Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2020/ЦШТ/245

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгч З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй,  тусгай дунд боловсролтой, газрын тосны оператор мэргэжилтэй, хөдөлмөрийн чадвар алдалтын 95 хувийн групптэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ... оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, З /.../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр байрны 36 тоотод гэртээ байхдаа 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдрүүдэд хохирогч Х-ийн интернет орчинд ашиглах “...” гэх нэртэй фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, фэйсбүүкийнх нь нууц кодыг өөрчлөн ашиглах боломжгүй болгон, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулсан. Өөрөөр хэлбэл хохирогч О-ын Цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчлөн, сүлжээг ашиглах боломжгүй болгож, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, Мөн Х-ын “... гэх нэртэй фэйсбүүк хаягаар бусадтай холбогдон мөнгө шилжүүлэхийг шаардаж, түүний нөхөртэйгээ урьд өмнө харилцаж байсан мессэж, илгээмж, гэрэл зураг, дүрс бичлэг, мессэнжер чатанд хадгалагдсан байсан О-ын 30 секунтын нүцгэн бичлэгийг олон нийтийн сүлжээгээр ил болгоно гэж нөхрийнх нь “...” нэртэй фэйсбүүк хаяг руу нь явуулан сүрдүүлж ... гэсэн данснуудад 4 удаагийн гүйлгээгээр нийт 1 сая төгрөг шилжүүлэн авсан, өөрөөр хэлбэл бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүний эрх, хууль ёсны ашиг сохирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогдожээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б шүүхийн хэлэлцүүлэгт: “… Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Хохирогчоос авсан 1.000.000 төгрөгийг дансаар нь шилжүүлсэн..” гэв.

 

Хохирогч О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2006 оноос эхлэн “...” гэх нэртэй фэйсбүүк хаягийг эзэмших болсон...Тэгтэл 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн өглөөний 10 цагт миний гар утас дуугарсан. Найз дүү З-ийн найз гэх охин надруу залгаж “уучлаарай эгчээ би урьд шөнө мөнгө шилжүүлж чадсангүй 260.000 төгрөг З хийчих гэсэн юм” гэж ярихаар нь би “юу яриад байгаа юм, би хэнээс ч мөнгө асуугаагүй, надад мөнгө хэрэггүй” гэж хэлтэл “өө тийм үү” гэж хэлсэн. Улмаар би З-тай ярьж холбогдоод З-тай мессэж бичтэл З надруу Screenshot хийж миний бүх захидлыг явуулсан. Тэгэхээр нь би фэйсбүүк дээрээ “Миний фэйсбүүкийг хакердчихсан байна, мөнгө төгрөг гэвэл битгий явуулаарай” гэж бичтэл би фэйсбүүкээсээ өөрөө гарч орж чадахаа больчихсон. Тэгээд найзууд болон дотны хүмүүсээрээ өөрийн фэйсбүүк ажиллаж байгаа эсэхийг асууж өөрийн нүдээр үзэхэд мессэж чат бичиж, идэвхитэй ажиллаад байсан. Тэгтэл манай нөхрийн “...” гэсэн  фэйсбүүк хаяг руу 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн өглөөний 10 цаг өнгөрч байхад миний “...” гэх фэйсбүүк хаягнаас байна уу гэж хоолой сонсож камергүй дуудлага ирсэн. Би өөрийн фэйсбүүк хаяг руу чат илгээтэл мөнгө хэрэгтэй байна. Чиний нүцгэн зураг, бичлэгийг интернет орчинд байрлуулна, чи олны бай л болох байлгүй гэж хэлээд сүрдүүлээд байсан. Тэгэхээр нь 2019 оны 11 дүгээр сарны 28-ны өдрийн 11 цаг 53 минутанд Т эгчийн ... гэх данснаас миний фэйсбүүкийг ашиглаж байгаа этгээдийн явуулсан, надад өгсөн ... гэсэн дансруу 200.000 төгрөг шилшүүлж гүйлгээний утган дээр “оогий 280” гэж бичүүлсэн. Гэтэл дээрхи хүн 1 сая төгрөг нэхсэн үлдэгдэл 800.000 төгрөг хэзээ өгөх вэ гээд дахин бичлэг зургийг чинь интернет орчинд байрлуулна гэж дарамтлаад байсан тул аргагүйн эрхэнд 2019 оны 11 дүгээр сарны 28-ны өдрийн 15 цагийн орчимд найз ******* рүү утсаар ярьж Б гэх хүний ... гэсэн данснаас Д, Б гэх нэртэй ... гэсэн дансруу 100.000 төгрөг шилжүүлсэн. ...тэгээд дахин дарамталж сүрдүүлээд байхаар нь би найз Б-ийн ... данснаас 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 23 цаг 55 минутын орчимд Б гэх нэртэй ... гэсэн дансруу 300.000 төгрөг шилжүүлсэн ...ингээд маргааш өглөө нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 11 дүгээр сарын 29-ний өглөө 10 цаг 00 минутанд надруу мөнгөө авъя, хурдан салж үзье, одоо яах ёсой вэ гээд дарамтлаад байхаар нь би 14 цаг 19 минутанд Ц ... гэсэн дансруу “MGL 783” гэсэн утга бичиж шилжүүлсэн... Тэгээд би яасан бэ байна уу би мөнгийг чинь шилжүүлчихсэн гэтэл Active код устгаад дахин код хийж байна код нь О гэж байгаа ороод үзээдэх, би зураг бичлэгийг чинь устгаж байна, би дахиж орохооргүй гарлаа гээд надруу ... гэсэн код явуулсан. Ингээд таг болчихсон. Би фэйсбүүк хаягруу орох гэтэл орж болохгүй маш олон код нэхээд байсан. Тэгэхээр нь мессэж бичиж миний код орохгүй байна, гэтэл миний хамгийн анх фэйсбүүк хаяг нээхдээ ашиглаж байсан .... гэсэн дугаарт бүртгэлтэй байсан мэйл хаягны ... гэсэн кодыг өөрчлөн .... гэсэн мэйл хаяг, кодыг явуулсан ... Өнөөдрийн байдлаар би өөрийн фэйсбүүк хаягт нэвтэрч орохыг оролдон хичээж байна... миний фэйсбүүкийн нууц кодыг надаас өөр хүн мэдэхгүй надаас өөр хүн ашигладаггүй... би зөвхөн өөрийн гар утаснаас фэйсбүүк болон Yahoo мессэнжирт ордог, бусдын гар утас, суурин компьютерээс хандалт хийж байгаагүй... би өөрийн нөхөртэйгээ инээж, баясаж, маргаж, муудалцаж бичсэн мессэж, 2019 оны эхээр миний гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн ирж, левчик, турсиктэйгээ гэртээ угаалгын өрөө рүү мөлхөж байгаа бичлэгийг манай нөхөр надад үзүүлэх гэж бичсэн бичлэгийг интернет  сүлжээнд байршуулна гэсэн тул би жүжигчин хүн учир өөрийн карьераа бодож битгий тавиач гэж гуйсан. Тэгтэл надаас 1 сая төгрөг нэхэж би хуулийн байгууллага болон бусдаас тусламж хүсэн хугацаа хожин 2 өдрийн дотор 4 удаагийн гүйлгээгээр сүрдүүлэгч этгээдийн явуулсан данс бүрт мөнгө шилжүүлж 1 сая төгрөгийг бүрдүүлсэн... мөн мөнгө шилжүүл гэж дарамтлан нэхэж байх үед би хугацаа хожин удаашруулахад миний нөхөр Б-тэй бичсэн мессэжийг багцлан пост болгон фэйсбүүкт байршуулж тавиад байсан тул би түргэн мөнгө хийсэн, тэгтэл устгачихсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 153-158 дугаар тал/

 

Гэрч Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр танил М надруу утсаар ярьж түр мөнгө байвал өгөөч, манай найз Х фэйсбүүкээ хакердуулсан байна, нөгөө хүн нь данс өгөөд мөнгө шилжүүл гээд байна, та боломжтой бол түр 100.000 төгрөг өгөөч, зээлээч гэхээр нь би зөвшөөрч ... гэсэн Хаан банкны өөрийн данснаас ... гэх дансруу гүйлгээний утга “wow” гэж бичээд шилжүүлсэн...”  гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 169-170 дугаар тал/

Гэрч Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 23 цаг 55 минутанд найз Х “Миний фэйсбүүкийг хакердсан хүн намайг дарамтлаад байна, мөнгө өгвөл миний зураг болон бичлэгийг нийтлэхгүй гэж байна” гэж хэлээд надаас мөнгө шилжүүлж өгөхийг хүсэхээр нь би ... гэсэн өөрийн данснаас О надад өгсөн ... гэсэн дансруу 300.000 төгрөгийг Мобайл банкаар шилжүүлсэн... маргааш нь буюу 14 цагийн орчимд мөн О надад хандан миний фэйсбүүкийг маань хакердаж ашиглаж байгаа хүн 400.000 төгрөг өг гэж намайг сүрдүүлээд байна, надад мобайл  алга, чи шилжүүлээд өгч туслаач гэж тусламж хүсэхээр нь би 400.000 төгрөг Мобайл банкаар ... Ц гэсэн дансруу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 171-172 дугаар тал/

Гэрч Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2018 оны 01 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд би өөрийн дүү Б-аас  гуйж ... дугаартай Худалдаа хөгжлийн банкны олон улсын картыг нээлгэн ашиглах болсон. Ингээд би өөрийн сонирхолын дагуу интернет покер тоглон гүйлгээ хийх болсон. Уг ... гэсэн дансны дугаарын картыг хаясан хэдий боловч LV...1018 гэсэн кодтой байсан. Дээрхи кодыг манай найз З 2015 онд осолд орсон групптэй гэртээ байдаг. Интернет тоглоом, покер, интернетийн программ ашиглах, түүнийг судлах сонирхолтой. 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр З миний эзэмшлийн ... гэсэн дугаар руу ... гэсэн дугаараас залган “найз нь Poker.star.com-ийн тэмцээнд орох гэсэн юм. Танай дүү Бд чиний тоглоод байдаг карт ашиглагдаж байгаа биздээ, уг карт Poker.star.com-д ... нэр NewMGL78 гэсэн мэйл бүртгэлтэй байгаа биздээ гэж хэлээд надаас нууц кодыг өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би LV...1018 гэсэн кодыг хэлсэн. Ингээд надаас авсан өдөр 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш 1500 гаруй доллараар З тоглосон байсан. Би дансны хуулга болон Poker.star.com-д NewMGL78 гэх миний нэрээр тоглосон талаархи зүйлдээ шүүлт хийж үзэхэд 2019 оны 11  дүгээр сарын 28-ны өдөр Монгол мөнгөөр 350.000 гаруй төгрөг миний дансанд 46.49, 128.95 гэсэн доллараар орсон байсан. Мөн миний NewMGL78 гэсэн Poker.star.com-д бүртгэлтэй хаяг руу 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Yazguurtan77 гэх хаягтай Ц, Ц гэгч Дорнод аймагт байрлах долларын ченж залуу мөнгө шилжүүлсэн байсан. Мөн миний ашиглаж байсан Худалдаа хөгжлийн банкны  ... гэсэн дансны report ирэх/мэдээлэл хаягийг ... гэж өөрчилсөн байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 188-189 дүгээр тал/

Гэрч Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр над руу “...” гэх фэйсбүүк хаягнаас холбогдож 400.000 төгрөгийг доллар болгож өгөхийг хүссэн. Ингээд  миний Хаан банкны ... гэсэн данс руу NewMGL78 хаягыг цэнэглүүлэхээр мөнгө шилжүүлсэн. Улмаар нь би долларыг 2.800 төгрөгөөр бодон NewMGL78 хаягыг Poker.star.com-д цэнэглэж өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 190-191 дүгээр тал/

Шүүгдэгч З-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сард Юнителээс өөрийн төрсөн охин А нэр дээр ... гэсэн дугаар худалдаж авсан бөгөөд ... гэсэн дугаар дээр фейсбүүк код ирээд байхаар нь “...” гэх нэртэй фэйсбүүк хаягт кодыг нь хийж нэвтэрсэн. ... О-аас авсан мөнгөө би Poker.Star.com- сайтад “NewMGL78” хаягаар тоглоод алдчихсан. ... Өөрийн дансандаа шууд мөнгөө аваагүй. Долларын ченж нараар Poker тоглохоор дамжуулсан” гэх мэдүүлэг /хх-1 дүгээр хх-ийн 194-197 дугаар тал/

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга С-ийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2/104 тоот: Иргэн З нь “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХК-нд ажиллах хугацаандаа 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орж, 2015 оны 04 дүгээр сард үйлдвэрлэлийн ослын акт тогтоолгосон байна.

Улмаар Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр иргэн З-т 2015 оны 06 дугаар сард DS: “S12.2, Хүзүүний бусад тодорхой нугалмын хугарал” оношоор Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 274/137 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Ердийн өвчний жагсаалт”-ын 7.13 заалтаар 95 хувиар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоон, 2015 оны 12 дугаар сараас 24 сараар сунгаж, 2017 оноос Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2017 оны “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг шинэчлэн батлах тухай” А/39, А/12 дугаар тушаалаар батлагдсан “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тотооход баримтлах ердийн өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа”-ны 4.2.5 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 95 хувиар “хугацаагүй”-гээр тогтоосон байна  гэх албан тоот /хх-ийн 246 дугаар тал/

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар тал/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар тал/

Фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-49 дүгээр тал/

Фэйсбүүк мэссенжерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 50-54 дүгээр тал/

Хар өнгийн асер маркийн зөөврийн компютерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 55-61 дүгээр тал/

ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 72-147 дугаар тал/

ХАС банкны дансны хуулга /хх-ийн 46 дугаар тал/ зэрэг баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч З нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр байрны 36 тоотод гэртээ байхдаа 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдрүүдэд хохирогч О-ын интернет орчинд ашиглах “...” гэх нэртэй фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, фэйсбүүкийнх нь нууц кодыг өөрчлөн ашиглах боломжгүй болгон, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулсан өөрөөр хэлбэл хохирогч О-ын Цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчлөн, сүлжээг ашиглах боломжгүй болгож, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, Мөн О-ын “...” гэх нэртэй фэйсбүүк хаягаар бусадтай холбогдон мөнгө шилжүүлэхийг шаардаж, түүний нөхөртэйгээ урьд өмнө харилцаж байсан мессэж, илгээмж, гэрэл зураг, дүрс бичлэг, мессэнжер чатанд хадгалагдсан байсан О-ын 30 секунтын нүцгэн бичлэгийг олон нийтийн сүлжээгээр ил болгоно гэж нөхрийнх нь “...” нэртэй фэйсбүүк хаяг руу нь явуулан сүрдүүлж ... гэсэн данснуудад 4 удаагийн гүйлгээгээр нийт 1 сая төгрөг шилжүүлэн авсан, өөрөөр хэлбэл бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүний эрх, хууль ёсны ашиг сохирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч О., Г, Б, Б, Ц нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч З-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга С-ын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2/104 албан тоот, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, фэйсбүүк мэссенжерт үзлэг хийсэн тэмдэглэл, хар өнгийн асер маркийн зөөврийн компютерт үзлэг хийсэн тэмдэглэл, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ХАС банкны дансны хуулга зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч З нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Иймд шүүгдэгч З-ыг “цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчлөн, сүлжээг ашиглах боломжгүй болгож хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэмт хэргийг, мөн бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, өөрт нь түүний ойр дотны хүний эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхолд  нь хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч З нь хохирогчоос авсан 1.000.000 төгрөгийг буцааж өгсөн болох нь хохирогчийг шүүхэд дуудсан тухай мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолтой байна. Тухайн үед жирэмсэн байсан бөгөөд дарамтанд орж эмнэлгээр явж үзүүлсэн баримтаа явуулах болно. 1.000.000 төгрөг авсан” гэх хариулт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлгээр батлагдаж байна.

 

Хохирогч О нь сэтгэл санааны хохирол 3.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул шүүгдэгч З-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогч нь энэ талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчлөн, сүлжээг ашиглах боломжгүй болгож хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэмт хэргийг, мөн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, өөрт нь, түүний ойр дотны хүний эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхолд  нь хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч З-ын дөрвөн мөчний саажилт, аарцагийн эрхтнүүдийн үйл ажиллагааны алдагдал өвчин нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/152, А/366 дугаартай ХЗДХСайд, ЭМСайдын хамтарсан тушаалын “хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаал”-д хамаарч байх тул түүнд торгуулийн ял оногдуулах  нь зүйтэй байна.

Шүүгдэгч З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000  /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5850  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.850.000 /таван сая найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  тогтоовол зохино.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “CD” 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  баримт бичгээр ирсэн шүүгдэгч З-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч З-т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тогтоолд дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3-3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчлөн, сүлжээг ашиглах боломжгүй болгож хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, өөрт нь, түүний ойр дотны хүний эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2. Шүүгдэгч З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч З-тЭрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5850 /таван мянга найман зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.850.000 /таван сая найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “CD” 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, битүүмжлэгдэж ирсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, баримт бичгээр ирсэн шүүгдэгч З-ын  ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.        

 

          6. Хохирогч нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.                                                                                                 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.НАМУУНТУЯА