Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2017/0732

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 23 өдөр        Дугаар 101/ШШ2017/00732          Улаанбаатар хот

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилт 8-271 тоотод байрлах, “Дугуй заг сервис” ХХК /РД:5860938/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гацуурт тосгон Монгол шилтгээн цогцолборт байрлах, “Монгол шилтгээн” ХК /РД:2687569/-д холбогдох,

8,370,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Дугуй заг сервис” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай “Дугуй заг сервис” ХХК нь тусгай зориулалтын автомашинаар бохир ус соруулах үйлчилгээг аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд 2014 оноос хойш үзүүлж байна. Дээрх ажпын хүрээнд “Монгол шилтгээн” ХК-тай 2015 оны 05 сарын 20 өдөр хамтран ажиллах гэрээ байгуулан Монгол шилтгээн зочид буудлын хэрэглээнээс үүссэн бохир усыг цогцолборын хашаанд байрлах 100 болон 50 тоннын бохир усны савнаас сорж, цогцолбороос 15 километрт Улаанхуаранд байрлах төвийн бохир усны худагт хаяж зайлуулах ажлыг гүйцэтгэж байсан. Гэрээнд заасны дагуу 1 удаагийн бохир усыг соруулж тээвэрлэх ажлын хөлсийг 50,000 /НӨАТ-гүй/ төгрөгөөр тохиролцож 2015 онд нийт 4,750,000 төгрөгийн үйлчилгээг “Монгол шилтгээн” ХК-д үзүүлсэн. Ажлын гүйцэтгэлийг талууд хүлээн зөвшөөрч, “Монгол шилтгээн” ХК-аас Тооцооны үлдэгдлийн баталгаа №15/-ыг гаргаж, манай компаний өрийг барагдуулах талаар тохиролцсон. Дээрх төлбөрөөс удаа дараа шаардсаны эцэст “Монгол шилтгээн” ХК нь 2016 оны 1 болон 7 дугаар сард нийт 1,500,000 төгрөгийг барагдуулсан бөгөөд үлдэгдэл 3,250,000 төгрөгийг өнөөдрийн байдлаар барагдуулж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Мөн 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “Монгол шилтгээн” ХК-тай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, Монгол шилтгээн зочид буудлын хэрэглээнээс үүссэн бохир усыг 100 болон 50 тоннын бохир усны савнаас сорж, цогцолбороос 15 километрын зайд Улаанхуаранд байрлах төвийн бохир усны худагт хаяж зайлуулах ажлыг гүйцэтгэж байсан. Гэрээнд зааснаар 1 удаагийн бохир усыг соруулж тээвэрлэх хөлсийг 40,000 /НӨАТ-тай/ төгрөг байхаар харилцан тохиролцож ажлыг гүйцэтгэсэн. Тус гэрээний дагуу 2016 оны 6 дугаар сараас 8 дугаар сарыг дуустал 193 удаагийн үйлчилгээ үзүүлсэн боловч  зөвхөн 6 дугаар сарын ажпыг хөлсөнд нийт 2,600,000 төгрөгийг барагдуулж, 2016 оны 7, 8 дугаар сарын ажлын хөлс болох 5,120,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл барагдуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд “Монгол шилтгээн” ХК-иас 2015 оны ажлын хөлсний үлдэгдэл 3,250,000 төгрөг, 2016 оны 7, 8 дугаар сард үзүүлсэн үйлчилгээний хөлс 5,120,000 төгрөг нийт 8,370,000 төгрөгийг гаргуулан биднийг хохиролгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч “Монгол шилтгээн” ХК-ийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Монгол шилтгээн” ХК нь “Дугуй заг сервис” ХХК-тай 2015 оноос хамтран ажиллаж бохир ус соруулуулдаг. 2015 оны ажлын хөлсний үлдэгдэл 3,250,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 4,120,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2015 оны 3,250,000+2016 оны 4,120,000 төгрөг, нийт 7,370,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Мөн манай байгууллага улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг учир бүх дансны гүйлгээ зогссон байгаа учир хавар үйл ажиллагаа эхлэхээр 7,370,000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна ...” гэжээ. 

Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...Нэхэмжлэгч “Дугуй заг сервис” ХХК 8,370,000 төгрөг нэхэмжилсэн ба 1,000,000 төгрөгнөөс татгалзаж, 7,370,000 төгрөгийг “Монгол шилтгээн” ХК нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрч эвлэрч байна ...” гэжээ.  

Зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бусад баримтуудыг хянан үзээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Дугуй заг сервис” ХХК хариуцагч “Монгол шилтгээн” ХК-д холбогдуулан “хамтран ажиллах гэрээний үүрэгт 8,370,000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны шатанд хариуцагч “Дугуй заг сервис” ХХК нэхэмжлэлийн шаардлага болох 8,370,000 төгрөгийн 1,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Монгол шилтгээн” ХК нэхэмжлэгч “Дугуй заг сервис” ХХК-д 7,370,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигч талууд ийнхүү эвлэрч гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хувиарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч “Монгол шилтгээн” ХК 7,370,000 /долоон сая гурван зуун далан мянга/ төгрөгийг нэхэмжлэгч “Дугуй заг сервис” ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 148,870 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Монгол шилтгээн” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 66,435 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Дугуй заг сервис” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.БАТЦЭЦЭГ