон эрх бүхий этгээдээс тогтоогоогүй байхад нийслэлийн Өмч хувьчлах комисс нь маргаан бүхий объектыг түрээсийн давуу эрхээр “Улаанбаатар радио” ХХК-д хувьчлах шийдвэр гаргасан нь хууль бус болох, бүхэлд нь хувьчилсан нь “Наранбулаг сервис” ХХК болон “Бадрал” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж; “нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах” шийдвэр нь уг объектын эзэмшил, хувьчлалын асуудлаарх маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад гаргасан буруу болохыг, түрээсэлж байсан болон одоо эзэмшиж байгаа аль аль нь “давуу эрхтэй” гэж үзэж буй нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хангагдахгүй гэдгийг тодорхой дүгнэжээ.
Үүнээс үзэхэд, маргаан бүхий объектыг хувьчлах арга, хэлбэрийг тогтоосон шийдвэрүүдтэй холбоотойгоор энэ хэргийн оролцогч нар маргаан үүсгэж шүүхээр шийдвэрлүүлж байсан нь хувьчлахаар нэгэнт шийдвэрлэгдсэн бөгөөд хувьчлах асуудлаар маргаангүй байгаа уг объектыг “шүүхийн маргаантай байгаа” гэж, хувьчлалын жагсаалтаас хассан нь буруу байна.
Нөгөө талаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т заасныг үндэслэснээс үзвэл, уг заалтын “...хувьчилж үл болох орон нутгийн өмчийн жагсаалтыг Засаг даргын өргөн мэдүүлснээр хэлэлцэж батлах, түүнд өөрчлөлт оруулах” бүрэн эрх нь Засаг даргаас өргөн мэдүүлсэн уг асуудлаарх жагсаалтыг хэлэлцэж, шийдвэрлэхтэй холбоотойгоор хэрэгжүүлэх байхад “шүүхийн маргаантай байгаа” гэх үндэслэлээр “хувьчлалын жагсаалтаас хасах” шийдвэр гаргасан нь хууль бус болжээ.
Дээрх байдлаар “Баруун сэлбэ” үйлчилгээний төв нэртэй барилгын хувьчлагдаагүй үлдсэн “ж” блокийн 1222 м.кв талбайтай байрыг “хувьчлахгүй” байх үндэслэл тогтоогдоогүй, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/49 дүгээр тогтоолын 1 дэх заалтын хавсралтын “хоёр”-ын 4 дэх хэсэг хууль бус байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал зөв байна.
Харин шийдвэрт өөрчлөлт оруулсан магадлалын тогтоох хэсэгт “...13/49 дүгээр тогтоолын 2 дахь хэсгийн 4 дэх заалтыг...” гэж алдаатай бичсэнийг зөвтгөх зүйтэй гэж үзлээ.
2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/65 дугаар тогтоолыг үндэслэн “Улаанбаатар радио” ХХК-ийн эзэмшиж байгаа 1222 м.кв талбай бүхий байрыг хувьчлах арга, хэлбэрийг тогтоон тус компанид хувьчлахыг нийслэлийн Засаг даргад даалгуулах шаардлагын талаар:
Энэ тогтоолын “нэг” дэх заалтаар хувьчлах барилга байгууламжийн жагсаалтыг баталж, “гурав”-ын 1-д “жагсаалтад орсон эд хөрөнгийн хувьчлалын арга хэлбэр, Төлөөлөгчдөөс гаргасан санал, Санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн хорооны дүгнэлтэд орсон объектуудын хувьчлалын асуудлыг тодотгож тухай бүр нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж шийвэрлүүлэх”-ийг нийслэлийн Засаг даргад даалгажээ.
Нэхэмжлэгч “Улаанбаатар радио” ХХК нь дээрх тогтоолын “гурав” дахь заалтын 1 дэх хэсгийн дагуу хувьчлах арга, хэлбэрийг тогтоож, хөрөнгө оруулалтын давуу эрхээр 1222 м.кв талбайтай байрыг өөрт хувьчлуулахыг нийслэлийн Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 248 дугаар шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 273 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Гэтэл дээрх шийдвэрлэгдсэн хэрэгтэй холбоотой бөгөөд адилхан үндэслэл, шаардлага бүхий нэхэмжлэлийг “Улаанбаатар радио” ХХК нь дахин гаргасан байхад анхан шатны шүүх хүлээн авч, улмаар хангаж, давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зэрэг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” тохиолдолд уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай, 74 дүгээр зүйлийн 74.3- т “энэ хуулийн 34.1-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол шүүх тогтоол, шүүгч захирамж гарган хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасантай нийцэхгүй болжээ.
Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих дээрх хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүй тул магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагын тухайд хяналтын шатны шүүх дүгнэлт өгч, шийдвэрлэх боломжгүй тул магадлалын энэ хэсэгт гаргасан нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 351 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 97 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...13/49 тогтоолын 2 дахь хэсгийн 4 дэх заалтыг” гэснийг “...13/49 дүгээр тогтоолын хавсралтын “хоёр”-ын 4 дэх хэсгийг” гэж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/65 дугаар тогтоолыг үндэслэн хувьчлалын арга, хэлбэрийг тогтоож, “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн барилгын “ж” блокийн 1, 2, 3 дугаар давхрын 1222 м.кв талбай бүхий хэсгийг “Улаанбаатар радио” ХХК-д хувьчлахыг нийслэлийн Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ