| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2016/09556/И |
| Дугаар | 101/ШШ2017/00682 |
| Огноо | 2017-02-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2017/00682
2017 оны 02 сарын 20 өдөр Дугаар 101/ШШ2017/00682 Улаанбаатар хот
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Ажилчны гудамж, өөрийн байранд байрлах, “Улаанбаатар барилга” ХХК /РД:2040182/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар байр, 3 дугаар орц 35 тоотод байрлах, “Жинхэнэ зам” ХХК /РД:5219167/-д холбогдох,
6,272,910 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар Ж.Мөнхжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Улаанбаатар барилга” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...“Улаанбаатар барилга” ХХК, “Жинхэнэ зам” ХХК-ийн хооронд 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулан нийт 16.468.940 төгрөгийн үнэ бүхий төмөр бетон эдлэлүүд нийлүүлсэн билээ. Тус гэрээний дагуу манай компани үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн боловч худалдан авагч “Жинхэнэ зам” ХХК гэрээний нийт үнээс 5.702.910 төгрөгийг өдийг хүртэл төлсөнгүй. Иймд “Жинхэнэ зам” ХХК-иас гэрээний үүргийн биелэлтийг хангуулж 5.702.910 төгрөг, учирсан хохиролд өмгөөллийн зардал буюу хөлс 570.000 төгрөг, нийт 6.272.910 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 115.317 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч “Жинхэнэ зам” ХХК-ийн захирал О.Цэвэлмаа шүүхэд гаргасан тайлбартаа: “...”Улаанбаатар барилга” ХХК-ийн нэхэмжилсэн гэрээний үүргийн биелэлтэд 5.702.910 төгрөг, өмгөөлөгчийн зардал 570.000 төгрөг, нийт төлөхийг зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр зарлагдсан шүүх хурлын хариуцагчийн байлцуулахгүйгээр шийдэж өгнө үү...” гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Улаанбаатар барилга” ХХК хариуцагч “Жинхэнэ зам” ХХК-д холбогдуулан “бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт 5,702,910 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 570,000 төгрөг, нийт 6,272,910 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хэлэлцэх шатанд хариуцагч “Жинхэнэ зам” ХХК нэхэмжлэгч “Улаанбаатар барилга” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 6,272,910 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Улаанбаатар барилга” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 6,272,910 төгрөгийг хариуцагч “Жинхэнэ зам” ХХК төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 115,317 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Жинхэнэ зам” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 115,317 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Улаанбаатар барилга” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ