Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 755

 

    2020        08         19                                   2020/ШЦТ/755

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Амаржаргал;

улсын яллагч: Д.Даваадорж;  

шүүгдэгч: Б.Б/өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Идэр Чандмань” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, Б.Б.  

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 4-257 тоотод иргэн Д.Баярсайханыг үл ялих зүйлээр шалтаглан зодож улмаар түүний биед “тархи доргилт, зүүн зовхи, алимны салст, зүүн хацар, ооч, зүүн чихний дэлбээ, зүүн чамархай, зүүн шанаа, баруун шууны цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Б.Б-н ялладагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 3-4/, хохирогч Д.Баярсайханы мэдүүлэг /хх-ийн 10-12, 21-22/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7037 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/, хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой баримтууд /хх-ийн 29-32/, шинжээч Т.Номинцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 34-35/, Б.Б-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 38-54/, Д.Баярсайханы хүсэлт /хх-ийн 57/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Б.Б-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 4-257 тоотод иргэн Д.Баярсайханы “унт” гэж хэлсэн үгэнд дургүйцэж, улмаар түүнийг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

   хохирогч Д.Баярсайханы /хх-ийн 10-12/: “...2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр цагийг нь сайн санахгүй байна. ...танихгүй дугаараас над руу залгаад “Лхагважав эгчийг тосож ав” гэж хэлсэн. Тэгээд эгчийг гудамжнаас аваад гэртээ оруулаад байж байхад Б.Бараас согтуу орж ирсэн. Орж ирэхдээ нэг шил архитай ирсэн. Би “битгий гэрт архи уугаад байгаарай” гэж хэлсэн. Б.Бавчирсан архиа ууж дуусгаад надаас архи нэхээд байхаар нь нэг шил архи авч өгсөн. Би тэр архинаас нь 3 татсан. Би Оюунаа гэх эмэгтэйг гэртээ дуудаж Б.Бямбацогттой хамт архи уулгасан. ...Удалгүй оройн 20 цаг 30 минутын орчимд дэлгүүрээсээ гараад гэртээ ороход Оюунаа манайхаас гараад явсан. Харин Лхагважав, Б.Бхоёр согтуу сууж байсан. Би тэр хоёрыг “одоо унт” гээд ор засаж өгөхөд Б.Б “унтахгүй” гээд над руу агсарч хэлсэн. Би хашаандаа байдаг өөр айл руу орж унтах гээд гарах үед Б.Бминий үснээс татаад газар унагаасан. Мөн миний толгой руу гараа атгаж байгаад олон удаа цохисон. Тэр үед би урдаас нь эсэргүүцэж гар руу нь цохиод хөлөөрөө жийхэд намайг барьж аваад шалан дээр дарж хэвтээд зодоод байхаар нь хашгираад зугтсан. Б.Б нь миний толгой руу олон удаа, мөн цээж рүү цохисон...” гэх мэдүүлгээр,

 

    Д.Баярсайханы биед “тархи доргилт, зүүн зовхи, алимны салст, зүүн хацар, ооч, зүүн чихний дэлбээ, зүүн чамархай, зүүн шанаа, баруун шуу, цээж, зүүн бугалга, зүүн даланд цус хуралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7037 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 26-27/,

 

    Б.Б-н яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 3-4/: “...Би 2020 оны 06 дугаар сарын 14-ний оройн 18 цагийн орчимд эгч Д.Баярсайханыд очиход тэрээр эгч Лхагважавтай хамт байсан. Би эгч Д.Баярсайхантай 2 шил 0.75 литрийн архийг хувааж уусан. Тэгтэл нэг мэдэхэд би эгчтэйгээ маргалдаад улмаар Д.Баярсайхан эгчийг цохисон. Би түүнийг цохихдоо нүүр, хацар, чих рүү нь хэд, хэдэн удаа цохисон. Удалгүй эгчтэй эвлэрээд унтаж байхад цагдаа нар намайг аваад явсан. Тухайн үед Лхагважав эгч хажууд байж байгаад зодоон болох үед байхгүй болсон байсан. Хэзээ гарч явсан талаар сайн мэдэхгүй байна. Намайг эгч Д.Баярсайхан нь зодож цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

     Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг, шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.Б-н гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Д.Баярсайханы “...одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 57 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ