| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2016/08751/И |
| Дугаар | 101/ШШ2017/00587 |
| Огноо | 2017-02-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2017/00587
2017 оны 02 сарын 13 өдөр Дугаар 101/ШШ2017/00587 Улаанбаатар хот
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Цолмонгэрэл, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Баатархайрхан 2а-766 тоотод оршин суух, Бэсүд овогт Чинбатын Энхмаа /РД:ЦВ82011061/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 39В байр, 34 тоотод оршин суух, Боржигон овогт Бавгагийн Өлзийхүү /РД:МЮ67082102/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 2,088,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтангэрэл, хариуцагч Б.Өлзийхүү, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ганзориг, нарийн бичгийн даргад Б.Даваахишигмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Энхмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч Г.Батхүү нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 06 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Бөхийн өргөөний автобусны буупдын замд 300 грамм хараа архи уусан. Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ стима 04-75 УБЕ дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 7.17 дах заалтыг зөрчин Ч.Энхмаа миний эзэмшлийн тоёота приус 09-48 УНЧ улсын дугаартай машиныг мөргөж авто осол гаргасан. Осол гарах үед уг тээврийн хэрэгслийг миний нөхөр болох Гонгор овогтой Алтангэрэл унаж явсан болно. Цаашид уг осолтой холбогдох гэм хорын хохирол барагдуулах нэхэмжлэлийн бүхий л явцад Г.Алтангэрэл нь Ч.Энхмаа миний биеийг төлөөлөн оролцох болно. Дээрх ослын улмаас миний автомашинд 1,218,000 төгрөгийн бодит хохирол, мөн энэ хугацаанд уг автомашины нь Есөн Шижир ХХК-ийн барьцаанд байсан ба сар бүр 550,000 төгрөг төлдөг байсан бөгөөд автомашиныг ашиглаж чадахгүй байсны хохирол болох зээлийн төлбөрт 870,000 төгрөг, Г.Батхүүгийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан нийт 2,088,000 төгрөгийг Б.Өлзийхүүгээс гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Б.Өлзийхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Осол гарахаас 2 өдрийн өмнө Г.Батхүү нь надаас миний машиныг унаж тэр өдөртөө ажил хөецөлдөж байгаад авчраад өгье гэж хэлээд аваад явсан юм. Гэвч машин авч явснаасаа хойш холбоо тасарч сураггүй болсон тул би энэ асуудлаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст хандан өргөдөл гаргасан. Одоо болтол энэхүү асуудал ахлах дэслэгч, хэрэг бүртгэгч Алтанзул дээр шалгагдан Г.Батхүү нь эрэн сурвалжлагдаж байгаа юм. Ингээд осол гарснаас хойш хоёр хоногийн дараа замын цагдаагаас над руу яриад журмын хашаанд таны машин байна ирж уулз гэж хэлсэн. Баянзүрх дүүргийн замын цагдаагийн тасагт Хандсүрэн гэж байцаагчтай уулзаад осол болсон талаар мэдсэн. Тэгээд журмын хашаанд очиж өөрийн машинаа үзэхэд маш их хэмжээний эвдрэлтэй байсан, журмын хашаанаас машинаа авахдаа ачилтын мөнгө, журмын хашааны 9 хоногийн мөнгө 750,000 мянган төгрөгийн засвар машиндаа хийлгэж эд хөрөнгийн маш их хохирол амссан. Г.Батхүү нь тухайн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа ухрах үйлдэл хийж Ч.Энхмаагийн 09-48 УНЧ улсын дугаартай Тоёота Приус маркын автомашиныг мөргөж хохирол учруулсан болохыг БЗД-ын Замын цагдаагийн тасагт очиж Хандсүрэн байцаагчтай уулзахдаа мэдсэн. Тухайн үед замын цагдаагийн бүрэлдэхүүн ослын газарт очиж үзлэг хийсэн тэмдэглэл, ослын акт зэргээс харахад энэхүү осол нь Г.Батхүүгийн гэм буруутай үйлдлийн улмаас үүдсэн болох нь тодорхой харагддаг. Иймээс Ч.Энхмаад учирсан хохирлыг Б.Өлзийхүү миний бие хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Би өөрийн автомашиныг Г.Батхүүд өгч явуулсны улмаас өөрөө эд хөрөнгийн маш их хохирол амссан. Одоо түүний гэм буруутай үйлдлийн улмаас бий болсон хохирлыг мөн хариуцан арилгах хууль зүйн үндэслэл байхгүй тул Ч.Энхмаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “...Б.Өлзийхүү нийт 1,100,000 төгрөг төлөхөөс бэлэн мөнгө 600,000 төгрөг өгөхөөр болсон. Үлдэгдэл 500,000 төгрөгийг 5 сарын хугацаанд сарын 15-нд 100,000 төгрөг өгөхөөр /Хаан банкны 5039110093 Ч.Энхмаа/ хүлээн зөвшөөрч байна. 3 сарын 15-наас эхлэн 100,000 төгрөг эхлэж өгнө....” гэжээ.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бусад баримтуудыг хянан үзээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Энхмаа хариуцагч Б.Өлзийхүүд холбогдуулан “гэм хорын хохирол 2,088,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтангэрэл, хариуцагч Б.Өлзийхүү нар эвлэрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтангэрэл нэхэмжлэлийн шаардлагаа 988,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.Өлзийхүү 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бэлнээр 600,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 15-нд 100,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 15-нд 100,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 15-нд 100,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 15-нд 100,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 15-нд 100,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Энхмаагийн Хаан банкны 5039110093 тоот дансанд төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигч талууд ийнхүү эвлэрч гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна. Усын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хувиарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтангэрэл нэхэмжлэлийн шаардлагаа 988,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.Өлзийхүү 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бэлнээр 600,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 15-нд 100,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 15-нд 100,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 15-нд 100,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 15-нд 100,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 15-нд 100,000 төгрөг, нийт 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Ч.Энхмаагийн Хаан банкны 5039110093 тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Өлзийхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 24,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Энхмаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.ЦОЛМОНГЭРЭЛ
Д.ЦЭРЭНДОЛГОР