| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2020/00094/Э |
| Дугаар | 00093 |
| Огноо | 2020-08-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Я.Амарзаяа |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 00093
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Я.Амарзаяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Цэдэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Я.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.Уд холбогдох 2032000370037 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дархан-Уул аймаг Шарын гол суманд 1991 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл 5 дугаар баг, Булгийн 2-72 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ УБТЗ-ын харьяа Зүүнхараа дахь Мод боловсруулах үйлдвэрт рамчин ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн шийтгэлтэй
-2010 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Гомбожав овогт Цэдэнсодномын У. /РД:*/
Шүүгдэгч Ц.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шөнийн 00 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Төмөр замын № 08 тоотод байрлах иргэн Д.Мсгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалганы цоожийг төмрөөр эвдэн нэвтрэн орж 899900 төгрөгийн үнэтэй Самсунг загварын 40 инчийн LCD зурагт, 250000 төгрөгийн үнэтэй Орос улсад үйлдвэрлэсэн хүрэн өнгийн дэлгэгддэг мебель ширээ, 80000 төгрөгийн үнэтэй Солонгос улсад үйлдвэрлэсэн 3 ширхэг хөнжил, 40000 төгрөгийн Солонгос улсад үйлдвэрлэсэн орны дэвсгэр, хөнжлийн дэвсгэр даавуу, 20000 төгрөгийн үнэтэй хуванцар сандал зэргийг хулгайлан авч нийт 1289900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Уын өгсөн ......... 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шөнийн 12 цагт согтуу байх үедээ хохирогч Д.Мсгийн гэрийн хаалганы цоожийг сүхний иш хийх гэж байсан төмрөөр эвдэж дотогш ороод 40 инчийн Самсунг маркийн зурагт 1 ширхэг, 2 ширхэг хөнжлийн даавуу, 3 ширхэг хөнжил, 2 ширхэг улаан хүрэн өнгийн сандал, 1 ширхэг бор хүрэн өнгийн мебель ширээ зэргийг аваад өөрийнхөө түрээслэн амьдарч байсан гэрт аваачсан. Эхлээд ширээг нь дараа нь зурагтыг, дараа нь хөнжил, хөнжлийн даавуу, сандал зэргийг зөөсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
ХохирогчД.Мсгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Мандал сумаас Улаанбаатар хот руу Манжуурын аялалд явахаар гарсан. Намайг Манжуур, Хайлаар хотуудад 3 сар болчихоод ирэхэд манай хүргэн Пүрэвбат биеийн эрүүл мэндийн байдлаас болж эмнэлэгт хэвтсэн байсан. Тэгээд хүргэнтэйгээ эмнэлэгт уулзахад манай хүргэн надад Зүүнхараад байгаа манай гэрт гал гарч эд зүйлс шатсан талаар хэлсэн. Тухайн үед хүргэний байдал тааруу байсан учир уг асуудлыг хөөцөлдөж чадалгүй орхисон. Тэгээд би 2019 оны 11 дүгээр сард Зүүнхараад гэртээ ирсэн. Сүүлд намайг гэртээ байхад 2020 оны 02 дугаар сарын дундуур манай бэр Жавхлан гаднаас орж ирээд манай урд талын цагаан байшинтай айл нүүх гээд эд зүйлсээ гаргасан байна тэр дунд таны ширээ байна та харвал таних уу гэхээр нь би очиж үзэхэд гал гарах үед манай гэрт байсан хүрэн модон ширээ тэр айлын нүүх гээд гаргасан эд зүйлс дотор байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан. Хохирлоо барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг /Хх-н 63-64 дүгээр хуудас/
Гэрч Ч.Ббийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... 2019 оны 06 дугаар сард миний хөлсөлсөн байрны хажуу талын өрөөг Түнхэлд амьдардаг У гэх залуу хөлсөлж орсон байсан. ... 2019 оны 06 дугаар сарын эхээр манай гэрт ширээ хэрэг болоод байхаар нь би Уаас ширээ байна уу гэж асуусан чинь юм дуугарахгүй болохоор нь ав гэж байгаа юм болов уу гэж бодоод гэр лүү нь ороод гал зуухны өрөөний цонхон дор байсан хүрэн өнгийн хуучны модон ширээг аваад гэрлүүгээ оруулаад дэлгээд сунгаад ашиглаж байсан. 2019 оны 06 дугаар сарын сүүлээр санагдаж байна манай эхнэрийн найз Маралаа гэх хүүхэн манайд ирээд манай хөнжил хүрэлцэхгүй болохоор эхнэр тэр хоёр Уаас хөнжил байна уу гэж асуусан чинь У ногоон цайвар өнгийн 2 хөнжил манайд ирээд цуг хоносон гэсэн. Өчигдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн үед би түрээсийн байрнаасаа гараад гэрээ нүүлгэх гээд хамаг эд зүйлээ гадагш гаргаад ачихад бэлдээд тавьчихсан байсан чинь манай хойд талын айлын оёдолчин эгч ирээд Уын гэрээс авсан ширээг манай ширээ байна гэж хэлсэн. Тэгээд тэр эгч замын хойшоо нүүлгэсэн миний тал эд зүйлийг үзээд Уаас авсан хөнжлийг манай хөнжил байна гэж хэлээд өөрийнхөө эд зүйлийг таниад байх шиг байсан гэх мэдүүлэг /Хх-н 58 дугаар хуудас/
Гэрч Б.Хны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... Манайх 2020 оны 02 дугаар сард байрнаасаа нүүсэн. Нүүх үед би гэртээ байгаагүй Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байсан. Манайд байсан ширээний хувьд У миний юм Түнхэлээс авчирсан юм би хэрэглэхгүй тул танайх авбал ав гэж надад хэлж байсан тул Уыг байрнаас гарснаас хойш би өрөөнд нь орж тэр ширээг авсан. Хөнжил гудсыг У манайхаар орж гарч хонож өнждөг байсан тул тэдгээр зүйлийг манайд оруулж ирээд өөрөө хэрэглэдэг байсан. Мөн 2 ширхэг улаан өнгийн хуванцар сандлыг манайхаар орж гарч хоол унд идэж уудаг байсан тул суух юмгүй хэцүү юм гээд өөрөө оруулж ирж байсан гэх мэдүүлэг /Хх-н 69 дүгээр хуудас/
Гэрч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд би гэртээ хариад хадам ээж Сүхлхагвад У байхгүй байна гэрт нь нэг том зурагт байна гэж хэлэхэд хадам ээж чи тэр зурагтаа аваад ир У ирээд зурагтаа авч магадгүй тэгэхээр нь ээж нь түрээсний мөнгөө аваад зурагтыг өгнө гэж гэж хэлэхээр нь би буцаж очоод зурагтыг аваад ээжийн амбаарт оруулж тавиад гэрийн түлхүүрийг нь хадам ээжид өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 78 дугаар хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /Хх-н 33, 39 дүгээр хуудас/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 34-36 дугаар хуудас/
Хулгайд алдагдсан Самсунг загварын 40 инчийн зурагтыг 899900 төгрөгөөр, хүрэн өнгийн дэлгэгддэг ширээг 250000 төгрөгөөр, 3 ширхэг хөнжлийг 80000 төгрөгөөр, орны дэвсгэр, хөнжлийн даавууг 40000 төгрөгөөр, 2 ширхэг хуванцар сандлыг 20000 төгрөгөөр, нийт 1289900 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 101 дүгээр хуудас/
Ц.Уын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 112 дугаар хуудас/
Түнхэл 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 115 дугаар хуудас/
Хохирогч Д.Мсгийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан Ц.Уаас хохирлын мөнгө 1290000 төгрөгийг миний өөрийн 5001508369 тоот дансанд хийсэн болно. Иймд шүүх хуралд оролцох шаардлагагүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзахгүй гэсэн хүсэлт /Хх-н 146 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ц.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шөнийн 00 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Төмөр замын № 08 тоотод байрлах иргэн Д.Мсгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалганы цоожийг төмрөөр эвдэн нэвтрэн орж 899900 төгрөгийн үнэтэй Самсунг загварын 40 инчийн LCD зурагт, 250000 төгрөгийн үнэтэй Орос улсад үйлдвэрлэсэн хүрэн өнгийн дэлгэгддэг мебель ширээ, 80000 төгрөгийн үнэтэй Солонгос улсад үйлдвэрлэсэн 3 ширхэг хөнжил, 40000 төгрөгийн Солонгос улсад үйлдвэрлэсэн орны дэвсгэр, хөнжлийн дэвсгэр даавуу, 20000 төгрөгийн үнэтэй хуванцар сандал зэргийг хулгайлан авч нийт 1289900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Уыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Ц.У нь бусдын хөрөнгийг хулгайлахдаа нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд цоожийг нь хөшиж нэвтэрч үйлдсэн байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт ... Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ц.Уын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй байна.
Иймд шүүгдэгч Ц.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаар буюу хорих ялын талаар хялбаршуулсан журмаар прокурортой тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан 01 жил 01 хоногийн хорих ялыг оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Д.Мсд учирсан 1289900 төгрөгийн хохирлыг шүүгдэгч талаас бүрэн төлж барагдуулсан тул эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг хөнжил, 1 ширхэг хөнжлийн даавуу, 1 ширхэг Самсунг маркийн зурагт, 2 ширхэг хуванцар сандал зэргийг шүүгдэгч Ц.Уд олгох үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Мс нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөнжил 3 ширхэг, хөнжлийн даавуу 1 ширхэг, Самсунг загварын 40 инчийн зурагт 1 ширхэг, эвдэрхий хуванцар сандал 2 ширхэг зэргийг шүүгдэгч Ц.Уд олгох, туршилт хийсэн бичлэг бүхий 3 ширхэг Сидиг хавтаст хэрэгт нь үлдээх, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 62 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Гомбожав овогт Цэдэнсодномын Уыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Уыг 01 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Уд оногдуулсан 01 жил 01 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Уын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 62 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөнжил 3 ширхэг, хөнжлийн даавуу 1 ширхэг, Самсунг загварын 40 инчийн зурагт 1 ширхэг, эвдэрхий хуванцар сандал 2 ширхэг зэргийг шүүгдэгч Ц.Уд олгох, туршилт хийсэн бичлэг бүхий 3 ширхэг Сидиг хавтаст хэрэгт нь үлдээх, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Уд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.