Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 688

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                  

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

          улсын яллагч А.Марал,

      шүүгдэгч Р.Б түүний өмгөөлөгч Н.Ууганцэцэг, Г.Орхон,

       шүүгдэгч Д.Б түүний өмгөөлөгч Ц.Дарьжав, Б.Оюунбилэг,

          хохирогч Г.Батхишиг түүний өмгөөлөгч Я.Баярсайхан,

иргэний нэхэмжлэгч Б.Булгантамир түүний өмгөөлөгч Г.Мөнхбат, Т.Багахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас ... овогт Р.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Д.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн  эрүүгийн 1805021840440 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ... оны ...дугаар сарын ...-ний өдөр ... аймгийн ...р суманд төрсөн, ...настай, эмэгтэй, дээд боловсролтой, Англи хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт ... дүүргийн 4...дүгээр хороо ... дугаар байрны  ... тоотод оршин суух,  урьд ял шийтгэлгүй, Р.Б . /РД:..../

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ... дүүргийн нотариатч ажилтай,  ам бүл 5, ... дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д.Б. /РД:......../

Шүүгдэгч Р.Б нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурванбилэг их дэлгүүрийн 2 давхарт үйл ажиллагаа явуулах нотариатын газарт бусдыг хуурч, иргэн Г.Батхишигийн эзэмшилийн **-**УНЛ улсын дугаартай Land cruiser 200 маркийн автомашиныг хуурамч бэлэглэлийн гэрээ үйлдэж, ашиглан өөрийн эзэмшилд шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурванбилэг их дэлгүүрийн 2 давхарт нотариатын үйл ажиллагаа эрхлэн явуулж байхдаа 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр **-**УНЛ улсын дугаартай Land cruiser 200 маркийн автомашины өмчлөгч Г.Батхишигийн өмчлөх эрхийг зөрчиж өмчлөгчийг байхгүйд, түүний иргэний үнэмлэхний хуулбарыг үндэслэн автомашин бэлэглэх бэлэглэлийн илт хууль бус гэрээ хэлцлийг гэрчлэн баталж бусдын эд хөрөнгийн эрхэд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Бмэдүүлэхдээ: “Энэ хэрэгт **-**УНЛ дугаартай автомашиныг хууль бусаар шилжүүлж хэрэг үүсгэсэн гэдгийг прокурор ярьсан. Энэ машин бол Батхишиг гэдэг хүний хөрөнгө биш манай гэр бүлийн хөрөнгө, шинээр хүүхэдтэй болж байхдаа түрээсийнхээ орлогоор авна гэж байгаад авсан. Манай гэр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд Нархан хотхонд байдаг 3 өрөө байр, Болор автомашин угаалгын газар зэрэг нь Амарсайханы ээж Батхишигийн нэр дээр байдаг. Амарсайхан бид хоёр тогтмол олдог орлого байхгүй. Жижиг сажиг бизнес, “Болор” автомашин угаалгын газрыг төрсөн эгчдээ түрээсэлж орлого олдог байсан. Тэр орлогыг түшиглэж Хаан банкнаас 36 сарын хугацаатай зээлээр тэр машиныг авсан. Түүний барьцаанд Нархан хотхонд байрлах 3 өрөө байрыг тавьсан. Эхний саруудад эгч нь төлж байгаад сүүлдээ орлогогүй болоод байна чи төлөх хэрэгтэй байна гэж Амарсайханд хэлсэн. Сүүлдээ төлж чадахаа больсон. Эхний жилийн 12 дугаар сард Хаан банкнаас өглөө 5 цаг гэхэд хүмүүс ирж мөнгө нэхдэг байсан. Тэгээд машиныг чинь хураана гэхээр нь Амарсайхан машинаа грашдаа тавихгүй, өөр газар нууж тавьдаг байсан. Ингэж явж байгаад 4 дүгээр сард Амарсайханы бие нь өвдөөд удаан хугацаагаар хэвтсэн. Тэр үед би манай гэр бүлд ийм байдал учраад төлж чадахгүй байна гэдгийг хэлсэн. Хаан банкны хүмүүс ойлгоод хэсэг хугацаанд мөнгөө нэхээгүй хүлээсэн. Амарсайхан эмнэлгээс гараад автомашины мөнгийг 35.000.000 төгрөгийг ах дүү нараасаа авч төлсөн гэдэг. Гэтэл Амарсайханы ээж ах дүү нараас нь цугларсан 1000 гаран долларыг гэрт авчирч өгөхөд Амарсайхан аваагүй. Наад мөнгө чинь тань дээр байж байг гэсэн. Эмчилгээний зардалд 17.000.000 төгрөг гарсан. Тэрэн дээр хэн нь ч надад туслаагүй. Би тэр үед өөрийн дүүгээс зээлж төлсөн. 06 дугаар сарын 18-ны өдөр манай хоёр охин төлбөрөө төлөөгүй гээд төгсөх ангийнхаа шалгалтанд оруулахгүй гэсэн. Би тэр үед Сант сургууль дээр очоод сургуулийн захирлаас гуйсан. Манай нөхөр өвдсөн байгаа, тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэхэд 50 хувийн хөнгөлөлт үзүүлсэн. 18.000.000 төгрөгөөс хөнгөлөөд 10.000.000 төгрөг төлөх байсныг бас дүүгээсээ авч өгсөн. Эдний ах дүү нараас цугларсан мөнгөнөөс ерөөсөө хүүхдийн төлбөрт мөнгө төлөөгүй. Амарсайхан эмнэлгээс гараад намар хүртэл зуслан дээрээ байсан. Тэр үед ээж нь үр хүүхдүүдийг чинь өсгөхийн тулд та нарын төлөө явж байгаад миний хүү өвдсөн тул битгий банкны хүмүүсийг уулзуул бие нь тэнхрээгүй байгаа, манай гэрт ирүүлэхгүй шүү гэж ярьдаг байсан. Би бүгдийг нь гүйж явж зохицуулсан. Амарсайхан өвдөхөөсөө өмнө төлөөгүй явсаар сүүлд төлөгдөх дүнтэйгээ нийлээд 20.000.000 төгрөг болсон байсан. Би дүүгээсээ гуйж авч байсан. Манай дүү Болор автомашин угаалгын газар усанд автсан байсныг засаж янзал гээд 10.000.000 төгрөг өгсөн. Би тэр үед машины мөнгөнд 18.000.000 төгрөг төлөх байсныг Амартүвшингийн данс руу хийгээд гарын үсгэн дээр нь Амарсайханаас гэж бичсэн. Амарсайхан миний нэрээр төлбөр төлүүлээгүй. Өөрөө Амарсайхан гэж бичээрэй гээд байсан. Болор автомашин угаалгын газар нь 100.000.000 төгрөгийн барьцаанд байсан. Тэрний хүү хуримтлагдаад угаалгын газраа алдах хэмжээнд хүрсэн байсан. Амарсайхан байр машинаа банкнаас суллаад авчихвал миний дүү Гэрэлт-Одын нэр дээр шилжүүлээд дахиж банкинд тавиад Болор автомашин угаалгын газар, байр хоёроо банкнаас суллаж авъя гэж хэлсэн. Би дүүдээ хэлсэн чинь манай дүү үүнийг зөвшөөрөөгүй. Тэгээд бид хоёр өдрийн хүүтэй мөнгө зээлдэг хүнээс мөнгө аваад машины лизингээ дуусгаад Хаан банкнаас Амартүвшин рүү залгаад зээл төлөгдөж дууслаа гэхэд Амартүвшин Хаан банкнаас бичиг баримтыг аваад надад өгсөн. Тэгээд одоо та хоёр яах гэж байна гэхэд нь бид хоёр одоо зээлээ төлнө гэж би хэлсэн. Өдрөөр зээл авсан байсан болохоор хүү нь өндөр нэхэгдээд байсан. Тэгээд машинаа барьцаанд тавьж мөнгө авсан. Амарсайхан ээжид хэлмээргүй байна гэсэн. Тэгээд энэ асуудал үүссэн. Тэрнээс хойш юу болсоныг би сайн мэдэхгүй байна. Нархан хотхонд байсан манай байрыг зарсан юм шиг байна лээ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баярт-Од, Батхишиг хоёр орж ирээд бэлэглэлийн гэрээгээр **-**УБН автомашиныг бэрийнхээ нэр дээр шилжүүлэх гэсэн юм, Батхишиг иргэний үнэмлэхний хуулбар барьсан ирсэн. Би лавлагаа аваад ир гээд явуулсан. Бид нар хол явж чадахгүй хуулбараар гэрчлээд өгчих, хадам ээжийн бие нь өвдөөд байна, би хүргэж өгөөд маргааш аваад ирье гэсэн. Тэгээд би нотариатын хүчин төгөлдөр гэрээ хийж өгсөн. Хэсэг хугацааны дараа Амарсайхан, Амартүвшин нар ирээд манай ээжийг байхгүй үед гэрээ хийсэн байна гэсэн. Тэгэхээр нь би танай ээж байсан хүн нь байхгүй үед гэрээ хийдэг хүн би бишээ гэж хэлээд явуулсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Батхишиг мэдүүлэхдээ: “Би Мөнххада компаниас хүүтэйгээ хамт явж 3 жилийн зээлийн гэрээгээр land 200 маркийн авто машин байраа барьцаанд тавьж худалдаж авсан. Манай нөхрөөс үлдсэн Болор авто угаалгын газрыг би хүү бэрдээ хоёртоо түрээсэлдэг байсан юм. Бид хэд бэлэн мөнгөөр авах чадваргүй болоод хүүгийнхээ байрыг барьцаанд тавиад тэр машиныг авсан. Хаан банкны машины лизинг манай хүү бид хоёр төлдөг байсан. Бага төлбөр үлдсэн байсан. Р.Бмашиныг аваад явсан байсан. Тэрийг би мэдээгүй. Бид нар машинаа эрээд хайгаад олоогүй 10 хоногийн дараа 6 буудалд аваачаад тавьсан байна лээ. Би машинаа авна. 165.000.000 төгрөгийн машин хүүтэйгээ нийлээд 200.000.000 төгрөг болсон. Одоо машинаа авмаар байна бидний амьдралын ганц баталгаа өөр зүйлгүй” гэв.

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Булгантамир: “Р.Б2018 оны 03 дугаар сард манай Тайгын булаг ХХК буюу Сайн ломбарданд **-**дугаартай land 200 маркийн машин барьцаалж 43,000,000 төгрөгийн зээл авсан. Дараа нь уг авто машиныг зогсоолд байршуулан нэмж 3 хувийн хүүтэй сарын хугацаатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 70.000.000 төгрөг авсан. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл 70.000.000 төгрөг, алданги нь иргэний хуулийн дагуу алданги 36.000.000 төгрөг, 850 хоногийн зогсоолын төлбөр 850.000 төгрөг, үндсэн зээл, хүү, алданги нийлээд 108.850.000 төгрөг болсон. Манай компаний зүгээс зээлийн гүйцэтгээгүй үүргийг хангуулж биет байдлаар **-**УНБ дугаартай land 200 автомашиныг гаргуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн шийдвэрийг гэрээний дагуу гаргаж байна. Энэ авто машиныг манай компаний эзэмшилд хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

Прокуророос шүүгдэгч Р.Бнь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурванбилэг их дэлгүүрийн 2 давхарт үйл ажиллагаа явуулах нотариатын газарт бусдыг хуурч, иргэн Г.Батхишигийн эзэмшилийн **-**УНЛ улсын дугаартай Land cruiser 200 маркийн автомашиныг хуурамч бэлэглэлийн гэрээ үйлдэж, ашиглан өөрийн эзэмшилд шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэж Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

Шүүхээс хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлсэн судласан баримтууд, талуудын мэтгэлцээнийг үндэслэж дараах дүгнэлтийг гаргав.

Р.Б, Ц.Амарсайхан нар нь 1998 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 заалтад заасан “... хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлж” хууль ёсоор гэр бүл болсон байна. /хэргийн 1 дүгээр хавтас, 122 дугаар хуудас/

Р.Б, Ц.Амарсайхан нар 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хан Уул дүүргийн шүүхийн 1508 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулжээ. /хэргийн 1 дүгээр хавтас, 120-121 дүгээр хуудас/

Тэд нар гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан боловч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлж байсан болох нь гэрч Ц.Амарсайханы “2013 оны 11 дүгээр сард Р.Ббид хоёр гэр бүл салахад гурван хүүхдийг над дээр аваад салах шийдвэр гарсан. Салснаас хойш 5-6 сарын дараа хүүхдүүдээ санаад байна хамт байя гэж хэлээд над дээр ирээд хамт амьдрах болсон. Түүний дараа бид хоёр нэг охинтой болсон” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. /хэргийн 1 дүгээр хавтас, 95 дугаар хуудас/

Ц.Амарсайханы төрсөн эх, Р.Бын хадам эх болох иргэн Г.Батхишиг нь 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хаан банктай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж 165.000.000 төгрөг зээлж, улмаар “Мөнххада” ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 14/028 дугаартай “Автомашин худалдах худалдан авах” гэрээ /хэргийн 1 дүгээр хавтас 17-25 дугаар хуудас/ байгуулжээ.

Улмаар уг автомашиныг Ц.Амарсайхан, Р.Бнар гэр бүлийн хэрэгцээнд эзэмшиж, ашиглаж, тодорхой хэмжээний мөнгийг зээлийн гэрээний төлбөрт төлж байсан болох нь:

хохирогч Г.Батхишигийн “Энэ хугацаанд тэр автомашиныг манай хүү Амарсайхан унадаг байсан. Тэгээд одоогоор манай хүү харваснаас хойш гэртээ байнгын асаргаанд байдаг. Тэр хооронд түүний эхнэр Р.Бтэр автомашиныг унаж хоол унд болон бусад ажилд нь унаж бай гэж өгсөн ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 7-8 дугаар хуудас/

 “ ... Баярт-Одын нөхөр Амарсайхан миний төрсөн хүү учраас **-**УНЛ улсын дугаартай land 200 маркийн автомашиныг жолоодож хувьдаа болон бусад хэрэгцээнд хэрэглэдэг байсан. Миний хувьд байнга автомашиныг ашигладаггүй байсан учир нь өндөр настай болсон учир байнга автомашиныг ашигладаггүй. Өөрөө жолоодож чаддаггүй хааяа л рашаан сувилалд явахдаа л хүүхдүүдээрээ жолоодуулж явдаг байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаарүгээр, 247 дугаар хуудас/

Гэрч Р.Гэрэлт-Одын “ ... Амарсайхан Р.Бнар нь Нарны зам дагуу байрлалтай Болор автомашин угаалгын газрыг болон тус обьектийг ажиллуулдаг байсан юм. ... Надаас олон удаа тусламж гуйж байсан учраас миний бие туслаж байсан. ... Хамгийн сүүлд буюу 2017 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр Land cruiser 200 автомашины төлбөр төлөгдөөгүй учраас Хаан банк хураах гээд байна, Амарсайхан Р.Бнар нь хамт манай ажил дээр өөрсдийн биеэр ирж тусламж хүссэн учир Баярт-Одын Худалдаа хөгжлийн банкны 416007651 тоот данс руу 20,650,000, 1,800,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Миний хувьд бусад байдлаар уг мөнгийг өгөөгүй. ... Батхишигийн эзэмшлийн гэх авто угаалгын газрыг түрээслэх зорилгоор гэрээ байгуулсан боловч уг газарт нь үйл ажиллагаа явуулсан нэг ч өдөр байхгүй. Ер нь энэ мөнгийг эхнээс нь миний хувьд төрсөн эгч Баярт-Одод туслах зорилгоор түрээс маягаар өгсөн. Учир нь манай гэр бүлийн хүн байнга Амарсайхан, Р.Бнарт мөнгө өглөө гэдэг байсан. Ингээд түрээслэж байгаа мэтээр халхавч болгож Амарсайхан, Р.Бнарт өгсөн юм. ... Land cruiser 200 маркийн автомашиныг Амарсайхан, Р.Бнар над дээр ирэхдээ бид хоёрын машин гэж л байдаг байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 3 дугаар хавтас, 35 дугаар хуудас/ зэргээр тогтоогдсон байна.

Land cruiser 200 маркийн автомашины өмчлөл нь Г.Батхишигийн нэр дээр бүртгэлтэй боловч бодит байдал дээр Ц.Амарсайхан, Г.Р.Бнар гэр бүлээрээ эзэмшиж ашигладаг бөгөөд уг автомашины төлбөрөөс төлж байсан зэрэг нөхцөл байдал нь дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэв.

Р.Б, Ц.Амарсайхан нарын гэрлэлтийг 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хан Уул дүүргийн шүүхийн 1508 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцалж уг шийдвэрт “ ... 500,000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 30-ны дотор 60 м.кв талбайр бүхий 2 өрөө орон сууц гаргуулж нэхэмжлэгч Р.Бод олгосугай” гэжээ. /хэргийн 1 дүгээр хавтас, 120-121 дүгээр хуудас/

Гэрлэлт цуцлуулсаны дараа шүүхийн шийдвэрт Ц.Амарсайхан нь Г.Баярт-Одод хоёр өрөө орон сууц өгөх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй тул Г.Р.Бнь өмчгүй үлдэх эрсдэлтэй гэж үзэж гэр бүлийн хэрэгцээнд эзэмшиж, ашиглаж байсан автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь гэр бүлийн гишүүд болон гэр бүлийн хамаарал бүхий хадам эх нарын хоорондын өмчлөлийн маргааны шинжтэй нөхцөл байдал үүсчээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Р.Бын “барьцаа хөрөнгө чөлөөлөх бичиг, Хаан банкнаас гаргаж өгсөн Тээврийн хэрэгслийг барьцаанаас чөлөөлөх албан бичгийг” авч тээврийн хэрэгсэлийн эзэмшигчийн нэрийг Г.Батхишигийн нэр дээр шилжүүлсний дараа “Бэлэглэлийн гэрээ”-гээр өөрийн нэр дээр шилжүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж болох “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан ... “ гэх шинжүүдтэй нийцэхгүй мөн түүний үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн гэм буруугийн субъектив талын шинжийг хангахгүй байна гэж дүгнэв.

Хэдийгээр Р.Бын автомашин өөрийн нэр дээр шилжүүлсэн авсан үйлдэл нь илрэх гадаад хэлбэрийн хувьд гэмт хэргийн шинжтэй мэт боловч “Залилах” гэмт хэргийн субъектив шинж чанар болох гэм буруу тогтоогдоогүй тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Р.Бын үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” гэсэн гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Г.Батхишиг, иргэний нэхэмжлэгч Тайгын булаг ХХК-ийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй бөгөөд харин иргэний нэхэмжлэгч  нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” болохыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт “иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор” **-**УНЛ улсын дугаартай Land cruiser 200 маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Р.Бнь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай” /хэргийн 1 дүгээр хавтас, 100 дугаар хуудас/ шийдвэрээр 48 цаг буюу 2 хоног баривчлагдсан болохыг дурдвал зохино.

Прокуророос шүүгдэгч Д.Бямбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсны улмаас бусдын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учирсан” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.

Шүүгдэгч Д.Бямбыг нотариатын үйл ажиллагаа эрхлэн явуулж байхдаа илт хууль бус гэрээг гэрчлэн баталж бусдын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар хангалттай нотлогдоогүй байна гэж дүгнэв.

Эд зүйл үзлэг хийсэн “... Монголын нотариатчдын танхим бүртгэлийн дэвтэр гэсэн нүүртэй дэвтэр байх ба уг дэвтрийг сөхөхөд цаасны доод талд хуудасны дугаарыг 1-60 хүртэл дугаарлан Монголын нотариатчдын танхим гэсэн тамгаар тамгалсан байлаа. Дэвтрийн 60 хуудсыг дуустал гараар  хүснэгтийг бөглөсөн ба 19 дүгээр хуудсанд 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 457, 458 гэж дараалан бүртгэсэн 458-д Монгол Гомбүрэн Батхишиг ЧД48101161, Хиад Ринчин Р.Б...., Автомашин бэлэглэлийн гэрээ **-**УНЛ land 200 JTMHV05TX0414110, 01859313, 115.000.000 гэж бичигдсэн гарын үсэг дээр Батхишиг, Р.Бгэсэн байлаа. Уг бичигдсэн зүйлсийг хуулбарлан авч хэрэгт хавсаргахаар тогтов. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас 45-47 дугаар хуудас/

Гэрч Ц.Амарсайханы “... “Сайн” ломбарданд тавьсан бичиг баримтыг үзэхэд бэлэглэлийн гэрээ хийсэн газар нь Бямбаа гэх хүн байсан. Бямбаа гэх нотариатын хүн дээр очоод яагаад нотариатын газраар хүний машиныг хүнд шилжүүлдэг юм бэ гэхэд хэзээ ч буруу зүйл хийдэггүй талаараа хэлж байсан. Бямба гэх хүн хүнийг гэрээгээ гаргаад ир гэхэд бэлэглэлийн гэрээ хийсэн байсан. Тэр гэрээнд ээж Батхишигийн иргэний үнэмлэхийг хавсаргасан байсан. Энэ талаар Бямбаа гэх хүнээс асуухад Баярт-Одыг нэг эмэгтэй хүнтэй ирээд иргэний үнэмлэхийг канондсон хуулбар байхаар нь  батлаад өгөөд явуулсан гэдгийг хэлсэн. Тэгээд л Цагдаагийн байгууллагад хандах болсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 95-96 дугаар хуудас/

Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн 21.1.2 дахь заалтад “нотариатын үйлчилгээ хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардан авах” гэж зааснаар Г.Батхишигийн иргэний үнэмлэхний хуулбарыг үндэслэж “Бэлэглэлийн гэрээ”-г гэрчлэн баталсан байх бөгөөд харин иргэний үнэмлэхийг эх хувиар нь болон лавлагааг үндэслээгүй, тухайн хүн өөрөө мөн эсэхийг нягтлан шалгаагүй нь нотариатын үйл ажиллагаандаа хайнга хандсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Бямбын хувьд гэмт хэргийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тул түүнийн холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, шүүгдэгч Д.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.3, 36.6, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Р.Б од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хуурч, баримт бичиг ашиглан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан”,

Шүүгдэгч Д.Б-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсаны улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан” гэмт хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож тэдгээрийг цагаатгасугай.

2. Энэ хэрэгт Р.Б 2 хоног баривчлагдсан, Д.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

3. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц **-**УНЛ улсын дугаартай Land cruiser 200 маркийн автомашиныг битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

5. Хохирогч Г.Батхишиг, иргэний нэхэмжлэгч Тайгын булаг ХХК нь иргэний нэхэмжлэлээ “иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” болохыг дурдсугай. 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Б, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр тус тус үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ