Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 704

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг, даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч М.У, түүний өмгөөлөгч Г.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005009300439 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,...оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 549 дугаартай шийтгэх тогтоолоор 148.2 дугаар зүйлээр 4 сар баривчлах ялаар шийтгүүлж 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 864 дугаартай шийтгэх тогтоолоор 3 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлсэн,

2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2724 дугаартай шийтгэх тогтоолоор 145.2, 148.3 дугаар зүйлд зааснаар гэмт буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сар хугацаагаар хорих ял шийтгэгдэж, тэнсэж байсан М.У. /РД:......../

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

   Шүүгдэгч М.У нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан Модны хоёрын автобусны орчим танил болох иргэн Д.Цогзолмаагийн өмчлөлийн I phone 11 Pro загварын гар утсыг утсаар чинь ярьчихаад өгье гэж хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулан залилан авч 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Цогзолмаатай уулзахаар тохиролцоод гэрийнх нь гадаа очиж уулзсан. Тэгээд би Цогзолмаагийн машинд суугаад бид 2 Зайсанд байрлалтай кофе шоп орж кофе уухдаа мөнгө зээлэх талаар ярилцсан байсан. Тэгээд модны хоёрт очсон. Тэр хооронд надад мөнгө байхгүй байгаа талаар хэлсэн. Тэгээд би Цогзолмаагийн утсаар яриад байж байхад манай найз миний машиныг аваад ирсэн. Би өөрийнхөө машиндаа суутал Гандан орчихоод ирье гээд хөдөлсөн. Би Цогзолмаад хэлж чадаагүй, явчихаад ирнэ гэж бодсон. Тэгээд над руу залгахаар нь би ажилтай байна гэж хэлсэн. Тэгээд над руу банкнаас утасдаад мөнгө хий гээд байсан юм. Тэгэхээр нь би Цогзолмаа руу хэлсэн. Нөгөө мөнгөө надад зээлээчээ яаралтай хэрэг болчихлоо гэж хэлсэн. Цогзолмаа ирээд ав гэсэн. Би очиж амжихгүй байсан. Тухайн үед бид 2 хоорондоо ярилцаж байгаад Цогзолмаагийн утсыг ломбардах болсон. Тухайн үед надад ID кодоо хэлээд утасных нь кодыг би мэддэг байсан юм. Тэгээд Бан Бан ломбарданд тавихдаа Цогзолмаа гэдэг хүн ирж авна гэж хэлээд овог нэр регистерийг хэлээд тавьсан. Тэгээд Цогзолмаад утсыг чинь ламбарданд тавьчихлаа ирээд авчихаараа гээд хэлсэн. Би Цогзолмаа руу холбогдогдох гэтэл утас нь холбогдохгүй байсан. Би 03 дугаар сарын 09-ний орой Дархан-Уул аймаг руу барилгын ажил хийх гэж найзуудтайгаа хамт явсан. Тэгээд Дархан-Уул аймагт короно вирусээс болоод хөл хорио тогтоогоод ажлаа хийж чадаагүй. 03 дугаар сарын 11-ний өдөр билүү 12-ны өдөр цагдаа над руу залгаад ийм асуудал үүссэн, чи ирж утсыг нь зохицуул гэсэн. Би Дархан-Уул аймагт хорио тогтоосон. 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гаргахгүй гэж байна гэдгээ хэлсэн. Тэгтэл цагдаа чамайг ирэхгүй бол эрэн сурвалжилна гээд байсан. Тэгээд 03 дугаар сарын 15-ны өдөр машинтайгаа явж байхад цагдаа зогсоогоод чамайг эрэн сурвалжилж байгаа гэдгийг хэлсэн. 03 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн цагдаагаас намайг Улаанбаатар руу авч ирж хорих 461 дүгээр ангид хорьсон. Тэр хооронд короно вирусээс болж хоригдоогүй байсан бол утсыг нь аваад өгөх байсан юм. Цогзолмаагийн утсыг 14 хоногийн хугацаатай ломбарданд тавьсан байсан. Тэр хооронд би ажил хийгээд ломбарднаас утсыг аваад өгчихнө гэж бодож байсан. Би Цогзолмаатай ярилцаад утсыг ломбарданд тавьсан тул ийм асуудал болно гэж бодоогүй. Би утсаар ярих гэтэл утас нь ерөөсөө холбогдохгүй байсан” гэв.

Шүүгдэгч М.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч М.У нь 2020 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах Модны хоёрын автобусны буудлын орчим танил болох иргэн Д.Цогзолмаагийн өмчлөлийн “I Phone 11 Pro” /Ай Фоне Про/ загварын гар утсыг “утсаар ярьчихаад өгье” гэж хэлэн хуурч, урьдын харилцаатай явцад бий болгосон итгэлийг ашиглаж залилан авч 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч Д.Цогзолмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр миний бие Улаанаа гэдэг залуу манай гэрийн гадаа машинтайгаа ирээд миний машинд суугаад бид хоёр Зайсан толгойн ойролцоо кофе шопоос кофе авсан. Тэгтэл манай дүү намайг Баянгол дүүрэг 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах модны-2 автобусны буудал дээр дуудсан. Улаанаа гэх залуу модны 2-н автобусны буудал дээр бууя гэж хэлээд … Миний утсыг түр өгөөч ганц яриулчих гэж хэлсэн. Би өөрийн Ай фоне 11 маркийн гар утсыг өгсөн. Миний утсыг аваад хаана байгаа юм бэ гэж хэлээд машинаас буусан тэгснээ зам хөндлөн гараад гүйгээд өгсөн. Тэгээд хэсэг хүлээж байснаа манай дүү гарч ирээд би утсаар нь өөрийнхөө утас руу залгаад ярихад яаралтай ажил гараад явчихлаа одоо буцаж очоод эргүүлээд өгнө гэж хэлсэн. Би араас нь зөндөө залгаад утсаа авсанаа Улаанаа гэх залуу надад зөндөө их мөнгө хэрэг болоод байна гэхээр нь чи ингэж болохгүй одоо гар утсыг маань аваад ир цагдаад өгнө шүү гэж хэлсэн. Тэгтэл Улаанаа гэх залуу над руу бэлэн мөнгө шилжүүлчих би утсыг чинь байрны жижүүрт орхиод явна гэхээр нь би огт зөвшөөрөөгүй. Улаанаа тэгсэн би чиний гар утсыг ломбарданд барьцаанд тавьлаа шүү гэж хэлэхээр нь ломбарданд авахгүй гэж бодсон юм. ... Надаас миний регистрийн дугаар болон овог, нэрийг бүтнээр нь асуухаар нь би үнэнээр нь хэлсэн. Тэгээд 102-т дуудлага өгсөн. Удалгүй хоёр цагдаа ирээд хорооллын орчмоор тойрч цугтаа хайж үзсэн. Тэгээд цагдаагийн хэлтсийн үүдэнд ирэхэд над руу залгаж мэдүүлэг өгч байхад Баянгол дүүрэг 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "БАН БАН" ломбарданд барьцаанд тавьчихлаа гээд алга болсон. Би ямар нэгэн хувийн мэдээлээ хэлж байгаагүй. Харин утасны код асуухаар нь би хэлж байгаагүй. Намайг гар утсаа оролдож байх хугацаанд нууцаар хараад мэдсэн юм шиг байсан. ... Миний бие 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт зүс таних Улаанаа гэж хүнд гар утсаа залилуулсан тул цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Миний гар утсыг Улаанаа гэх залуу нь Баянгол дүүрэг 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Бан Бан" ХХК-нд барьцаанд тавьсан байсан. Би уг утсыг прокурорын зөвшөөрөл гаргуулалгүйгээр яаралтай хэрэгтэй байгаа тул гар утсаа 2.800.000 төгрөгөөр өөрөө авсан. ... 2.800.000 төгрөгийг Улаанхүү гэх залуугаас нэхэмжилж авна...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18, 19-20 дүгээр хуудас/

2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "БАН БАН" ХХК-ны ломбардны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл. /хэргийн 6-10 дугаар хуудас/

Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ны 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний ТХҮ-720/180 дугаартай тайлангаар "I phone 11 Рго" /Айфоне 11 про/ загварын гар утсыг 3.700.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт. /хэргийн 28-30 дугаар хуудас/

Шүүгдэгч М.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... Би 2020 оны эхээр Цогзолмаа гэх хүнтэй уулзаж дотно харьцаатай болсон. 2020 оны 3 дугаар сарын 8-ны өдөр надад мөнгөний хэрэг гараад ... утсаар чинь ярчихаад өгье гэж аваад гар утсыг нь аваад тэр чигтээ авч яваад Цогзолмаад мөнгөний хэрэг гарчихлаа мөнгө зээлээч хэлтэл ирээд ав гэхээр нь очих боломжгүй байсан. Тэгэхээр нь дансаар шилжүүлчих гэтэл боломжгүй гэсний улмаас ломбарданд барьцаанд тавьлаа гэж хэлтэл надад зөвшөөрсөн. Тэгэхээр нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бан Бан ломбарданд ороод өөрийн бичиг баримтаа өгөөд 2.800.000 төгрөгөөр барьцаанд тавиад мөнгө авсны дараа Цогзолмаатай дахин холбогдоод тавьсан ломбардаа зааж өгсөн. ... Би 1 сая төгрөгийг нь Голомт банкинд зээл төлсөн. Би өөрийн А50 маркийн гар утсаа 25 орчимд байдаг Эрдэнэс ломбарднаас авсан бөгөөд үлдсэн мөнгийг нь үрчихсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 44-47 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт нотлогдож байна.

                         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Гэм буруугийн болон хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч М.У, хохирогч Д.Цогзолмаа нарын хувьд урьд бие биенээ мэддэг бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр М.У нь хохирогч Д.Цогзолмаагийн гэрийн гадна очоод дуудаж уулзаад кофе шоп орсон байх бөгөөд модны 2-ийн автобусны буудал дээр буухдаа I phone 11 Рго маркийн гар утсыг “утсаар чинь ярчихаад өгье” гэж хэлэн авч яваад буцаад өгөхгүйгээр гар утсыг 2.800.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан болох нь тогтоогджээ.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

Мөн шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, түүний үйлдэл амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой, шууд санаатай, шунахай сэдэлтэй байна.

Иймээс шүүгдэгч М.Угийн 2020 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах Модны хоёрын автобусны буудлын орчим танил болох иргэн Д.Цогзолмаагийн өмчлөлийн “I Phone 11 Pro” /Ай Фоне Про/ загварын гар утсыг “утсаар ярьчихаад өгье” гэж хэлэн хуурч, урьдын харилцаатай явцад бий болгосон итгэлийг ашиглаж, төөрөгдөлд оруулан залилан авч 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж, М.Уг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг нь шижлүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Цогзолмаад 3.700.000 төгрөгийн хохирол эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд Ашид билгүүн ХХК-ны 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний ТХҮ-720/180 дугаартай тайлангаар "I phone 11 Рго" /Айфоне 11 про/ загварын гар утсыг 3.700.000 төгрөгөөр үнэлсэн байна.

Хохирогч Д.Цогзолмаа мэдүүлэгтээ “Тухайн үед ломбарднаас 2.800.000 төгрөгийг бэлнээр өгч өөрийнхөө гар утсыг авсан. Надад бол ямар нэгэн гомдол санал гэх зүйл байхгүй, би мөнгөө нэхэмжлэх шаардлагагүй” гэжээ. /хэргийн 161 дүгээр хуудас/

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар “Иргэний нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэсний дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Цогзолмаа “мөнгөө нэхэмжлэх шаардлагагүй” гэсэн тул шүүгдэгчээс хохирогчид гаруулах төлбөргүй байна гэж дүгнгэв.

Харин шүүгдэгч М.У нь бусдын эд хөрөнгийг залилаж аваад ломбарданд барьцаалж олсон 2.800.000 төгрөгийн орлогыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүнээс албадан гаргуулж, мөн хуулийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг улсын төсөвт шижлүүлэх нь зүйтэй байна.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.У нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан Шударга ёсны болоод Гэм буруугийн зарчимд нийцнэ.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлйн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 ба түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүх шүүгдэгч М.Уд ял оногдуулахдаа хуулинд заасан дээрх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хорих ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Уд өмнө нь Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолоор /хэргийн 125-131 дүгээр хуудас/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 хүртэл жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Тэрээр тэнссэн хугацаа дуусаагүй байхад санаатай гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолын “хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн” шийдвэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  хүчингүй болгож түүнд 1 жил 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Угийн энэ хэрэгт цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд нь оруулан тооцно” гэж зааснаар түүний эдлэх ялд нь оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэргийн хамт эд мөрийн баримтаар 1 ширхэг хяналтын камерын бичлэг бүхий компакт дискийг шүүхэд ирсэн бөгөөд энэ нь болсон үйл баримтыг нотолсон нотлох баримт байх тул хэргийн хадгалах хугацаа дуустал тухайн хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.У нь өөрийн төрсөн хүүхэд бага насны У.Энхмөрөнтэй амьдардаг өрх толгойлсон эцэг гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ... ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг ... хойшлуулж болно” гэж заасан байна.

Харин шүүгдэгч М.У урьд нь гэмт хэрэг үйлдэж тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тул анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүний бага насны хүүхэд болох У.Энхмөрөнгийн төрсөн эх Б.Хэрэвчулуун нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “Энхмөрөн охиныг маань 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотод манай ээж Нямдаагийн гэрээс Улаанхүү аваад явсан. ... Би охин Энхмөрөнгөө өөр дээрээ авмаар байна” гэсэн мэдүүлэг өгчээ. /хэргийн 168 дугаар хуудас/

Иймд шүүгдэгч М.Угийн асрамжинд байгаа бага насны хүүхэд У.Энхмөрөнг түүний төрсөн төрсөн эх болох Сийлбэрчин овогт Баттулгын Хэрэвчулууны /РД:ЙВ92060806/ асрамжинд өгөх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгий шижлүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай                                                                                                                                                                                                                                                                                      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Уг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалт М.Уг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Уд оногдуулсан 2 жил 6 сар хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар М.Уд авсан Монгол Улсын хилээр гарах, Улаанбаатар хотоос гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, хувийн батгалгаа гаргах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан М.Угийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 95 /ерэн тав / хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх зүйлд зааснаар М.У-ийн гэмт хэрэг үйлдэж олсон 2.800.000 төгрөгийн орлогыг түнээс албадан гаргуулж, мөн хуулийн 3 дахь хэсэгт зааснаар улсын төсөвт шижлүүлсүгэй.

8. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Цогзолмаа нь 2.800.000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдсугай.

9. Шүүгдэгч М.Угийн асрамжинд байгаа бага насны хүүхэд болох Гүнсэн овогтой ... ..г /РД:УТ18220386/түүний төрсөн эх болох Сийлбэрчин овогт Баттулгын Хэрэвчулууны /РД:ЙВ92060806/ асрамжинд өгсүгэй.

10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий компакт дискийг хавтаст хавсаргаж хэрэгт хэргийн  хугацаа дуустал хадгалсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Уд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.АЛТАНХУЯГ